Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 23

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “К ” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “Г ” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ү-2206018896 дугаар улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Га,,,лбайртай 16 давхар, үйлчилгээ, зочид буудлын барилга, ******* дүгээр улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн ипотекийг дуусгавар болгон, барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Н.Ц нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г ” ХХК, “К ” ХХК /хуучин нэрээр “Э ” ХХК/ нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/8115005041 дүгээр зээлийн гэрээ байгуулж, нийт 25000000000 төгрөгийг сарын 1.25 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “К ” ХХК /хуучин нэрээр “Э ” ХХК/-ийн өмчлөлийн Ү-2206018896 улсын бүртгэлийн дугаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 байрлалтай, 11980 м.кв талбайтай, 16 давхар, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилга, ******* улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, ******* дүгээр ипотекийн гэрээг байгуулж, барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

“К ” ХХК нь зээлийн үндсэн төлбөр болох 25000000000 төгрөг, зээлийн хүүнд 3658383333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13368055.55 төгрөгийг 2013 онд багтаан төлж дуусгасан.

Талууд нь зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийн үнийн дүн дээр маргаантай байсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01753 дугаар шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийн нийт үлдэгдэл төлбөрийн хэмжээг 4456684363.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 22441371.82 төгрөг, нийт 4479125735.26 төгрөг болохыг тогтоолгосон бөгөөд манай компани энэхүү төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г ны тусгай активын 91410000015 тоот дансанд шилжүүлснээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага бүрэн дуусгавар болсон.

Энэ талаар “Г ” ХХК-ийн зээл хариуцсан дэд захирал Т.Н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 07/1013 дугаар “Барьцааны хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгээр Хан-Уул дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтэст хүргүүлсэн байдаг.

Гэтэл “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г******* гэгч нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01/130 дугаар “Суллах бичиг хүчингүй болгох тухай” албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтэст хүргүүлсэн.

Энэхүү албан бичигт ямар ч үндэслэл, нотлох баримтгүйгээр төлбөрийн маргаантай асуудал дуусаагүй, Т.Н нь банкны дотоод журам зөрчсөн гэж тайлбарлан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас суллахгүй байхыг хүссэн байдаг.

Хан-Уул дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтэс нь “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх хүсэлтийн дагуу манай компанийн хууль ёсны эрх ашгийг хаан боогдуулж хууль, ипотекийн гэрээнд заасан үндэслэл журмыг үл баримтлан өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй хохироож байна.

Иймд “К ” ХХК /хуучин нэрээр “Э ” ХХК/-ийн өмчлөлийн Ү-2206018896 улсын бүртгэлийн дугаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 байрлалтай, 11980 м.кв талбайтай, 16 давхар, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилга, ******* улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нэгж талбарын ******* тоот бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн ипотекийг дуусгавар болгон, барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *******,******* Гандигийн гудамж 39 тоот хаягтай үйлчилгээ, зочид буудлын зориулалттай, 11980 м.кв талбайтай, 16 давхар 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Э / ХХК-ийн бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсээс тус үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн дугаар /хаяг/, газрын гэрээ, гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, барилгын фото болон эскиз зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018896 дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн 000159758 дугаар гэрчилгээ олгосон.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 тоот хаяг бүхий үйлчилгээ зочид буудлын цогцолборын зориулалттай 5000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0231401 дүгээр гэрчилгээтэй газрыг 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Э ” ХХК-ийн Г-гэрчилгээний дугаар олгож өгөхийг хүссэн мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрээ, гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд “Г ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/8115005041 дүгээр зээлийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дүгээр ипотекийн гэрээ бүртгэлтэй байна.

“Г ” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/130 дугаар “Суллах бичиг хүчингүй болгох тухай” албан бичиг хувийн хэрэгт хавсаргагдсан байна.

“Э ” /РД:5159806/ ХХК нь “Г ” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07/1013 дугаар бүхий “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгийг хуулийн этгээдийн мэдүүлгийн хамт 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Бүртгэл статистикийн хэлтэст гаргасан байдаг.

Гэтэл “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г*******ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус хэлтэст хүргүүлсэн 01/30 дугаар “Суллах бичиг хүчингүй болгох тухай” албан бичигт: Зээл хариуцсан дэд захирал Т.Н нь барьцаа хөрөнгө суллах албан бичигт гарын үсэг зурах эрхгүй этгээд бөгөөд барьцаа хөрөнгө суллах зөвшөөрлийг банкны дотоод журмын дагуу зээлийн хорооны шийдвэрээр гаргадаг. Гэтэл Т.Н нь Зээлийн хорооны шийдвэргүйгээр барьцаа суллах зөвшөөрөл олгосон нь банкны дотоод журам зөрчсөн,.... төлбөрийн маргаан дуусаагүй үргэлжилж байгаа тул 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07/1013 дугаар хүчингүй албан бичгээр Ү-2206018896 улсын бүртгэлийн дугаартай 16 давхар үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилга, ******* улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 5000 м.кв эзэмших эрхтэй газрыг барьцаанаас суллахгүй байхыг хүсье гэж дурдсан байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт зөвшөөрлийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно.” гэж заасан байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;” гэж заасан бөгөөд “Э ” /РД:5159806/ ХХК-ийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай гаргасан мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К ” ХХК нь “Г ” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/8115005041 дүгээр зээлийн гэрээ байгуулж, “К ” нэртэй үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийх зорилгоор 25000000000 төгрөгийн зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ******* дүгээр ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-220601889 дүгээр, ХУД-ийн 15-р хороо, Стадион Оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 байрлалтай 11980 м.кв талбай бүхий үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилга, ******* дүгээр ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн ******* дугаар, Хан-Уул дүүрэг, 15 хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрх барьцаалагдсан.

“К ” ХХК-ийн ЗГ/8115005041 дүгээр зээлийн төлөлт дотор 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6518000000 төгрөгийг төлсөн мэт гүйлгээ хийгдсэн байх боловч уг төлбөр нь бодитоор төлөгдөөгүй, “Г ” ХХК-ийн зээлийн мөнгөн хөрөнгийг нэг эзэнтэй компаниуд хоорондоо шилжүүлэх замаар хийгдсэн хууль бус үйлдэл байсан болно. “К ” ХХК болон “А” ХХК нар нь төрөл бүрийн бүтцээр дамжуулан эзэмшдэг нэг хувьцаа зэмшигчтэй бөгөөд тэр нь иргэн Т.Г юм.

Дээрх шилжүүлгийг хийхдээ “Алтандорнод Монгол” ХХК нь “Г ” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/8115006300 дугаар “Биет алт худалдан авах, урьдчилгаа төлбөрийг зээлээр олгох гэрээ” байгуулах замаар Г наас зээлсэн ба уг зээлийн зориулалт нь “Биет алт худалдан авах урьдчилгаа төлбөр” байсаар байхад Т.Ганболд нь уг хөрөнгийн зориулалтыг зөрчин өөрийн эзэмшлийн компани болох “К ” ХХК-ийн зээлд шилжүүлэх гүйлгээ хийж, өөрийн дураар нэг компанийхаа зээлийг нөгөө рүү шилжүүлсэн.

Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.10-д зааснаар зээлийн хөрөнгөөр өөр чанаргүй зээлийг хаахыг хориглодог байна.

Нэгэнт зээлийн төлбөр төлөгдсөн эсэх нь маргаантай, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа үед барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл байхгүй юм. Г ны зээлийн бодлого, журмын хүрээнд зээл хариуцсан дэд захирал нь төлөгдөж дууссан, маргаангүй зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрхтэй бөгөөд төлөгдөж дуусаагүй, маргаантай зээлийн хувьд барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрхгүй юм. Тиймээс “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирал түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон нь бүрэн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“К ” ХХК-иас гаргасан “Ү-2206018896 дугаар улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 байрлалтай, 11980 м.кв талбайтай 16 давхар, үйлчилгээ, зочид буудлын барилга, ******* дүгээр улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн ипотекийг дуусгавар болгон, барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.

ЗГ/8115005041 дүгээр зээлийн гэрээгээр “К ” ХХК нь 25000000000 /хорин таван тэрбум/ төгрөгийн зээл “Г ” ХХК-иас авч, ******* дүгээр ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Гандигийн гудамж 39 байрлалтай, 11980 м.кв талбайтай үйлчилгээ, зочид буудлын барилга, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаа эзэмших эрх зэргийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч барьцааны гэрээг дуусгавар болгохоор нь “Г ” ХХК-ийн зээл хариуцсан дэд захирал Т.Н гийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07/1013 дугаар албан бичгийг  хавсарган 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлгийг хариуцагч Г ны гүйцэтгэх захирал Ө.Г*******ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/130 дугаар албан бичгийг үндэслэн буцаасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1.-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт...үндэслэн барьцааг дуусгавар болгоно.”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 7.9.-д ”...үүрэг гүйцэтгүүлэгч, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэнэ...” гэж заасантай нийцсэн байна. 

Учир нь хуулийн дээрх заалтаар барьцаалагч, барьцаалуулагч хамтран хүсэлт гаргах бөгөөд Г ны гүйцэтгэх захирал Ө.Г*******ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/130 дугаар албан бичгээр зээл хариуцсан дэд захирал Т.Н гийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07/1013 дугаар албан бичгээр барьцааны эрх бүртгүүлснийг цуцлах хүсэлт гаргасныг хүчингүй болохыг дурдаж үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилга, газар эзэмших эрхийг суллахгүй байхыг хүссэн нь барьцаалагч хүсэлт гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. 

Дээр дурдсан хуулийн заалтаар нэг талын хүсэлтгүйгээр барьцааг чөлөөлөх боломжгүй тул хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн барьцаанаас чөлөөлөхөөс татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэдэг бөгөөд “...Г ны гүйцэтгэх захирал Ө.Г*******ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа гаргасан албан бичиг хүчингүй, зээлийн төлбөр тооцоо дууссан...”  гэх нэхэмжлэгч талын үндэслэл нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1.-д заасныг баримтлан “К ” ХХК-иас гаргасан “Ү-2206018896 дугаар улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Стадион оргил /17011/,******* Гандигийн давхар, үйлчилгээ, зочид буудлын барилга, ******* дүгээр улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн ипотекийг дуусгавар болгон, барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН