Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02123

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02123

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/02644 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: М.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э- ХХК-д холбогдох

 

Гэрээг цуцалсны үр дагавар 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 8 сард Э- ХХК-ийн Япон улс руу дадлагажигч ажилтан ажилд зуучилна гэсэн цахим сүлжээний зарын дагуу холбогдож, очиж уулзаад зуучлуулахаар болсон. Ингээд 2016 оны 9 сарын 08-ны өдөр гэрээ хийж, тэр өдрөө байгууллагын 2911... тоот дансанд урьдчилгаа 2 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдөр үлдэгдэл 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг гэрээгээр Э- ХХК нь намайг 2017 оны 3 сараас өмнө Япон улс руу ажилд зуучилж өгөх, нэхэмжлэгч тухайн байгууллагад ажиллах, зуучлалын хөлсөнд 5 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр хөлсөө хоёр хувааж, заасан хугацаанд төлсөн боловч Э- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилд зуучилж өгөөгүй.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тайлбартаа 480 000 төгрөгөөр сургалтад хамрагдсан мэтээр бичсэн байна. Миний бие ямар ч сургалтад хамрагдаж байгаагүй ба өмнө нь сургалтад хамрагдсан бичиг баримтаа энэ компанид өгөөд авч чадахгүй байгаа болно. Мөнгөө авах гэж удаа дараа очиход 2018 оны 3 сарын 5-нд гэрээ цуцлах тухай гэж өргөдөл бичиж өг, тэгвэл мөнгийг чинь 30 хоногийн дотор өгнө гэснийх нь дагуу тэдний хэлснээр 1 030 000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгнө үү гэх бичиг хийж өгсөн. Гэтэл энэ хугацаандаа ч мөнгийг өгөөгүй. Үйл ажиллагааны, орчуулгын, сургалтын зардал гэх эдгээр мөнгийг хасч тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хоёр удаа эмнэлгийн шинжилгээнд хамрагдсанаас бусад тохиолдолд ийм зардал гарахаар үйлчилгээ үзүүлээгүй. Харин эмнэлгийн шинжилгээний зардал 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд 3 000 000 төгрөгийг хариуцагч Э- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э- ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: М.О- нь Япон улс руу ур чадварын дадлагажигчаар зуучлуулах гэж 5 000 000 төгрөгийг манай байгууллагад тушаасан. Эрүүл мэндийн шинжилгээнд орж, тэнцээгүй тул М.О- нь өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалсан. Гэрээнд зааснаар 5 000 000 төгрөгөөс суутгаж үйл ажиллагааны зардал 200 000 төгрөг, орчуулга 100 000 төгрөг илгээмж 50 000 төгрөг, шинжилгээнд хоёр удаа орсны хөлс 200 000 төгрөг, сургалтын төлбөр 480 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Үлдэгдэл 3 970 000 төгрөгөөс От 2 000 000 төгрөгийг төлсөн. М.О-ын өөрийн гараар бичиж өгсөн өргөдлийг хавсаргаж өглөө. Одоо манай байгууллага 1 970 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э- ХХК-иас 2 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-иас 59 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тогтохбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт нэхэмжлэгч М.О-ын гэрээ цуцлах тухай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөлд үйл ажиллагааны зардал 200 000 төгрөг, орчуулга 100 000 төгрөг, илгээмж 50 000 төгрөг, шинжилгээний зардал 100 000 төгрөг, сургалтын зардал 480 000 төгрөг, шинжилгээний зардал давтан 100 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрч байна гэх нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрт 830 000 төгрөгөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 1 970 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан. /хх-1, 12/

 

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сард М.О-ыг Япон улс руу дадлагажигч ажилтнаар зуучлах, М.О- нь ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэнд маргаангүй. /хх-1,12/

 

Зохигчдын дээрх харилцан тохиролцоог анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Учир нь зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүрэгтэй гэж заасан ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн гэрээ цуцлагдсанд маргаагүй.

 

Хэргийн 14 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч М.О-аас хариуцагч Э- ХХК-д хандаж гэрээний үүрэгт шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөс холбогдох зардлыг хасч тооцохыг зөвшөөрсөн, үлдэгдэл төлбөрийг буцаан авах тухайгаа илэрхийлсэн нь гэрээнээс татгалзах хүсэл зоригоо хангалттай, тодорхой илэрхийлсэн бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /хх-14/

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч Э- ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 700 000 төгрөг, 1 300 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хэргийн 14 дүгээр талд авагдсан 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзахаа илэрхийлсэн хүсэлтийг бичиж өгсөн талаар маргаагүй ба хүсэлтэд дурдсан 1 030 000 төгрөгийн зардлыг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс буруу дүгнэжээ. Учир нь дээрх баримтад нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн, хэн нэгний дарамт шахалтад хүчээр бичсэн, хуурамч зүйлд төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр 1 970 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/02644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 800 000 гэснийг 1 970 000 гэж, 200 000 гэснийг 1 030 000 гэж, 2 дахь заалтын 59 750 гэснийг 46 470 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД