Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/02169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух регистрийн дугаар *******, *******,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух регистрийн дугаар *******, ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай 197/2025/34259/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
  2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
  3. Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож хариуцагчид мөнгө зээлсэн. 5 дугаар сарын 17-ны өдөр 12,650,000 төгрөгийг над руу буцааж шилжүүлсэн. 3 цагийн дараа бид 2 уулзсан. 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хариуцагч руу шилжүүлсэн байсан. Энэ мөнгөний талаар асуухад удахгүй өгнө гэж хэлээд өгөөгүй. Хааяа уулзаж мөнгөө асуухад удахгүй өгнө л гэж хэлдэг байсан. Хамтран амьдрагч биш, хааяа гэрт ирдэг. Үнэнийг хэлэхэд заримдаа нийлж согтууруулах ундаа уудаг. Тиймэрхүү л холбоотой хүмүүс байсан. 8 дугаар сарын 04-ний өдөр гэрт ирж гэрийн түлхүүр өгөхдөө хариуцагч өөрийн гараар 12,000,000 төгрөгийг 9 дүгээр сарын 10-ны өдөр өгнө гэж бичиж өгөөд явсан. Намайг дарамталсан, айлган сүрдүүлсэн, хүчирхийлсэн гэдэг огт тийм зүйл байхгүй. 9 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөө асуухад 1 сарын дараа өгье гэж хэлсэн. 10 дугаар сарын 10-ны өдөр мөнгөө асуухад би чамаас мөнгө аваагүй, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн. Намайг маш сайн судалсан байсан. 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед манай гэрт ирээд бид 2 хамт согтууруулах ундаа уугаад би согтсон байсан. Тэр үед миний утсаар хариуцагч өөрийн охин руугаа зурвас бичээд, миний данснаас шөнийн 12 цагаас хойш гүйлгээ хийж мөнгө шилжүүлж авсан байсан. Маргааш өглөө нь асуухад удахгүй өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Шүүхэд хариу тайлбар өгөхдөө намайг дарамтлаад байна гэсэн байсан. Байнга мөнгөө нэхээд очиж уулзаад, дарамтлаад байсан зүйл байхгүй. Жуулчид авч явах зорилгоор RX маркийн машин авч өгсөн гэж бичсэн байсан. Би өөрөө жуулчид авч явдаг тул надад машин хэрэггүй. Хариуцагчид өр, зээл тавьсан зүйл байхгүй...гэв. 

  1. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

... Миний бие Э.*******той 2016 онд анх танилцаж байсан ба 2022 оны 01 дүгээр сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл 4 жил хамт амьдарсан. Хамт амьдарснаас хойш хэл амаар доромжилж, хүчирхийлдэг, ажил төрөл хийдэггүй байсан.  2025 оны 4 дүгээр сард хамтын амьдралаа дээшлүүлэх зорилгоор зээлээр машин авсан.  Машин авахад нэхэмжлэгч 10,500,000 төгрөг өгсөн. Машины зээлийн төлөлт хийх зорилгоор 5 дугаар сарын 10-ны өдөр Э.*******оос 2,500,000 төгрөгийг авсан. Түүнээс хойш намайг гэрээсээ хөөж явуулж, зогсоо чөлөөгүй мөнгөө нэхэж байнга дарамталсан.  Хүнээс мөнгө зээлж, 12,650,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. 5 дугаар сарын 17-ны шөнө манай охины утас руу сайн уу, гадаад ч бай дотоод ч бай сургалтанд нь дэмжих зорилгоор бяцхан мөнгө шилжүүлье, ээждээ битгий хэлээрэй, дансаа өгөөрэй, шөнө мессеж бичсэнд уучлаарай. Миний охин ирээдүйдээ зарцуулаарай. Одоохондоо 12,000,000 төгрөг. Нэмж хэрэг болвол хэлээрэй. Алсдаа чадвал дүү нартайгаа ойр байгаарай. Ээжийгээ л хайрлаж өдөр бүр бие эрүүл мэндийг нь асууж хайрлаж байгаарай. Чи бүхнийг ойлгох ухамсарт сайхан минь шүү гэж бичсэн мессеж байдаг. Маргааш өглөө сэрээд өөрийнхөө утсыг үзэхэд миний Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөгийг н.Ану охиндоо сургалтын төлбөр гэх 3 янзын утгаар шилжүүлсэн байсан. Манай охин ажил хийдэг, сургуульд сурдаггүй. Надаас уучлалт гуйгаад мөнгө шилжүүлсэн юм байна гэж бодоод би хамт амьдрахаар очсон. Тэгтэл намайг дарамталсан хэвээр байсан. Машины төлөлтийг сар бүр төлдөг гэдгийг мэдсээр байж надад тусалж, намайг дэмжээгүй. Харин 12,000,000 төгрөгийг нэхэж дарамталсан. Нэхэмжлэгчийг ажил хийдэггүйг мэддэг болохоор өр, зээлээ төлж дуусгаад боломжоороо буцаагаад өгнө гэж хэлсэн. Би нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй. Нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг өөрийнхөө хүсэл зоригийн үүднээс надад бэлэглэсэн учраас би өгөхгүй...гэв.  

  1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч Э.******* нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь тоот дансанд өөрийн Голомт банк дахь тоот данснаас 4,000,000 төгрөгийг “ANU OHINDOO SURGALTIIN TULBUR” гэх, 4,000,000 төгрөгийг “ANU OHINDOO” гэх утгаар, өөрийн Хаан банк дахь данснаас 4,000,000 төгрөгийг “ANU d gadaadiin surguulid ni.” гэх утгаар тус тус шилжүүлжээ.
    2. Нэхэмжлэгч нь дээрх нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал “ANU OHINDOO SURGALTIIN TULBUR”, “ANU OHINDOO”, “ANU d gadaadiin surguulid ni.” гэх утгаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэрэгт гаргаж өгсөн хоорондоо харилцсан зурвас, фото зураг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

  1. Нэхэмжлэгч Э.*******ын Голомт, Хаан банк дахь данснаас хариуцагч Д.гийн дансанд мөнгөн хөрөнгө шилжсэн байх тул тэрээр шаардах эрхтэй. Харин тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлийн гэрээ байгуулсантай холбоотой шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

7. Иймд шүүх нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон      

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Р.САРАНТУЯА