| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2206 05028 2280 |
| Дугаар | 2026/ДШМ/669 |
| Огноо | 2026-05-26 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/669
О.Т-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Баасанбаяр,
хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал,
яллагдагч О.Т-, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЗ/2749 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Баасанбаярын бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлоор О.Т-ид холбогдох 2206 05028 2280 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн О-ийн Т-, 1989 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “О-” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УО-/.
Яллагдагч О.Т- нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” ХХК-д борлуулалт маркетингийн төлөөлөгчөөр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа байгууллагын бараа материалыг захиалсан харилцагч нарт өгөлгүй хувийн дансандаа Хаан банкны 5Б-78 тоот данс руу авч завшин бусдад их хэмжээний буюу 182,287,983 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ тогтоохоор заасан. Гэтэл завших гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний буюу 182,287,983 төгрөгийн хохирол учруулсан гэх санхүүгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчөөс “...дүгнэлтийг харахад тухайн байгууллагад 182,287,983,42 төгрөгийн хохирлыг хэзээ хэрхэн учруулсан үйл баримтыг хэрхэн яаж тогтоосон зэрэг нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, харин хэн хохирол учруулсныг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэсэн байхад тухайн дүгнэлтийг үнэлж дүгнээгүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад түүнийг энэ хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд тус “Улиастай ван” Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон “Б-” ХХК-ийн 73 хавтас, 55,524 хуудас санхүүгийн баримтуудыг хавтаст хэрэгт шаардлага хангасан байдлаар хуулбарлан хавсаргуулах хүсэлт гаргаж байна гэх хүсэлтийг удаа дараа гаргажээ. Гэтэл прокурор хүсэлтийг хангах тухай тогтоол гаргасан боловч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд мөрдөн байцаалтаар тогтоолгох харилцагчтай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэж хүснэгтлэн гаргасан байх боловч тухайн байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй байна. Яллах дүгнэлтэд “...Т- нь харилцагч иргэн аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүний захиалга авч, төлбөрийг нь өөрийн хувийн дансаар хүлээн авч тухайн мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ ялангуяа цахим мөрийтэй тоглоомд зарцуулж байсан нөхцөл байдал илэрсэн байна.. гэж дурджээ. Гэвч харилцагч ямар байгууллагын данснаас өөрийн Хаан банкны 5Б-78 дугаарын дансанд хэдэн төгрөг хүлээн авсан цахим мөрийтэй тоглоомын ямар дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн, хэдэн төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх байдлыг тодорхой болгож ирүүлэх шаардлагатай байна.
Яллагдагчид 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө гэж заасан. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг гардуулан өгөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Э.Баасанбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 160 дугаартай дүгнэлтийн үндэслэл болсон 55,260 хуудас баримт хэрэгт авагдаагүйгээс өмгөөлөгч танилцах эрхээр хангагдаагүй гэжээ. Яллагдагчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурор болон мөрдөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон 71 хавтас, 55,260 хуудас санхүүгийн баримтыг яллагдагч О.Т-ид танилцуулахаар удаа дараа дуудаж, мэдэгдэж, танилцах боломжоор хангасан боловч яллагдагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр танилцаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад түүнийг танилцах боломжоор хангасаар байтал яллагдагч өөрөө хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй юм. Хяналтын прокурорын зүгээс тус 71 хавтас баримтыг хэргийн материалын хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан "биет байдлаар хүлээн авах боломжгүй" гэх үндэслэлээр буцаасан. Ийнхүү шүүхийн захиргааны ажилтан баримтыг хүлээн авахаас татгалзсан явдлыг прокурор, мөрдөгчийн зүгээс "хэргийн баримтыг хавсаргаагүй", "мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн" гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Харилцагчийн мөнгө болон тоглоомын данс руу орсон мөнгийг нэг бүрчлэн шалгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа ашигласан үйлдэл бөгөөд түүнийг яг юунд зарцуулсан нь гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөхгүй. Мөн шинжээч нь анхдагч санхүүгийн баримтад тулгуурлан гүйлгээ тус бүрээр шинжилгээг хийж, хохирлын хэмжээг тодорхойлж, шинжээчийн дүгнэлтэд хохирлыг тооцоог хүснэгтээр гаргаж хавсаргасан. Шинжээчийн дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан хохирлыг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлт болон хохиролтой холбоотой асууж тодруулах боломжтой байтал уг ажиллагааг "нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг яллагдагчид гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлийн талаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан байдаг”. Энэхүү заалт нь шүүх хуралдааны шатанд залруулах боломжтой асуудлыг шүүх дээрх зүйл, заалтын хүрээнд нөхөн гүйцэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, шуурхай байх зарчмыг хангах боломжтой. Иймд шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй ажиллагааг “Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлд хамааруулж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЗ/2749 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга прокурорын эсэргүүцэлтэй ижил байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн мөнгийг яг юунд, хэрхэн зарцуулсан бэ гэдэг асуудал нь энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй. Өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг авч, хохирогчид төлж барагдуулаагүй л бол гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Тиймээс шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан юм. Мөн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудтай танилцах асуудал эртнээс яригдсан. Яллагдагч талаас хүсэлт гаргах тухай бүрд манай талаас баримтуудтай хамт танилцах саналаа илэрхийлж байсан. Хохирогч байгууллагын зүгээс яагаад заавал хамт сууж танилцах гээд байгаа вэ гэхээр, тэнд дан ганц О.Т-тэй холбоотой баримт биш, байгууллагын бусад бүх харилцагч нарын нууцтай холбоотой мэдээллүүд авагдсан учраас тэр юм. Гэвч бидний зүгээс хамт сууж танилцахаар О.Т-тэй холбогдоход огт ирдэггүй байсан. "Би ажилтай болчихлоо", "өмгөөлөгч ирэх боломжгүй байна" гэх мэтээр цаг тохирчхоод ирээгүй тохиолдол удаа дараа гарсан. Өнөөдрийг хүртэл яллагдагч тал баримттайгаа танилцаагүй бөгөөд тэдгээр баримтууд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хадгалагдсаар байна. Өөрсдөө ирж танилцаагүй байж, мөрдөгч прокуророос танилцуулаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол шүүх хуралдаанд шинжээчийг өөрийг нь оролцуулаад, асууж тодруулаад, мэтгэлцээд явах бүрэн боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Яллагдагч О.Т-ийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбоотой хариу тайлбартаа: “...Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон 71 хавтас, 55,260 хуудас санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлтийг манай талаас гаргаж, прокурор шийдвэрлэсэн нь үнэн. Гэвч бодит байдал дээр мөрдөгч, прокурорын хэн нь ч бидэнд уг баримтуудтай танилцах боломжийг олгоогүй. Прокурорын зүгээс "яллагдагч шалтаг тооцож ирээгүй" гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. О.Т- яллагдагчаар татагдсанаасаа хойш мөрдөн шалгах ажиллагаанд маш идэвхтэй оролцож, хэрэгт 4-5 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ бүрд түүнд баримтыг танилцуулах бүрэн боломж байсан ч танилцуулаагүй. Биднийг баримттай танилцах хүсэлт гаргахаар прокурор нь "мөрдөгч дээр очиж танилц" гэдэг, мөрдөгч дээр нь очихоор "прокурор танилцуулна" гээд бие бие рүүгээ түлхсээр ирсэн. Шүүхэд хэрэг шилжсэний дараа очиж танилцах гэтэл шүүхэд нь өнөөх баримтууд нь байхгүй байсан. Яллагдагч болон өмгөөлөгч миний бие эдгээр санхүүгийн анхдагч баримтуудтай нэг бүрчлэн танилцаж байж шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх эрхтэй. Тэгж байж л хэргийн аль хэсэг дээр маргах, алийг нь хүлээн зөвшөөрөх, үнэхээр завшсан үйлдэл байна уу, эсвэл байгууллага өөр алдагдлаа манай үйлчлүүлэгчээс нэхээд байна уу гэдгийг тогтооно. Бид санхүүгийн баримтуудтай танилцах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Яллагдагч О.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс эхлэн би мөрдөгчид “зөвхөн намайг шалгаад байна, тухайн бараа бүтээгдэхүүнийг түгээж байсан түгээгч нарыг мөн шалгахгүй байна” гэдэг асуудлыг хэлж байсан. Мөн өмгөөлөгч, прокуророос намайг нотлох баримттай удаа дараа танилц гэж хэлсэн гэж байна. Нэг л удаа хэлсэн, амралтын өдөр таарсан учраас манай өмгөөлөгч хамт очих боломжгүй байсан учраас очиж танилцаагүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.Баасанбаярын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд, “... завших гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний буюу 182,287,983 төгрөгийн хохирол учруулсан гэх санхүүгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг прокурор хангах тухай тогтоол гаргасан боловч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна. Яллах дүгнэлтэд “...Т- нь харилцагч иргэн аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүний захиалга авч, төлбөрийг нь өөрийн хувийн дансаар хүлээн авч тухайн мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ ялангуяа цахим мөрийтэй тоглоомд зарцуулж байсан нөхцөл байдал илэрсэн байна...” гэж дурджээ. Гэвч харилцагч ямар байгууллагын данснаас өөрийн Хаан банкны 5Б-78 дугаарын дансанд хэдэн төгрөг хүлээн авсан цахим мөрийтэй тоглоомын ямар дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн, хэдэн төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх байдлыг тодорхой болгож ирүүлэх шаардлагатай, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг гардуулан өгөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Баасанбаяраас “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурор болон мөрдөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон 71 хавтас, 55,260 хуудас санхүүгийн баримтыг яллагдагч О.Т-ид танилцуулахаар удаа дараа дуудаж, мэдэгдэж, танилцах боломжоор хангасан боловч яллагдагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр танилцаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад түүнийг танилцах боломжоор хангасаар байтал яллагдагч өөрөө хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй юм. ... Хяналтын прокурорын зүгээс тус 71 хавтас баримтыг хэргийн материалын хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан "биет байдлаар хүлээн авах боломжгүй" гэх үндэслэлээр буцаасан. Ийнхүү шүүхийн захиргааны ажилтан баримтыг хүлээн авахаас татгалзсан явдлыг прокурор, мөрдөгчийн зүгээс “хэргийн баримтыг хавсаргаагүй”, “мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа ашигласан үйлдэл бөгөөд түүнийг яг юунд зарцуулсан нь гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөхгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг,
хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралаас “... эд хөрөнгө, түүний төлбөрийг хэрхэн яаж зарцуулсан талаар шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуульд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн гэм буруутай эсэхийг тогтооход ямар ч ач холбогдолгүй байтал шалгах шаардлагатай гэсэн нь учир дутагдалтай үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүх шинжилгээний ерөнхий газарт баримтаар хүлээлгэн өгч уг дүгнэлтүүд хийгдсэн байдаг буюу уг дүгнэлтийг эс зөвшөөрч байвал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нь холбоотой шинжээч нарыг оролцуулан асууж хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэх агуулгаар давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн О.Т-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурор Э.Баасанбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралаас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЗ/2749 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Баасанбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралаас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангасугай.
2. Яллагдагч О.Т-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР