| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0449/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810018380499 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, “Н” СӨХ-ны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Д /РД:00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 000000000000000 хороололд үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны гадна автомашин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Э.Сг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 20-21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д.Д манай ахтай хамт лагер орохоор явсан. Удалгүй гэртээ согтуу орж ирсэн, тэгээд ээжтэй маргалдаад “би явна” гээд байсан. Тэгтэл манай ээж болох Э “чи зайл” гэж хэлсэн Д.Дг гарах гэхэд бага хүү Ижилбаяр аавтайгаа хамт явах гээд гарахаар нь би араас нь гараад бид 3 хамт машиндаа суугаад хөдөлсөн. Д.Д мөнгө байхгүй, банкнаас мөнгө авна гээд намайг гар утсаа өгч бай гэж хэлсэн би гар утсаа өгсөн. Тэр үед манай нөхөр миний арын суудалд сууж байгаад миний гар утсаар толгойруу цохиход миний толгойн ар хэсгээс цус гарсан байсан. Би нөхөртөө хандаад чи миний толгойноос цус гаргачихлаа гэхэд манай нөхөр “хохь чинь” гэж хэлсэн, тэгээд бага зэрэг маргалдаж байгаад эргээд харахад өөрийнхөө утсыг гартаа барьж байгаад миний нүд орчим руу цохих шиг болсон, тэгтэл миний нүд хэсгээс цус гарсан...” /хх-ийн 5-6, 7-8/ гэсэн,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед намайг гэртээ байж байхад хүргэн Д.Д архи уучихсан нилээн халамцуу гар утсаа асуусан. Тэгэхээр нь манай охин Э.С түүнд чиний утас энд байна гэж хэлэхэд миний дүүгийн нөхөр Оын утас хаана байна гэж асуусан, тэгэхээр нь би Оын утас хаана байгаа мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь Д.Д “чи муу авгай чамтай ярьсан юм уу, Америк руу дүү нар луугаа зайлаарай” гээд хэл амаар доромжилсон. Д.Дг гэрээс гарах гэхэд бага хүүхэд нь аавтайгаа хамт явна гээд дагаад байхаар нь Э.С согтуу хүнтэй хамт явуулахгүй гээд тэр гурав манай гэрээс хамт гарсан. Удалгүй манай охин Э.С над руу залгаад Д.Д намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр 000000ын Төрийн банкны урд талын зам дээр очиход машин дотор Д.Д манай охиныг зодсон байдалтай нүүр ам нь цус болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 9-10/ гэсэн,
Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ халамцуу ороод хадам ээжтэй үл ойлголцох зүйлээс болж маргалдсан. Тэгээд хадам ээж янз янзын юм яриад байхаар нь би гэрээс гарах гэхэд бага хүү аавтайгаа хамт явна гээд уйлаад дагаад байхаар нь хүүгээ дагуулаад хувцасыг нь өмсүүлээд байж байхад манай эхнэр Э.С гадаа орой болчихсон байна, би машинаараа ээжийн чинь гэрт хүргээд өгье гэж хэлсэн. Гэрээс гарах үед хадам ээж миний араас янз янзын үгээр доромжлоод байхаар нь би ууртай гарсан. Тэр үед манай эхнэр машинаа бариад би ар талын суудал дээр хүүгээ тэврээд явж байсан юм. Тэгээд замдаа явж байхдаа манай эхнэр надад хандаж чи ээжийн занг мэдэхгүй биш хэлсэн үгийг нь даагаад гарчихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ танай ээжийн үгийг 15 жил тэслээ одоо чадахгүй, танай ээж насаараа ганцаараа явсан гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр ээжийгээ өмөөрөөд бид хоёр маргалдсан. Тэгэхээр нь би барьж байсан утсаа эхнэрийнхээ нүүрлүү шидчихсэн. Тэгсэн чинь манай эхнэрийн нүүрнээс цус гараад тогтохоо байсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 10-11, 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №9110 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.С-н биед тархи дОт, зүүн зовхи, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Д.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 25-40/
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 000000000000000 хороололд үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны гадна автомашин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Э.Сг зодож эрүүл мэндэд нь тархи дОт, зүүн зовхи, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Сгийн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 20-21 цагийн орчим ...манай нөхөр Д.Д гэртээ согтуу ирсэн, тэгээд манай ээжтэй маргалдаад “би явна” гээд байсан. Тэгтэл ээж Э “чи зайл” гэж хэлсэн, Д.Дг гарах үед бага хүү Ижилбаяр аавтайгаа хамт явна гээд гарсан, би мөн араас нь гарч бид гурав машиндаа суугаад хөдөлсөн. Д.Д мөнгө байхгүй, банкнаас мөнгө авна, намайг гар утсаа өгч бай гэхээр нь би өгсөн. Тэр үед манай нөхөр арын суудалд сууж байгаад миний гар утсаар толгой руу цохиход миний толгойн ар хэсгээс цус гарсан. Би нөхөртөө хандаад чи миний толгойноос цус гаргачихлаа гэхэд манай нөхөр “хохь чинь” гэж хэлсэн, тэгээд бага зэрэг маргалдаж байгаад эргээд харахад өөрийнхөө утсыг гартаа барьж байгаад миний нүд орчим руу цохих шиг болсон, тэгтэл миний нүд хэсгээс цус гарсан...” /хх-ийн 5-6, 7-8/ гэсэн,
Гэрч Б.Эы “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед хүргэн Д.Д архи уучихсан халамцуу гар утсаа асуусан. Тэгэхээр нь охин Э.С түүнд утас чинь энд байна гэж хэлэхэд Оын утас хаана байна гэж асуусан тэгэхээр нь би Оын утас хаана байгаа мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь Д.Д “чи муу авгай чамтай ярьсан юм уу, Америк руу дүү нар луугаа зайлаарай” гээд хэл амаар доромжилсон. Д.Дг гэрээс гарах гэхэд бага хүү нь аавтайгаа хамт явна гээд дагаад байхаар нь Э.С согтуу хүнтэй хамт явуулахгүй гээд тэр гурав гэрээс хамт гарсан. Удалгүй охин Э.С над руу залгаад Д.Д намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр 000000ын Төрийн банкны урд талын зам дээр очиход машин дотор Д.Д манай охиныг зодсон байдалтай нүүр ам нь цус болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 9-10/ гэсэн,
Шүүгдэгч Д.Дгийн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ халамцуу ороод хадам ээжтэй үл ойлголцох зүйлээс болж маргалдсан. Тэгээд хадам ээж янз янзын юм яриад байхаар нь гэрээс гарах гэхэд бага хүү надтай хамт явна гээд уйлаад дагаад байхаар нь хүүгээ дагуулаад хувцасыг нь өмсүүлээд байж байхад эхнэр Э.С гадаа орой болчихсон байна, би машинаараа хүргээд өгье гэж хэлсэн. Гэрээс гарах үед хадам ээж миний араас янз янзын үгээр доромжлоод байхаар нь би ууртай гарсан. Тэр үед манай эхнэр машинаа бариад би арын суудалд хүүгээ тэврээд явж байсан. ...Замдаа манай эхнэр ээжийгээ өмөөрөөд бид хоёр маргалдсан, тэгэхээр нь би барьж байсан утсаа эхнэрийнхээ нүүрлүү шидчихсэн. Тэгсэн чинь манай эхнэрийн нүүрнээс цус гараад тогтохоо байсан....” /хх-ийн 10-11, 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №9110 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.Сн биед тархи дОт, зүүн зовхи, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дг өөрийн эхнэр Э.Сгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сгийн эрүүл мэндэд тархи дОт, зүүн зовхи, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт болон хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Дд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Дд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810018380499 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР