Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/02007

 

 

Ц.Х- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02739 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Х- гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М-, О.О- нарт холбогдох,

 

10 465 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Х- гаас 6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагч болон хариуцагч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М-,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 6 сарын 21-ний өдөр хариуцагч О.М-тэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны 6 давхарт 32.04 м.кв орон сууцыг худалдан авахаар болсон. Ийнхүү гэрээний 2.1, 2.2-т зааснаар гэрээний захиалагч буюу нэхэмжлэгч нь нийт 13 573 200 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид төлсөн. Гэтэл захиалагчийн банкнаас хүссэн ипотекийн зээл гарахгүй удааширснаас шалтгаалан хариуцагч орон сууцны захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг 2018 оны 9 сард гуравдагч этгээдэд худалдсан. Хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээний урьдчилгаанд төлсөн 13 573 200 төгрөгийг буцааж өгнө гэж явсаар өнөөдрийг хүрч байна. Ийнхүү 13 573 200 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хаяг дээрээ оршин суудаггүй, эрэн сурвалжлуулж байж хаягийг олсон зэрэг нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна. Иймд хариуцагч О.М-, О.О- нараас 13 573 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 6 сарын 17-ны өдөр хариуцагч нар 3 000 000 төгрөгийг төлсөн тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10 465 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нараас хувь тэнцүүлэн 5 232 500 төгрөгөөр тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Х- тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд О.М- миний бие оролцож гарын үсэг зурсан шалтгаан нь орон сууцны барилга эзэмшигчийг төлөөлж иргэн Ц.Х- тай харилцах, мэдээлэл өгөх, орон сууцанд нь оруулах, орон сууц ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөх зэргээр оролцсон болно. Иргэн Ц.Х- гийн гаргасан нэхэмжлэл нь 13 573 200 төгрөгийг иргэн О.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ. Иргэн Ц.Х- гийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд дунд О.М- миний дансанд мөнгө төлсөн баримт огт байхгүйг анхаарна уу. Иймд Ц.Х- гийн гаргасан нэхэмжлэл нь хууль бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн түүнчлэн Ц.Х- нь О.М- надад ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй, төлбөр төлсөн баримт байхгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн, эрэн сурвалжлуулахаар гаргасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/00927 тоот шийдвэр нь илт хууль бус байх ба шийдвэрт гомдол гаргана гэжээ.

 

Хариуцагч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.О- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу барилга байгууламж барих эрхийг хүлээн авсан. Харин одоо Ц.Х- нь өөрийн хүсэлтээр орон сууц захиалгын гэрээг цуцлан урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан авахаар нэхэмжлэл гаргажээ. Захиалгын гэрээний 4.3-т гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус захиалагчийн хүсэлтээр эсвэл захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс 10 хувийг суутган авч үлдсэн төлбөрийг захиалагчид буцаан олгоно гэх нөхцөл байдал үүсчээ. Учир нь Ц.Х- нь орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болсон гэх тайлбарыг өгдөг. Захиалагч иргэн Ц.Х- нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлсөн гэх нийт 10 хуудас баримт гаргаж өгчээ. Эдгээр баримтаас судлан үзэхэд хамааралгүй болон давхардсан баримтууд харагдаж байна. Үүнд: Ц.Х- гийн Голомт банк дахь 340-510-6666 тоот данснаас О.О-ийн Голомт банк дахь 150-922-8513 тоот данс руу 2017 оны 8 сарын 17-ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн 500 000 төгрөгийн баримт 2 ш буюу хуулбар хуудас давхардан орсон байна. Энэ нь 1 дүгээр хуулбар шар, 2 дугаар хуулбар ягаан хуудас, мөн Доржнямбуу, Лхагвабаяр нэр бүхий иргэдэд шилжүүлсэн мөнгөн дүн нь орон сууц захиалгын гэрээтэй хамааралгүй бөгөөд нэхэмжлэл гаргах үндэслэл биш байна. Ц.Х- нь 2017 оны 10 сарын 27-ны өдөр өөрийн Голомт банк дахь 432-510-0500 тоот дансандаа 4 000 000 төгрөгийн орлого хүлээн авч үүнээсээ О.О-ийн Голомт банк дахь 150-922-8513 тоот дансанд 3 889 800 төгрөг шилжүүлсэн байна. О.О- миний бие энэхүү 3 889 800 төгрөгийг зарлага гэсэн гүйлгээний утгатайгаар буцаан Ц.Х- гийн Голомт банк дахь 340-510-6666 тоот дансанд мөн өдөр буюу 2017 оны 10 сарын 27-ны өдөр буцаан шилжүүлсэн юм. Буцаан шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг хавсаргав. Учир нь Ц.Х- г орон сууцны ипотекийн зээлд хамруулахын туд урьдчилгаа төлбөрийг төлсөн гэх баримт үйлдэх зорилготой байсан юм. Иймд энэхүү дүн болох 4 000 000+3 889 800 = 7 889 800 төгрөг болон төгрөгийн баримт нь нэхэмжлэл гаргах үндэслэл болохгүй буюу нэхэмжлэлд хамаарахгүй юм. Нэхэмжлэлд хавсаргасан байгаа Ц.Х- гийн Голомт банкны 432-510-0500, 340-510-6666 тоот данснуудаас О.О-ийн Голомт банкны 150-922-8513 тоот дансанд 2017 оны 5 сарын 15-нд төлсөн 1 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 16-нд төлсөн 1 000 000 төгрөг, 2017 оны 7 сарын 18-нд төлсөн 500 000 төгрөг, 2017 оны 8 сарын 17-нд төлсөн 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг төлсөн байна. Дээрх 3 000 000 төгрөгийг 2019 оны 6 сарын 17-ны өдөр Ц.Х- гийн Голомт банк дахь 432-510-0500 тоот дансанд буцаан төлсөн бөгөөд баримтыг хавсаргав. Дээрх баримтууд болон данс хоорондын мөнгөний шилжилт хөдөлгөөнөөс харахад Ц.Х- нь давхардсан болон нэхэмжлэлд хамаарахгүй мөнгөн дүн мөн түүнчлэн буцаан шилжүүлэн авсан мөнгөн дүнгээ аваагүй мэтээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй буюу үндэслэлгүй нотлох баримт гарган нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуульд заасан үндэслэлийг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Жи пи эс ти ХХК нь барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн төлбөрөө тус ажил гүйцэтгэсэн барилгаас 1 өрөө орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөрт тооцуулан тохиролцсон болно. Жи пи эс ти ХХК нь тус 1 өрөө орон сууцны урьдчилгаа 20 хувийн төлбөрөө төлсөн тул тухайн орон сууцанд өөрийн мэдлийн хүрээнд иргэн Ц.Х- г амьдран суух зорилготой нүүлгэн оруулсан юм. Ийнхүү нүүлгэн оруулсан үйл явдал 2016 оны 12 сард болсон юм. Тухайн үед иргэн Ц.Х- болон Жи пи эс ти ХХК-ийн хооронд ярилцаж тохиролцсон хэлцэл болон тохиролцоог нэхэмжлэгч миний бие огт мэдэхгүй болно. Ц.Х- нь тус ашиглалтад орсон барилга буюу 35 дугаар байрны 35 тоотын шинэ орон сууцанд 2016 оны 12 сард нүүн орж, 2017 оны 11 сар хүртэл өөрөө амьдран суусан. 2017 оны 12 сараас хойш 35 тоот 1 өрөө орон сууцыг бусдад буюу Ү.Адууч гэх иргэнд түрээслүүлсэн байдаг. Иргэн Ү.Адууч нь 2018 оны 9 сарын 06 хүртэл иргэн Ц.Х- гийн байранд амьдарч байгаад Ц.Х- нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болсон шалтгаанаар гэрээг цуцлах санаачилга гаргасан мөн тухайн хугацаанд өмчлөгчийн зүгээс орон байраа чөлөөлж авсан. Үүнээс үзвэл иргэн Ц.Х- нь 2016 оны 12 сараас, 2017 оны 11 сар буюу 12 сар амьдарсан, бусдад түрээслүүлж буй түрээслэгч Ү.Адууч нь 2017 оны 11 сараас 2018 оны 9 сар хүртэл 10 сарын хугацаанд амьдарсан. Бусдад түрээслүүлсэн учир нь Ц.Х- нь жирэмсэн болсон, амаржсан байх бөгөөд тухайн байранд амьдрах боломжгүй болж орон нутагт буюу Сэлэнгэ аймагт хэсэг хугацаанд амьдарсан гэх мэдээллийг өгдөг. 35 тоот орон сууцанд амьдрахгүй болсон үедээ орон сууцыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөлгүй бусдад түрээслүүлсэн нь Ц.Х- гийн эзэмшилд байсан гэж үзнэ. Энэхүү түрээслүүлсэн байдлыг түрээслэгч иргэн Ү.Адууч нь гэрчлэх бөгөөд амьдран суух хугацааны орон сууцны цэвэр, бохир халуун ус, дулаан, цахилгааны хэрэглээний ашиглалтын төлбөрийг Ү.Адууч нь өөрийн Голомт банк дахь 1505020780 тоот данснаас дараах байдлаар төлж барагдуулж байсан. Үүнд: 2018 оны 01 сарын 29-нд 66 650 төгрөг, 94 000 төгрөг, 2018 оны 4 сарын 01-нд 117 000 төгрөг, 2018 оны 6 сарын 20-нд 43 800 төгрөг, 2018 оны 6 сарын 20-нд 38 400 төгрөг, 2018 оны 6 сарын 20-нд 29 000 төгрөг. Дээрх хүснэгт нь Ц.Х- нь 35 тоот орон сууцыг бусдад түрээслүүлж ашиг олж байсныг нотолно. Энэ нь Ц.Х- орон сууцны төлбөрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтээр бүрэн барагдуулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй болсон. Тийм учраас Ц.Х- нь орон сууцанд үнэ төлбөргүй амьдран суух санаа зорилго агуулж байна. Орон сууцанд үнэ төлбөргүй амьдрах явдал огт байдаггүй бөгөөд зах зээлийн хамгийн бага ханшаар нэг өрөө түрээсийн орон сууц нь 300 000 төгрөг байх тул энэхүү үнийг үндэслэн нийт 22 сарын хугацаанд эзэмшилдээ байлгасан мөн бусдад түрээслүүлсэн шалтгаанаар иргэн Ц.Х- гаас нийт 6 600 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд иргэн Ц.Х- гаас орон сууцанд 2016 оны 12 сараас 2018 оны 9 сар хүртэл нийт 22 сар амьдран суусан хөлсөнд 6 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ц.Х- гийн нэхэмжлэлтэй О.М-, О.О- нарт холбогдох хэрэг хянагдаж байна. Ийнхүү хариуцагч О.О-ээс сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлье. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн утгадаа Жи пи эс ти ХХК нь барилгын ажилд туслан гүйцэтгээд гүйцэтгэсэн ажлын хөлсөө барилгаас 1 өрөө орон сууцны 20 хувийн урьдчилгаанд тооцуулан тохиролцсон. Жи пи эс ти ХХК нь тус 1 өрөө орон сууцны урьдчилгаа 20 хувийн төлбөрөө төлсөн тул тухайн орон сууцанд Ц.Х- г нүүлгэн оруулсан гэжээ. Тодруулбал хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж хавсаргаж өгсөн барилгын ажлыг туслан гүйцэтгэх барилга байгууламж доторх салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний 20 хувь болох 10 639 200 төгрөгийг орон сууцны үнийн дүнд оруулан тооцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг ипотекийн зээлд хамрагдах боломжгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан зүйл байхгүй юм. Учир нь үндсэн нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээг цуцлаагүй, харин хариуцагч нар гэрээг гуравдагч этгээдэд худалдсанаар орон сууцыг чөлөөлөхийг шаардаж, нэхэмжлэгчийг орон сууцнаас гаргасан. Хэрэв нэхэмжлэгч гэрээг хариуцагч нарын зүгээс цуцлаагүй бол өнөөдөр орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчийн зүгээс бусдад орон сууцыг түрээсэлсэн зүйл огт байхгүй. Орон сууц захиалгын гэрээг хариуцагч нар өөрсдөө цуцалчихаад өөрсдийнхөө буруутай үйлдлийн өмнөөс төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч О.О-ээс 4 485 000 төгрөг, хариуцагч О.М-ээс 4 485 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 495 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х- гаас 6 600 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 225 816 төгрөг, хариуцагчаас төлсөн 120 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-, О.М- нараас 158 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х- д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Үндсэн нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч О.М-ийн нэр дээр ямар нэг орон сууц бариулах талаар зөвшөөрөл гарч байгаагүй гэх тайлбараар түүнийг гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хэрэгт авагдсан 2016 оны 6 сарын 21-ний өдрийн "төлбөр шилжүүлэх хэлцэл", гэрч Э.Д-гийн мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд хариуцагч О.М- нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна ... гэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нргэн Ц.Х- тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд миний бие оролцож гарын үсэг зурсан шалтгаан нь орон сууцны барилга эзэмшигч, бариулагчийг төлөөлж харилцах. мэдээлэл өгөх, орон сууцанд нь оруулах, орон сууц ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөх зэргээр оролцсон болно. Миний бие иргэн Ц.Х- гаас ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй, энэ талаарх баримт ч хавтаст хэргийн материалд авагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч этгээд биш байхад хариуцагчаар татан оролцуулсанд гомдолтой байна. Мөн Ц.Х- гийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон данс хоорондын мөнгөний шилжилт хөдөлгөөнөөс харахад Ц.Х- нь давхардсан болон нэхэмжлэлд хамаарахгүй мөнгөн дүн, буцаан шилжүүлэн авсан мөнгөн дүнгээ аваагүй мэтээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй буюу үндэслэлгүй нотлох баримт гарган нэхэмжлэл гаргасан байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч нь нэхэмжлэгч орон сууцны үлдэгдэл төлбөрийн ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон боловч уг зээлд хамрагдах боломжгүй болж үүргээ зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна ... хэмээн дүгнэсэн хирнээ үндсэн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт ... зохигчдын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ худалдан авагч гүйцэтгээгүйн улмаас худалдагч нь гэрээний зүйл болох орон сууцыг бусдад худалдан борлуулсан, өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогдоогдсон хэмээн 2 өөр зөрүүтэй үнэлэлт дүгнэлт хийж, хэт нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гэрээ цуцлагдсаныг хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн хирнээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй. Шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт ... Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэсэн байдаг. Хэрвээ уг хуулийн зүйл заалтаар нэхэмжлэгч төлсөн төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байгаа бол нөгөө талаас худалдагч нь ч гэсэн худалдан авагчаас гэрээ биелснээс олсон ашиг буюу уг орон сууцыг бусдад түрээслүүлэн олсон ашгийг нэхэмжлэгчээс шаардах эрх үүсч байгааг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу утасны ярианы аудио бичлэгт Ц.Х- нь бусдад түрээслүүлсэн, сарын 250 000 төгрөгөөр, Ү.Адууч нь утасны ярианы бичлэгтээ түрээслэн амьдарч байсан, сарын 200 000 төгрөг төлдөг байсан гэж 2 тал зэрэг хүлээн зөвшөөрч байхад шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хүлээж аваагүй. 2 талын ярианы бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгслийг үгүйсгэж, илт нэг талыг баримталж шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн хэрэгт авагдсан Ц.Х- болон Ү.Адуучийн Голомт банкны дансны хуулга, Ү.Адууч болон О.М- нарын хооронд утсаар ярьсан бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Ц.Х- нь орон сууцыг түрээсэлж орлого олж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь Ү.Адууч болон О.М- нарын хооронд утсаар ярьсан бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримт байхад шүүхээс эргэлзээгүй дүгнэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгааг дурьдмаар байна. Мөн түүнчлэн маргаан бүхий орон сууцыг Ц.Х- бусдад түрээслүүлэн орлого олдог байсныг иргэн Ү.Адууч гэрчилдэг бөгөөд амьдран суух хугацааны орон сууцны цэвэр, бохир, халуун ус, дулаан, цахилгааны хэрэглээний ашиглалтын төлбөрийг Ү.Адууч нь өөрийн Голомт банк дахь 1505020780 тоот данснаас О.О-ийн Төрийн банкны дансанд төлж барагдуулсан нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүйгээс гаргасан шийдвэр нь хариуцагч миний эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө О.М- миний бие шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ иргэн Ц.Х- нь утсаар ярьсан ярианы бичлэгтээ би ингээд зээлд хамрагдах боломжгүй болсон юм чинь мөнгөө авъя, мөн түүнчлэн Ц.Х- гийн дансанд амаржсаны тэтгэмж олгов гэх гүйлгээний утгатай орлого бүртгэгдэж хуулгаар нотлогдсон байдаг. Үүний дагуу шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргаж өгсөн хүсэлтэд иргэн Ц.Х- гийн төрсний бүртгэл хийгдсэн эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар, амаржсаны тэтгэмж олгосон байдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газруудаас тус тус лавлагаа ирүүлж шүүхийн журмаар эргэлзээгүй нотлох гэхэд хүсэлтийг хүлээж аваагүй. Энэхүү хүсэлт нь иргэн Ц.Х- г орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүйг нэг талаараа нотлох боловч нөгөө талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ... хувь хүний нууцтай холбоотой ... байх тул хэргийн оролцогч О.М- миний хүсэлтээр шүүх бүрдүүлээгүй. Ийм байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг зөрчиж сөрөг нэхэмжлэл гаргагч миний хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай хуулийн заалт зөрчсөн. Иргэн О.О-, О.М- бид ... салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх гэрээ ... нэртэй гэрээг энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл бүхий Жи пи эс ти ХХК-тай /5324408/ гэрээ байгуулсан байдаг. Гэвч хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байхад хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд өөрийн хувийн дансандаа бусдаас мөнгө хүлээн авч өөр хэлцлийг халхавчлах зорилгоор иргэний хувиар хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.5, 56.1.8 заалтуудыг тус тус зөрчиж байна. Шүүгчээс татгалзан гарах хүсэлт шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар иргэн Э.Д-г гэрчээр оролцуулан мэдүүлэг авахуулсан. Гэрч нь Жи пи эс ти ХХК-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн дагуу хэргийн оролцогч О.М- би Жи пи эс ти ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад шүүгч хүлээж аваагүй. Иймээс шүүгч энэ хэргийг бодитоор ойлгож шударгаар шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал тогтоогдож шүүгчээс татгалзсан боловч хүлээж аваагүй. Үүний дараа өмгөөлөгч Б.Даваажав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зөрчигдөж байна гэж үзээд шүүгчээс татгалзан гарахад шүүгч татгалзлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй тул шүүх хуралдааныг орхин гарахад шүүгч зөвхөн нэхэмжлэгч талыг байлцуулан явцуу хүрээнд талуудыг мэтгэлцүүлэлгүй хурлыг үргэлжлүүлсэн нь илт санаатай нэг талд үйлчилсэн үйлдэл юм. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь хэргийн материалтай танилцаагүйг нотолно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч О.М-, О.О-ээс нараас нийт 10 465 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О.О- нь нэхэмжлэгч Ц.Х- гаас 6 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч О.М-тэй 2016 оны 6 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч О.М- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, шинээр баригдаж буй байрны 6 давхарт, 32.04 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ц.Х- нь орон сууцны 1 м.кв-ыг 1 650 000 төгрөгөөр тооцон 52 866 000 төгрөгийг гэрээнд зааснаар Голомт банк дахь гүйцэтгэгч О.О-ийн дансанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23, 34-35-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х- нь 2016 оны 6 сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 сарын 14-ний хооронд орон сууцны төлбөрт нийт 10 465 000 төгрөгийг Э.Д-, Б.Лхагвабаяр нарын дансаар төлсөн байх бөгөөд 2017 оны 5 сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 сарын 27-ны хооронд хариуцагч О.О-т 6 889 800 төгрөгийг төлсөн байна. Үүнээс хойш нэхэмжлэгч Ц.Х- нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч О.О- нь 6 889 800 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Х- д буцаан шилжүүлсэн байна. /хх-ийн 2-3, 9, 36-37, 44-47-р тал/

 

Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х- нь орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөө хариуцагч О.М-, О.О- нараас шаардах эрхтэй хэмээн дүгнэж, хариуцагч нараас нийт 8 970 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Хариуцагч нар хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо О.М- мөнгө аваагүй тул хариуцахгүй, Э.Д-, Б.Лхагвабаяр нарын дансанд шилжүүлсэн мөнгийг бид хариуцахгүй гэх боловч энэхүү тайлбар гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хэдийгээр хариуцагч О.М-ийн дансаар орон сууцны төлбөр төлөгдөөгүй боловч тэрээр нэхэмжлэгч Ц.Х- тай Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийг хариуцагч О.М-ээс шаардах эрхтэй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х- нь 2016 оны 6 сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 сарын 14-ний хооронд нийт 10 465 000 төгрөгийг Э.Д-, Б.Лхагвабаяр нарын дансанд төлсөн байх боловч уг төлбөрийг орон сууцны төлбөрт тооцож авсан талаар зохигчид төлбөр шилжүүлэх хэлцлийг 2016 оны 6 сарын 21-ний өдөр хийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 44-р тал/

 

Хариуцагч О.О- нь нэхэмжлэгч Ц.Халиунагаас орон сууцыг бусдад хөлсөлсөн төлбөр гэх 6 600 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Х- нь орон сууцыг бусдад хөлсөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Мөн орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримт, Ү.Адууч, О.М- нарын утсаар ярьсан бичлэг гэх баримтаар нэхэмжлэгч Ц.Х- г бусадтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм. Нөгөө талаар 1 өрөө орон сууц хөлслөх үнэ зах зээлийн ханшаар 300 000 төгрөг байгаа гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, анхан шатны шүүх шүүгчээс татгалзсан татгалзлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэх боловч Ц.Х- гийн нэхэмжлэлд анхан шатны шүүх 2019 оны 4 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх 4 сарын хугацаанд хариуцагч, түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 40, 86, 202-209-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02739 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ