Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 461

 

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Ганчимэг /томилолтоор/, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810008250412 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “Н” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт 00000000000000тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.О/РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Б.Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 144 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор байршуулаад орхисон хохирогч Д.Эын эзэмшлийн 0000 УНЛ улсын дугаартай “Аксент” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, мөн хохирогч С.Бгийн эзэмшлийн 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, урд гупер зэргийг устгаж, гэмтээн 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Б” ХХК-нд барилгын инженер ажилтай. Манай компани 0000000ийн өргөтгөлийн барилгын ажил хийж байгаа юм. Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр барилгын өргөтгөлийн хашаандаа өөрийн эзэмшлийн машинаа 18 цагийн үед тавиад ачааны машинтай компанийхаа хашаан дотор байж байхад над руу манай ажлын М залгаад “таны машины цонхыг согтуу залуу хагалсан, мөн 4 хаалгыг нь зурсан байна” гэж хэлэхээр нь машин дээрээ ирэхэд машины баруун урд талын хаалганы шилийг хагалсан, 4 хаалгыг зурсан, копуд, баруун талын крылог зурсан байсан. М таны машины цонх хагалсан хүнийг цагдаад бариад өгсөн гэж хэлсэн. Мөн миний машины баруун талд байсан цагаан өнгийн верна маркийн машины цонхыг хагалсан, хаалгыг нь чулуугаар цохиж будгийг нь халцалсан байсан. Миний машин бол хар өнгийн мөнгөлөг саарал өнгийн Рав 4 маркийн 0000 УНЧ улсын дугаартай автомашин юм. Тэгээд би машины үнэлгээ хийлгэдэг газраар хагалж, эвдэрсэн эд зүйлүүдийг үнэлүүлэхэд 645,000 төгрөг болсон...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...0000 УНЛ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг хуучин эзэмшигч Ч.Т нь унаж явах зээлийн барьцаанд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тавьсан. Ч.Т нь 2018 оны 02 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй тул уг автомашин нь одоо миний эзэмшилд байгаа хөдлөх хөрөнгө юм...” /хх-ийн 80-81/ гэсэн,

 

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 сараас эхлэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 144 дүгээр цэцэрлэгийн барилгын заслын ажлыг хийж эхэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 0000 УНЛ улсын дугаартай Хьюндай Верна Аксент загварын машиныг 144 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор байршуулаад орхисон байсан. Тэгээд 19 цагийн үед цэцэрлэгийн ард байх хүнсний дэлгүүр явчихаад 20 орчим минутын дараа буцаад ирэхэд шар царайтай жижигхэн туранхай биетэй залуу согтуурсан байдалтай байсан ба цэцэрлэгийн хашаанд байсан миний автомашины зүүн талын урд хаалганы салхины шилийг хагалсан, урд гуперийн баруун урд хэсгийг хагалсан, зүүн талын урд хаалгыг хонхойлгосон байсан. Мөн миний машины хажууд байсан Рав 4 загварын машины цонхыг хагалсан, энд тэнд нь хонхойлгосон, цохисон, зурсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад уг залуу “би согтуурхаад машиныг чинь эвдэлсэн байна уучлаарай” гэж хэлсэн...” /хх-ийн 11-12/ гэсэн,

 

Гэрч Д.Оа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ буюу баригдаж байгаа барилгын 2 дугаар давхарт ажиллаж байхад 18 цагийн орчим барилгын гадна хашаанд чангаар юм цохиж байгаа чимээ гарахаар нь гайхаад цонхоор харахад 23-27 насны эрэгтэй хүн согтуурсан байдалтай, барилгын хашаанд байсан С.Б инженерийн автомашины жолооч талын буюу баруун талын урд хаалганы шилийг тал улаан тоосго гартаа бариад цохиж хагалсан. Миний харснаар нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би буугаад уг хүн дээр очоод хийж байгаа үйлдлийг нь зогсоох гээд “боль” гэж орилоход уг залуу барьж байсан тоосгыг машины баруун талыг крыло руу шидчихээд, “юу гэнэ ээ” гэж байсан. ...Намайг уг машин дээр очиход баруун талын хаалганы салхины шил хагарсан, копудны урд хэсгийн будаг халцарч хонхойсон, баруун талын хаалгыг цохиж хонхойлгосон, урд гуперийн гол хэсэгт будаг халцарсан байсан. Тэгээд уг залууг бариад цагдаа дуудсан, манай барилгын ажил дээр ажиллаж байсан 0000 УНЛ улсын дугаартай машинтай М гэж хүн дэлгүүрээс ирээд юу болоод байгаа талаар асуухаар нь би болсон явдлын талаар хэлэхэд “миний машиныг гэмтээсэн байхвий дээ” гээд явсан ба эргэж ирээд миний машины зүүн талын урд хаалганы шилийг хагалчихсан байна гэж байсан. Уг хоёр машинууд 15 орчим метрийн зайтай байсан...” /хх-ийн 25/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим найз Бын хашаанд Б, Б нартай уулзаад удаан уулзаагүй гэх шалтгаанаар архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад би гэртээ харихаар ганцаараа явсан ба согтоод биеэ хянах чадваргүй болсон. Би 114 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор явж байсан, хашаанд ажил хийж байсан хүмүүс намайг “барилгын ажил явагдаж байна, гар зайл, согтуу гөлөг” гэх зэргээр хэлж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд шарлахаад газраас чулуу аваад хашаан дотор байсан машины шилийг цохиж хагалсан, уг машины хажууд байсан цагаан өнгийн машины шилийг бас хагалж байснаа санаж байна...” /хх-ийн 47/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29, 33/,

- Шүүгдэгч Б.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 48-54/,

- Шүүгдэгч Б.Оын хувийн байдалтай холбоотой гэрчүүдийн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /87-88, 91-96/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Оад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 144 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор байршуулаад тавьсан байсан хохирогч Д.Эын эзэмшлийн 0000 УНЛ улсын дугаартай “Аксент” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, мөн хохирогч С.Бгийн эзэмшлийн 0000 УНЧ улсын дугаартай Рав-4 загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, урд гупер зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад нийтдээ 845,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Бгийн “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр барилгын өргөтгөлийн хашаанд өөрийн эзэмшлийн машинаа 18 цагийн үед тавиад ачааны машинтай компанийхаа хашаан дотор байхад над руу манай ажлын М залгаад “таны машины цонхыг согтуу залуу хагалсан, мөн 4 хаалгыг нь зурсан байна” гэж хэлэхээр нь машин дээрээ ирэхэд машины баруун урд талын хаалганы шилийг хагалсан, 4 хаалгыг зурсан, копуд, баруун талын крылог зурсан байсан. Машиныг цонхыг хагалсан хүнийг цагдаад бариад өгсөн гэж М хэлсэн. Мөн миний машины баруун талд байсан цагаан өнгийн верна маркийн машины цонхыг хагалсан, хаалгыг нь чулуугаар цохиж будгийг нь халцалсан байсан...”/хх-ийн 9-10/ гэсэн, хохирогч Д.Эын “...0000 УНЛ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн хуучин эзэмшигч Ч.Т нь унаж явах зээлийн барьцаанд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тавьсан. Ч.Т нь 2018 оны 02 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй тул уг автомашин нь одоо миний эзэмшилд байгаа хөдлөх хөрөнгө юм...” /хх-ийн 80-81/ гэсэн, гэрч С.Гын “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Хьюндай Верна Аксент загварын машиныг 144-р цэцэрлэгийн хашаан дотор байршуулаад орхисон байсан. Тэгээд 19 цагийн үед хүнсний дэлгүүр лүү явчихаад 20 орчим минутын дараа эргээд ирэхэд цэцэрлэгийн хашаанд байсан миний автомашины зүүн талын урд хаалганы салхины шил, урд гуперийн баруун урд хэсгийг хагалсан, зүүн талын урд хаалгыг хонхойлгосон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад уг залуу “би согтуурхаад машиныг чинь эвдэлсэн байна уучлаарай” гэж хэлсэн...” /хх-ийн 11-12/ гэсэн, гэрч Д.Оын “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр баригдаж байгаа барилгын 2 дугаар давхарт ажиллаж байхад 18 цагийн орчим барилгын гадна хашаан дотор чанга юм цохиж байгаа чимээ гарахаар нь гайхаад цонхоор харахад 23-27 насны эрэгтэй хүн согтуурсан байдалтай, барилгын хашаанд байсан С.Б инженерийн Рав-4 загварын автомашины жолооч талын буюу баруун талын урд хаалганы шилийг цохиж хагалсан. ...Намайг уг машин дээр очиход баруун талын хаалганы салхины шил хагарсан, копудны урд хэсгийн будаг халцарч хонхойсон, баруун талын хаалгыг цохиж хонхойлгосон, урд гуперийн гол хэсэгт будаг халцарсан байсан. Барилгын ажил дээр ажиллаж байсан 0000 УНЛ улсын дугаартай Аксент загварын машинтай М гэж хүн дэлгүүрээс ирээд юу болоод байгаа талаар асуухаар нь би болсон явдлын талаар хэлтэл, “миний машиныг гэмтээсэн байх вий дээ” гээд явсан ба эргэж ирээд миний машины зүүн талын урд хаалганы шилийг хагалчихсан байна гэж байсан...” /хх-ийн 25/ гэсэн, шүүгдэгч Б.Он “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед архиа ууж дуусаад гэртээ харихаар ганцаараа явсан ба согтоод биеэ хянах чадваргүй болсон. Хашаанд ажил хийж байсан хүмүүс намайг “барилгын ажил явагдаж байна, гар зайл, согтуу гөлөг” гэх зэргээр хэлж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд шарлахаад газраас чулуу аваад хашаан дотор байсан машины шилийг цохиж хагалсан, уг машины хажууд байсан цагаан өнгийн Аксент машины шилийг бас хагалж байснаа санаж байна...” /хх-ийн 47/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29, 33/  зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тоёото Рав-4 маркийн 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А Ф” ХХК, Хьюндай Аксент Верна маркийн 0000 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Дашдэндэвийн Д.Э нар болох талаар тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87-88/ хэрэгт авагджээ.

“А Ф” ХХК Сийн С.Бд итгэмжлэл /хх-ийн 90/ олгосон бөгөөд уг гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр С.Б, Д.Э нарыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Бгийн эд хөрөнгөд 645,000 төгрөг, Д.Эын эд хөрөнгөд 200,000 төгрөгийн /хх-ийн 29-34/ хохирол тус тус учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Оаас 845,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Бд 645,000 төгрөгийг, хохирогч Д.Эад 200,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус зардлаар нийтдээ 845,000 төгрөгийн хохирол учирсан байхад яллах дүгнэлтэд шууд зардлын нийлбэрээр 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн нь буруу бөгөөд хохирлын хэмжээг буруу бичсэн нь гэмт хэргийн зүйлчлэл болон хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй байх тул шүүх засаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Оын үйлдэлд тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Оад хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810008250412 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Оад оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О /РД: 00000000000000000000000000/-аас 845,000 /найман зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Бд /РД: 00000000000000000000000000000000000000/  645,000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг, хохирогч Д.Э /РД: 00000000000000000000000000000/-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 1810008250412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

           

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР