Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00314

 

Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хар нуур Ховд голын сав газрын захиргаанд холбогдох,

Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Р.Энхсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус байгууллагын дотоод ажил хэрэг, үйлчлэгчийн ажилд томилогдсон. Тус газрын дарга Р.Энхсүрэн намайг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хууль зүйн үндэслэлгүйгээр гэхийн учир нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тодорхойлсон байхад ажил олгогчийн дээрх тушаалд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана гэж Хөдөлмөрийн тухай хууль, Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой дурьдсан.

Би тус байгууллагад 23 сар ажилласан байхад намайг түр томилсон тушаал хэвээр, харин жинхлээгүй. Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Иймд Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 833 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны үе үеийн сайдаар ажиллаж байсан С.Оюун, Д.Оюунхорол, Н.Батцэрэг нарын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/79 тоот, 2015 оны А/101 тоот, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалуудаар 3 удаа Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны бүтэц орон тоо, дүрэм батлах тушаал гарсны дагуу үндсэн бүтцийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Дээрх сайдуудын 3 тушаалд дотоод ажил бичиг хэрэг, үйлчлэгч, дотоод ажил бичиг хэрэг-нярав гэсэн орон тоонууд огт заагдаагүй байхад /миний бие ээжтэй нь эгч дүүсийн хүүхдүүдийн хувьд ээж нь надаас түр ч гэсэн ажилд оруулж өгөөч гэж гуйсны хувьд/ нягтлан бодогч Б.Батчимэгтэй зөвшилцөж, цалингийн сангийн тооцоо гаргуулж байгаад өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд орон тоо гаргаж 2 жил түр гэрээгээр авч ажиллуулсан. 2016 оны 07 дугаар сарын төсвийн хэлбэлзэл сөрөг гарсан гээд олон бэрхшээлтэй асуудал үүссэн тул ажилчдын хурлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, дотоод ажил бичиг хэрэг-нярав гэсэн орон тоон дээр гэрээгээр түр ажиллаж байсан Г.Энхбаярт ээлжийн амралт олгож, 2016 оны 08 дугаар сарын 03-нд чөлөөлсөн болно. 

Одоо Г.Энхбаярын эрхэлж байсан дотоод ажил бичиг хэрэг-нярвын ажлыг дагнан гүйцэтгэж буй хэн ч байхгүй. Миний бие Г.Энхбаярыг чөлөөлсөн тушаалаа хуульд заасан үндэслэлийн дагуу, мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн сахилгыг баримталж ажиллах үүднээс гаргасан. Иймд Г.Энхбаярыг цалингүй ажиллуулахыг хүсээгүй, мөн хуульд заасан үндэслэлийн дагуу чөлөөлсөн тул Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Энхбаярыг Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас Г.Энхбаярын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 2 сард ногдох олговорт 932 924 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилтан Г.Энхбаярын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Энхсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлалыг эс зөвшөөрч. Миний бие 7-р сарын 05-ны өдөр хамт олны хурал хийж гэрээт ажилтан Г. Энхбаярыг цалингийн сан хүрэхгүйгээс үүдэн чөлөөлж байгааг мэдэгдсэн, мөн гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь нотлогдсон. Салбарын яамны сайдын 2016 оны 03-р сарын 24-ний өдрийн батлагдсан А/83 тоот тушаалаар дотоод ажил, бичиг хэрэг, нярав гэсэн орон тоо байхгүй байхад ажилд нь эргүүлэн томилох, цалинжуулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эдийн засгийн хямрал жижиг байгууллагын хувьд хүнд тусаж 2016 оны 06 дугаар сараас ажилчдын амралтын мөнгө олгож чадахгүйд хүрсэн, мөн 2016 оны 07 дугаар сараас төсвийн хэлбэлзэл гарсан гээд олон бэрхшээлтэй асуудал үүссэн тул Г.Энхбаярт ээлжийн амралт олгож , 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр чөлөөлсөн. Одоо Г.Энхбаярын эрхэлж байсан дотоод ажил бичиг хэрэг-няравын ажлыг дагнан гүйцэтгэж буй хэн ч байхгүй. Миний бие Г.Энхбаярыг чөлөөлсөн тушаалаа хуульд заасан үндэслэлийн дагуу, мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн сахилгыг баримталж ажиллах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан болно.

Иймд Ховд аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр хариуцагч Хар нуур Ховд голын сав газрын захиргаанд холбогдуулан дотоод ажил, бичиг хэрэг няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь Г.Энхбаярыг дотоод ажилтан, үйлчлэгчийн ажилд гэрээт ажилтнаар, түр хугацаагаар, ТҮ-4 зэрэглэлийн нэг дэх шатлалаар буюу 398 411 төгрөгөөр цалинжуулахаар ажилд авсан тухай тушаал гаргасан байх боловч ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинг 416 521 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу ажиллаж байсан  байна. /хх-ийн 5, 7, 8, 72-75 /

Ажил олгогч нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан төсвийн хүндрэл, цалингийн сан хүрэлцэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгожээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалын үндэслэл хуульд нийцээгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал  нь бие даасан орон тооны ажил бус өөр албан тушаалтай хавсарч хийхээр анхнаасаа бүтэц зохион байгуулалтын хувьд батлагдсан гэх байдал, байгууллагын төсөв хүндэрсэн шалтгаан нь тус тус ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн үндэслэл болохгүй. Тушаалд заасан дээрх үндэслэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль ч заалтад хамаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул “тушаалыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 115 дугаар магадлалыг  хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар  хариуцагч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

           ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА