Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/688

 

2026           05           28                                                                          2026/ДШМ/688

 

Б.М-, Х.Н-, Э.Х-, Б.О-,

З.Э-, Б.М- нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төгөлдөр,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Л.Баттогтох,

шүүгдэгч Х.Н-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч З.Э-ийн өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч М.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Яндагийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.М-, Х.Н-, Э.Х-, Б.О-, З.Э-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 2408 02137 0971 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Б-ын М-, 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа түгээлтийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗБ-/,

2.  Ш- овгийн Х-ын Н-, 2006 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:УХ-/,

3. Б- овгийн Э-ын Х-, 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:УЭ-/,

4. З- Б- овгийн Б-ийн О-, 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхэд, дүү нарын хамт ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:УБ-/,

5. Б- овгийн З-ын Э-, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “З-” онлайн шопод салбар хариуцан ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УЗ-/,

6. Д- овгийн Б-ы М-, 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн /РД:ЙБ-/.

 

Шүүгдэгч Б.М-, Х.Н-, Э.Х-, Б.О-, З.Э-, Б.М- нар хамтран үйлдлээрээ нэгдэж, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.Д-г хууран мэхэлж Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал орчмоос,

насанд хүрээгүй хохирогч Э.М-г түүний оршин суух Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 17 дугаар гудамж М- тоот гэрээс нь хүч хэрэглэж, М- УКА улсын дугаартай "Акуа" загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэргийг,

улмаар мөн өдөр насанд хүрээгүй хохирогч А.Д-, Э.М- нарыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж хохирогч нарт хүч хэрэглэж зодож, цохин хувцсыг нь хүчээр тайлуулж, уул өөд мөлхүүлэх зэрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, насанд хүрээгүй хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц “нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавина” гэх зэргээр сүрдүүлж, заналхийлсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Б.М- нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 17 дугаар гудамж М- тоотод насанд хүрээгүй хохирогч Э.М-гийн "I Рhono 14 рrо" загварын гар утсыг хүч хэрэглэж бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.М-, Х.Н-, Э.Х-, Б.О-, З.Э-, Б.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Б.М-ын “насанд хүрээгүй хохирогч Э.М-гийн "I Рhono 14 рrо" загварын гар утсыг хүч хэрэглэж бусаар авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт З-ын Э-, Ш- овогт Х-ын Н-, М- овогт Э-ын Х-, З- Б- овгийн Б-ийн О-, Д- овгийн Б-ы М-, Б- овгийн Б-ын М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “бусадтай хамтран, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч нарт хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг хулгайлж үйлдсэн” гэмт хэргийг,

шүүгдэгч Ш- овогт Х-ын Н-, М- овогт Э-ын Х-, З- Б- овгийн Б-ийн О-, Д- овгийн Б-ы М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хохирогч нарт хүч хэрэглэн, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг,

шүүгдэгч Б- овгийн Б-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б- овогт З-ын Э-, Б- овгийн Б-ын М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.Э-д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ял, Б.М-д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-, З.Э- нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М-, З.Э- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.М-, А.Д- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, З.Э-, Х.Н-, Э.Х-, Б.М-, Б.М-, Б.О- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М-, З.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйл “...“Хүн хулгайлах” гэмт хэргийн шинжийг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан...” гэж хуульчилсан.

“Хүч хэрэглэсэн” гэж гэмт этгээд хохирогчийг хулгайлахын тулд хохирогчийн бие махбодод санаатай халдаж, түүний эсэргүүцлийг няцаахад чиглэсэн, тухайлбал цохих, зодох, боох, хөл гарыг нь хүлэх, ухаан алдуулах зэргээр биеийн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн;

“хууран мэхэлж үйлдсэн” гэж хүнийг төөрөгдүүлсэн янз бүрийн хууль бус аргаар тухайлбал худал ярих, хуурч мэхлэх арга хэлбэрээр эрхшээлдээ оруулан авч явсныг ойлгоно гэсэн байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогч А.Д-г “бусдаар уулзъя” гэж хууран мэхэлж Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудуулан авчирсан, насанд хүрээгүй хохирогч Э.М-г Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Ш- 17 дугаар гудамж М- тоотоос түүнийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж М- УКА улсын дугаартай “Акуа” загварын тээврийн хэрэгсэлд суулган эрхшээлдээ оруулан авч явсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Н-, Э.Х-, Б.О-, Б.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хохирогч нарт хүч хэрэглэн, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн тухайд шүүгдэгч нарыг З.Э-, Б.М- нартай хамт явж байсан боловч хохирогч нарт хүч хэрэглэх, зүй бус үйлдэл хийхийг шаардах үйлдэлд хамтран оролцоогүй гэж дүгнэн, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрт Б.Х-, Б.Н- нар насанд хүрээгүй хохирогч нарын дүрсийг дүрс бичлэгээр утсан дээр бэхжүүлсэн, Б.О-, Б.М- нар тээврийн хэрэгслээр насанд хүрээгүй хохирогч нарыг тээвэрлэсэн үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон тогтоогдсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дурдаагүй, зөвхөн хамт явж байсан тул тэдгээрийн үйлдлийг “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж хэт ерөнхий, ойлгомжгүй, яллах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-т заасан шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж дүгнэж байна.

Шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогч А.Д-, Э.М- нарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн, хууран мэхэлж, эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд суулган авч явж улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж хохирогч нарт хүч хэрэглэж зодож, цохин хувцсыг нь хүчээр тайлуулж, уул өөд мөлхүүлэх зэрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, насанд хүрээгүй хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавина гэх зэргээр сүрдүүлж, заналхийлсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байхад “Заналхийлэх” гэмт хэрэг дангаараа үргэлжилсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.М-ын хохирогч Э.М-гийн "I Рhono 14 рrо" загварын гар утсыг хүч хэрэглэж авсан үйлдлийн тухайд яллагдагч З.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “М-гийн гар утсыг М- булааж аваад гараад ярилцъя гэж хэлээд гэрээс авч гараад машинд суулгаад хөдөлсөн. Уулнаас бууж байхад “М-гийн гар утсыг түүнд буцаагаад өгье” гэхэд М-аа эсэргүүцээд “голруулчихъя” гээд өгөөгүй. М-гийн гартаа барьчихсан байсан гар утас "I Рhono 14 рrо"маркийн гар утас байсан. ’’ гэж мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн нөхцөл байдал байхгүй байхад хүч хэрэглэж аваагүй, шунахай сэдэлтгүй гэж таамаглан үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг илтэд хангаагүй, зөрчсөн байна.

Тодруулбал, шүүгдэгч нар хохирогчийн гар утсыг буцааж өгөөгүй, цагдаагийн албан хаагч шүүгдэгч нараас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүгдэгч Б.Х-, Б.Н- нар насанд хүрээгүй хохирогч нарын дүрсийг дүрс бичлэгээр утсан дээр бэхжүүлсэн, Б.О-, Б.М- нар тээврийн хэрэгслээр насанд хүрээгүй хохирогч нарыг тээвэрлэсэн үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцож шүүгдэгч З.М-, З.Э- нарын үйлдэлд дэмжлэг үзүүлсэн байхад шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо хоорондоо харилцан хамааралтай бүхий байхад зарим шүүгдэгч нарыг цагаатгасан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлийг бий болгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Т.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Яндаг нь нэр бүхий 6 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд зарим шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх агуулгаар эсэргүүцэл бичсэн. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогч А.Д-г гэрч Д-гаар “уулзъя” гэж хуурч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудуулан авчирсан. А.Д-г авч явж байхдаа түүгээр насанд хүрээгүй хохирогч Э.М-гийн гэрийг заалгуулж, гар утсаар залгуулж Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 17 дугаар гудамж М- тоотоос түүнийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж М- УКА улсын дугаартай “Акуа” загварын тээврийн хэрэгсэлд суулган эрхшээлдээ оруулан авч явсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эсэргүүцлийн 2 дахь үндэслэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай 13.2 дугаар зүйл заасан “...“Хүн хулгайлах” гэмт хэргийн шинжийн талаар тусгасан. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогч А.Д-г “бусдаар уулзъя” гэж хууран мэхэлж Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудуулан авчирсан, насанд хүрээгүй хохирогч Э.М-г Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 17 дугаар гудамж М- тоотоос түүнийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж М- УКА улсын дугаартай “Акуа” загварын тээврийн хэрэгсэлд суулган эрхшээлдээ оруулан авч явсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Прокурор Г.Яндагийн эсэргүүцлийн бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд, түүнчлэн хамтран оролцооны үйлдэлд дүгнэлт хийхдээ тодорхой үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна, яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэсэн. Манай үйлчлүүлэгч Б.М- нь хохирогчийг ахтайгаа ярих гээд байхаар нь гар утсыг нь авсан, түүнээс ямар нэгэн дээрэмдэх санаа зорилго байгаагүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж илэрхийлсэн. Шүүх Б.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шунахай сэдэлтэй үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Манай үйлчлүүлэгчийн үйлдэлд “Хүн хулгайлах” гэмт хэргийн шинж мөн тогтоогдоогүй. Учир нь хохирогч Д- нь сайн дураараа машинд сууж, найзыгаа буюу М- дуудсан. Түүнээс манай үйлчлүүлэгчийн үйлдэл “...хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Н-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргээр манай үйлчлүүлэгч Г.Н-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх Г.Н-ы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон болохоо манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “хамт явж байсан нь хэрэг үйлдэхэд нь хамтарсан гэж үзэх үндэслэл биш” гэж дүгнэсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж, хэрэглэсэн хэргийн бодит байдалд нийцсэн оновчтой дүгнэлт байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Э-ийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч З.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэм буруутай байна гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй шүүх хуралдаанд маргаж оролцсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар болсон процессын талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогч нарын мэдүүлгээс манай үйлчлүүлэгч З.Э- нь бусадтай бүлэглэж хохирогч Д-, М- нарыг хүчээр авч явсан, үйл баримт тогтоогддоггүй. Тодруулбал, хохирогч Д- өөрийн хүслээрээ буюу ямар нэгэн албан шахалтгүйгээр машинд суусан болохоо хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд манай үйлчлүүлэгч З.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтооход хангалттай хүрэлцэхүйц биш байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Э.Х-д нэр бүхий шүүгдэгч нартай тухайн цаг хугацаанд хамт явсан нөхцөл байдал байгаа. Гэвч түүнд бусад нэр бүхий этгээдүүдтэй үйлдлээрээ нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй. Э.Х-д шүүгдэгч нарыг дагаж явж яваад албан шахалтаараа хэсэг хугацаанд бичлэг хийсэн үйлдэл байдаг. Гэсэн хэдий боловч тухайн бичлэгийг ямар нэгэн байдлаар ашиглаж бусдад хор, хохирол учруулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр, гэм буруугийн талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул манай үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-, Х.Н-, Э.Х-, Б.О-, З.Э-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 2408 02137 0971 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан баримтуудад үндэслэж хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан эцэслэн шийдвэрлэж, зарим шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах болон зарим шүүгдэгч нарын үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо шүүгдэгч тус бүрээр биш, нийт шүүгдэгч нарын нэрийг хамтатган бичиж, хэт ерөнхий байдлаар дүгнэлт өгсөн, үүний улмаас дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал,

Нийслэлийн прокурорын газраас Б.М-, З.Э-, Х.Н-, Э.Х- нарын үйлдлийг хамтран, үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Э.М-, А.Д- нарыг хүч хэрэглэж, М- УКА улсын дугаартай Акуа загварын тээврийн хэрэгсэлд суулган эршээлдээ оруулан авч явсан буюу “Хүн хулгайлах” гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт зааснаар,

мөн хохирогч Э.М-, А.Д- нарт хүч хэрэглэн зодож, цохин хувцсыг нь хүчээр тайлуулж, уул өөд мөлхүүлэх зэрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавина гэж сүрдүүлж заналхийлсэн буюу “Заналхийлэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдэж гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

            Б.О-, Б.М- нарыг дээрх үйлдлүүдэд буюу “Хүн хулгайлах”, “Заналхийлэх” гэмт хэргүүдэд тэдгээртэй хамтран үйлдлээрээ санаатай нэгдэж, хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонгож, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтэд Б.О-, Б.М- нарыг тээврийн хэрэгслээр насанд хүрээгүй хохирогч нарыг тээвэрлэсэн, Б.Х-, Б.Н- нарыг насанд хүрээгүй хохирогч нарын дүрсийг дүрс бичлэгээр утсан дээр бэхжүүлсэн үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэжээ.  

            Гэтэл, анхан шатны шүүх “...Х.Н-, Б.М-, Э.Х-, Б.О- нарыг Заналхийлэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй,  тэдгээр нь хохирогч нарыг зүй бус үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэж, биед нь гэмтэл учруулсан үйлдэлд оролцоогүй зөвхөн хамт явж байсан тул Заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй...” гэж яллах дүгнэлтэд бичигдсэн яллах талын нотлох баримт, хууль зүйн дүгнэлтэд няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн Х.Н-, Э.Х- нарыг гүйцэтгэгчээр, Б.М-, Б.О- нарыг хамжигчаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн байхад өөрөөр хамжигчаар гэж хамтатган дүгнэсэн байна.

            Түүнчлэн, З.Э-, Х.Н-, Б.М-, Б.М-, Э.Х-, Б.О- нарын “насанд хүрээгүй хохирогч нарыг хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан гэсэн үйлдлийг “хүн хулгайлах” гэмт хэргийн санаа, зорилгогүй, Б.М-ын хохирогч Э.М-гийн "I Рhono 14 рrо" загварын гар утсыг хүч хэрэглэж авсан гэсэн үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн өөрт ашиг олох зорилгоор, хүч хэрэглэн өөрийн өмчлөлд авах шинж тогтоогдоогүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрхэн дэмжин бататгасан болон үгүйсгэн няцаасан талаар тодорхой дурдаж, хэргийн үйл баримттай уялдуулан тайлбарлах байдлаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Д- нийт 2 удаа мэдүүлэг өгөхдөө “...5 эмэгтэй, 1 эрэгтэй хүн ирээд автобусны буудлаас машинд суулгаж авч явсан, ...машинд зодсон, ...эзгүй газар аваачиж хувцас тайлуулсан, мөн уул өөд мөлхүүлж, зодсон. ...М- гэх охин намайг зодсон, ...харин М-г Э- гэх охин зодсон, ...бусад хүмүүс бичлэг хийгээд хараад байсан. ...бичлэгийг фейсбүүкт тавина гэж сүрдүүлсэн. ...” гэж,

хохирогч Э.М- нийт 3 удаа мэдүүлэг өгөхдөө  “...Д-гийн гэрт байхад нэг эрэгтэй хүн хаалга нүдсэн ...гараад ир гээд байсан ...би хаалга онгойлгоогүй. ...Д-г дагуулаад бөөндөө орж ирсэн. ...шууд алгадаж, үснээс зулгааж зодсон. ...утас булааж авсан. ...хүчээр машинд суулгасан, ...машинд зодсон. ...эзгүй газарт аваачиж бүх хувцас тайлуулж уул өөд мөлхүүлсэн. ...Намайг Э- гэж охин зодсон, харин Д-г М- гэх охин зодсон. ...хажууд байсан бусад хүмүүс бичлэг хийгээд зүгээр л хараад байсан, болиулаагүй. ...бичлэгийг фейсбүүкт тавина гэж сүрдүүлсэн...” гэж,

насанд хүрээгүй гэрч А.Д- “...19 цаг болж байхад манай гэрийн хаалгыг нэг эрэгтэй хүн цохиод байсан. Цонхоор “хэн бэ” гэж асуухад “танай эгч Д- З- эгчийг нь дуудаж байна” гэж хэлсэн. ...Д- эгчтэй цуг 5-6 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирсэн. Д- эгч цуг орж ирсэн болохоор хаалгаа тайлсан. Д- эгч орж ирэхдээ зүүн талынх нь нүд бага зэрэг хөхөрчихсөн, уйлчихсан орж ирсэн. Тэгээд хүмүүс орж ирээд З- эгчийн байсан жижиг өрөө рүү ороод хаалгаа хаачихсан. Нэг эгч нь З- эгчийг шууд үсдээд унагаачихсан. ...Гэрээс гарахаас өмнө З- эгч өөрийнхөө утасны дугаарыг бичиж өгөөд цагдаад хандах талаар хэлсэн. ...З- эгч машинд суусныхаа дараа “авраарай” гээд орилсон. Машин хөдлөөд явсан, би шатан дээр гараад харахад доор байдаг худгийн хажууд нөгөө цэнхэр өнгөтэй акуа зогсож байсан, тэгээд хаанаас ч юм хүн орилох чимээ сонсогдсон, би хашаанаас гараад худаг руу очиход машин алга болсон байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн байхаас гадна хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2 ширхэг сиди, түүнд бичигдсэн бичлэгээр гэр болон тээврийн хэрэгсэл, хээр болсон үйл явдал, түүнд хэн ямар байдалтай байсан нөхцөл тодорхой тусгагджээ.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үндэслэл бүхий үгүйсгэн няцааж, эсхүл “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, шүүгдэгч нарын тус гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, тэдний үйлдэл, эс үйлдэхүйг нарийн тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн үйл баримт, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг үнэн зөв тогтоохын тулд түүнийг нотолж буй нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх гол шалгуур болно. 

Мөн, аливаа этгээдийн үйлдсэн хууль бус үйлдэлд хоёр, түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Иймд, тус гэмт хэрэгт шүүгдэгч нарын оролцоо, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүн тус бүр хэрхэн оролцсон болон тэдний үйлдэл оролцоондоо хандсан сэтгэхүй, хандлагыг дүгнэх бүрэн боломжит нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарахаас гадна шийтгэх тогтоолд заасан зарим үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.ЯнД-н бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.ЯнД-н бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

            ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                                                           ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                               ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА