Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Балтбаатарын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805038480731 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  ...... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын ......... хотын Уул уурхайн их сургуулийн оюутан, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 26 дугаар байр 61 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Балтбаатарын Т-

 

Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны  гадна иргэн У.Эрдэнэбилэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Бид хоёр тэр өдөр маргалдаад би түүнийг зодсон. Тухайн үед намайг цагдаа ирээд авч явсан. Хохирогчийн ээж манай ээж рүү залгаад 2 цагийн дотор 500.000 төгрөг миний данс руу хий гэж хэлсэн. Манай ээж “орой болсон болохоор амжихгүй байна, маргааш өглөө явуулъя” гэж хэлээд өглөө нь уулзаад 500.000 төгрөг өгсөн. Хохирогчийг 1 дүгээр эмнэлэг дээр очоод хамрыг нь тэгшлүүлж өгсөн. Би хохирогчоос уучлалт гуйгаад гар бариад салсан. Гэтэл хохирогчийн ээж хэд хоногийн дараа над руу залгаад “миний данс руу 5 хоногийн дотор дахиад 500.000 төгрөг шилжүүл, тэгэхгүй бол чамайг цагдаад өглөө” гэж хэлсэн. Би “эгчээ уг нь хамрыг нь тэгшлээд өгсөн одоо дахиад яасан юм бол” гэж асуухад “миний хүүхэд өмнө нь хамраа хугалж байсан, чи тэрийг нь дахиж янзалж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгч чадахгүй гээд өгөөгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

         

          Хохирогч У.Эрдэнэбилэгийн “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад талх авахаар би гэрээсээ гараад Есү гэдэг дэлгүүр рүү ороод талх авах гээд зогсож байтал Т- тэр дэлгүүрт орж ирсэн. ... Тэгээд намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулах гээд нэлээд ноцолдож байгаад хоёулаа газар унасан. Энэ үед байрны ах таараад бид хоёрыг босгосноо Төрөөг одоо яв гээд намайг орц руугаа ор гэхээр нь би орц руугаа орсон. Тэгээд яг гэр рүү орох гэтэл Т- хойноос гүйж орж ирсэнээ миний нүд рүү хэд хэдэн удаа цохитол би газар унасан бөгөөд энэ үед гэрийнх нь гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ... Би хамраа янзлуулахад одоо 700.000 төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж байна. Т-ын ээж нь манай ээжид 500.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №89101 дугаартай:

          “1. У.Эрдэнэбилэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хамарт зөөлийн эдийн няцрал гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, хэд, хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэх ба  хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 23-нд үүссэн байх боломжтой байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

          Гэрч Л.Шаалуухүүгийн “... Тэгтэл Т- гадаа Эрдэнэбилэгийг заамдахаар нь Одгэрэл салгах гээд очтол түүнийг Т- алгадаад бас цаашаа бай гэснээ элэгдсэн. Тэгэхээр нь би тэр хэдийг салгачихаад байж байтал Т- гадаа Эрдэнэбилэгийн нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд Эрдэнэбилэгийг гэртээ ор гээд оруултал Т- араас нь орц руу ороод дахиад зодсон. Энэ үед Эрдэнэбилэгийн ээж аав хоёр гарч ирээд тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан. ... Т- архи уусан согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч  Б.Т- нь хувийн таарамжгүй харьцаанаас улмаас У.Эрдэнэбилэгийг цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хамарт зөөлийн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Б.Т- нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

Хохирогч У.Эрдэнэбилэг нь шүүдэгч Б.Т-ас 700,000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгчээс хохирогч У.Эрдэнэбилэгт 500.000 төгрөг төлсөн бөгөөд өөр бусад хохирол, хор уршигийн талаарх нотлох баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Т- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Б.Т- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Монгол овогт Балтбаатарын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Т- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ