Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0595

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0595

Улаанбаатар хот

О.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч О.Б, Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Б-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0569 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож,

        Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан О.Б-ын ажилгүй байсан 2018 оны 04 дүгээр сарын 02-оос 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 3,979,108.00 /гурван сая есөн зуун далан есөн мянга нэг зуун найман/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, О.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад даалгаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-аас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ажлаас халах тухай Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх О.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хариуцагч зөвшөөрөхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. О.Б ажиллаж байх хугацаанд 2017 онд үүрэгт бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулж байсан, байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүргээ тус тус зөрчсөн тул Төрийн захиргааны удирдлагын газрын тооцооны нягтлан бодогчоор 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр томилогдсон боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар О.Б-ыг үүрэгт ажлаас нь халсан.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ гэх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цуглуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч О.Б-аас “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, түүнийг Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

        НЭГ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалын тухайд:

        Нэхэмжлэгч О.Б Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 370 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн Салбарын тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсоноос хойш тус байгууллагад ажиллаж 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

        Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Яамны зохион байгуулалт, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг батлах тухай“ А/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Б-ын ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтэс Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтэс болж өөрчлөгдсөн боловч түүний ажлын байрны орон тоо хасагдаагүй, гүйцэтгэх чиг үүрэг хадгалагдан үлдсэн нь баримтаар тогтоогдсон байна.

        Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтны “ажлын байрны чиг үүрэгт өөрчлөлт орсон” гэх үндэслэлээр О.Б-ыг албан тушаалаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон 2018 оны Б/105 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан гэх үндэслэл болно.

        Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд л цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлж болохоор заасан бөгөөд Эрүүл мэндийн яамны тухайд О.Б-ыг тийнхүү шилжүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна.

        Тиймээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн хариуцагчийн тушаал хууль бус байна.

        Дээрх асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

        ХОЁР. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалын тухайд:

        Нэхэмжлэгч О.Б-ын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагч албан тушаалтан түүнийг “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг болох 2017 оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй, мөн шаардлагатай баримт мэдээг Үндэсний аудитын газар өгөөгүйгээс санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан алдаа зөрчил гаргасан нь Үндэсний аудитын шалгалтаар батлагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэхгүйгээр ажил тасалсан” гэх үндэслэлээр О.Б-ыг Төрийн захиргааны удирдлагын газрын тооцооны нягтлан бодогчийн ажлаас халжээ.

        Хариуцагчаас өөрийг нь төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албанд шилжүүлэн томилсонтой акттай маргаж, шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх явцад, мөн шинээр томилсон гэх албан тушаалыг хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгээгүй байхад “томилсон албан тушаалд ажиллаагүй, ажил тасалсан” гэх үндэслэлээр, үүнээс гадна энэ явцад Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/195 дугаар албан шаардлагыг үндэслэн тухайн албан шаардлагын талаар танилцуулж, тайлбар авах зэрэг ажиллагааг явуулалгүйгээр, мөн уг зөрчил дутагдал нь албан шаардлагад дурдагдсан гэх албан тушаалтнуудын ялангуяа нэхэмжлэгчийн чиг үүрэгт хэрхэн хамаарч байгааг тодорхойлолгүйгээр тухайн тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 /Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна/, 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 /өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах/ дахь заалтуудыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан шийдвэр болжээ.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлтэй.

        Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсаныг үндэслэсэн маргаан бүхий Б/200 дугаар тушаалтай холбоотой маргааныг тусад нь салган Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудал бус төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой маргаан гэж үзэн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

        Хариуцагч албан тушаалтан “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0569 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсгээс “109 дүгээр зүйлийн 109.2” гэснийг хасч, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг нэгтгэн “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, О.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                  ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР