Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хуасай овогт Амарсанаагийн Ч-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805038740742 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  ...... оны ... дүгээр сарын .... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, .............. зочид буудалд хаалгач ажилтай, ам бүл 5, ........... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуасай овогт Амарсанаагийн Ч-

 

Яллагдагч Ч нь 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Панарома диско бааранд тайчих үзүүлбэр үзүүлж байсан бүжигчин Е.Ц-гийн өгзөгнөөс татаж шулуун гэдэс, анусны язарсан шарх буюу хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

   Хохирогч Е.Ц-гийн “Намайг 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Панарома бааранд ажлаа хийж байхад 02 цагийн орчим манай бааранд гаднаас гурван залуу орж ирээд 6 дугаар ширээнд суусан. Тэгээд би 03 цагт хуваарийн дагуу заал руу гарч үзүүлбэрээ үзүүлэх болоод гарсан. Тэгээд би зааланд байдаг тусгай үзүүлбэрийн тайзан дээр бүжиглэж байхад 02 цагийн үед орж ирээд 6 дугаарын ширээн дээр суусан гурван залуугийн нэг нь намайг ажил зүгээр хийлгэхгүй над руу байн байн ирээд урдаа бүжиглүүлнэ гээд гуйгаад байхаар нь би зүгээр тусгай үзүүлбэрийн тайзан дээр бүжиглэх байсан боловч баар хаах гэж байсан болохоор за яахав нэг хүний урд бүжиглэе гэж бодоод тэр залуугийн өмнө бүжиглэхээр болсон. ... Нөгөө залуу шууд миний хөхнөөс базах гэж дайраад бас хөхөн дээр үнсэх гэхээр нь би ийм үйлдэл хийж болохгүй, тусгай бүжигчидийн биед хүрч болохгүй гээд өөрөөсөө түлхтэл нөгөө залуу миний бэлхүүсээр тэврээд өөр лүүгээ татаад өвөр дээрээ суулгаад хоёр гараараа миний хоёр өгзөгнөөс базаад хоёр тийш татах үед миний өгзөг урагдаж аймар өвдөөд би орилж тэр залууг нэг алгадаад босоод шууд хувцас солих өрөө рүү орсон. ... Тэгээд би амралтын өрөөндөө ороод хамт ажилладаг Отгонбаяр, Хандсүрэн нар юу болсон талаар асуугаад байхаар нь би өөрийнхөө өгзөгийг үзүүлтэл аймар цус гарсан байна, яаралтай гэмтэл явж үзүүлье гээд бид гурав баарнаас гарч гэмтэлийн эмнэлэг орж үзүүлтэл миний өгзөгний анусны дээхэн талд урагдсан байна, оёдол тавих шаардлагатай гээд хоёр оёдол тавьсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр би өгзөгөндөө оёдол тавиулаад Хандсүрэнг гэрт хариулаад Отгонбаярын хамт цагдаа дээр ирж өргөдөл гаргасан. ... Тэр залуу манай бааранд орж ирээд манай захирлыг халзан толгойтой том биетэй ах мөн үү гэж бас манай захирлын унадаг машины маркийг нь хэлээд надаас асуухаар нь би мөн гэж хэлтэл тэр залуу манай авто засвар дээр ирж машинаа янзлуулдаг ах гээд байсан. Тэгээд би захирлыгаа таньдаг юм байна гэж бодсон. ... Ер нь гомдолтой байна. Тэр залууг олж хохирлоо барагдуулмаар байна. Гарсан зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/ 

   “... Би хувцсыг нь сайн харж чадаагүй. Миний санаж байгаагаар бэлтгэлийн гэмээр юм уу, тийм хөнгөхөн хувцас өмссөн байсан. ... Харин надад халдсан залуугийн гадна төрх нь нүүрний зөв төрхтэй, бор царайтай, давхраатай том нүдтэй залуу байсан. Зүгээр бүжиглүүлж чадахгүй, миний хөхөн дээр үнсэх гээд бас базах гээд байсан. Тэгээд намайг гэмтээсэн болохоор би сайн харж чадсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

   Гэрч Ө.Анударийн “ ... Би амралтын өрөөнөөс дөнгөж гараад заал руу явж байтал манай бүжигчин Ц- 7 дугаар ширээнээс уйлчихсан нүүрээ гараараа дараад миний хажуугаар амралтын өрөө чиглээд явсан. ... Ц-г манай бааранд үйлчлүүлж байсан 7 дугаартай ширээн дээр сууж байсан залуу өгзөгнөөс нь базаад хоёр тийш татаад урчихсан гэж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд угаасаа ануснаас нь дээш хэсэгт урагдсанаас оёдол тавина гээд 3 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

   Гэрч Ж.Анарын “... Манай найз Оюунбат сүүлд баарнаас гарч ирэхдээ тэр баарны бүжигчин охины бөгс бил үү гуяыг урчихсан гэж байна гэж ярьж байсан. Тухайн үед нэг бүжигчин охин нь намайг Ч-ийг баарнаас авч гарах гэж байхад надад танай найз чинь миний юмыг урчихлаа гээд эргэж хараад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

  

   Гэрч Н.Оюунбатын “ ... Тэгээд удаагүй Анар випээс гарч ирэхээр нь бид гурав ширээнд сууж байхдаа Ч- урдаа хүүхэн бүжиглүүлэхээр болоод нэг хүүхэн аваад Анар бид хоёроос өөр ширээнд суусан. Тэгээд Ч- бүжигчин хүүхэнтэй өөр ширээнд суугаад удаагүй нөгөө Ч-тэй явсан бүжигчин хүүхэн Ч-ий урдаас босоод явсан. Араас нь Ч- ямар нэгэн юмны шил шидээд газар унах шиг болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8943 дугаартай:

   “1. Е.Ц-гийн биед шулуун гэдэс, анусны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

   3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

   5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүгдэгч Чий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

  

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Е.Ц- “... Ч-тэй сайн дураар эвлэрсэн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын 500,000 төгрөг авсан тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хэргийн 63 дугаар хуудас/ прокурорт гаргасан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх нөхцөл байдлыг бүрэн хангасан, нотлох баримтуудаар тогтоох бүхий л нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан мөн өөрийнх нь хүсэлтээр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуасай овогт Амарсанаагийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ