| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 101/2022/01895/И |
| Дугаар | 210/МА2022/01530 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/01530
2022 08 19 210/МА2022/01530
Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02656 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г банк ХХК-ийн хариуцагч Г.Ч-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 13,695,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Г.Ч- түүний өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр Г.Ч- 4,700,000 төгрөг болон 100 ам.долларын эрхтэй төгрөг, долларын хосолсон картыг эзэмшсэн. Уг картын нөхцөл нь бэлэн мөнгөний хүү сарын 3.5, бэлэн бус гүйлгээний хүү 2.0 хувь, нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай болно. Зээлдэгч төлбөрөө төлөхгүй 29 сарын хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 13,695,285.60 төгрөг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,352,648.87 төгрөгөөс татгалзаж байгаа тул үлдсэн 12,342,636.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ч-ээс зээл, хүү нийт 12,342,636.72 төгрөг гаргуулж Г банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 212,432 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын тайлбар, агуулга: Хариуцагч Г.Ч- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоолой сөөсний улмаас ярьж чадахгүй байгаа, мөн өмгөөлөгчтэй оролцох тухайгаа илэрхийлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй, шүүх хуралдааныг түүний эзгүйд шийдвэрлэсэн. Өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн. 4,700,000 төгрөгийн эрхтэй зээлийн карт байхад үндсэн зээлд 4,902,444 төгрөг нэхэмжилснийг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас зээлийн хүү хэт их нэмэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анх зээлийн гэрээ байгуулсны дагуу зээлдэгч гэрээ байгуулсан. Оршин суугаа хаягаа өөрчилсөн бол энэ тухай мэдэгдэх ёстой байсан. Хариуцагчийн карт нь онцгой нөхцөлтэй кредит карт байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Г.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,695,285 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр хариуцагч 4,700,000 төгрөгийн, 100 ам.долларын зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсны хүү 3.5%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2%, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1% тус тус төлөхөөр тохиролцсон байна.
3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн боловч гэрээндээ хэтэрсэн хугацааны хүүгийн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлэн тохиролцоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
3.б. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 дугаар сарыг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Учир нь талууд хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар гэрээндээ тохиролцоогүй байх тул хариуцагчид хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг үүсэхгүй. Тодруулбал, талуудыг гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тодорхой заасан байх учиртай. Гэтэл гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй байна.
3.в. Зээлийн эрх хэтрүүлсний хүү гэх төлбөрийг авах талаар талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгч уг хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.
3.г. Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1% гэж тогтоосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчид эдгээр төрлийн хүү шаардах эрх мөн үүсээгүй байна.
4. Хариуцагч дээрх гэрээний хугацаанд төгрөгийн эрхтэй зээлийн картнаас 7,637,717 төгрөг зээлдэн авснаас 3,250,720 төгрөгийг, долларын эрхтэй зээлийн картнаас 112.33 ам.доллар зээлдэн авснаас 23 ам.долларыг тус тус буцаан төлжээ. Нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцооллын хүснэгт гэх баримтаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээний хугацааны хүүд 3,259,897 төгрөг, 62.4 ам.доллар төлөх үүрэгтэй. Хариуцагч уг баримтыг няцаагаагүй болно.
4.а. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт төгрөгийн зээлийн эрхтэй картын хувьд зээл, хүүд нийт 7,646,894 төгрөг, ам.долларын зээлийн эрхтэй картын хувьд зээл, хүүд нийт 151.73 ам.доллар /1ам.доллар 2876.32 төгрөг/ буюу 436,424 төгрөг, нийт 8,083,318 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.б. Хариуцагч 4,700,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг эзэмших хугацаандаа 7,637,717 төгрөгийг зээлдэн авч, 3,250,720 төгрөг төлсөн, тэрээр өөрөө зээлийн эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь зээлийн картны хүү, тооцооллын хүснэгт гэх баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
5. Хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан байна. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр түүний эзгүйд хийсэн байна. Хариуцагч дээрх хугацаанд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангах боломжгүй.
6. Хариуцагчийн нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хэмжээ нэмэгдсэн гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан нөхцөлд хамаарахгүй
7. Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 8,083,318 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 12,342,636.72 гэснийг 8,083,318 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,259,318.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 212,432 гэснийг 144,283 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 212,432 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБСҮРЭН
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ