Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 697

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Ш.М- түүний өмгөөлөгч Ө.Алтангадас,

шүүгдэгч Б.М- түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Увш овогт Батжаргалын М-ад холбогдох 1803000000285 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ...... оны ....... дүгээр сарын .....-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн ..... дүгээр хороо ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Увш овогт Батжаргалын М-

 

Шүүгдэгч  Б.М- нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Happy car” нэртэй авто угаалгын газрын арын замд АБВГ УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Өөрийн болгоомжгүй байдлаасаа ийм хэрэг үйлдсэн хэрэгтээ гэшмиж байна. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 6 дугаар бичил хорооллын урдах замд явган хүний гарц дээр хохирогч Ш.М-ыг шүргэж гэмтээсэндээ харамсаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Ш.М- мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 03-ны 07 цаг 40 минутын үед 6 дугаар бичил хорооллын голын замаар баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар гарч явахад
Приус маркийн машин ямар нэгэн анхааруулга дуут дохиогүйгээр шууд ирж мөргөсөн. Тухайн үед жолооч М- нь түргэн тусламж болон замын цагдаагийн шуурхай алба руу ярьж мэдэгдсэн. Дуудлага өгснөөс 15 минут орчмын дараа түргэн тусламж, 20 орчим минутын дараа цагдаа ирсэн. Би түргэний машинтай Гэмтлийн эмнэлэг орж хөлийнхөө зургийг авхуулж, яаралтай эмчилгээ үйлчилгээ авсан. Миний толгойн баруун тал халцарсан шархтай, зүүн чих зулгарсан, зүүн хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе хугарсан, ил харагдах шархтай байсан. 7 дугаар сарын 03, 7 дугаар сарын 04-нд биеийн байдал гайгүй учраас гэрээр эмчилгээ хийлгэж байгаад 7 дугаар сарын 04-ний шөнө толгой хүчтэй өвдөх, дотор муухайрсан учраас яаралтай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн үйлчилгээ авсан. Би нийт 4.113.527 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь одоогийн байдлаар гарсан эмнэлгийн зардал болон хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн зардал юм” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б.М- нь АБВГ УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.М-ыг мөргөж түүний биед зүүн хөлийн эрхий хурууны үзүүрийн шивнүүр ясны далд хугарал, баруун чамархайн хуйх, дух, баруун чихний  дэлбэнд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-10 дугаар хуудас/

 

Хохирогч Ш.М-ы “2018 оны 07 дугаар сарын 3-ны 07 цаг 45 минутын орчимд гэрээсээ буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо 27-42 тоотоос гараад Энхбаярын зам 3 дугаар хороолол 6 дугаар бичил хорооллын зам дээр явган хүний гарцаар гараад явж байтал Приус 30 маркийн автомашин ямар нэгэн сигнал өгөлгүйгээр миний биеийн баруун хөл хэсэг рүү мөргөөд би газар 2-3 удаа  өнхөрөөд унасан. ... Жолооч нь цагдаа болон түргэн тусламж яаралтай дуудсан. 15 орчим минутын дараа цагдаа ирээд дараа нь түргэн тусламж ирээд анхан шатны үзлэг хийгээд түргэний машинтай гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд зургаа авхуулж эмчилгээ хийлгэсэн. ... Явган хүний зохицуулдаггүй уулзвараар гарч явж байсан. ... Ослын улмаас миний баруун чих сэтэрсэн, халцарсан шархтай байсан. Толгойны баруун тал хавдаж жижиг шархнууд үүссэн. Зүүн хөлний эрхий хурууны 1 дүгээр үе хугарсан. Бусад хөлийн хуруунууд шархтай, баруун гарын алганы ар хэсэгт шарх үүссэн гэмтлүүдтэй, толгой хатгаж өвдөж байсан. Даагдахгүй өвдөөд, дотор муухайрах, хөл алхаж болохгүй, чих толгойн гэмтлийн шархнууд гүйцэт арилаагүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаарс арын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8380 дугаартай:

“1. Ш.М-ы биед зүүн хөлийн эрхий хурууны үзүүрийн шивнүүр ясны далд хугарал, баруун чамархайн хуйх, дух, баруун чихний  дэлбэнд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийнн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Б.М-ын яллагдагчаар өгсөн “2018 оны 07 дугаар сарын 03-ны өглөө өөрийн эзэмшилийн АБВГ УНП улсын дугаартай Т.Приус 30 маркийн машинаараа таксинд явж байсан. Өргөө кино театрын хойд арын зам дээр нэг хүн аваад Өргөө кино театрын зүүн урд уулзварыг чигээрээ нэвтэрсэн. Би 25-30 км цагийн хурдтай явж байсан. Урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэр хүн явган хүний гарц өнгөрөөд зорчих хэсэг дээр миний машины жолооч талын урд гупер хэсэгт мөргөгдөөд машины баруун тал руу газар уначихсан. ... Эмчилгээний зардлаа эм тарианы мөнгийг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/

 

Компакт дискэнд үзлэг хийсэн тухай “... Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл / марк болон улсын дугаар тодрохгүй/ нь чигээээ явах үед хойноос урагш чиглэлтэй явсан 1 эрэгтэй цайвар өнгийн срочик, бараан өнгийн костюм бор шар өнгийн өмдтэй, хувцастай хүн нь явган хүний гарцны зүүн хэсгээр алхаж байхад нь мөргөж газар унагааж байгаа бичлэг байна” гэсэн тэмдэглэл. /хэргийн 85 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “1. Toyota Prius 30 маркийн АБВГ УНП улсын дугаартай автомашины жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх, 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.

2. Явган зорчигч Ш.М- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 87-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.М-ын буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “... явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Түүнчлэн шүүгдэгчийн тухайн чиглэлийн замын нөхцөл бусад байдлыг харгалзан замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М-ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Иймд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.М- “Би нийт 4.113.527 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь одоогийн байдлаар гарсан эмнэлгийн зардал болон хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн зардал юм” гэжээ.

          Хохирогч Ш.М-д учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд болох томографийн зураг авхуулсан 85.000 төгрөг, “Люкс мед” эмнэлэгт үзүүлсэн 210.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47.000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ нийт 108.500 төгрөг нийт 450.500 төгрөг тогтоогдож байна.

          Харин хохирогч Ш.М-ы ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгал төлсөн баримтууд хэрэгт байхгүй тул авах ёстой байсан цалингийн талаарх дүгнэх боломжгүй юм.

          Хохирогчийн гаргаж өгсөн “тэтгэмж олголт” гэсэн баримт нь нэр байхгүй тул хэнийх гэдгийг үнэлэх боломжгүй байна.

          Шүүгдэгч Б.М-аас шүүх хуралдааны явцад хохирогчид 600.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул баримтаар тогтоогдсон 450.500 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэж, хохирогч Ш.М- нь өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

         

          Нөгөөтэйгүүр хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир энэ мөнгө нь өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч нарын хоорондоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Б.М-ын ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 55 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ВС ангилалын 115840 дугаарын  жолоочийн үнэмлэх,  14 60 УНП улсын дугаартай  тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М-ад буцаан олгож, компакт диск 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.М- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийн утаснаас цагдаа болон эмнэлгийн тусламж дуудаж туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нотлогдсон хэмжээнд нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Увш овогт Батжаргалын М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.М-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ВC ангилалын 115840 дугаарын  жолоочийн үнэмлэх,  АБВГ УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М-ад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, компакт диск 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ш.М-ы нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч Ш.М- хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ