Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0574

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0574

Улаанбаатар хот

“Ц Ш” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ц Ш” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12 дахь хэсгийг баримтлан “Ц Ш” ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Шоовдор давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3-д хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” эрхийг хайгуулын зөвшөөрөл эзэмшигч эсхүл уг талбайд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж, зардал гаргаж, бодитоор эзэмшиж байсан этгээд эдэлдэг.

        “Г Х” ХХК-д маргаан бүхий актаар олгогдсон талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг өмнө нь удаа дараа гарган хүсэл зоригоо илэрхийлсээр байсан атал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “...Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох” үед сонгон шалгаруулалтад оролцох эрхийг шууд хязгаарласан.

        ... Нэхэмжлэгчийн хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэж байсан эсэх болон нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан хайгуулын талбайн хэмжээний талаарх нотлох баримтыг огт цуглуулаагүй, маргаан бүхий талбайн орчимд улсын төсвийн хөрөнгөөр хэчнээн га талбайг хамарсан хайгуулын ажил гүйцэтгэсэн болохыг тодруулалгүй Хөтөл-2 нэртэй ордыг нэхэмжлэгчийн одоо эзэмшиж буй МV-015249 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаар хязгаарлагдах мэтээр дүгнэсэн ... нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. ... Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тусгайлан хуульчилсан.

        Гэтэл 2015 оны 05 сарын 28-ны өдөр манай компаниас гаргасан маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтэд ямар нэгэн хариу ирүүлээгүйгээс гадна энэ үед хариуцагчийн дурдсан өргөдлийг цахимаар авах хөтөлбөр нь хэрэгжиж эхлээгүй байсан болно. Гэсэн атал энэхүү зөрчилтэй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд хэрэв өргөдөлд хуульд заасны дагуу хариу ирүүлсэн гэж үзэж байгаа бол энэ талаар баримтыг цуглуулж, нотлох үүргээ биелүүлээгүй. ... Ашигт малтмалын тухай хуулийн 18.2 (тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зохицуулалт) дэх хэсгийг дангаар хэрэглэн энд заасан “...баримтыг бүрэн бүрдүүлж хавсаргаагүй тохиолдолд хүсэлт гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэхдээ хуулийн уялдаа холбоо бүхий хэд хэдэн заалтаас зөвхөн нэг зохицуулалтын хэрэглэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

        ... Захиргааны байгууллага энэхүү үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас өргөдлөө залруулан гаргах эрхээ алдсан байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзан хариуцагч, гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу хэрэглэсэн.

        ... Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор олгосон хэдий ч тогтоолд тусгагдсан бүх талбайд өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгож болох агуулгагүй юм. ... Маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь бүхэлдээ Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаа болсон.

        ... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ/2018/0550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг бүрдүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

        Гуравдагч этгээд “Г Х” ХХК Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Шохойт” нэртэй газарт 38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7/3470 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, аймгийн Засаг дарга хариу ирүүлээгүй тул хариуцагч албан тушаалтан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр “Г Х” ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шохойт” нэртэй 37,88 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

        Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Барилгын материал-техникийн баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” 232, 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Цементийн шинэ завод барихтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” 10, 1978 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цементийн заводын техник-эдийн засгийн үндэслэлийг батлах тухай” 67 тогтоолуудын дагуу улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж, түүний үндсэн дээр тухайн үеийн Засгийн газраас судлагдсан ордуудыг түшиглэн Хөтөлийн Ц Ш-н үйлдвэрийг байгуулжээ.

        Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар тушаал[1]-аар 1978 онд хүлээн авсан нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлээс хасч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07-01 дүгээр дүгнэлт[2]-ээр “Хөтөл-2” ордын шохойн чулууны бодитой /В/ нөөцийг 12,331,315.7 тонн, боломжтой /С/ нөөцийг 3,365,483.6 тонн, нийт 15,696,799.3 тонноор хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн н/134 дүгээр тушаал[3]-аар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 11-03 дугаар дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, “Хөтөл-2” шохойн чулууны ордын “Хөтөл-2” нэртэй ”Ц Ш” ХК-ийн MV-015249 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайд хамаарагдах геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ.

        Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар тус тус олгохоор заажээ.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий буюу гуравдагч этгээд “Г Х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь дээр дурдсан талбай нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн буюу сонгон шалгаруулалтын, эсхүл өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайн алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

        Хариуцагчаас Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 106 дугаар тогтоолуудаар тусгай зөвшөөрөл олгох талбайд зарлагдсан гэх боловч энэ нь шууд өргөдлөөр олгох талбай гэх үндэслэл болохооргүй байна.

        Анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнэлт өгөх шаардлагатай.

        Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2602 дугаар шийдвэрээр[4] “Ц Ш” ХХК-д олгосон Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Хөтөл-2” нэртэй 61 га хайгуулын талбайд 18798Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу олгогдсон талбай хамаарахгүй байж болох ч тухайн талбай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлын хүрээнд судалсан ордод хамаарч байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай, мөн нэхэмжлэгч маргаан бүхий талбайг давхцалтай талаар маргаж байгаатай холбогдуулж энэ талаар тодруулах шаардлагатай.

        Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газар 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4-5188[5], 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-148[6] дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “Ц Ш” ХК-д цуцлагдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд дараагийн сонгон шалгаруулалтад оролцож, тусгай зөвшөөрөл авах боломжтой талаар мэдэгдэж байсны учир шалтгаан, тус компанийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/508, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг тэлэхээр гаргасан хүсэлтүүдэд хариу өгөөгүй атлаа маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд “Г Х” ХХК-д өргөдлийн журмаар дээрх нөхцөл байдлыг үл харгалзан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг анхаарч дүгнэлт өгөхөөр байна.

        Үүнээс гадна Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолын хавсралтын өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлуудад хамаарч байгаа эсэхийг анхаарч дүгнэлт өгвөл зохино.

        Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                                ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 


[1] 1 дэх хавстын 133 дахь тал

[2] 1 дэх хавстын 134 дэх тал

[3] 1 дэх хавстын 125 дахь тал

[4] 1 дэх хавтсын 210 дахь тал

[5] 1 дэх хавтсын 242 дахь тал

[6] 1 дэх хавтсын 241 дэх тал.