Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч С-, М-тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Батхүүгийн С-, Жамц овогт Мөнхбатын М- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000120029 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “...........” ХХК-д хөгжмийн техникч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо ........ байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батхүүгийн С-.

 

Монгол Улсын иргэн, ......оны ...... дугаар сарын ....... -ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, хүргэн ах, үеэл дүү нарын хамт Баянгол дүүргийн ........ дугаар хороо ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жамц овогт Мөнхбатын М-.

 

Шүүгдэгч С-, М-нар нь урьдчилан үгсэн тохиролцож санаатай нэгдэн 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисы тухайн конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн,

С- нь 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Б байранд “Tous les Jours” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар ууттай  уутны хамт 860,1 грамм, мөн С-гийн ногоон өнгийн куртикны халааснаас уутны хамт 0,9 грамм Нэгдэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисы тухайн конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр АБВГ УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд цайвар өнгийн гялгар уутанд савласан уутны хамт 20,7 грамм Нэгдэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хэргийн газрын үзлэг хийсэн “... М.М-ийн заасан байрлалд үзлэгийг эхлэн явуулахад цайвар өнгийн гялгар уутанд тусгайлан савласан 1 ширхэг эд зүйл байх ба уутны амыг нээж үзэхэд хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл байсныг уутны хамт албанд ашигладаг кило дээр жинлэж үзэхэд уутны хамт 20,7 грамм байсныг үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэн шинжилгээнд зориулан хураан авав” гэсэн тэмдэглэл, АБВГ УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 2-9 дүгээр хуудас/

 

Нэгжлэг хийсэн тухай “... хар өнгийн түрийвч дотроос 6 см х 5 см харьцаатай гялгар уут бүхий хар ногоон өнгийн  хатаасан ургамал байсныг жинлэж үзэхэд 0,9 грамм, зочны өрөөний тагт дээрээс нь 35 см х 48 см харьцаатай ямар нэгэн бичиглэлгүй дотор талдаа ургамалын байж болох үлдэгдэлтэй гялгар уут 8 ширхэг мөн үүдний коридорт угаалгын өөрөөний таазанд байрлах хайрцагнаас “Tous les Jours” гэсэн цагаан өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл гарч ирсэнийг албаны жин дээр жинлэж үзэхэд уутны хамт нийт  860,1 грамм байсныг шинжилгээнд зориулан хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авав” гэсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 10-16 дугаар хуудас/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Тестээр үзсэнээс хойш 3 минутын дараа тестийн үр дүн гэж зааж байгаа тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 22-23 дугаар хуудас/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 25-28 дугаар хуудас/

 

Хэрэг бүртгэлтийн 180200012 дугаартай хэрэгт үзлэг, нэгжлэгээр хураагдсан эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 42-44 дүгээр хуудас/

 

Үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлээс шинжилгээнд зориулан дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 45-46 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/

 

Гэрч Д.Амарбаясгалангийн “ ...Машинд байсан ургамал нь бид нарын өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг “Коко банана” баарны гадна талд хэрэглэсэн ургамлын үлдэгдэл юм. Энэ ургамлыг Сугараа ах авчирсан. Би энэхүү ургамлыг  Солонгос улсаас ирсэн цагаас хойш хэрэглэж үзсэн. ... Өвсийг Сугараа ах авчирдаг, Зүүнхараагаас цэнхэр уутаар түүж авчирсан гэж Цээлээгээс сонссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 52-53 дугаар хуудас/

 

Гэрч Н.Цогтын “ ...Ингээд бид хэд тэнд очоод  машинд ойр зуурын юм яриад байж байхад Амараа /Амарбаясгалан/ гэх хүүхэд ирээд тавуулаа болоод сууж байхад Сугараа ах ууттай өвс гаргаж ирээд янжуур тамхины урд талыг нь асгаад оронд нь нөгөө өвснөөсөө хийгээд сороод гарсан утааг нь үлээж байхаар нь тэнд сууж байсан бүх хүн тэрнээс нь гуйгаад бас соролцсон. Би 2-3 удаа хүчтэй сорж хэрэглэсэн. ...Тухайн үедээ ямар нэг мэдрэмж төрөөгүй. Харин 10-15 минутын дараа толгой эргэж байсан. ... Машинд байсан тэр өвс бид нарын өчигдөр орой хэрэглэсэн Сугараа ахын өвс юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 54-55 дугаар хуудас/

 

Гэрч С.Энхжаргалын “...Ууттай ургамлын талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2017 оны 10 дугаар сараас хойш гэрт хааяа сонин үнэр үнэртээд байдаг байсан. Урьд өмнө нь үнэртэй байгаагүй их сонин үнэр үнэртээд байх болсон. Мөн 2017 оны 11 дүгээр сард гэрийн тагтан дээр ургамлын үнс шиг зүйл байсан. Үнэр нь их муухай байсан. ... Харин сүүлийн үед огцом ууртай болоод маш их хэмжээгээр унтаад байдаг байсан. Үнэрлээд үзэхэд нэг сонин үнэр үнэртээд байдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 57 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн:

“1. Шинжилгээнд ирүүлсэн AV1311805” серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, “Дээж 01” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 3,0619 грамм, “Дээж 02” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 0,8595 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн AV1311805 cерийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт,  “Дээж 01” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж 02” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж 03” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

3. Дельта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 626 дугаартай шинжээчийн:

“2. ... С .........гэж хаягласан шээс, ... “Мөнхбатын М- 12.58 2017.12.25” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас  68-71 дүгээр хуудас/

 

С-гийн яллагдагчаар өгсөн “ ...Манай гэрт байсан каннабис өвсийг яг хэдний өдрийг санахгүй байна. Өнгөрсөн онд буюу 2017 оны 10 дугаар сард найз дүү М-ий хамтаар Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрт түүсэн. Ингэж явахдаа манай ахын эхнэрийн машин болох 64 87 УБЯ улсын дугаартай Приус 20 машинаар явж түүж ирсэн. Зүүн Хараад очоод машинаа замын хажууд зогсоож байгаад замын хажуу талаар ургасан байсан каннабис өвсийг гялгар уутанд М-ийн цуг түүсэн. ... Түүж ирсэн өвсөө Улаанбаатар хотод ирээд гэрийнхээ тагтан дээр гаргаж хатаасан. Хатсан өвсөө энгийн тамхины доторх үртэсийг нь асгаж байгаад оронд нь хатсан өвснөөсөө хийж хэрэглэдэг байсан.

... Ингээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед гэртээ байхад цагдаа нар гэрт орж ирээд нэгжлэг хийнэ гэсэн. Нэгжлэгч хийхийн өмнө байцаагч ах надаас танай гэрт хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэж хэлсэн ба би банны өрөөний үүдэнд дээд талын шүүгээнд байсан цагаан өнгийн ууттай каннабис ургамалыг, гэрийн тагтан дээр байсан каннабис түүхдээ ашиглаж байсан хөх өнгийн тор, түрийвчэнд байсан зип лок түгжээтэй ууттай бага хэмжээний өвсийг сайн дураараа гаргаж өгсөн. ... Би өөрийн түүсэн өвснөөсөө баригдахын урьд өдөр Сосо банана баарны гадаа машин дотор хэрэглэсэн юм. ... Хэрэглэж байсан өвсөө машины голын хайрцаганд үлдээсэн байсан. ... Өөрийн гэм буруутайг бүрэн дүүрэн ухамсарласан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 129-130 дугаар хуудас/

 

М.М-ий яллагдагчаар өгсөн “... Би 2017 оны 10 сард 1 удаа Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа С- ахын машинтай түүнтэй хамт явсан. Тэнд ургадаг гэдгийг хэдэн жилийн өмнө хүүхдүүдээс сонссон юм. ... Тэгээд тэр түүж авчирсан өвсөө хааяа С- ахтай хамт хэрэглэдэг байсан.

... Бааранд орохоосоо өмнө бид нар 3 дугаар эмнэлгийн хажуу талын 24 цагийн эмийн сангаас 60 ширхэг комикс авсан. Надаас бусад 15,15 ширхэг комикс ууж хамтдаа “өвс” хэрэглэсэн. Би машин барьж байсан учраас комикс хэрэглээгүй.

...Тэгээд С- ахын машин дотор урьд орой нь хамт хэрэглэсэн өвсний үлдэгдэл байсныг бид 4 дахин 1 удаа хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 134-135 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заажээ.

 

Шүүгдэгч С-, М-нар “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх ургамлыг түүж бэлтгэсэн,  С- нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрсдөө хэрэглэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч нар энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч С-гийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул түүнд хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмгөөлөгч Б.Дашдоржоос шүүх хуралдаанд “... Шүүгдэгч С-д оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Харин шүүгдэгч М.М-ийг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай ногоон өнгийн хатаасан ургамал 20.7 грамм, №2 дугаартай ууттай хар өнгийн хатаасан ургамал 26.9 грамм, №3 дугаартай зиплок түгжээ бүхий ууттай хар ногоон өнгийн хатаасан ургамал 0,9 грамм, 15 ширхэг комикс эмийн хэрэглэгдсэн савлагаа 15 ширхэг, хар өнгийн шатсан мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг,  зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж,

AV1311805 серийн дугаартай Монгол Улсын 50-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгч нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батхүүгийн С-г бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Жамц овогт Мөнхбатын М-ийг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар М.М-д зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 дугаартай ногоон өнгийн хатаасан ургамал 20.7 грамм, №2 дугаартай ууттай хар өнгийн хатаасан ургамал 26.9 грамм, №3 дугаартай зиплок түгжээ бүхий ууттай хар ногоон өнгийн хатаасан ургамал 0,9 грамм, 15 ширхэг комикс эмийн хэрэглэгдсэн савлагаа 15 ширхэг, хар өнгийн шатсан мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, AV1311805 серийн дугаартай Монгол Улсын 50-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

7. С-, М-нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ