Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01593

 

 

 

 

 

 

 

2022 08 26 210/МА2022/01593

 

Б.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ийн хариуцагч Налайх дүүргийн Э- төвд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон Э- даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Х- нь Налайх дүүргийн Э- төвийн халдвартын тасагт 2017 оны 09 сараас 2021 оны 01 сар хүртэл эрхлэгчээр, Амбулаторийн тасагт 2021 оны 01 сараас 2022 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэл их эмчээр тус тус ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн алдаа, дутагдал, ёс зүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Налайх дүүргийн Э- төвийн даргын 2022 оны 01 сарын 11-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг байгуулах хуульд заасан үүргээ биелүүлэхээс удаа дараа зайлсхийсэн тул уг асуудлаар 2021 оны 04 сарын 27-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасны дагуу 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 578 тоот албан бичгээр Нийслэлийн Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Ч.Дэнсмаад холбогдох арга хэмжээ авахыг даалгасан. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд зааснаар Э- төвийн даргад торгууль, шийтгэл ногдуулсан. Ажил олгогч нь дээрх зөрчлийг арилгаагүй. 2021 оны 11 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах гэсэн боловч дарга завгүй гэх шалтгааны улмаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон Э- даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Х- Э- төвийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/433 дугаар тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс халдвартын тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн, түүнтэй харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 тоот тушаалаар амбулаторийн тасгийн бэлгийн замаар дамжих өвчний эмчээр томилогдсон. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдэж, албан шаардлага тавьсан боловч тэрээр гэрээ байгуулахаас татгалзсан. Э- төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17412, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17441, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17513 тоот албан бичгүүдээр хөдөлмөрийн гэрээ байгуулах талаарх мэдэгдлийг Б.Х-т хүргүүлсэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удирдлагаас өгсөн удаа дараагийн хүсэлт, албан шаардлагыг биелүүлээгүй, уг асуудалтай холбоотой бичиг баримтаа Монгол улсын Шадар сайд, Хүний эрхийн хороо, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Э- ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагуудад хандаж гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндийг унагасан нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын заалтыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, байгуулгын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.2.7 дахь заалтыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас нь ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч өөрөө элдэв шалтаг шалтгаан тоочиж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн. Харин ажил олгогч уулзалттай, завгүй байдаг гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогтой Баярцогтын Х-/РД:СА84091311/-ийг Нийслэлийн Налайх дүүргийн Э- төвийн Амбулаторийн тасгийн бэлгийн замаар дамжих халдварт өвчний кабинетын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7,127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 7,497,456 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 272,409 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, олговор 7,497,456 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн Э- төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч талаас 205,109 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.  Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Б.Х-ийн гарагасан гэх зөрчил нь дотоод журмын 4.5-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох 6 багц зөрчилд хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдсэнд гомдолтой байна.

4.а. Б.Х- албан тушаал буурч, амбулаторийн тасгийн бэлгийн замаар дамжих халдварт өвчний эмчийн албан тушаалд томилогдсоноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн болох нь эмнэлгийн даргын удаа дараагийн мэдэгдлээр тогтоогдоно. Түүнчлэн, гэрч Р.Тунгалагтоль, Л.Гэрэлтуяа, Г.Батхуяг нарын бичгийн болон аман тайлбараар Б.Х- өөрийн хүсэл зоригоос шалтгаалж, ажил олгогчийг эсэргүүцэн, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ байгуулах удаа дараагийн шаардлагыг эс биелүүлсэн зөрчил гаргасан блох нь нь тогтоогдсон.

4.б. Нэхэмжлэгч ажил олгогчийн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй, санаатайгаар зайлсхийсэн, өөрийн дур зоргоор авирлан, бүтэн жилийн турш гаргасан зөрчил нь түүнийг цаашид ажиллуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Нэхэмжлэгч ажил олгогчийн буруугаас хохирсон мэт дүр эсгэн худал тайлбар гаргасан. Шүүх талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Б.Х-ийн буруутайгаас үүдэлтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх ажилтны зөрчил нь дотоод журам болон гэрээний ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: 2021 оны 03 дугаар сард ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ажил олгогчдын зүгээс дарамт шахалт үзүүлсэн асуудал гарсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байгаа талаар мэдсэн. Эмчийн хувьд миний бие тухайн байгууллагын даргаас зориуд зугтааж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй асуудал байхгүй бөгөөд 2, 3 удаа уулзаж, хариу тайлбар өгч байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас хөдөлмөрлөх эрх, ашиг зөрчигдсөн талаар тайлбарыг өгсөн боловч ажил олгогчоос хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай бичиг өгсөн. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж байгаа тул тодорхой хэмжээний заалтуудыг нэмэлтээр оруулах саналыг бичгээр илэрхийлсэн боловч ажил олгогч хүлээж аваагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор үргэлжлүүлэн байгуулах бичиг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу ажилтан ажил олгогчтой байгуулах гэрээнд гарын үсэг зурсан боловч ажил олгогч гарын үсэг зурж, тамгалж албажуулаагүй. Ажил олгогчийн зүгээс 98 эмчтэй боловч хүний нөөцийн мэргэжилтэн 36 эмчтэй гэж танилцуулсан тул үлдсэн 62 эмч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан нөхцөл байдал байна гэж илтгэх хуудсанд дурдагдсан. Б.Х- ажлын байр өөрчлөгдсөнөөр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэдгийг мэдээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Налайх дүүргийн Э- төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон Э- даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Х- Налайх дүүргийн Э- төвийн халдвартын тасагт 2017 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 сар хүртэлх хугацаанд Халдварт сүрьеэгийн тасгийн эрхлэгчээр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Амбулаторийн тасгийн БЗДХ/ДОХ-ын кабинетын эмчээр тус тус ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах талаар удаа дараа өгсөн албан шаардлага, хүсэлтийг биелүүлээгүй, байгууллагын нэр хүндийг унагасан гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

4. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүний дотор сахилгын шийтгэлээр чөлөөлөх тохиолдолд тушаалд зааж буй сахилгын ноцтой эсхүл давтан зөрчил тогтоогдсон, тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмыг баримтлан гаргасан байх учиртай.

4.а. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч тал гарын үсэг зураагүй, уг гэрээ нь бичгээр байгуулах гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзнэ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэлийн хуудас, Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/578 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 31, 211/

5. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримталжээ.

5.а. Зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй болно.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах талаар нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17412 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17441 тоот, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 17513 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийсэн гэж тайлбарласан нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болохгүй.

5.б. Хэрэгт нэхэмжлэгч Б.Х- сахилгын зөрчлийг давтан гаргасан талаарх баримт авагдаагүй, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэх байдал нотлогдоогүй байна.

5.в. Нэхэмжлэгч Б.Х-ийг хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, гүйцэтгэхээс татгалзсан, хурал цуглаан тасалсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.

6. Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагуудад хандан өргөдөл, гомдол гаргаж байсныг хариуцагч байгууллагын нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Б.Х-ийг Налайх дүүргийн Э- төвийн Амбулаторийн тасгийн Бэлгийн замаар дамжин халдварлах өвчний кабинетийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнхцэх олговорт 7,497,456 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ