| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2250 80000 0220 |
| Дугаар | 2026/ДШМ/705 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/705
2026 05 29 2026/ДШМ/705
Э.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Э.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Даваадорж /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч О.Батсүх,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2752 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 14 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2250 80000 0220 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Э-ийн Б-, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ........тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 248 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө хяналтын хугацаа тогтоож суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 964 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ял 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22/13 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ХМШЗ/167 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, /РД:УЭ-/.
Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э-” хүнсний дэлгүүрийн гадаа амь хохирогч Д.М-тай үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүрэн тус газар руу гараараа түлхэж, амь хохирогчтой заамдалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих үед амь хохирогч нь заамдалцаж байгаад явган хүний засмал зам дээр дагз хэсгээрээ унаж тархины хүнд гэмтэл авч амь насаа алдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс дүгнэхэд яллагдагч Э.Б- амь хохирогч Д.М- нар нь гэмт хэрэг гарсан өдөр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар яллагдагч Э.Б- нь амь хохирогч Д.М-ыг цохисон үйл баримт нотлогдож байна. Уг үйлдлийн улмаас амь хохирогч газарт унаж, амь насанд аюултай гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан бөгөөд яллагдагч Э.Б-ы үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзвэл яллагдагч Э.Б- нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Б-ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй бөгөөд харин амь хохирогчийн амь насыг хохироох үр дагаврыг шууд хүсээгүй боловч түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай үйлдэл юм.
Гэтэл прокуророос яллагдагч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжид хамааруулан хэргийг зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлсон, хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох болон шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг тус тус дурдаад, яллагдагч Э.Б-д холбогдох прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Рэгзэдмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрхзүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Хэргийн тухайд яллагдагч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э-” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.М-тай үл ялих зүйлээр маргалдан түүний нүүр тус газар руу гараараа түлхэж, улмаар амь хохирогчтой заамдалцаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үед амь хохирогч нь заамдалцаж байгаад явган хүний засмал зам дээр дагз хэсгээрээ унаж тархины хүнд гэмтэл авч амь насаа алдсан үйл баримт тогтоогддог.
Хяналтын прокуророос 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Э.Б- нь амь хохирогчтой үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж хохирогчийн биед санаатайгаар халдаж түлхсэний улмаас амь хохирогч унаж нас барсан шалтгаант холбоотой бөгөөд Э.Б- нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокуророос яллагдагч Э.Б- нь амь хохирогчтой үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж хохирогчийн биед санаатайгаар халдаж цохиж, зодож буй үйл баримт тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдан төвийн гаралтай, амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тухайн учирч буй гэмтэл нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр амь хохирогч нь Э.Б-тай заамдалцаж байх үедээ хөлөөрөө хавирах идэвхтэй үйлдэл хийх явцдаа инерцээрээ савж унасан нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн хавирах идэвхтэй үйлдэл нь амь хохирох шалтгаан нөхцөл болсон буюу яллагдагчаар татагдсан Э.Б- нь амь хохирогчид учирсан гэмтэлд хүргэх санаатай болон болгоомжгүй үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт" гэмтэл нь Э.Б-ы үйлдлийн улмаас учирсан байна гэж дүгнэж, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 65 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулсан байдаг.
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 216 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э-” хүнсний дэлгүүрийн гадна амь хохирогч Д.М-тай үл ялих зүйлээр маргалдан түүний нүүр тус газар руу гараараа түлхэж, улмаар амь хохирогчтой заамдалцаж гараараа нүүрэн тус газар цохих үед амь хохирогч Э.Б-ы энгэрээс заамдалцсан чигээрээ газар унаж, тэгш бус хатуу гадаргуутай зам дээр дагз хэсгээрээ унасны улмаас тархины хүнд гэмтэл авч амь насаа алдсан байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Б- нь амь хохирогчийн гэмтэл, үхлийн алиныг нь хүсээгүй байх ба өөрийнх нь үйлдлээс хохирогч гэмтэл авч нас барж болохыг мэдээгүй нь түүнийг "Болгоомжгүйгээр бусдыг алах" гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э- хүнсний дэлгүүрийн гадна талд байрлуулсан хяналтын камерын бичлэгт хохирогч, яллагдагч хоёр харилцан бие биеэ заамдах байдлаар барьж авсан, бие бие рүүгээ чиглэсэн хүч хэрэглэсэн түлхэх байдлаар барьцалдаж байх үед хохирогч баруун хөлөөрөө шүүгдэгчийг хавсрах мэт үйлдэл хийж байгаа нь бичлэгийн 31 дэх секундэд харагдах бөгөөд тэр үед нь шүүгдэгч урьдын адил түлхсэн үйлдлээ үргэлжлүүлэх үед хохирогч хойшоо унаж байгаа нөхцөл байдал тогтоогддог бөгөөд Э.Б- нь амь хохирогчийн гэмтэл, үхлийн алиныг нь ч хүсээгүй байх ба өөрийнх нь үйлдлээс амь хохирогч гэмтэл авч нас барахыг мэдээгүй буюу үйлдэл нь санаатай биш болгоомжгүй үйлдлийн улмаас Д.М-ын амь нас хохирсон нь "Болгоомжгүйгээр бусдыг алах" гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Санаатай болон болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал юм. Санаатай бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас бусдад хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж хоёр ангилдаг бөгөөд хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд ордог.
Харин шууд бус санаатай бусдыг хохироосон гэдэг нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг бөгөөд яллагдагч нь хор уршгийг хүссэн эсвэл хор уршигт зориуд санаатай хүргэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.
Яллагдагч Э.Б- нь амь хохирогч Д.М-тай урьдын болон хэрэг үйлдэгдэх үед таарамжгүй харьцаа байсан эсэхийг шалгахад талийгаач Д.М-тай таарамжгүй харьцаатай байсан гэх баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Яллагдагч нь “бичлэгийн 31 дэх секундэд харагдах бөгөөд тэр үед нь шүүгдэгч урьдын адил түлхсэн үйлдлээ үргэлжлүүлэх үед хохирогч хойшоо унаж байгаа” нь хохироох үхэж болохыг Э.Б- нь урьдчилан мэдээгүй, ухамсарлаагүй байх ба харин тухайн болсон үйл явдал, хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогч уг үйлдлээс хор уршиг учирч үхэж болохыг яллагдагч Э.Б- нь урьдчилан мэдсэн байх ёстой гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Б- нь хор уршгийг субьектив талын хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан байгаа нь гэм буруугийн хувьд бусдыг болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаас 6.17 дахь заалтад заасан асуудал, мөн хуулийн 11 дугаар зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан.
Яллагдагч Э.Б-ы үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог бөгөөд яллагдагч Э.Б-ы гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний эцэст гэм буруутай эсэхийг тогтоох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурор эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэргийн бодит байдалтай прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл нийцэхгүй байна. Прокурор хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг гол нотлох баримт гэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 20-27 дугаар талд хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. “Амь хохирогчийг 3-4 удаа цохиж байна, түлхэж унагаж байна” гэх тэмдэглэл /1 хх-23/, түүнээс хойш хохирогч босож ирээгүй /1хх-24/ бичигдсэн. Шинжээч “хохирогч тархины хүнд гэмтэл авсны улмаас нас барсан” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, яллагдагч амь хохирогчийг цохиж, газарт түлхэж унасан нь шууд шалтгаант холбоотой, яллагдагч хүнд гэмтэл учруулсан буруутай гэж үзэж байна. Прокурор “яллагдагч хохирогчийг цохиж, түлхэж болгоомжгүй байдлаар унасан” гэж субьектив шинжид шууд дүгнэлт хийх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч хохирогчийг цохисон болох нь тогтоогдож байхад болгоомжгүйгээр үйлдсэн гэж дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгчийн түүний өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Б- холбогдох эрүүгийн 2508000000220 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан баримтуудад үндэслэж хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2752 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “...яллагдагч Э.Б- амь хохирогч Д.М- нар нь гэмт хэрэг гарсан өдөр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар яллагдагч Э.Б- нь амь хохирогч Д.М-ыг цохисон үйл баримт нотлогдож байна. Уг үйлдлийн улмаас амь хохирогч газарт унаж, амь насанд аюултай гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан бөгөөд яллагдагч Э.Б-ы үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх үзлээ. ...Яллагдагч Э.Б-ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй бөгөөд харин амь хохирогчийн амь насыг хохироох үр дагаврыг шууд хүсээгүй боловч түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай үйлдэл юм...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, эсхүл шүүгчийн өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд тухайн зүйлийн 6.1-6.17 дахь заалтад дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахаар нарийвчлан заасан.
Гэтэл дээрх зохицуулалтад заасан хэмжээ, хязгаарын хүрээнээс хальж анхан шатны шүүх яллагдагчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийжээ.
Дээрх анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлын агуулгагүй бол яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэсэн заалтыг хэрэглэхээр хууль тогтоогч заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл, прокурорын “...урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Э.Б-ы гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Гэм буруугийн хуралдаанаар яллагдагч Э.Б-ы гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэний эцэст гэм буруутай эсэхийг тогтоох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2752 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА