Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810013970525 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, 0000000000000000000000, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Э /РД: 0000000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн зүүн гудамжинд Э.Бтай машин шүргэсэн байна гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Г” ХК-ийн хамгаалалтын албаны даргаар 2013 оноос эхлэн ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед ажлынхаа хашаанд компанийхаа 00000 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн, Мицибуши Мини кап маркийн автомашинаар ачаа зөөж байгаад 0000 УНР улсын дугаартай, цагаан өнгийн, Тоёота Бревис маркийн автомашины хойд гуперыг шүргэсэн. Тэгтэл оффисын үүдэнд тамхи татаж байсан Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу “манай дүүгийн машиныг шүргэчихлээ” гэхээр нь би тэр залууд “харин тийм ээ, одоо яах вэ” гэж асуухад “чи хүний машин шүргэчихээд зугтаах гэж байна” гээд надтай маргалдсан. Би Бас “цагдаа дуудах уу, засварын газар очих уу” гэж байн байн асуухад тэрээр үгүй гээд байхаар нь “тэгээд одоо яах ёстой юм бэ” гэтэл Б “чи өөрийгөө би лалар” гэж хэл гээд байсан. Тэгэхээр нь би “битгий тэнэгтээд бай, тийм юм байхгүй” гэхэд тэрээр “танай жижүүр харуулуудад хэлнэ” гэсэн. Би Бд “Тэгэх шаардлага байхгүй, би харуулын дарга нь байна, наад асуудлыг чинь би өөрөө шийддэг” гэж хэлэхэд тэрээр намайг жижүүр рүү авч орох гээд заамдаж, гулдарч байгаад ажлын хувцасны баруун суга оёдлоор нь ханзалчихсан. Тэгэхээр нь би Б зөрүүлж заамдаад байж байхад тухайн өдрийн харуул Б бид хоёрыг ирж салгасан. Ингээд байж байхад Б өөр нэг залууг заагаад “машины эзэн энэ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины эзэн Гармаабаатар гэх залууд “би энэ залуутай учраа олж чадахгүй юм байна, би чиний гуперийг зурчихлаа” гэж ярьж байх үед миний гар утас дуугарсан. Тэгээд би утсаараа ярьж байхад Б гар руу цохиод миний утсыг унагаагаад, нүүрний шилийг цуулчихсан. Тэгэхээр би гар утсаа аваад “гар утасны нүүр хагарчихлаа” гэхэд Б.Г нарын дундуур нэг танихгүй залуу орж ирснээ миний уруулын баруун хэсэгт нэг удаа цохиход үргэлжлүүлээд Б.Г хоёр баруун чамархай, зулай орчим руу нэг удаа цохисон. Яг хэн нь миний хаашаа цохисон болохыг мэдэхгүй байна. Би тэд нарт зодуулж байхдаа Бын толгой орчимд гараараа нэг удаа цохисон. Энэ үед манай ажилтан О, Н, Б нар ирж бидний дундуур орж салгасан. Тухайн үед миний дээд уруулын баруун дээд хэсэг язарсан, баруун чамархай хавдсан, зулай орчим хагарсан, цээж орчмоор зулгарсан байсан. Ингээд би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирээд Б.Г, бас хамт байсан нэг залууг аваад явсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргасан...” /хх-ийн 5-8/ гэсэн,

 

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 0000 УНЛ улсын дугаартай Тоёота Бревис маркийн машинаа “Г” ХК-ийн оффисын байрны зогсоолд байрлуулчихаад ажил руугаа орсон. Орой 17 цагийн үед гадаа хоёр хүн маргалдаж байгаа юм шиг сонсогдохоор нь цонхоор харахад миний төрсөн ах Б эрэгтэй хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь гараад очиход ах Б.Бтай “миний дүүгийн машиныг шүргэсэн байна” гээд миний машины хажууд маргалдаж байсан. Би юу болсон талаар асуухад “энэ хүн чиний машиныг өөрийнхөө машинаар шүргэчихээд тоохгүй явах гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Б “би оффисын харуулын дарга байна, тэгээд та нар яах юм бэ” гээд тоохгүй утсаа оролдоод зогсоод байхаар нь Б ах Б.Бы гар утас руу цохиод, гар утсыг нь газар унагаасан. Тэгтэл Б.Б Б ахыг заамдаад, Б ах ч Б.Быг заамдсан. Тухайн үед миний хойноос оффисоос гарч ирсэн Б.Э, Б.Бы зүүн хацар руу нь алгадсан. Тэгэхээр нь би Б.Б, Б нарыг салгах гээд дундуур ороход Б.Б миний баруун хацар орчим гараараа цохихоор нь би түүний зүүн шанаа орчимд гараараа цохисон. Тэгтэл миний хойноос тэвэрсэн, Б ах “больцгоо” гээд Б.Быг надаас салгасан. Намайг хойноос тэвэрсэн хүнээс мултрах гээд ноцолдож байгаад эргээд хартал Б.Б хажуу талаараа газар уначихсан байсан. Түүнийг хэн унагаасан болохыг мэдэхгүй...” /хх-ийн 10-13/ гэсэн,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед ажил дээрээ захирал Г, инженер Б.Э бид гурав сууж байхад гадаа хүмүүс чанга дуугараад байсан. Тэгтэл Г захирал гараад явчихсан. Гадаа байгаа хүмүүсийн дуу улам чангараад Б.Э инженер бид хоёр цонхоор харахад хоёр хүн бие биенийгээ заамдаад хашаа руу шахчихсан зогсож байсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Тэгтэл Б ахыг заамдаад байна гэж Б.Э хэлэхээр нь таньсан. Ингээд Б.Э бид хоёр гадагшаа гараад оффисын зүүн талд очиход нөгөө маргалдаад байсан хүмүүс машины хажууд оччихсон “машин шүргэлээ” гээд хоорондоо маргалдаад байсан. Миний ойлгосноор “Г” ХК-ийн хамгаалалтын албаны дарга машинаараа Г захирлын машиныг шүргээд энэ асуудлаас болоод хоорондоо маргалдсан юм билээ. ...Б.Б газар унасан утсаа авчихаад, Б ахыг заамдаад авсан. Тэр үед Б.Э тэдний дундуур ороод Б.Быг алгадчихсан. Б.Б Б.Эод алгадуулчихаад нүүрээ дарж байснаа шууд Б ахын уруул орчимд нэг удаа цохисон. Би Б.Эын хойно зогсож байсан болохоор Б.Э Б.Бы хаашаа алгадсаныг хараагүй. Ингээд би Б.Эыг хойноос нь татаж холдуулаад, эргээд харахад Б.Б Гтай заамдалцаад, тэр хоёр бие биенээ цохиод байсан. Тэр үед Б ах “наадуулаа болиул, салга” гээд орилоод байсан ба Г, Б.Б нарыг нөгөө танихгүй 3 залуу салгасан. Энэ үед Б.Б газар унасан, түүнийг газраас өндийгөөд ирэхэд нь Б.Э уруул, ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Эыг татахад дахиад нэг удаа цохих шиг болсон. Ингээд би Б.Эыг тэднээс холдуулаад Б.Б газраас босож ирсэн. Тухайн үед Б.Бы уруулаас цус гарч байх шиг байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой “Г” ХК-ийн оффисын 5 дугаар давхрын ажлын өрөөндөө сууж байхад ерөнхий инженер Б ах гарсан. Түүнийг гараад удаагүй байхад гадаа хүмүүс чанга дуугараад байсан, захирал Г цонхоор харсанаа өрөөнөөс гараад явчихсан. Тэгэхээр нь би өрөөний цонхоор гадагш харахад ерөнхий инженер Б ахыг Б.Б гэх залуу заамдаж боогоод, блокон хашаа руу шахчихсан зогсож байгаа харагдсан. Тухайн үед манай техникч Гансэлэм надтай хамт цонхоор харсан. Ингээд Гансэлэмийн хамт гадагшаа гарахад оффисын зүүн талд Б, Б.Б нар хоорондоо маргалдаж байсан. Би тэдэн рүү очиж байхад Б.Б гар утсаараа яриад Б үл тоосон шинжтэй байсан, Б ах Б.Бы утсаа барьж байсан гар луу нь цохиод, утсыг нь газар унагаасан. Тэгтэл Б.Б уурлаад Б ахын зүүн шанаа орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би баруун гараараа Б.Бы нүүр лүү нэг удаа алгадсан. Тэр үед миний гар Б.Бы уруул ам орчимд нь таарсан. Тэр үед захирал Г бидний дундуур орж Б.Быг татаад салгах гэтэл Б.Б эргэж харангуутаа Г ахын зүүн шанаа руу гараараа 2 удаа цохитол Г ах Б.Бтай заамдалцаж авсан. Ингээд Г, Б.Б нарыг хоорондоо заамдалцаж зууралдаад байхаар нь би тэднийг салгах гээд дундуур нь ороод Б.Бы баруун шанаа, чих орчим нэг удаа цохисон. Тэгтэл манай ажилтан Гансэлэм намайг тэднээс татаж холдуулсан. Тухайн үед Б.Бы амнаас цус гарч байгаа харагдсан. Өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ажиглаадаагүй...” /хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №6943 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бы биед тархи доргилт, дээд уруулын дотор талын шарх, зөөлөн, эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 55-58, 27-46/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-ийн зүүн гудамжинд машин шүргэсэн гэх шалтгаанаар Э.Бтай маргалдаж, улмаар нүүр, толгойнд нь цохиж биед тархи доргилт, дээд уруулын дотор талын шарх, зөөлөн, эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Бы “...2018 оны 5 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед ажлынхаа хашаанд 00000 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн, Мицибуши Мини кап маркийн автомашинаар ачаа зөөж байгаад 0000 УНР улсын дугаартай, Тоёота Бревис маркийн автомашины хойд гуперыг шүргэсэн. Тэгтэл оффисын үүдэнд тамхи татаж байсан Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу “манай дүүгийн машиныг шүргэчихлээ” гээд бид маргалдсан. ...Б “танай жижүүр харуулуудад хэлнэ” гэхээр би “Тэгэх шаардлага байхгүй, би харуулын дарга нь байна, наад асуудлыг чинь би өөрөө шийддэг” гэж хэлэхэд тэрээр намайг жижүүр рүү авч орох гээд заамдаж байгаад ажлын хувцасны баруун суга оёдлоор нь ханзалчихсан. Тэгэхээр нь би Б зөрүүлж заамдаад байж байхад тухайн өдрийн харуул Б ирж бид хоёрыг салгасан. ...Намайг утсаараа ярьж байхад Б гар руу цохиод миний утсыг унагаагаад нүүрний шилийг цуулчихсан. Би утсаа аваад “гар утасны нүүр хагарчихлаа” гэхэд Б.Г нарын дундуур нэг танихгүй залуу орж ирээд миний уруулын баруун хэсэгт нэг удаа цохисон. ...Энэ үед манай ажилтан О, Н, Б нар ирж бидний дундуур орж салгасан...” /хх-ийн 5-8/, гэрч Ц.Гын “...Орой 17 цагийн үед гадаа хүн маргалдаж байгаа юм шиг сонсогдохоор нь цонхоор харахад миний ах Б эрэгтэй хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь гараад очиход ах Б.Бтай “миний дүүгийн машиныг шүргэсэн байна” гээд миний машины хажууд маргалдаж байсан. Би юу болсон талаар асуухад “энэ хүн чиний машиныг өөрийнхөө машинаар шүргэчихээд тоохгүй явах гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Б “би оффисын харуулын дарга байна, тэгээд та нар яах юм бэ” гээд тоохгүй утсаа оролдоод зогсоод байхаар нь Б ах Б.Бы гар руу нь цохиод, утсыг нь газар унагаасан. Тухайн үед миний араас гарч ирсэн Б.Э Б.Бы хацар руу нь алгадсан....” /хх-ийн 10-13/, гэрч Б.Гийн “...2018 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед ажлын гадаа хүмүүс чанга дуугараад байсан. Тэгтэл Г захирал гараад явчихсан. Гадаа байгаа хүмүүсийн дуу улам чангараад Б.Э инженер бид хоёр цонхоор харахад хоёр хүн бие биенийгээ заамдаад хашаа руу шахчихсан зогсож байсан. ...Ингээд Б.Э бид хоёр гараад очиход нөгөө маргалдаад байсан хүмүүс машины хажууд оччихсон “машин шүргэлээ” гээд хоорондоо маргалдаад байсан. ...Б.Б газар унасан утсаа авчихаад, Б ахыг заамдаад авсан. Тэр үед Б.Э тэдний дундуур ороод Б.Быг алгадчихсан. Би Б.Эын хойно зогсож байсан болохоор яг хаана алгадсаныг нь хараагүй. Ингээд би Б.Эыг хойноос нь татаж холдуулсан. ...Энэ үед Б.Б газар унасан, түүнийг газраас өндийгөөд ирэхэд нь Б.Э уруул, ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Эыг татахад дахиад нэг удаа цохих шиг болсон...” /хх-ийн 16-17/, шүүгдэгч Б.Эын “...Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой ...гадаа хүмүүс чанга дуугараад байсан, захирал Г цонхоор харсанаа өрөөнөөс гараад явчихсан. ...Ингээд Гансэлэмийн хамт гадагшаа гарахад Б, Б.Б нар хоорондоо маргалдаж байсан. Тэгтэл Б.Б уурлаад Б ахын зүүн шанаа орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Бы нүүр лүү нэг удаа алгадсан, уруул ам орчимд нь таарсан. ... Ингээд Г, Б.Б нарыг хоорондоо заамдалцаж зууралдаад байхаар нь би тэднийг салгах гээд дундуур нь ороод Б.Бы баруун шанаа, чих орчим нэг удаа цохисон...” /хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №6943 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бы биед тархи доргилт, дээд уруулын дотор талын шарх, зөөлөн, эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бы эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулын дотор талын шарх, зөөлөн, эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, цээжний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 270,000 төгрөг нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Болдбаатарын Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Эод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810013970525 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР