Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 358

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Засаг дарга,

Баянгол дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:            Г.Банзрагч

                                      М.Батсуурь

                                      Х.Батсүрэн      

            Илтгэгч шүүгч:   Д.Мөнхтуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тоот тогтоолын Б.М-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0319 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр магадлалтай,

            Нэхэмжлэгч Б.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0319 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэгч Б.М-ээс гаргасан “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тоот захирамжийн Б.М-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...32.1...” гэсний ард “61 дүгээр зүйлийн 61.1” гэж нэмэн, “...13/03 тоот захирамжийн” гэснийг “13/03 тоот тогтоолын” болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид Б.М нь дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 428 тоот захирамжаар өмнө нь газар эзэмшиж байсан мэтээр дурдсан, гэтэл дүүргийн Засаг даргын 2005 оны 428 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.М-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 649 тоот захирамжаас өөр түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр огт байхгүй болох нь тогтоогдсон байна” гэж дүгнэсэн. Б.М миний бие Баянгол дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтийг 2011 онд гаргаж дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг авсан. Давж заалдах шатны шүүхээс “... Б.М нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүйгээр маргаан бүхий газрыг шууд эзэмших эрхтэй болсон байх ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу дүүргийн Засаг даргаас иргэний эзэмших хүсэлтэд үндэслэн газар эзэмшүүлэх ёстой атал энэ зарчмыг хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн, энэ үндэслэлээр нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт болсон. Миний бие газар эзэмших хүсэлтийг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлж, 2011 оноос тасралтгүй эзэмшсэн.

4. Дүүргийн Засаг даргаас хэдэн оны ямар захирамжид үндэслэн газар эзэмшүүлсэн явдалд нэхэмжлэгч миний бие буруугүй болно. Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба харин анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаачлан “... газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүйгээр шууд газар эзэмших эрх олж авсан” гэж үзэн миний газрыг хүчингүй болгоогүй юм. Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн алдаатай үндэслэлгүй гарсан гэж маргаж байгаа ба миний газрыг хуулийн хугацаанд зориулалтаар эзэмшиж байсан болно. Энэ талаар анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй. Хариуцагч талаас ирүүлсэн хариу тайлбараар зөвхөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байхад шүүхээс бусад асуудлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тоот тогтоолын Б.М-д холбогдох хэсгийг маргаан бүхий тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосон ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол хангагдахгүй буюу газар эзэмших эрх сэргэхгүй, шүүхээс хууль ёсны дагуу үүссэн эрхийг сэргээн эдлүүлэхээс хууль бусаар олж авсан эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэсэн мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие тус хууль бус тогтоолыг үндэслэн гарсан дүүргийн Засаг даргын захирамж үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хууль бусаар газар эзэмших эрх олж авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, нотлогдоогүй байхад дүгнэж байгаа асуудал болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль бус тогтоолыг зөвтгөн шийдвэрлэсэн нь тус тогтоолыг анхнаасаа хууль бус байсан гэдгийг нотлодог. Гэтэл 2 шатны шүүхээс хууль бус тогтоолыг үндэслэлгүйгээр зөвтгөн хууль ёсны мэтээр хүчин төгөлдөр гэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасантай нийцэхгүй байна.

6. Иймд гомдолд дурдсан үнлэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

8. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолоор “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй ... 55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн, уг тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжаар “... дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамжийн Баярсайхан овогтой Мөнхгэрэлд холбогдох хэсгийг хүчингүй /болгосон/”, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14/08 дугаар тогтоолоор маргаан бүхий 13/03 дугаар тогтоолд “...55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн талаарх зөрчлийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгасан” өөрчлөлтийг оруулжээ.

9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар эмнэлгийн хойно байршуулан 96 м.кв газрыг Б.М-д амины орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, ингэхдээ тус дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн “... газрын зориулалт, талбай байршил өөрчилж байгаа” гэж уг захирамжинд заасан, дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжаар “... дүүргийн Засаг даргын 2005 оны 428 дугаар захирамжаар Б.М-д олгосон 149 м.кв газар эзэмшүүлэх /эрхийн/ гэрээг сунгаж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.М-д газар эзэмших эрх анх үүсгэсэн гэх  Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 428 дугаар захирамжид Б.М-ийн нэр байхгүй, 149 м.кв газрыг хэн нэг этгээдэд эзэмшүүлээгүй болох нь тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгч Б.М-ээс “... Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 тоот захирамжаар Б.М надад Баянгол дүүргийн 6-р хороо 3-р эмнэлгийн хойно 96 м.кв талбайтай газрыг амины орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, эзэмших эрхийн 0377034 тоот гэрчилгээ олгож, газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан, газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн ... /байхад/ газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нараас “... хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан, ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргасан байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, хууль зөрчөөгүй болохыг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “... /эрх бүхий албан тушаалтан/ өөрийн шийдвэр ... /-ээр/ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох”-оор заасныг маргааныг үйл баримтуудад холбогдуулж тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгогдож байгаагүй иргэн Б.М-д “... газрын зориулалт, талбай байршил өөрчилсөн” гэх үндэслэл дурдаж, 96 м.кв газрыг амины орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамж Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах тусгайлсан зохицуулалтуудад нийцээгүй талаар зөв дүгнэлт хийсэн, 2005 онд олгогдоогүй газар эзэмших эрхийн “гэрээний хугацаа сунгаж” шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжаар Б.М-д анх газар эзэмшүүлсэн гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн “... миний бие Баянгол дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтийг 2011 онд гаргаж дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг авсан, ... дүүргийн Засаг даргаас хэдэн оны ямар захирамжид үндэслэн газар эзэмшүүлсэн явдалд нэхэмжлэгч миний бие буруугүй” гэх гомдол үндэслэлгүй.

11. Түүнчлэн, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжид “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон”, “... 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх хоёр үндэслэл дурдаж нэр бүхий 55 этгээдийн газар эзэмших эрхэд холбогдуулан шийдвэр гаргасан, үүний дотор Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамжийн иргэн Б.М-д холбогдох хэсгийг “... хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон, энэ үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтууд, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэж шүүх дүгнэсэн, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /бол дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно/” гэж заасан нь энэ маргааны хувьд хамааралгүй, маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийн “...шүүхийн дүгнэж байгаачлан “... газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүйгээр шууд газар эзэмших эрх олж авсан” гэж үзэн миний газрыг хүчингүй болгоогүй, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад энэ талаар /шүүхүүд/ дүгнээгүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

12. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧ                                                             Д.МӨНХТУЯАй