Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 688

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

     

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Г.А-,

хохирогч У.О- нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Борогчин овогт Ганболдын А-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805034370707 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо ...............  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Борогчин овогтой Ганболдын А-.

 

Шүүгдэгч Г.А- нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.О-ийг зодож эрүүл мэндэд /хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духын зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн гадна хэсэг, зүүн шууны ар доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тавхайн гадна хэсэгт зулгаралт/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.О- мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр Лхагваатай уулзахаар 22 цаг өнгөрөөгөөд очсон. Очиход эд нар нилээн согтолттой байсан. Би нэг том пиво авч орсон ба дэлгүүр хаахаас өмнө дахиад пиво авъя гээд А-тай хамт дэлгүүр орсон. Тэгтэл А- “надад байгаа нь л 20.000 төгрөг, үүнийг нэмэрлэе” гээд 20.000 төгрөг өгөхөөр нь цүнхэндээ хийсэн. Дэлгүүрээс 49.000 төгрөгийн худалдан авалт хийж би карт уншуулж тооцоо хийсэн. Бид хоёр буцаж ороод пиво уусан. А- бид хоёр тагтан дээр байхад “миний мөнгө алга болсон байна” гээд надаас мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би ”эгч нь чамаас юу гэж мөнгө авах вэ, чи надад 20.000 төгрөг өгөөд би дэлгүүрт картаа уншуулсан шүү дээ” гэж хэлсэн. Нэг мэдэхэд А- намайг үсдээд  том өрөө рүү чирсэн. Би юу болж байгааг ойлгоогүй ба нүүр, ам руу өшиглөөд байхаар нь нүүрээ хааж байсан. Тэгээд арай гэж тэндээс гараад цагдаа дуудсан ба цагдаатай буцаад хамт орсон. Дараа нь А- над руу утсаар яриад “надад 60.000 төгрөг байсан нь алга болчихоор нь таныг авсан гэж андуурсан байна уучлаарай, Одноо авсан байна” гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр хавдаад хамар цөмөрсөн. Хамартаа хагалгаа хийлгэхэд “яс нь шил шиг бутарсан байна” гэж эмч хэлсэн. Одоо 6 сарын дараа бүрэн эдгэрэх ба шаардлагатай бол дахин хагалгаа хийнэ. Байцаагч надад эхлээд хагалгаагаа хийлгэж байгаад хохирол нэхэмжилдэг гэхээр нь хүнээс хүүтэй мөнгө зээлж 1.250.000 төгрөгийн хагалгаанд орсон. Би хагалгаанд орохын тулд 20 гаруй төрлийн шинжилгээ өгсөн ба баримтыг байцаагчид өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүүний мөнгө өгсөн. Одоо 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүүний мөнгө төлнө. Гэхдээ би хүүний мөнгийг нэхэмжлэлдээ оруулаагүй. Би Гранд плазад худалдагчаар ажилладаг ба сард 600.000 төгрөгийн цалинтай. Гэмтсэнээс хойш ажлаа хийгээгүй бөгөөд 8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Тиймээс 900.000 төгрөгийн цалин нэхэмжилсэн. Нийт 3.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Би дэлгэрэнгүй баримтыг хэрэгт хавсаргуулсан. Надад илүү мөнгө нэхсэн зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч У.О-ийн “... Бид дөрөв миний авчирсан пивыг хувааж уугаад  00 цагийн үед дэлгүүр хаахаас өмнө нэмж ганц, хоёр пиво авъя гээд А- бид хоёр гарч дэлгүүрээс 49.450 төгрөгний архи, пиво, ус, ундаа автал А- “дүүд нь байгаа нь энэ” гээд 20.000 төгрөг гаргаж өгсөн. Би карт уншуулж тооцоо хийсэн. Буцаж гэрт нь ороод тагтан дээр суугаад пиво ууж байтал А- гэнэт “дэлгүүрээс юм авахад би 40.000 төгрөг гаргаж өгсөн” гээд надаас мөнгөө нэхээд байхаар нь “чи надад 20.000 төгрөг л өгсөн” гээд бид хоёр бага зэрэг маргалдаж байтал гэнэт А- миний үснээс зулгааж том өрөө рүү чирч оруулаад нүүр ам, хөл рүү өшиглөөд байсан. ... А- миний үснээс зулгааж нүүр ам руу өшиглөж хамар хугалсан. Мөн хөл рүү өшиглөөд байсан.  ... Би хамрын хагалгаанд орохын тулд хувь хүнээс 10 хувийн хүүтэй 2.000.000 төгрөг зээлсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа яваагүй. Одоогоор 45 хоног ажлаа хийгээгүй. Өдрийн 20.000 төгрөгний цалинтай ажил хийдэг. Би А-гаас одоогоор 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Цаашид 6 сар орчим эмчилгээнд явах шаардлагатай гэсэн. Хэдэн төгрөгний зардал нэмж гарахыг мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хсэүлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Б.Лхагваагийн “... Пивоо задлаад нилээн уугаад сууж байтал  О- эгч А- хоёр нэгнээсээ мөнгө нэхээд маргалдаад байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан учир ямар мөнгөнөөс болоод маргалдаад байгааг нь ойлгоогүй. Дундуур нь орж зохицуулах гэж нилээн оролдож байгаад болохгүй болохоор нь “та хоёр ямар сонин юм бэ наад асуудлаа өөрсдөө шийд” гээд жижиг өрөөнд хүү уйлахаар нь би хүү рүүгээ ороод унтаад өгсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Б.Одонцэцэгийн “... Би урд өдөр нь ажил дээрээ  хоноод нойргүй явсан учир  ядраад том өрөөнд унтаж байтал толгой дээр хоёр хүн хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дугараад байхаар нь сэрээд хартал А-, О- эгч хоёр тагтан дээр маргалдаж байсан. Би яасан гээд асуутал мөнгө л яриад хэрэлдээд байхаар нь А-г чирээд 00-ын өрөө рүү ороод суултуур дээр дөнгөж суутал О- эгч араас орж ирээд А-гийн үснээс нь зулгаагаад дээрээс нь дартал А- буцааж О- эгчийн үснээс зулгаагаад хоорондоо үсдэлцээд байхаар нь би салгах гээд бараг 10-аад минут ноцолдоод дийлдэхгүй байхаар нь А-г миний найз тавьчих гэтэл наад хүүхэн чинь тавьбал би тавина гээд байхаар нь ... О- эгчийн нэг ээмэг уначихаар нь алга болчихно дараа бас ээмгээ нэхнэ гэж бодоод аваад левчик рүүгээ хийсэн. Салсаны дараа О- эгчийн хамраас нь цус гарч байхаар нь би та цусаа угаа гэж 00-ын өрөөнд үлдээгээд А-г аваад том өрөө рүү орсон. О- эгч араас цусаа арчаад гарч ирсэнээ эгч нь явмаар байна эгчийнхээ гутлыг олоод өг гэхээр нь гутлыг нь олоод өмсүүлж өгтөл дахиад А-, О- эгчийг тайвшруулах гээд дээрээс нь дарж орон дээр хэсэг хэвтсэн. ... О- эгчийн хамраас нь цус гараад хамар нь хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7518 дугаартай:

“1. У.О-ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн гадна хэсэг, зүүн шууны ар доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тавхайн гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдангид нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Г.А-гийн яллагдагчаар өгсөн “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би О- эгчийн биед дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 2 биенийхээ үснээс зулгаагаад ноцолдож зодолдсон. Хамрыг нь хөлөөрөө өшиглөсөн үү, гараараа цохисон уу мэдэхгүй байна. Ямарч байсан бид 2 дээгүүр доогуураа харилцан цохилцож зодолдсон. Тэгэж зодолдож байхдаа л О- эгчийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. О- эгчийн эмчилгээний төлбөрийг баримтаар нь төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Г.А- нь хохирогч У.О-тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духын зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн гадна хэсэг, зүүн шууны ар доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тавхайн гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Г.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Г.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

Хохирогч У.О- “хамрын хагалгааны төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний төлбөр, бусдаас зээлсэн мөнгө” зэрэг нийт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаас үзэхэд “ЭМЖЖ ХХК-ний орлогын ордер №25, Хамрын хагалгаа  1.250.000 төгрөг”, “ДУБ” ХХК-ний дүрс оношлогооны төлбөр 120.000 төгрөг”, “ЭМЖЖ ХХК-ний орлогын ордер №418, мэс заслын ор хоног 80.000 төгрөг”, “шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8000 төгрөг” зэрэг баримтуудыг үндэслэн У.О-т учирсан хохирол, хор уршиг нийт 1.458.000 төгрөг тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгч Г.А-гаас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хохирлын талаар бусад баримтууд нь уншигдах боломжгүй болсон давхардсан, санхүүгийн баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлыг тооцох боломжгүй болжээ.

Харин хохирогч У.О-ийн ажил хийж цалин авдаг талаар нотлох баримтууд хэрэгт байхгүй бөгөөд зөвхөн гэрч Д.Баярцэцэгийн өгсөн “... О- эгчийг худалдагчаар ажиллуулж сарын 600.000 төгрөгийн цалин” өгдөг гэх мэдүүлгээр хохирогчийн цалин, орлогыг тогтоох боломжгүй юм.

Мөн У.О- нь Т.Бэрхцэцэгээс “2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн  хүүтэй” зээлж Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн төлбөрийг шүүгдэгч Г.А-гаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Зээлийн гэрээгээр эрх, үүрэг нь У.О-, Т.Бэрхцэцэг нарын хооронд иргэний харилцаа үүссэн бөгөөд үүний үр дагаварыг Г.А- хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч У.О- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.А- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Г.А- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борогчин овогт Ганболдын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Г.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Г.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.А-гаас нийт 1.458.000 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч У.О-т олгосугай.

 

7. Хохирогч У.О- өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 А.АЛТАНХУЯГ