Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б-д холбогдох эрүүгийн ________________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ..........тоотод хохирогч Г.Тг зодож биед нь дух, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэг, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

“...Би засал чимэглэлийн ажил хийдэг байсан. Ахдаа засал чимэглэлийн ажил тохиролцоод хийгээд өгөөч гээд тохиролцоод яахав би очоод хийгээд өгье гээд очоод ажил хийгээд дууссан. Ах авгайтайгаа хэрэлдээд байсан. Ах манайх руу хороолол руу явъя гээд гэрт нь очоод архи уугаад байж байхад ах би хүүдээ хашаа байшингаа өвлүүлж үлдээх гээд байхад эд нар хүйтрэх гээд байхад ажлаа хийхгүй авчирсан бараанаас аваад байхын чи нэг хэлээд өгөөч гэсэн. Г.Т орой ирэхэд нь би хэлсэн чинь таньд ямар хамаатан юм гэсэн. Тэгэхээр нь би 2 алгадаад нуруу руу нь цохисон. Г.Т гараад гүйсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Б-өгсөн:

            “...Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай авга ах ГСансар дахь байранд засвар хийгээд өгөөч гэхэд уулзсан, тэгээд тэр байранд нь засвар хийж байтал Гах эхнэртэйгээ маргалдахаар "нь" явъя гээд Гахын хороолол дахь гэр лүү нь хамт явсан. Тэгээд хорооллын гэрт нь ирээд Гах Эсолдох ах бид гурав ганц хоёр шил архи хуваан уусан. Тэгээд тэр гэр нь эмх замбараагүй байсан бөгөөд Гах Т энэ гэрээ аятайхан янзалж ороод амьдрахгүй юм, чи нэг хэлээч гэсэн. Энэ үед Т уг гэрт байгаагүй. тэгж байтал Т гаднаас орж ирэхэд нь Гусаа аваад юмаа цэвэрлэчихгүй, тэнээд алга болчих юм гээд уурласан. Тэгснээ чи ах нь юм бол наатахдаа хэдэн үг хэлээд сургааль айлдаатхаач гэхээр нь би Тд "чи юмаа хийгээд аятайхан байхад яадаг юм бэ, аав чинь тэнд тусдаа гараад энэ хашаа байшингаа та хоёрт үлдээх гээд байхад гээд түүний толгой руу хоёр цохиод мөн нуруу луу нь нэг цохисон. Тэгтэл Т гүйгээд гараад явсан. Удалгүй дуудлагын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 25-26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Тий өгсөн:

“...Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэртээ 16 цагийн орчим очиход манайд аав, Бах байсан бөгөөд Бах унтаж байсан. Тэгээд би дээш гарч хувцасаа солиод байж байтал Бах дээш гарч ирээд сайн уу миний дүү, ажил төрөл нь сайн уу гэхээр нь би сайн ах гээд мэнд мэдсэн. Тэгээд хамт доош буухад ширээн дээр тал архи байсан бөгөөд тэр архинаас ахдаа хийгээд өг гэхээр нь би гурван удаа хийж өгсөн. Ингээд юм ярьж сууж байгаад Бах намайг гэр орондоо байхгүй, хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ гэхээр нь би найзындаа хоноод ирлээ гэтэл битгий худлаа хэл гэснээ эхлээд хоёр гурван удаа алгадахаар нь би бага зэрэг гөжүүдэлсэн чинь яасан гөжүүд юм бэ гэснээ гараа атгаж байгаад нүүр лүү 3,4 удаа цохисон. Тэгээд бас хэд хэдэн өшиглөхөөр нь гараад найзынх руугаа зугатсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ____тоот:

1. О.Т-н биед дух, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэг, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-н 11/,

 

Шүүгдэгч Э.Б-хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 15/

- оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 19/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

           

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ..........тоотод хохирогч Г.Тг зодож биед нь дух, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэг, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Б-“...Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ... би Тд "чи юмаа хийгээд аятайхан байхад яадаг юм бэ, аав чинь тэнд тусдаа гараад энэ хашаа байшингаа та хоёрт үлдээх гээд байхад гээд түүний толгой руу хоёр цохиод мөн нуруу луу нь нэг цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Тий “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ... Бах намайг гэр орондоо байхгүй, хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ гэхээр нь би найзындаа хоноод ирлээ гэтэл битгий худлаа хэл гэснээ эхлээд хоёр гурван удаа алгадахаар нь би бага зэрэг гөжүүдэлсэн чинь яасан гөжүүд юм бэ гэснээ гараа атгаж байгаад нүүр лүү угсруулаад 3,4 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 9275 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Б-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч Г.Т нь гомдол санал байхгүй гээд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Э.Б-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчилэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ