Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 713

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш  овогт Б-н Цд холбогдох эрүүгийн ______________тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ Ш  овогт Б-н Ц.

 

Шүүгдэгч Б.Цнь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зүүн нарангийн 13-206 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож баруун хацар, баруун чихний дэлбэн, 2 гарын бугалга, зүүн шуу, баруун сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Цөгсөн:

“...Би Лхагвасүрэнтэй 2007 оноос эхлэн амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 3, дагавар нэг хүүхэдтэй. Би таван толгойд ажиллаж байгаад ирэхээр намайг тэндээ хүнтэй амьдраад хүүхэнтэй болсон гээд хардаад мөнгө төгрөг өгөхгүй байна гээд уурлаж хэрүүл өддөг мөн намайг байгаа нөхцөлд байнга ямар нэгэн шалтаг эрэн хэрүүл үүсгэдэг. Мөн миний ээж 2017 оны 6 дугаар сарын 25-нд өөд болоод би очиж ажил явдлаар нь явчихаад ирэх үед хохьчин гэж хэлсэн тэр үед бас хэрэлдсэн. Би гэртээ тайван байж чаддаггүй. Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр баруун гараараа эхнэрийнхээ зүүн гарын булчин хэсэгт 2 удаа цохисон, мөн зүүн гарын шуу хэсэгт хазсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 36, 40-41/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Лгийн өгсөн:

            “...Би Цтай 2006 оны 6 дугаар сараас нэг гэр бүл болон хамтран амьдарч байгаа юм. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Б.Цнь хамт амьдарснаас хойш 2-3 жилийн дараанаас байнга дарамталж зодож цохидог болсон. Тэгээд байнга зодоод байхаар нь 2009 онд Увс аймагт цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн чинь аав, ээж нь гуйгаад өөрөө уучлалт гуйгаад байхаар нь эргээд нийлсэн чинь улам их дарамталж зоддог болсон. Намайг сүүлд 2018 оны 8 дугаар сарын 21-ний шөнө зодсон. Хоёр гарын булчин хэсэгт хазсан, толгой хавдартай, биеийн ил харагдах хэсэгт хөхрөөд байсан чинь нүүрэн дээр шарх сорив үлдээхгүй гээд дэр тавьж байгаад цохиж зоддог болсон...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ц.Э-ын өгсөн:

            “...Би 2018 оны 8 дугаар сарын 21-нд оройн 21 цагийн үед манай 10 настай Хонгорзул дүү гадаа тоглож байгаад гэртээ орж ирсэн. Тэгэхэд манай ээж дүүг яагаад оройтож байгаа юм гээд загнахад аав хажуунаас нь хүүхдээр далимдуулан хэрүүл хийлээ гээд ээж рүү дайраад уурлаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд орой унтах гэж байхад аав гэрийн хаалга дотроос нь түгжиж байгаад ээжийг хэл амаар доромжлоод гараа зангидаж байгаад ээжийн 2 гар руу нь ээлжлэн олон удаа цохиод байсан. Тэгэхэд ээж уйлаад боль гэхэд болихгүй цохиод байсан. Тэгэж байгаад гэрлээ унтраагаад унтаж байгаад шөнө 03 цагийн үед аав босож ирээд ээжийг сэрээгээд дахиад зодоод байсан. Тэгээд өглөө бараг 05 цаг хүртэл гэрт ээжийг зодоод, бид нарыг унтуулаагүй уйлаан болсон. Тэгээд үүрээр хэрүүл хийхээ болиод бид нар унтсан. Манай аав хөдөө ажлаар 2 сар яваад гэртээ 7-10 хоног амралтаараа ирэхээрээ ээжид гар хүрч зодоод байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Н-н өгсөн:

            “...Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 11:00 цагт гэрээсээ гараад дээшээ ам руу явж байхад Б.- намайг зам тосоод дуудаад ороод ирээч гэхээр нь гэр лүү ороход Л хэлэхдээ Д намайг шөнөжингөө зодоод амраасангүй гээд 2 гараа үзүүлэхэд шуу нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 1___ тоот:

1. Н.Лгийн биед баруун хацар, баруун чихний дэлбэн, 2 гарын бугалга, зүүн шуу, баруун сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018.08.20-21-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна гэх дүгнэлт /хх-15/,

 

- Хохирогч Н.Лгийн хүсэлт /хх-н 70/,

 

Шүүгдэгч Б.Цхувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

- оршин суугаа хаягийг тодорхойлолт /хх-н 45/,

- иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 47/,  

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Цнь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зүүн нарангийн _____

тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Ц“...Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр баруун гараараа эхнэрийнхээ зүүн гарын булчин хэсэгт 2 удаа цохисон, мөн зүүн гарын шуу хэсэгт хазсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 36, 40-41/,

 

            хохирогч Н.Лгийн “...Намайг сүүлд 2018 оны 8 дугаар сарын 21-ний шөнө зодсон. Хоёр гарын булчин хэсэгт хазсан, толгой хавдартай, биеийн ил харагдах хэсэгт хөхрөөд байсан чинь нүүрэн дээр шарх сорив үлдээхгүй гээд дэр тавьж байгаад цохиж зоддог болсон...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            насанд хүрээгүй гэрч Ц.Э-н “...Би 2018 оны 8 дугаар сарын 21-нд оройн 21 цагийн үед манай 10 настай Хонгорзул дүү гадаа тоглож байгаад гэртээ орж ирсэн. Тэгэхэд манай ээж дүүг яагаад оройтож байгаа юм гээд загнахад аав хажуунаас нь хүүхдээр далимдуулан хэрүүл хийлээ гээд ээж рүү дайраад уурлаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд орой унтах гэж байхад аав гэрийн хаалга дотроос нь түгжиж байгаад ээжийг хэл амаар доромжлоод гараа зангидаж байгаад ээжийн 2 гар руу нь ээлжлэн олон удаа цохиод байсан. Тэгэхэд ээж уйлаад боль гэхэд болихгүй цохиод байсан. Тэгэж байгаад гэрлээ унтраагаад унтаж байгаад шөнө 03 цагийн үед аав босож ирээд ээжийг сэрээгээд дахиад зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

            гэрч С.Н-н “...Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 11:00 цагт гэрээсээ гараад дээшээ ам руу явж байхад Б.Цэхнэр Л намайг зам тосоод дуудаад ороод ирээч гэхээр нь гэр лүү ороход Л хэлэхдээ Д намайг шөнөжингөө зодоод амраасангүй гээд 2 гараа үзүүлэхэд шуу нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10480 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Лгийн хавтаст хэрэгт “....бид хоорондоо ярилцаж тохиролцоод шийдвэрлэхээр болсон тул одоо өөр гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 70/ гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ц-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Цмөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 2 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлж торгуулийн ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Цторгох ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Ццагдан хоригдсон 2 хоногийг 15 нэгж буюу 30,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас хасч тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ