Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 449

 

Г.Б, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 422 дугаар магадлалтай, Г.Б, Ц.Б нарт холбогдох 1802005790310 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга болон шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.Б,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Загал овогт Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ц.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ял шийтгэж,

шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдний тус бүрийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн хүүхэд Бийн Есүнхэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 8 дахь заалтуудад “Г.Буянжаргал” гэснийг “Г.Б” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Ц.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бэд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2, 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдийг, Ц.Бийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалаагүй, ургуулаагүй нь гэрч Ц.Б /хх-30/, О.Х /хх-60/, У.Т /2хх-124/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар өмгөөлөгч миний саналыг няцааж дүгнэсэн талаарх үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүйгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл заалтыг хэрэглэх нь шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

Хууль бусаар тариалж ургуулсан гэх “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлын гарал, олж авсан эх үүсвэрийг шалгаж тогтоогоогүйгээс гадна уг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулахад Ц.Б нь ямар санаа зорилго, үйлдлээрээ Г.Бтай бүлэглэн үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Иймд Ц.Бийг Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй байдлыг бий болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх заасан “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго нар хамтран гаргасан гомдолдоо: “...Г.Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгч ирсэн. Харин шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис болох өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар тариалж ургуулсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Г.Б сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох ургамлыг ямар нэгэн байдлаар өөрөө тарьж ургуулаагүй бөгөөд Ц.Бийн “...гэртээ түр хугацаагаар байлгаж өгөөч” гэж гуйсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ц.Б, У.Тэмүүжин нарын хамт өөрийн гэртээ зөөж оруулж тавьсан байдаг. Энэ нь гэрч У.Тэмүүжин, н.Энэрэл нарын мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрийн байрны орцны камерын бичлэгээр тус тус нотлогдоно.

Гэрч У.Т нь “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ц.Бийн хамт түүний гэрээс дээрх ургамлыг Г.Бынд өөрийн машинаараа зөөвөрлөж аваачсан” гэж, гэрч н.Энэрэл нь “...Г.Бтай 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ үед бид гэртээ ямар нэгэн ургамал тариалж, ургуулж байгаагүй, харин намайг 2018 оны 11 дүгээр сард гэртээ ирэхэд ургамал байсан ба энэ юун ургамал болох талаар асуухад Ц.Бийнх, түр хадгалуулж байгаа юм гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотловол зохих ажиллагааг бүрэн дүүрэн нотлоогүй байхад Г.Быг Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийг зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж хүний эрхийг дордуулсан үйлдэл болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан ял шийтгэл нь тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байх ёстой бөгөөд Г.Бын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар тарьж ургуулсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдохгүй, хэн нь тарьж ургуулсан гэдэг нь эргэлзээтэй байхад хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Г.Б нь БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж элэгний 68 хувийг тайруулж, өөрийн төрсөн эхдээ донор болсон бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгчдэгчийн гэм буруутай эсэхийг түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Б нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй ургамлыг тарьж ургуулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг хэлсэн саналдаа: “Г.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис болох өвс гэх нэршилтэй мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар тариалж ургуулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу нотловол зохих ажиллагааг бүрэн дүүрэн нотлоогүй байхад Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Харин Г.Б нь тухайн бодисыг гэртээ хадгалсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Гэрч У.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ургамлыг Ц.Бийн гэрээс зөөж Г.Бын гэрт хүргэсэн тухай мэдүүлдэг бөгөөд байрны камерын бичлэгээс тодорхой харагддаг. Мөн гэрч н.Э нь “Г.Бтай 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ үед бид гэртээ ямар нэгэн ургамал тариалж, ургуулж байгаагүй. Харин намайг 2018 оны 11 дүгээр сард гэртээ ирэхэд ургамал байсан ба ургамлын талаар асуухад Ц.Бийнх, түр хадгалуулж байгаа гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад хэт хүнд ял оногдуулсан. Г.Б нь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж элэгнийхээ 68 хувийг тайруулж, өөрийн төрсөн эхдээ донор болсон бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь нотлогдоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Солонго хэлсэн саналдаа: “...Г.Б 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баригдсанаас хойш сэтгэл санаа болон бие эрхтний хувьд маш хүнд байдалд байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан бидний гаргасан гомдлыг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Г.Б, Ц.Б нарт холбогдох хэрэгт прокуророос 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр хоёр удаа яллах дүгнэлт үйлдсэн. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн яллах дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй буюу тариалсан, ургуулсан үйлдлийг нэмж шалгуулах, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтад өөрчлөлт ороогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дээрх хоёр зүйл, хэсгээр ял оногдуулсан. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр шүүгдэгч нарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад тэдний гэрүүдээс “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн ургамал илэрсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар тухайн ургамлыг ургуулахын тулд агааржуулалтын хоолой, зохиомол гэрэлтүүлэг хийсэн байсан. Мөн шүүгдэгч нар нь ургамлаа хэрхэн тордох, услах талаар хоорондоо харилцсан мессэж хэрэгт авагдсан. Шүүх Г.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга болон шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер Стоун хотхоны 24Б байрны 910 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “тетрагидроканнабиналын” агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан,

Шүүгдэгч Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 байрны 17 тоотод сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Ц.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Ц.Б, Г.Б нар нь хамтран “өвс” гэх нэршилтэй ургамлыг гэртээ нууцаар тарьж ургуулан хэрэглэж байсан нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тэдний биеэс биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг шалгаж тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-16/, шүүгдэгч нарын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-31/, мөн шүүгдэгч нар нь facebook messenger-ээр тухайн ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар бие биедээ илгээсэн зурвас /1хх 32-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 45-46/, У.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 161-166/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга болон шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго нарын Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 422 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга болон шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН