Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Г.Г-, П.С-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Азжаргал,

хохирогч А.З-, Г.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Лэгцэг овогт Ганбаатарын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Бэйл овогт Пүрэвдоржийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805039550748 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо .............байр .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Лэгцэг овогт Ганбаатарын Г-.

 

Монгол Улсын иргэн,  1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “......” баарны бармен ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо .........дугаар хорооллын Дилав худагт Жамсранжавын гудамж ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэйл овогт Пүрэвдоржийн С-. /

 

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” бааранд иргэн А.З-ыг баарны тооцоо хийгээгүй гэх шалтгаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.С- нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” бааранд иргэн Г.З-ыг баарны тооцоо хийгээгүй гэх шалтгаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.З- мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр ажлаа тараад З-той хамт явж байсан. Тэгээд З-ын дүүгийн төрсөн өдөр гээд Tse пабад дуудсан. Тэгэхээр нь бид хоёр хамт очоод нэг нэг пиво уусан. Дүү нь “хоёр ах байж байх уу би найзуудтайгаа уулзаад ирье” гээд гарсан. Бид хоёр тооцоогоо пос машин уншуулах гэтэл гадаа бороо ороод сүлжээгүй байсан. Мобайл банкаар мөнгө шилжүүлье гэхэд боломжгүй гэсэн. Тэгэхээр нь З- бид хоёр тамхилангаа АТМ орох гээд зам хөндлөн гарсан. Тэгтэл араас зохион байгуулагч нь ирээд тооцоогоо хий гэхээр нь АТМ-ээс аваад өгье дагаад явчих гэсэн. Тэгэж байтал энэ хэд араас ирээд намайг үгийн зөрүүгүй цохисон. Би гомдолтой байна. Шүдний мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Намайг Tse пабын шатан дээр С- эхлээд миний нүүр рүү цохисон. Дараа нь Г- миний малгайтай цамцнаас доош дарж байгаад нүүр рүү өшиглөсөн. Энэ үед миний шүд унасан. Би Tse пабын шатан дээр цустай шүдээ нулимаад 00 орсон. Тэгтэл З-ыг мөн цохисон ба цагдаа дуудсан. Миний дээд талын 3 шүд унаж, доод талын 3 шүд хөдөлсөн. Нэг шүдийг 2.000.000 төгрөгөөр янзална гэж эмч хэлсэн. Би нийт 15.000.000 төгрөгөөр шүдээ янзлуулна. Мөн 1.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би ээжийнхээ нэр дээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан ба шүдгүй болсон учраас ажил хийж чадахгүй зээлээ төлж чадахгүй байна. Зээлийн төлбөрт сүүлийн сарын төлбөр болох 300.000 төгрөг нийт 16.300.000 төгрөг нэхэмжилж байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.З- мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ажлаа тараад З-тай хамт дүү Тэнгисийн төрсөн өдөрт Tse пабад очсон. Манай дүү хоёр найзтайгаа “гарчихаад ирье, байж байгаарай” гээд явсан. З- бид хоёр нэг нэг пиво ууж байгаад гарч тамхилаад эргэж ороод дахиж нэг нэг пиво авсан. Надад мобайл банк байдаг ба тооцоогоо хийх гэтэл гар утас унтарсан байсан. Тэгээд АТМ ороод мөнгө аваад ирье гэж бодоод гарсан. Тэгтэл зохион байгуулагч нь гурван залуутай гарч ирээд З- руу дайрсан. Би хараад буцаж очоод “юу болж байгаа юм бэ” гэж асуухад “тооцоогоо хийхгүй явах гэлээ” гэхээр нь “бид хоёр АТМ орж мөнгө аваад буцаж очино, итгэхгүй бол дагаад яв” гэж хэлсэн. Тэгтэл дотогш чирч оруулаад З-ыг шатан дээр зодсон. Мөн намайг цохисон. Манай дүү ирсэн ба З-ын шүд унасан байхыг харсан. Би хохирол төлбөрт С-оос 200.000 төгрөг нэхэмжилснийг авсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.З-ын “Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим найз З-той уулзаад хороолол дахь “Tse” пабад орсон. Тэгээд тэнд бид хоёр 2 пиво уугаад сууж байгаад гадаа гарч тамхилъя гэхээр нь тэгэнгүүтээ АТМ-с мөнгө авч тооцоогоо хийнэ гэж байсан. Тэгээд гараад замын урд талын АТМ орох гээд явж байтал араас зохион байгуулагч нь ирээд ахаа тооцоогоо хий гэсэн.  Тэгэхээр нь би цуг яваад АТМ-с тооцоогоо аваад өгье гэхэд тэр залуусын нэг нь ирээд намайг шанаадсан. Тэгтэл хамт явж байсан залуу нь салгаад бид эргээд “Tse” паб руу орж шатаар дээш өгсөж байтал нэг залуу нь хацар руу цохиход араас бүдүүн залуу нь малгайгаараа боогоод доош дарж нүүр рүү өвдөглөсөн. Тэгтэл миний шүд эвгүй болоод явчихаар нь шүдээ нулимж гаргаад 00-руу орсон. Ингээд 00-с гарч ирээд текэн дээр очтол туранхай жижгэвтэр залуу нь З-ын нүд рүү цохиод хөмсөгийг нь сэтэлчихээр нь цагдаад дуудлага өгсөн. Миний дээд талын гурван шүд унаж доод талын хоёр шүд суларсан. ... Энэ хүндэвтэр зэргийн гэмтлийг бүдүүн Ганаа гэх залуу учруулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Хохирогч Г.З-ын “ ...Тэгтэл хоёр залуу нь шатан дээр Зүчтэй үлдсэн. Би харин текэн дээр очсон. Тэгээд барменд нь танайх мобайлаар тооцоо хийхгүй гээ биздээ, тэгэхээр чинь АТМ орж явж байтал яагаад ингэж байгаа юм бэ гэтэл намхан туранхай залуу /С-/ нь чаддаг юм бол одоо тооцоогоо хийчих гэхээр нь би түүнийг чамд хамаагүй гээд түлхтэл тэр залуу эргээд миний нүдэн тус газар цохиж хөмсөг сэтэлсэн. Тэгээд Тэнгис гаднаас ирээд тэр пабын хүмүүст уурласан. Энэ үед зохион байгуулагч болон нөгөө залуу алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Миний зүүн хөмсөг сэтэрсэн, цус гарсан, зүүн нүдний зовхи хөхөрч хавдсан байсан. Хоёр гарын дотор тал хөхөрсөн байсан. ... Уг залуусын нэг болох туранхайвтар намхан залуу /С-/ текний  хажууд зогсож байхад гараараа цохиж учруулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Мягмарын “ ...Үүдэнд тамхи татаад зогсож байтал манай зөөгч гарч ирсэнээ 15 дугаар ширээний үйлчлүүлэгчид байхгүй, тооцоогоо хийгээгүй гээд гүйгээд гараад ирсэн. Тэгснээ гүйгээд явчихаар нь араас нь хартал замын наана улаан цамцтай залууг /З-/ нь барьчихсан зогсож байсан. Би хамгийн түрүүнд тэр хоёр дээр гүйж очсон. Намайг очтол тэр хоёр замын голд барьцалдаад зогсож байтал Г- гүйгээр хүрч ирсэн. ...Тэгтэл хамгийн түрүүнд явж байсан залууг С- араас нь цамцнаас нь татаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгтэл хажуу талаас улаан цамцтай залуу С-ыг цохих шиг болсон. Тэгтэл Г- улаан цамцтай /З-/ залууг барьж аваад малгайгаар нь боогоод доош дарж нүүр рүү өшиглөсөн. Энэ үед би С-ыг нөгөө залуугаас /З-/ салгатал тэр залуугийн хөмсөг рүү гараараа цохисон. Тэгээд бүгд дээш гарч нөгөө хоёр залуу /З-, З-/ 00-руу орсон. ... Г- улаан цамцтай залуу /З-/-г эхлээд зам дээр толгой руу нь цохисон, дараа нь пабад шатан дээр хоолойг нь цамцаар боож хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Энэ үед тэр залуугийн амнаас цус гарч харагдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8995 дугаартай:

“1. З--н биед дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн 3 шүд хугарч унасан, доод үүдэн 2 шүд ганхаж хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.51.3-д зааснаар 5 шүд үгүй болсон нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 15 хувь сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хүний бие хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9067 дугаартай:

“1. Г.З--н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Яллагдагч Г.Г-ийн “... Хохирогч  А.З-ын биед халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсандаа гэмшиж байна, дахин бусдын буруу байсан ч хүний биед халдаж байхгүй гэдгээ хэлье. ... Tse пабын 2 давхарын шатан дээр өвдөгөөрөө цохиж А.З-т учруулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэхгүй гэдгийг минь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулна уу” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56 дугаар хуудас/

 

Яллагдагч П.С-ын “ ...Tse пабад Г.З-ын хөмсөгөн тус газар гараараа цохиж учруулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Г.З- ахад эмчилгээний нөхөн төлбөр болох 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-, П.С- нар хохирогч А.З-, Г.З- нартай төлбөр тооцоо хийгээгүй гэх шалтгаанаас болж маргалдан Г.Г- нь А.З-ыг зодож дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн 3 шүд хугарч унасан, доод үүдэн 2 шүд ганхаж хөдөлсөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, П.С- нь Г.З-ыг зодож зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Г.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шүүгдэгч П.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ... гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

Хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүх хуралдаанд хохирогч А.З- “... шүд эмчлүүлэх төлбөр нийт 15.000.000 төгрөг, эмчилгээний 1.000.000 төгрөг, зээлийн төлбөр 300.000 төгрөг” нэхэмжилжээ.

 Хохирогч А.З-аас гаргаж өгсөн “Туж смайл” ХХК-ний 15.000.000 төгрөгний нэхэмжлэх №0124” гэсэн баримтаар тэрээр уг төлбөрийг төлөөгүй, шүдээ эмчлүүлээгүй атлаа төлбөр нэхэмжилсэн баримт гаргуулсан нь хохирлыг бодитоор тогтоох боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.З-т таван шүдний гэмтэл учирсан атал зургаан шүдний эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь зөрүүтэй байна.

Хохирогч А.З-аас “Хасбанк, Цэрэннадмидын Мөнхцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар сарын төлөлт болох 300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь “Хас банк, иргэн Ц.Мөнхцэцэг” нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үүссэн үүргийг шүүгдэгч Г.Г- хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Г-өөс хохирогч А.З-т нийт 840.000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогч уг мөнгийг хүлээн авсан гэх тул хохирогчийн нэхэмжилсэн бусад эмчилгээ болох нийт 613.000 төгрөгний төлбөр төлөгджээ.

Иймд шүүгдэгч Г.Г-өөс энэ тогтоолоор хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч А.З- өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Г-өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Г.З-ын хувьд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “С-оос 200.000 төгрөг хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч П.С-оос  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Г-, П.С- нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын “Tse” пабад үйлчлүүлээд төлбөрөө хэрхэн төлөх эсэхээ хэлэлгүйгээр гарч явсан зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн, учруулсан хохирлоос сайн дураараа зохих хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Г-, П.С- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36,5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Лэгцэг овогт Ганбаатарын Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Бэйл овогт Пүрэвдоржийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сүх-Очриыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Г- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, П.С- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-, П.С- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Г-, П.С- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.З-ын “зээлийн гэрээний төлбөр 300.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч А.З- өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-, П.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ