Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810019460554 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 0000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т.Д /РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Днь 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед 0000000000 тоотод хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...00000000 6 дугаар байрны гадаа Д, Т нартай тааралдсан. Тухайн үед тэр хоёр 750 граммын архи нэг шилийг уух гээд явж байсан. Ингээд бид гурав Дгийн гэрт орж архиа уугаад дахин 2-3 шил архи нэмж уусан. Я орой 20 цагийн орчимд Дгийн гэрт орж ирээд хоол хийж өгөх үед Д, Т, Я бид гурав л байсан. Хоолыг Д аягалаад намайг “хоолоо ирж ав” гэж хэлэхээр нь би түүнд “хөгшин хүнд хоолыг авч ирээд өгчих” гэж хэлэхэд Д надтай маргалдаад, бид хоёр заамдалцсан. Гэтэл Я Д бид хоёрыг салгах гэж байхад би хөлөндөө тээглээд унасан. Намайг газар унасан байхад Д миний зүүн нүд орчимд нэг удаа өшиглөхөд тас буугаад л явчихсан...” /хх-ийн 5-8/ гэсэн,

 

Гэрч Т.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Б ахтай уулзах гээд 00 байрны гадаа очиход Дгийн гэрийн цонх нь нээлттэй дуу нь тэнгэрт хадаад байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороход Б, Д, Т гурав дундаа архи тавьчихсан, хөзөр тоглоод сууж байсан. ...Д надад хоол аягалж өгөөд, дараа нь Б ахыг “ирж хоолоо ав” гэж дуудахад Б ах “хоолоо авчраад өгчих” гэж хэлэхэд Д “хийгээд өгч байхад өөрөө ирээд аваач дээ” гэж уурласан. Ингээд Б “чи нэг аяга хоол хийж өгч байж их юм болж байна” гэж хэлэхэд Д “хоол хийж өгч байна шүү дээ” гэж хэлээд маргалдаж байснаа, гал тогооны хэсгээс бие биенээ заамдаад гараад ирсэн. Тэгэхээр нь идэж байсан хоолоо тавиад, тэр хоёрыг босож салгасан. Дг цааш нь түлхчихээд Б, Д, Т бид гурав хөлөндөө орооцолдоод шалан дээр унасан. Тэгээд өндийх гэтэл Д Б ахын зүүн нүд рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны ...орой 17 цагийн үед гадагшаа гарахад хоёрдугаар орцны үүдэнд Б ахтай тааралдсан. Б, С бид гурвыг зогсож байхад Я ирж уулзчихаад явсан. ...Б, С бид гурав 500 граммын савалгаатай нэг шил архи аваад, манай гэрт орж хувааж уусан. Тухайн үед бид нилээн согтсон байсан ба нэг мэдсэн чинь Б ах гал тогооны ширээний хажууд зогсоод гараа савчиж байснаа миний зүүн нүд рүү цохичихсон. ...Миний уур хүрээд Быг “зайл” гэж гэрээсээ хөөгөөд, түүний зүүн нүд, хацар, шанаа орчимд нь баруун гараараа нэг цохиход түүний хамарнаас цус гарсан. Б ах нүүрээ дараад доошоо тонгойхоор нь  түүний цээж зүүн, баруун хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Я, С хоёр Б ах бид хоёрын дундуур орж “боль, боль” гээд салгасан...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10102 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Бын биед баруун 5, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамар, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж, хэвлийн зүүн тал, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 47/,

- Шүүгдэгч Т.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 23-26, 30-34,48/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед 0000000000 тоотод Г.Быг зодож, түүний эрүүл мэндэд нь баруун 5, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамар, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж, хэвлийн зүүн тал, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Бын “...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д, Т бид гурав Дгийн гэрт орж архиа уугаад дахин 2-3 шил архи нэмж уусан. ...Д хоол аягалаад намайг “хоолоо ирж ав” гэж хэлэхээр нь би түүнд “хөгшин хүнд хоолыг авч ирээд өгчих” гэж хэлэхэд Д надтай маргалдаад, бид хоёр заамдалцсан. ...Намайг газар унасан байхад Д миний зүүн нүд орчим нэг удаа өшиглөхөд тас буугаад л явчихсан...” /хх-ийн 5-8/, гэрч Т.Яын “…2018 оны 8 дугаар сарын 17-ны орой ...Д надад хоол аягалж өгөөд, дараа нь Б ахыг “ирж хоолоо ав” гэж дуудахад Б ах “хоолоо авчраад өгчих” гэж хэлэхэд Д “хийгээд өгч байхад өөрөө ирээд аваач дээ” гэж уурласан. Ингээд Б “чи нэг аяга хоол хийж өгч байж их юм болж байна” гэж хэлэхэд Д “хоол хийж өгч байна шүү дээ” гэж хэлээд маргалдаж байснаа, гал тогооны хэсгээс бие биенээ заамдаад гараад ирсэн. Тэгэхээр нь идэж байсан хоолоо тавиад, босож тэр хоёрыг салгасан. Дг цааш нь түлхчихээд Б, Д, Т бид гурав хөлөндөө орооцолдоод шалан дээр унасан. Тэгээд өндийх гэтэл Д Б ахын зүүн нүд рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 15-16/, шүүгдэгч Т.Дгийн “...2018 оны 08 дугаар сарын 17-ны орой ...миний уур хүрээд Быг “зайл” гэж гэрээсээ хөөгөөд, түүний зүүн нүд, хацар, шанаа орчим гараараа цохиход түүний хамарнаас цус гарсан. Б ах нүүрээ дараад доошоо тонгойхоор нь  түүний цээжний зүүн, баруун хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Я, С хоёр Б ах бид хоёрын дундуур орж “боль, боль” гээд салгасан...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10102 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Бын биед баруун 5, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамар, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж, хэвлийн зүүн тал, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”  /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын биед баруун 5, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамар, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж, хэвлийн зүүн тал, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 1,090,000 төгрөг /хх-ийн 47/ төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 52/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810019460554 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Дд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810019460554 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР