| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2510000000611 |
| Дугаар | 2026/ДШМ/605 |
| Огноо | 2026-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/605
2026 05 14 2026/ДШМ/605
О.Б, Д.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурмандах,
хохирогч Э.Д-,
шүүгдэгч О.Б-,
шүүгдэгч Д.Э-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хүдэрхүү, Э.Нямсүрэн, Б.Цолмон-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-, Д.Э-, тэдгээрийн өмгөөлөгч М.Хүдэрхүү, Э.Нямсүрэн, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Б-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн 2510000000611 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1/ У- овогт О-гийн Б-, 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УО-/,
2/ Б- овогт Д-гийн Э-, 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Д-” их сургуульд оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УД-/.
Шүүгдэгч О.Б-, Д.Э- нар нь бүлэглэж хохирогч Э.Д-ыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д- гарден” хотхоны Д- дугаар байрны 156 тоот гэртээ эхнэр Т.Н-тэй үл ойлголцсон харилцаагаа сэргээж, гэр бүлийн хэвийн харилцааг үргэлжлүүлэх зорилгоор хоорондоо харилцаж байхад нь тэдгээрийн хоорондын харилцааг таслан зогсоож, хохирогчийг гэрээс нь авч гаргаж, цаашид тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн,
мөн тухайн цаг хугацаанд хохирогч Э.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: О.Б-, Д.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч У- овогт О-гийн Б-, Б- овогт Д-гийн Э- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,
мөн бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Б-, Д.Э- нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч О.Б-, Д.Э- нараас тус бүр хохирогч Э.Д-ын эрүүл мэндэд учирсан хохиролд 455.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 122.500 төгрөгийг гаргуулан, хохирогч Э.Д- нь цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож, ухаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Э.Д-аас уучлалт хүсэж байна. Мөн дахин гэмт хэрэгт холбогдохгүй, алдаа гаргахгүй, зөв хүн байж чадахаа аав, ээж болон та бүхэнд амлаж байна. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Э.Д-ын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. ...Миний бие хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож, ухаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна. Хохирогч Э.Д-аас уурчлалт хүсэж байна. Мөн дахин гэмт хэрэгт холбогдохгүй, алдаа гаргахгүй, зөв хүн байж чадахаа ээж, аав болон та бүхэнд амлаж байна. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хүдэрхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын 1.2 дахь хэсэгт хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хийсэн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол болон шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 848 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.” гэж дүгнэсэн атлаа хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэлийг огт тайлбарлаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. Мөн хэсгийн 2.3 дахь заалтад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зайлшгүй тусгахаар тогтоосон. ...Хэргийн бусад оролцогч болох гэрч Э.А-, Э.А-, Т.Н-, О.А- нарын мэдүүлгийг үнэлэхдээ хэнийх нь мэдүүлгийг үндэслэж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон эсэхээ мөн тайлбарлаагүй. ...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.1 дэх хэсгээс харвал шүүх шийдвэр гаргахдаа хохирогч Э.Д-, гэрч Э.А-, Э.А- нарын мэдүүлгийг дангаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэсэн байна. Гэхдээ тэдгээрийн мэдүүлэг гэрч Т.Н-, О.А- нарын мэдүүлгээс зөрүүтэй, эдгээр бусад оролцогч нар нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, мөн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 цаг 11 минутад гэрч Т.Н- Хан-Уул дүүргийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн тэмдэглэлд “хүзүү хэсэгт боосны дараах улайлттай” гэсэн баримтыг үгүйсгэж буй үндэслэлээ мөн тайлбарлаагүй. Хохирогч Э.Д-, гэрч Э.А-, Э.А- нар Т.Н-ийг хохирогч Э.Д-д боолгуулсан болохыг үгүйсгэж мэдүүлэг өгдөг нь хэрэгт хувийн ашиг сонирхолтой, хэргийн үйл баримтын талаар Э.А-ийн хувьд өөрийн төрсөн ах, гэрч Э.А-ын хувьд үеэл дүүгийнх нь эхнэрийн хувьд харилцаа хамаатай байдлаар мэдүүлэг өгсөн байхад шүүх дээрх мэдүүлгийн зөрүүтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Эрүүл мэндийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд хохирогч Э.Д-ыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 196.000 төгрөгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 49.000 төгрөгийн үйлчилгээ авсан талаар ирүүлжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой үнийн тариф баримталдаг бөгөөд дээрх 49.000 төгрөгийн тариф нь ойрын дуудлага буюу 20 км доторх дуудлагад төлөх тариф байгаа болох нь дээрх баримтаас тодорхой харагдана. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж, 196.000 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар Яаралтай түргэн тусламжийн тасаг нь хоногийн 24 цагт, өөрөөр хэлбэл, тухайн өдөр бэртэж, гэмтэж, эрүүл мэнд нь эрсдэлд орсон нэн даруй хүргэгдэж ирсэн үйлчлүүлэгчийг хүлээж авах зохицуулалттай. Дээрх баримтаас дүгнэвэл Э.Д- нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буюу хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа өөр бусад байдлаар гэмтэж, ийнхүү Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан болох нь харагдаж байна. О.Б-, Д.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “бүлэглэж” үйлдсэн гэж шүүхээс дүгнэж, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хууль зүйн дүгнэлтээс өөрөөр дүгнэж шийдсэн. Ийнхүү дүгнэхдээ “...шүүгдэгч нар нь хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүйн тулд Т.Н- болон түүний ээжээр дамжуулан “гомдол гаргах юм бол чамайг шоронд хийнэ, хүүхэдтэй чинь уулзуулахгүй” гэх зэргээр дарамталж, хохирогчийг гомдол гаргахаас татгалзуулах үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч О.Б-ын хувьд хохирогч Э.Д-тай шууд харилцах боломжгүй, таньж мэдэхгүй нөхцөл байдал байх ба тухайн үйлдлээ хийхдээ шүүгдэгч Д.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хэрэгжүүлсэн. Шүүгдэгч Д.Э-ы хувьд хохирогч Э.Д-ын өөрийнх нь мөнгө авах гэсэн ятгалгаар түүнтэй уулзаж, тухайн мөнгийг олох боломжгүй талаараа хэлж, улмаар Т.Н- болон түүний ээжид хэлэхэд Т.Н-ийн ээж нь Д.Э-д мэдэгдэлгүйгээр хохирогчтой утсаар ярьсан болох нь тогтоогддог. Нөгөө талаас Д.Э- нь хохирогчийн хууль бус ятгалга, түүний дагуу хохирогчийн хуурай ах, цагдаагийн байгууллагын ажилтантай уулзсан тухайгаа мэдүүлдэг, мөн тухайн цагдаагийн байгууллагад ажилладаг ах нь Э.Д-тай ашиг сонирхол нэгтэй тул мөнгө нэхээгүй гэх мэтээр өөрт ашигтайгаар мэдүүлэг өгсөн байдаг. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг “Заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. ...” гэж хийсвэрлэн дүгнэсэн. Шүүгдэгч О.Б-ын тухайд Т.Н- болон түүний ээжтэй ямар ч харилцаа хамааралгүй, Д.Э- нь уг асуудлын талааар Э.Д-тай холбогдсон эсэхийг ч мэдээгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтад дурдагдаагүй асуудлаар хийсвэрлэж дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Нямсүрэн, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “заналхийлэх” гэмт хэргийн үйлдлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдал ба хэрэгт авагдсан нотлох баримтуудтай бүрэн нийцэхгүй байна. Заналхийлэх гэмт хэргийн үндсэн шинж нь “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх”-ийг ойлгохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх гэм буруугийн дүгнэлт хийхдээ зөвхөн хохирогч Э.Д-ын эх сурвалж тодорхойгүй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутай гэж тодорхойлсон. Ингэхдээ хохирогч Э.Д- нь тухайн өдөр болсон үйл явдлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэхэд Д.Э- нь “тохиролцъё, гомдол мэдээлэл битгий гаргаач, хэдэн төгрөг өгөх вэ, мөн гомдол гаргавал хүүхэдтэй уулзуулахгүй” гэх мэт байдлаар их дарамталсан гэдэг боловч нөгөө талаас нь дүгнэвэл Д.Э-ы хувьд тодорхой зүй бус үйлдэл гаргасандаа уучлалт гуйж, эвийн журмаар асуудлыг шийдэхийг хүссэн ба Э.Н-ийн ээж өөрийн охинд нь гар хүрсэн хохирогчийн зүй бус үйлдлээс хамаарч хүүхэдтэй уулзуулахгүй, гомдол мэдээлэл гаргаж байгаа бол адилхан гомдол гаргаж асуудлыг шударгаар шийдвэрлүүлэх талаар учирласан байдаг. Энэ нь хохирогчийг заналхийлсэн гэхээс илүүтэйгээр үүссэн асуудлыг бодит байдлын хүрээнд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн байдал тогтоогдож байгаа юм. Д.Э-, О.Б- нарын зүгээс “заналхийлэх” гэмт хэргийн шинж бүхий хохирогчийн эсрэг чиглэсэн, үйлдлийг нь хязгаарласан, үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон хамаарал бүхий хүмүүст хүч хэрэглэсэн, хохирол учруулахуйц баримт мэдээлэл тараасан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд Д.Э-ы хүсэл зоригийн үндсэн дээр хохирогч Э.Д- руу “хүүхэдтэй нь уулзуулахгүй” гэх мэт байдлаар дарамталсан хэмээн үзэх шалтгаант холбоо бүхий объектив үйлдэл, улмаар шууд санаатай субъектив байдал огт нотлогдон тогтоогдохгүй байна. Дээрх байдлас дүгнэвэл О.Б-, Д.Э- нарын үйлдлийн улмаас заналхийлсэн гэмт хэргийн шинж буюу бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс “шүүгдэгч нар нь хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүйн тулд Т.Н- болон түүний ээжээр дамжуулан “...”гомдол гаргах юм бол чамайг шоронд хийнэ, хүүхэдтэй чинь уулзуулахгүй” гэх зэргээр дарамталж, хохирогчийг гомдол гаргахаас татгалзуулах үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, дарамталсан гэх Т.Н-эс энэ талаар огт асуугаагүй, мөн түүний ээжийг гэрчээр асууж тодруулаагүй буюу объектив үйлдэл байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй, баримт авагдаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Т.Н-ийн ээж хэрэгт яг ямар оролцоотой байсан нь харагддаггүй. Зөвхөн Э.Д-, Д.Э- нар л харилцсан байдаг. Мөн Д.Э-, О.Б- нар нь яг ямар байдлаар Э.Д-ын тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаад байгаа нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэж, эргэлзээгүй байдлаар гарах ёстой. Гэтэл Э.Д-ын зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслээд энэ шийдвэрийг гаргасан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Улсын яллагчийн зүгээс хохирогч гэр бүлийн хэвийн харилцаагаа үргэлжлүүлэх гэж байхад нь шүүгдэгч нар таслан зогсоосон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Харин шүүх Т.Н- болон түүний ээжээр дамжуулж, хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүйн тулд “хүүхэдтэй чинь уулзуулахгүй” гэж заналхийлсэн гэж үзсэн. Тэгвэл яг энэ талаарх баримт байхгүй. Хохирогч Э.Д- энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Түүний мэдүүлгийн эх сурвалж болох баримт хэрэгт авагдаагүй. Харин Д.Э-, Э.Д- нарын бичсэн чатыг харвал нэг нь мөнгө нэхсэн, нөгөө нь мөнгө хайсан нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр хүний хооронд мөнгөний асуудлаар харилцаа үүссэн. Үүгээр заналхийлсэн үйл баримт харагддаггүй. Өөр баримт хэрэгт байхгүй. Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдэж, залуу хүмүүс алдаа гаргасан байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг гэдэг утгаар хорих байгууллагад сэтгэлзүйн хувьд хүнд байдалд байгаагаа өөрсдөө илэрхийлж байсан. Шүүгдэгч нарын хувьд хорихоос өөр төрлийн ял оноовол тухайн ялыг эдлэхэд татгалзах зүйлгүй гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан юм байна гэж ойлголоо. ...” гэв.
Хохирогч Э.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э-ы дарамталсан мессэжүүд байгаа. Өөрөөр хэлбэл, “ээжид нь хэлсэн чинь ээж нь ингэж хэлж байна” гэсэн мессэжүүд бүгд надад байгаа. Мөн Т.Н-ийн ээж нь миний зөвлөгөө авч байсан цагдаа ахыг ажилгүй болгоно гэж дарамталсан мессэжүүд надад байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг болсон гэх цаг хугацаанд байсан гэрчүүдийг оролцуулсан. Өөр нэг гэрч байсан боловч тухайн хүн гадаад улс руу явсан байсан. Итгэмжлэл авсан этгээд нь тухайн итгэмжлэлээр мэдүүлэг өгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ороод явсан зүйл байхгүй. Итгэмжлэл аваад, шинжээч томилуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт “иргэдээс гаргасан хүсэлтийг прокурор, төрийн байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Түүнээс тийм хүнээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй гэсэн зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод, мэдүүлэг аваад, тухайн байгууллагаас шүүгдэгч нар төрд ямар хохирол учруулсныг тогтоосон байгаа нөхцөлд заавал тийм өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, аваагүй гэдгийг ярих шаардлагагүй. Анхан шатны шүүх тухайн болсон явдлаас хойш ийм зүйл болсон юм байна, энэ нь заналхийлэх гэмт хэрэг юм байна гэж дүгнэсэн. Үүнийг зөв гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь хохирогч Т.Н-эр, ээжээр нь дамжуулан нөлөөлж, цаашид гомдол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн нь “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх О.Б-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч О.Б-, Д.Э-, тэдгээрийн өмгөөлөгч М.Хүдэрхүү, Э.Нямсүрэн, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1.Шүүгдэгч О.Б-, Д.Э- нар нь бүлэглэж 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “Д- гарден” хотхоны Д- дугаар байрны B1 давхарт хохирогч Э.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр рүү цохих, алгадах, гарыг нь өчиж, нугалах зэргээр зодож эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун тохойн гадна болон дотор хажуугийн холбоосууд, ерөнхий тэнийлгэгч, нугалагч шөрмөс, 3 толгойт булчингийн шөрмөсний суналт, хаван бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Д-ын “...Т.Н- бид хоёр маргалдаад байж байхад Э.А- “гаднаас хүн ороод ирлээ” гэж хэлсэн. ...Гаднаас орж ирсэн хүн нь Д.Э- гэх хүн байсан бөгөөд хоёр найзынхаа хамт орж ирсэн. Бид хоёр “хүн ирчихлээ” гэхээр нь хүүхдийнхээ өрөөнөөс гараад коридорт очиход “иргэн Э.Д-” гэж миний нэрийг хэлснээ ногоон өнгийн хувцастай эрэгтэй над руу ирээд миний баруун гарт гав зүүгээд, шал мөргүүлээд, хоёр гарыг ард гавлаад гэрээс аваад гарсан. Лифтэнд суугаад, доошоо бууж байх хугацаанд ногоон хувцастай эрэгтэй нь нүүр рүү нэг удаа алгадсан. В1 давхар руу буугаад, зогсоолын хэсэгт зогсож байхад Д.Э- нь “энэ ямар овоо юм бэ?” гээд нэг удаа алгадсан. Дараа нь ногоон хувцастай эрэгтэй нь намайг боогоод, заамдаад, хэдэн тийш сэгсчээд, гараа зангидаж байгаад эрүүний зүүн хэсэгт нэг удаа цохиход би ухаан алдсан. Ойролцоогоор 5 минут ухаан алдсан. Би энэ хэд намайг дахиад яаж ч магадгүй гэж бодоод Д.Э- болон ногоон хувцастай эрэгтэй хоёртой зодолдож эхэлсэн. Тэгтэл ногоон хувцастай эрэгтэй нь намайг давхар хамаад, дарж унагаагаад барьж авсан. Ийм л үйл явдал болсон. ...Миний баруун гарын бугуй хэсэг гавны мөрөөр улайсан, баруун тохой цус хурсан, хувцас урагдсан, толгойн баруун дээд хэсэгт бондойгоод хавдчихсан байсан. ...” /1-р хх 40-41/,
гэрч Э.А-ийн “...гаднаас 3 залуу орж ирээд “иргэн Э.Д-” гээд манай ахыг толгойгоор нь шал мөргүүлээд, хоёр гарыг нь ард нь гавлаад аваад гарсан. ...” /1-р хх 54-55/,
гэрч Т.Н-ийн “...В1 давхарт очиход Э.Д- газар ухаан алдсан байдалтай байж байсан. Юу болсон талаар Д.Э-, О.Б- нараас асуухад О.Б- “чи эхнэрээ яаж байгаа юм?” гээд ганц алгадсан чинь ухаан алдсан гэж хэлсэн. ...” /1-р хх 57-58/,
гэрч Э.А-ын “...Э.Д-ыг 3 залуу доошоо аваад буусан. Т.Н- бид хоёр охиныг нь тэврээд араас нь буухад ногоон куртиктэй залуу нэлээн хөлөрсөн байдалтай, Э.Д- ухаан алдаад унасан байсан. ...” /1-р хх 60-61/,
шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Хяналтын камерын бичлэгийг үзэж танилцлаа. Тус бичлэг дээрх үйлдлүүдийн улмаас Э.Д-ын бие дэх гэмтлүүд үүсэх боломжтой. ...” /2-р хх 17-18/,
О.Б-ын яллагдагчаар өгсөн “...би Э.Д-ыг гараж дотор 2-3 удаа алгадсан. ...Хохирогчийг гавтай байхад нь алгадаж, цохисондоо өөрийгөө буруутгаж байгаа. ...” /1-р хх 166-168/ гэсэн мэдүүлгүүд,
“...Э.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 848 дугаар дүгнэлт /1-р хх 86-88/,
“...Гаражид хохирогч Э.Д- гарыг нь ард нь гавласан байдалтай зогсож байна. Өөдөөс нь О.Б-, түүний хажууд О.А- нар зогсож байна. О.Б- өөдөөс нь тулж зогсоод юм ярьж байна. ...Д.Э- ирж байна. ...О.Б- нь хохирогч Э.Д-ыг цохиж, шанаадаж байна. Элэгдээд унагаж байв. Хохирогч 5-6 орчим минут ухаангүй бололтой хөдлөхгүй хэвтэж байна. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 31-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Б-, Д.Э- нарын бүлэглэж, хохирогч Э.Д-ыг нүүрэн тус газар нь цохих, алгадах, гарыг нь өчиж, нугалах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Прокуророос шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг бүлэглэж хохирогч Э.Д-ыг гэртээ эхнэр Т.Н-тэйгээ үл ойлголцсон харилцаагаа сэргээж, гэр бүлийн хэвийн харилцааг үргэлжлүүлэх зорилгоор хоорондоо харилцаж байхад нь тэдгээрийн хоорондын харилцааг таслан зогсоож, хохирогчийг гэрээс нь авч гаргаж, цаашид тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж “Заналхийлэх” гэмт хэргийн хувьд “...хохирогч Э.Д-ыг гавлаж авч гаран эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйл баримт байгаа боловч хохирогчийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа “хохирогч Э.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “...Т.Н-ийн ээж намайг гомдол гаргахгүй байх тал дээр хүүхдээр боож дарамталсан. Т.Н-, Д.Э- хоёр Т.Н-ийн ээжид хэлж, ээжээр нь их дарамтлуулсан. Т.Н-ийн ээж “болохгүй бол чамайг өөрийг чинь шоронд хийнэ шүү” гэсэн. Т.Э- Т.Н-тэй холбогдоод байсан учраас Т.Н- ээждээ хэлсэн. ...” гэж мэдүүлсэн.
Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах гэж гэмт этгээдээс тухайн хүн эсхүл ойр дотны хүнээр нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхийг албадсан, эсхүл хийх ёстой зүйлийг нь татгалзуулах зорилго бүхий хууль бус аливаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нар нь хохирогч Э.Д-ыг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүйн тулд Т.Н- болон түүний ээжээр дамжуулан “гомдол гаргах юм бол чамайг шоронд хийнэ, хүүхэдтэй чинь уулзуулахгүй” гэх зэргээр дарамталж, хохирогчийг гомдол гаргахаас татгалзуулах үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдож байна гэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаараас хальж, өөр цаг хугацаанд болсон гэх үйл баримтыг “Заналхийлэх” гэмт хэргийн шинжид хамааруулан прокуророос тодорхойлж ирүүлсэн хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоож, шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөнөөс гадна шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдээгүй хэргийн үйл баримтаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” зэрэг боломжийг хязгаарласан байна.
Заналхийлэх гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан байх шинж нь заналхийлэх гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд гэмт этгээдээс тухайн хүн эсхүл ойр дотны хүнээр нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхийг албадсан, эсхүл хийх ёстой зүйлийг нь татгалзуулах зорилго бүхий хууль бус аливаа үйлдлийг ойлгох ба ийм шинжгүй бол энэ гэмт хэрэг болохгүй.
Прокуророос “Заналхийлэх” гэмт хэргийн үйл баримтыг тодорхой дүгнээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тухайлбал “...хохирогч Э.Д-ыг гэртээ эхнэр Т.Н-тэйгээ үл ойлголцсон харилцаагаа сэргээж, гэр бүлийн хэвийн харилцааг үргэлжлүүлэх зорилгоор хоорондоо харилцаж байхад нь тэдгээрийн хоорондын харилцааг таслан зогсоож, хохирогчийг гэрээс нь авч гаргаж, цаашид тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн ” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бичсэнээс ямар үйлдэл хийхгүй байхыг шаардаж, ямар байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг /гэмт хэрэг гарсан байдал/ хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой дүгнээгүй буюу хэргийн үйл баримт тодорхой биш байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар хохирогчийг гэрээс нь авч гарган, цаашид ямар тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, хүч хэрэглэсэн талаарх нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байх тул прокуророос шүүгдэгч О.Б-, Д.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан гомдлын тухайд;
Хохирогч Э.Д- Бүгд Найрамдах Солонгос Улс руу томилолтоор явах шалтгаанаар өөрийн төрсөн дүү Э.А-д 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр итгэмжлэл олгосон байна. /1-р хх 79/
Үүний дагуу Э.А- нь Хан-Уул дүүргийн прокурорт хандан, Э.Д-ын эмнэлэгт үзүүлж байсан баримтуудыг үндэслэн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж, тогтоолд тухайн цаг хугацаанд гомдол гаргаагүй байна.
Нөгөөтэйгүүр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5158 дугаар дүгнэлтээр “...Баруун тохойнд MRI шинжилгээ хийлгэхээр явуулсан боловч ирээгүй үндэслэлээр Э.Д-ын биед гэмтэл тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт гарсан тул 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хохирогч Э.Д-ын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт бичиг ирүүлсэнтэй холбоотой нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан нь “нотолбол зохих байдал”-д хамаарах ажиллагаа байна.
Хохирогч Э.Д- нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 49.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгаас 196.000 төгрөг буюу нийт 245.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Харин хохирогчийг уг хэрэг явдал гарснаас хойш дөрөв хоногийн дараа өөр байдлаар гэмтэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүйн дээр давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь дээрх зардлыг төлсөн талаарх баримтыг гаргаж өгснийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн “...Э.А-ийг Э.Д-ын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй байхад прокурор хүсэлтийг нь шийдвэрлэсэн, ...Э.Д- нь 4 өдрийн дараа өөр байдлаар гэмтсэн байж болзошгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч О.Б-, Д.Э- нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тус тус 63 хоног цагдан хоригдсоныг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцон, зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тэдгээрийн оршин суух бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, шүүгдэгч нарыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 245.000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн зардалд түүний “Худалдаа хөгжлийн банк” дахь 4А-7 тоот дансанд тус бүр 3.755.000 төгрөг буюу нийт 7.510.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-, Д.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын “...шүүгдэгч У- овогт О-гийн Б-, Б- овогт Д-гийн Э- нарыг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”,
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-, Д.Э- нарт 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэсэн хэсгийг болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Д.Э- нарыг тус бүр 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-, Д.Э- нарт сануулсугай. ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Д.Э- нарын цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч О.Б-, Д.Э- нар нь 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тус бүр нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг нэн даруй сулласугай.
3. Шүүгдэгч О.Б-, Д.Э- нар нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 245.000 төгрөг, хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн зардалд тус бүр 3.755.000 төгрөг буюу нийт 7.510.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.Б-ТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН