Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 386

 

“Г л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Татварын ерөнхий газрын Улсын төсвийн

орлого хяналтын газрын Татварын

хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын

байцаагч Ё.Э-О, Б.У нарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах”,

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0376 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б.У, Ё.Э-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулж,

            Хариуцагч татварын улсын байцаагч Ё.Э-О, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0376 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай “Г л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “Г л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120 064 807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г л” ХХК-ийн төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч татварын улсын байцаагч Ё.Э-О, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Г л” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт ирүүлсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ыг дуустал хугацааг хамруулан татварын хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын 211900003 тоот актаар “олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсын хилийн дотор хийсэн тээвэрлэлтийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар /10 хувь/ ногдуулан төсвөөс буцаан авахаар хүсэлт ирүүлсэн 205 525 420.4 төгрөгийг 121 464 245,1 төгрөгөөр бууруулан 84 061175,2 төгрөгийг төсвөөс буцаан олгуулахаар баталгаажуулсан бөгөөд татвар төлөгч 121 464 245.1 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй маргаан үүсгэсэн.

4. Татварын хяналт шалгалтын явцад “Г л” ХХК нь “Инсе трейдинг энд ложистикс лимитэд” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл мөн Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх үйл ажиллагаа явуулдаг.

5. 2017.01.01-2018.04.01 хүртэлх хугацаанд Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1-д Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, мөн хуулийн 12.4 Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж заасныг үндэслэн тус компаний МУ-ын хилийн доторх нүүрс тээвэрлэлтэд тодруулбал Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээний 1 200 648 078.3 төгрөгийн орлогод “0” хувь хэмжээг хэрэглэхгүй, ажил үйлчилгээг экспортод гаргаагүй гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг 121 464 245,1 төгрөгөөр багасгаж баталгаажуулсан нь хууль тогтоомжид нийцэхийн зэрэгцээ энэ хэсэгт тооцооллын маргаан байхгүй болно.

6. Харин Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1 Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.2-д Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэж заасныг удирдлага болгон энэ хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг ногдуулан төсвөөс буцаан авах татварыг 84 061 175.2 төгрөгөөр баталгаажуулсан.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

8. Шүүх магадлалын үндэслэлдээ: Засгийн газрын 2017.11.29-ний өдрийн 320 дугаар тогтоолоор нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор             нүүрс тээвэрлэлт хийх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж “Г л” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн уурхайгаас тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүргээд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс дахин тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд хүргэх болсон байна. Үүнийг татварын улсын байцаагч нараас НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан “... МУ-ын хилийн дотор салгаж тээвэрлэлт...” хийсэнд тооцно хэмээн маргаан бүхий актаар “Г л” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг хасаж баталгаажуулсан нь дээрх хуульд нийцээгүй байна гэжээ.

9. Дараах байдлаар дээрх үндэслэлийг эс зөвшөөрч байна. “Г л” ХХК нь хяналт шалгалтанд хамрагдах хугацаанд дараах чиглэлээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулсан байдаг. Үүнд: 1. Эрдэнэс таван толгой нүүрсний орд-Цагаан хадны гаалийн хяналтын бүс- Эрдэнэс таван толгой нүүрсний орд, 2. Цагаан хадны гаалийн хяналтын бүс-Гашуун сухайт боомт- Цагаан хадны гаалийн хяналтын бүс, 3. Эрдэнэс таван толгой нүүрсний орд- Гашуун сухайт боомт- Эрдэнэс таван толгой нүүрсний орд.

10. “Г л” ХХК нь нийт 5 538 420 804,5 төгрөгийн ачаа тээврийн үйлчилгээний борлуулалтын орлоготой, үүнээс дүн бүхий ачаа /нүүрс/ тээврийн үйлчилгээнээс орлого олсон байдаг бөгөөд зөвхөн БНХАУ-ын Ганц модны гаалийн хяналтын бүс хүртэлх ачаа тээвэрлэлт нь олон улсын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1 Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногцуулна, 12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэж заасныг удирдлага болгон энэ хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг ногдуулан төсвөөс буцаан авах татварыг дээр дурдсан нийт нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээний орлогоос 0 хувь хэмжээнд хамаарах 84 061175,2 төгрөгийг буцаан олгохоор баталгаажуулсан нь НӨАТ-ын тухай хуульд нийцэж байгаа болно.

11. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон шиг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн уурхайгаас тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүргээд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс дахин тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд буулгаад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрсээ буулгаад яг тэр буулгасан тоо хэмжээгээрээ дахин тэндээсээ ачаад БНХАУ-ын хилээр гаргаад байгаа үйлдэл биш. Яг энэ үйлдлийг тодорхой жишээгээр тайлбарлая. Тухайлбал, “Г л” ХХК нь 2018 оны 03-р сард “Эрдэнэс таван толгойн нүүрсний орд”-Цагаан хадны гаалийн хяналтын бүс-“Эрдэнэс таван толгойн нүүрсний орд маршрутаар 206 машин, 13919,35 тн хэмжээтэй нүүрс тээвэрлэн, 218 км-ийн замыг туулан 40628194,8 төгрөгийн борлуулалтын орлоготой, 4062819,4 төгрөгийн НӨАТ ногдох ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг.

12. Цагаан хадны гаалийн хяналтын бүс-Ганц модны гаалийн хяналтын бүс- Цагаан хадны гаалийн хяналтын бүс маршрутаар 6 машин, 487,3 тн хэмжээтэй нүүрс тээвэрлэн, 21 км-ийн уртын замыг туулан НӨАТ-ын 0 хувийн борлуулалттай ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг ... тн жинтэй нүүрс тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгасан. Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Ганц модны гаалийн хяналтын бүсэд ... удаа ....тн жин хэмжээтэй нүүрс тээвэрлэн экспортлосон байдаг бөгөөд зөвхөн нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг экспортлосонд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1 Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас, Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэж заасныг удирдлага болгон энэ хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг ногдуулан төсвөөс буцаан авах татварыг баталгаажуулсан.

13. Харин “Г л” ХХК-ийн тээвэрлэлтийн үлдсэн хэсэг буюу “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайгаас тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тус компанийн хувьд дуусгавар болсон байх бөгөөд тэрхүү үлдсэн нүүрсийг өөр компаниуд тээвэрлэн экспортод гарган Нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээ буюу холбогдох дүнгээр НӨАТ-ыг буцаан авсан байдаг.

14. Бид уг нүүрс буюу нүүрс нь экспортын бүтээгдэхүүн гэдэгтэй маргаагүй хамгийн гол асуудал нь тэрхүү экспортын бараа болох нүүрсийг тээвэрлэн экспортод гаргасан уу үгүй юу гэдгийг анхаарч үзэх шаардлага гарч байгаа. Энэ үндэслэлээр хууль тогтоогчоос ачаа тээврийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.4-д зааснаар экпортод гаргасан эсхүл хилийн дотор салгаж хийсэн гэх үндэслэлээр татварын хувь хэмжээг ялгамжтай байдлаар тогтоосон нь ойлгомжтой байна.

15. Мөн тухайн компанийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоос болоод БНХАУ-д экспортлогдохгүй Цагаан хаданд буулгаад байгаа үйл явдал биш.

16. Мөн Татварын ерөнхий хуулийн 4-д “доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, мөн хуулийн 3.2 “энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж тус тус заасны дагуу олон улсын ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээтэй холбоотой 0 хувь хэмжээг хэрэглэх эсэх харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2, 12.4 дэх хэсгээр зохицуулагдахаар байна.

17. Дээрх байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж буй нь Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол үүсгэх буюу их хэмжээний татварыг буцаан олгох хор уршигтай юм.

18. Татварын ерөнхий газрын УТОХГ-ын 2018-2019 онуудад олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдийн баталгаажуулалтын шийдвэрт Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 7.4 тэрбум төгрөгийн зөрчилд 740.0 сая төгрөгийн буцаан олголтыг бууруулан шийдвэрлэснийг татвар төлөгчид хүлээн зөвшөөрч буцаан олголтын дүнг баталгаажуулсныг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна.

19. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        21. Нэхэмжлэгч “Г л” ХХК-иас “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Таван толгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэсэн үйлчилгээнээс олсон 1,2 тэрбум төгрөгийн орлого нь гадаад улсад бүртгэлтэй буюу “оршин суугч бус” этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанид үйлчилгээ үзүүлж олсон орлого ... /тул/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод ... 0 хувь хэмжээ хэрэглэх” зохицуулалтад хамаарна”, “... /мөн/ хуулийн 12.1.2-т ... олон улсын ачаа тээврийн үйлчилгээнээс олсон орлогод ... 0 хувь хэмжээ хэрэглэх зохицуулалтад хамаарна,  ... 12.4-т заасан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд хамаарахгүй, ... актын холбогдох хэсэг хууль нийцээгүй” гэж маргажээ.

22. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаар актын маргаан бүхий хэсгээр “Г л” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан, ингэхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, үйлчилгээг экспортод гаргасан үйлчилгээ гэж НӨАТ-ын 0 хувиар тооцсон” гэх зөрчил тогтоон, тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээ хэрэглэж тайлагнаж ирүүлсэн орлогоос 1,200,648,078.3 төгрөгийн орлогод ногдох 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг бууруулан баталгаажуулсан, маргааны үйл баримтад холбогдох 1,200,648,078.3 төгрөгийн орлого нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, “Г л” ХХК-ийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордоос “Цагаан хад”-ны гаалийн хяналтын бүс дэх гаалийн баталгаат агуулах хүртэл нүүрс тээвэрлэсний үйлчилгээний орлого бөгөөд уг төлбөр нь гадаад улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компаниас төлөгдсөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

23. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зарим бараа, ажил үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь хэмжээ “0”-тэй тэнцүү байх боломжийг хуульчилсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “албан татварын “0” хувь хэрэглэх” бараа, ажил үйлчилгээг нэрлэн заахдаа тухайн бараа, ажил үйлчилгээг “экспортод гаргасан” байх суурь нөхцлийг хуульчилсан, тухайн тохиолдолд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордоос мөн аймгийн нутаг дэвсгэрт буюу “Цагаан хад” гэх газарт нүүрс тээвэрлэн хүргэсэн “Г л” ХХК-ийн бусад этгээдэд үзүүлсэн үйлчилгээг “экспортод гаргасан үйлчилгээ” гэж үзэх үндэслэлгүй, уг тээвэрлэлтийн гэрээг оршин суугч бус этгээдтэй буюу Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанитай байгуулсан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн тээвэрлэлтийг “экспортод гаргасан” гэж үзэх үндэслэл болохгүй.

24. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” нь “экспортод гаргасан байх” нөхцлийг хангасны үндсэн дээр уг хуулийн “албан татварын “0” хувь хэрэглэх” зохицуулалтад хамаарна, нэхэмжлэгчийн “...  гадаад улсад бүртгэлтэй буюу “оршин суугч бус” этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанид үйлчилгээ үзүүлж олсон орлого ... нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод ... 0 хувь хэмжээ хэрэглэх” зохицуулалтад хамаарна” гэх тайлбар үндэслэлгүй.

25. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэмжээ хэрэглэхээр заасан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн тээвэрлэлтэд мөн хамаарахгүй, давж заалдах шатны шүүх уг хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэж, “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн ...12.1.2, 12.1.4-д заасанд хамаарч байгаа” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй, анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.2, 12.1.4, 12.4 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

26. Иймд, хариуцагч татварын улсын байцаагч Ё.Э-О, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Ц.Тогосмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Ч.ТУНГАЛАГ

                            ШҮҮГЧ                                                       Д.МӨНХТУЯА