Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00007

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00007

 

 

***ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03376 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ***ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-, Д- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36 442 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнхбуян

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаниас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н- 20 000 000 төгрөг, Д- нь 17 000 000 төгрөгийг тус тус 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

Н- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5 105 000 төгрөг төлж, 16 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэ, Д- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 6 039 250 төгрөг төлж, 11 900 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Н- нь Д-гийн үлдэгдэл төлбөр болох 11 900 000 төгрөгийг өөрийн зээлийн үлдэгдэл 16 000 000 төгрөг дээр нэмж Д-гийн зээлийн үлдэгдлийг өөр дээрээ шилжүүлэн авч дахин зээлийн гэрээг 29 295 000 төгрөгөөр байгуулж, 1 сарын хугацаатай 5 хувийн хүү төлөх нөхцөлийг тохиролцсон. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг төлж, 24 295 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

Гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцвол 12 147 500 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 24 295 000 төгрөг, алдангид 12 147 500 төгрөг, нийт 36 442 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг зээлж авч 5 105 000 төгрөг төлөөд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 16 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар маргаангүй.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д- эгч нэхэмжлэгчээс 17 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 5 100 000 төгрөгийг төлж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 11 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байсан. Д- эгч надаас гуйсан учир би түүний 11 900 000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 16 000 000 төгрөг, Д- эгчийн 11 900 000 төгрөг, нийт 27 900 000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн.

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 27 900 000 төгрөгийг би бэлнээр аваагүй. Д- эгч надад 11 900 000 төгрөг төлөхөөсөө бараа болон мөнгөөр 8 600 000 төгрөг төлсөн, үлдэх 3 300 000 төгрөгөө төлөөгүй байгаа, төлнө гэдгээ зөвшөөрч байгаа.

Би өөрийн 16 000 000 төгрөг, Д-гийн зээл 11 900 000 төгрөг, нийт 27 900 000 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг, Д- эгчийн төлөх ёстой 3 300 000 төгрөгийг тус тус хасч үлдэх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Д- нь Н-гийн хүсэлтээр нэхэмжлэгч байгууллага дээр очоод өөрийнхөө дансаар 20 000 000 төгрөг болон 17 000 000 төгрөгийг авч Н-д өгсөн. Түүнээс хойш энэ хүн өмнөөс нь мөнгийг төлж явж байгаад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Н- нь өөрийнхөө болон Д-гийн зээлийн гэрээг нэгтгээд 29 295 000 төгрөг дээрээ гэрээ байгуулаад үүнийгээ би өөрөө төлнө гэсэн байгаа. Талууд харилцан тохиролцоод Д-гийн нэр дээрх зээлийн гэрээг дуусгавар болгоод шинээр үүрэг шилжиж байгаа учраас шинээр гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Д- нь энэ зээлийн гэрээнээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Зээлийн гэрээ байгуулснаас хойш Н- нь 5 000 000 төгрөг төлж байгаа ба үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлж байна. Тийм учраас Д- мөнгө төлөх үндэслэлгүй. Хариуцагч Н-тай 3 300 000 төгрөгийг төлөх талаар тохирсон зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-гаас 22 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13 542 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 488 735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-гаас 272 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө тухайн өдрөө шилжээгүй хэмээн дүгнэж тус өдөр гэрээ байгуулагдаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Талууд хуулийн хүрээнд хэлцлийг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний агуулга нь Н-гийн 16 000 000 төгрөг болон Д-гийн 11 900 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд Н-гаар үүргийг гүйцэтгүүлэхээр тодорхойлж өгсөн хэрэв гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, үүрэг хариуцлагыг, хүлээлгэхээр харилцан тохиролцсон байдаг. Тухайлбал гэрээний 7.1-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Н-д үүсэх хариуцлагыг тодорхойлж өгч гэрээндээ тусгажээ.

Н-гаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байсан боловч энэ талаар шаардлага гаргаагүй, шүүх санаачлагаараа зээлийн гэрээний алдангийг тооцож гаргах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д тус тус заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Зээлийн гэрээний дагуу 11 900 000 төгрөгийн зээлтэй зээлийн гэрээг дуусгавар болгож зээлдэгч Н-гийн хүсэлтээр тус хоёр зээлийн гэрээний үлдэгдлийг нэгтгэж, шинээр зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 30 хоног байхаар харилцан тохиролцсон. Мөн хариуцагч Н-гийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гараар бичсэн хүсэлтээс үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг талууд дуусгавар болгосон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнээс анз шаардах эрхтэй байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болох 12 147 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ***ХХК хариуцагч Н-, Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 442 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ***ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Н-д 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан,

мөн өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Д-д 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тохиолдолд шүүх уг гэрээний талаар дүгнэлт өгөхгүй юм.

 

Н- 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5 105 000 төгрөг, Д-гаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 6 039 250 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ***ХХК-д төлсөн, Н-гийн зээлийн үлдэгдэл 16 000 000 төрөг, Д-гийн зээлийн үлдэгдэл 11 900 000 төгрөг болсон талаар талууд маргаагүй.

 

Зээлдэгч Н- нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн зээлийн гэрээний үүргийг 16 000 000 төгрөгөөр тодорхойлж, Д-гийн нэр дээрх зээлийн гэрээний үүргийг 11 900 000 төгрөгийг төлөхөөр шилжүүлэн авсан нь талуудын тайлбар болон 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Н-гийн ***ХХК-д гаргасан хүсэлт, зээлийн гэрээг 27 900 000 төгрөгөөр тодорхойлж байгуулсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд Н- нь Д-гийн өрийг шилжүүлэн авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд ***ХХК нь Н-гаас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 27 900 000 төгрөгийг, 1 сарын хугацааны 5 хувийн хүүгийн хамт шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба зээлийг тогтоосон хугацаанд зээлдэгч төлөөгүй тул зээлдүүлэгч гэрээгээр тохиролцсон алданги төлөхийг мөн шаардах эрхтэй. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагч Н- нь үндсэн зээл 27 900 000 төгрөг, зээлийн хүү 1 395 000 /27.900.0005%/ төгрөг, нийт 29 295 000 /27.900.000+1.395.000/ төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг хасч тооцвол 24 295 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан. Гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тутам 0.5 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг 12 147 500 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч Н-гаас 36 442 500 /24.295.000+ 12.147.500/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин хариуцагч Д-гийн зээл буцаан төлөхтэй холбоотой үүрэг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-д шилжсэн тул хариуцагч Д- уг гэрээний үүрэг гүйцэтгэх этгээд биш болсон тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03376 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 22 900 000 төгрөгийг гэснийг 36 442 500 төгрөгийг гэж, 13 542 500 төгрөгт холбогдох хэсгийг гэснийг хариуцагч Д-д холбогдох нэхэмжлэлийг гэж,

2 дахь заалтын 272 450 төгрөгийг гэснийг 340 162 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА