| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2602 00000 0021 |
| Дугаар | 2026/ДШМ/689 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/689
2026 05 28 2026/ДШМ/689
А.Ж-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Лхагваа,
шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ж- болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Ж-од холбогдох эрүүгийн 2602 00000 0021 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-гийн Ж-, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “UB CAP”-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:УА-/.
Шүүгдэгч А.Ж- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 09 дүгээр сард зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг өвс гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр буюу Баруунхараа орчмоос түүж бэлтгэсэн,
улмаар 2025 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 428 дугаар байрны А- тоотод 67,6 грамм, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхайрханы А- тоот хаягт байрлах өөрийн зуслангийн байшинд 2 хайрцаг бүхий нийт 2,372 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Б- овогт А-гийн Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан’’ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 67,6 грамм жинтэй өвс мэт ургамал, нийт 2,372 грамм жинтэй өвс мэт ургамал 2 хайрцаг, “\/оуаgе” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, бор шаргал өнгийн гаанс мэт зүйл, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийнхөө хийсэн хууль бус гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж, харамсаж байна. Энэ ургамлыг түүж, хадгалах үедээ ийм хэмжээний шийтгэл оногдуулах үйлдэл гэж мэдээгүй байсан бөгөөд хэрэв ийм шийтгэлтэй, ялтай хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдсэн бол энэ үйлдлийг хийхгүй байх байсан. Түүнчлэн мөрдөгчдөд баригдах үедээ гэртээ болон зуслангийн байшиндаа байсан бүх ургамлыг сайн дураараа гаргаж өгсөн ба энэ нь хэрэглээгээ бүрэн зогсоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл байсан юм. Надад байсан 2372 грамм жинтэй ургамлыг нэг удаагийн үйлдлээр түүж хадгалсан бөгөөд тухайн үед энэ ургамлыг түүж байхдаа хэмжээний хувьд их эсхүл бага гэж бодоогүй. Харин анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор надаас “яагаад ийм их хэмжээний ургамал өөртөө хадгалж байсан бэ” гэж асуух үед л надад байсан ургамал их хэмжээнийх байсан гэдгийг ойлгосон. Тухайн үед надад өөрийн амийг хорлох тухай бодол байнга төрж сэтгэл санаа тогтворгүй байдаг байсантай холбоотой бөгөөд энэ ургамал нь тайвшруулах нөлөөтэй гэдгийг мэддэг байсан учир хэрэглэж эхэлсэн ч сүүлдээ зуршил болсон. Энэхүү хорт зуршлаасаа болж сэтгэцэд өөрчлөлт орсон тул сайн дураараа Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2 ч удаа хэвтэн эмчлүүлж энэхүү хэрэглээг таслан зогсоохоор тэмцэж ирсэн. Энэхүү ургамлын нөлөөнөөс гарахын тулд асар их тэвчээр, цаг хугацаа шаарддаг гэдгийг би ойлгосон. Би архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь нийгэмд хортой нөлөө үзүүлж, гэмт хэрэг гарах шалтгаан болдог гэдгийг ухамсарладаг. Би архи огт хэрэглэдэггүй бөгөөд өөрт байсан ургамлыг бусдад худалдаж ашиг олох сонирхол огт байгаагүй. Иймд миний өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа болон мөн энэхүү хорих ялыг эдэлснээр эхнэр, 2 хүүхдээсээ холдож гэр бүл маань салж магадгүй эрсдэл байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг тухайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллага буюу прокурор, шүүхээс хийсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүйг ойлгодог. А.Ж- нь хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг “шүүгдэгч А.Ж- өөрийн холбогдсон гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд дэмжлэг үзүүлснийг мөн түүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах" санал гаргасан. Шүүхээс хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан зөв сэргээн тогтоосон бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Энэ талаар шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Тодруулж хэлбэл, шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн зүйл болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал буюу “өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нь нийт 2.439,6 грамм цэвэр жинтэй байсан, мөн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан “Шударга ёсны зарчим” яригдахаар байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудалд тухайн эм, бодис, бэлдмэлийн нэг удаагийн хэрэглээний тунгаас гадна бодисын найрлага, хүний амь насанд заналхийлэх аюултай тун хэмжээ, хууль бус эргэлтийн хар зах дээрх үнэ, жин хэмжээний (их хэмжээ) асуудал зэргийг тогтоох нь чухал болохыг Улсын Дээд шүүхийн тогтоолуудад тодорхой заасан байна.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бус нөхцөлд химийн аргаар нийлэгжүүлж хууль бусаар бэлтгэсэн синтетик гаралтай химийн бодис нь байгалийн гаралтай бодисоос хор аюул үлэмж ихтэйд тооцогддог. Нөгөө талаар хууль тогтоогч борлуулах зорилготой гэмт үйлдлийг хор аюулын шинжээр нь борлуулах зорилгогүй үйлдлээс зориуд ялган эрүүгийн хариуцлагыг илүү чангаар тогтоосныг ч анхаарч үзэх ёстой. Үндэстэн дамнасан гэмт хэргийн төрөлд багтдаг энэ хэргийн хувьд борлуулагчид хэрэглэгчээс ялгамжтай байдлаар хатуу хариуцлага хүлээлгэх, иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, донтох эмгэгтэй хүнийг сэргээн засах, эмчлэх зорилтод төрийн бодлогыг илүүтэй чиглүүлж, хууль тогтоомжийн шинэтгэл хийгдэж хуулийн төслүүд боловсруулагдаж байна. Эрүүгийн ял шийтгэлийн бодлого ч хэт чангарах бус “тохирсон байх” үзэл баримтлалаар өөрчлөгдөж байгаа.
Шүүгдэгч А.Ж- нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, үр дагаврыг ухамсарлаж байгаа, залуу хүний хувьд сурч боловсрох, мэргэжлээ ахиулах чин хүсэлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, гэр бүлтэй, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж хариуцлагатай эцэг хүн болж, эрүүл амьдрах зорилго, тэмүүлэлтэй, энэ амлалтдаа хүрэх эрмэлзэлтэй болохоо шүүхэд батлан хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл. “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-ийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” эрх хэмжээг шүүхэд олгожээ.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх хэм хэмжээ биш бөгөөд аливаа шүүгдэгчийн амьдралын нөхцөл, хүсэл, боломжид нийцүүлж шүүхээс ял оногдуулдаггүйг ойлгож байна. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсныг шүүгдэгч А.Ж- судалж, мэдэж ойлгосон.
Шүүгдэгч А.Ж- урьд мансуурах төрлийн зөрчил, гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай. Мөрдөн байцаалт, прокурорын хяналт, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх бэлтгэл шатанд өмгөөлөгчгүй оролцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн боломжоо эдэлж чадаагүй. Түүнчлэн хорих ял эдлэхэд харшлах хүнд өвчтэй, энэ нөхцөл байдлыг нотлох эмнэлгийн баримт бичгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой...” баримт нэмж гарган өгч судлан хэлэлцүүлэх хүсэлтэй.
Шүүгдэгч А.Ж-ын анх удаа нэг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргээ илчилж өвс хадгалж байсан газраа сайн дураараа зааж өгсөн болон хувийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, сэтгэцэд нөлөөт бодисын бага агууламжтай төрөл буюу олсны ургамал “өвс” зэрэг нөхцөл байдлыг харгалзан өнөөдрийн шүүх хуралдаанд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна...” гэв.
Прокурор А.Лхагваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Ж-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2. Шүүгдэгч А.Ж- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 09 дүгээр сард зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг өвс гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр буюу Баруунхараа орчмоос түүж бэлтгэсэн,
улмаар 2025 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 428 дугаар байрны А- тоотод 67,6 грамм, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхайрханы А- тоот хаягт байрлах өөрийн зуслангийн байшинд 2 хайрцаг бүхий нийт 2,372 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
гэрч Ч.Мандухайн “...Ж- нь миний нөхөр, ...Бид 2 хүүхдүүдтэй ба том нь 5 настай эмэгтэй, бага нь 3 настай эрэгтэй, ...одоогоор хувиараа барилгын зураг зурж зардаг ба хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. ...Ж-ын биеийн байдал 3 жилийн өмнөөс өвдөж, унтаж чадахаа байсан ба эмчид үзүүлэхэд тархины хялгасан судас хагарч, харвасан байна гэсэн. Мөн бага байхдаа шулуун гэдэсний хагалгаанд орж байсан. Ж- цагдаад баригдаад явсны дараа “Би сайн дураараа цагдаа нарт мансууруулах үйлчилгээтэй ургамлаа зааж өгсөн, би өөрөө түүсэн байсан юмаа” гэж хэлсэн. 2025 оны 09 дүгээр сараас хойш амнаас нь архи үнэртэхгүй байгаа мөртлөө манарсан, согтуу хүн шиг харагдах болсон. Хувцсыг нь үзэхээр халааснаас нь нунтаг ганга шиг ногоон өвс гарч ирэх болсон. ...” /хх28-29/,
А.Ж-ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын дундуур Баруунхараа явж түүсэн ба өөрөө хэрэглэх зорилгоор түүж хадгалсан. Тухайн өвсөө би ганцаараа л хэрэглэдэг байсан, өөр хүнд өгсөн зүйл байхгүй. Миний сэтгэл санааны байдал тавгүй, стресс ихтэй байсан тул тайвшрах зорилгоор өөрөө түүж, өөртөө хадгалж байсан. ...хууль бус болохыг мэдэж байсан ч хүнд өгдөггүй өөрөө л хэрэглэдэг байсан болохоор санаа зовох нь бага байсан юм. Одоо хууль бус болохыг сайн мэдэж авсан тул дахин хэрэглэхгүй. ...” /хх66-67/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх6/, Хар тамхитай тэмцэх албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 1 дүгээр тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч М.Мөнхсүлдийн бичсэн “А.Ж- нь ...мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг илрүүлж цагдаагийн алба хаагчийн хяналтад ...хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /хх7/, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-17/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/250 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн төмөр мэт зүйл зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 71,1гр, цэвэр жин 67,6 гр байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх32-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0326/247 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “А.Ж- УА-” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн“А.Ж- УА-” гэж хаягласан шээсний дээжээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх39-41/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0326/249 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “3” болон “4” гэж дугаарласан бор өнгийн цагаан хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “voyage” гэсэн шошготой хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цааснаас делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтана. Ирүүлсэн “3” дугаартай хайрцаг дотор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1120,2 гр байна. Ирүүлсэн “4” дугаартай хайрцаг доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1251,8 гр байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх45-48/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “...Тоёота приус 30 маркийн автомашин нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 15.000.000 төгрөгөөр тогтов...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх55-59/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 112 дугаар “...А.Ж- нь одоо Каннабисын хортой хэрэглээтэй байна. Энэ нь сэтгэц зан үйлд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэц болон зан үйлийн эмгэг юм. А.Ж- нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Каннабисын хортой хэрэглээтэй байсан байна. А.Ж- нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх /хх74-78/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ж-ыг сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолыг худалдаалах зорилгогүйгээр 2025 оны 09 дүгээр сард зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр буюу Баруунхараа орчмоос түүж бэлтгэсэн,
мөн сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолыг худалдаалах зорилгогүйгээр 2025 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 428 дугаар байрны А- тоотод 67,6 грамм, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхайрханы А- тоот хаягт байрлах өөрийн зуслангийн байшинд 2 хайрцаг бүхий нийт 2,372 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис...” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодисыг хамруулна.
Мөн зүйлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэдгийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авсан;
хууль бусаар хадгалсан гэдгийг тухайн бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, нуувч, тээврийн хэрэгсэл зэрэг газарт далд байлгасан агуулгаар тус тус ойлгох бөгөөд энэ нь хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт болно.
Хэргийн үйл баримтын хувьд, шүүгдэгч А.Ж- нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр буюу Баруунхараа орчмоос НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох өвс гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэсэн, улмаар өөрийн оршин суудаг гэр болон зуслангийн байшинд хадгалж байсан нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон.
Иймд, шүүгдэгч А.Ж-ын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв...” гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна.
5. Шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Хууль бус, гэм буруутай үйлдэл хийснээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаагүй. Мөн гэмт хэргээ илчилж, өвс гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг хаана хадгалж байгаа болохоо сайн дураараа гаргаж өгсөн. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд гаргаж оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч А.Ж- нь “өвс” гэх нэршилтэй тетрагидроканнабинолыг хэрэглэсэн байсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлээ сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдаж, тухайн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байгаа газраа сайн дураараа илчилж, зааж өгсөн, мөн хорт зуршилтайгаа тэмцэж эмчилгээ хийлгэж эмчлүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байхаас гадна тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй хувийн байдал тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг хөндөхгүйгээр 2 жил хорих ялыг 1 жил 4 сар болгон багасгах боломжтой, энэ нь түүний гэм бурууд тохирно гэж шийдвэрлэлээ.
6. Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Ж-ын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-од 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын сарын 28-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА