Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч Ц.Я- түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,  

шүүгдэгч Д.Г- түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

гэрч З.Очирпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жавхлант овогт Даваасүрэнгийн Г-д холбогдох эрүүгийн 1805001130043 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хороо, ............. гудамж, ......... тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 489 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Жавхлант овогт Даваасүрэнгийн Г-

Шүүгдэгч Д.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... дугаар байрны ......... орцны жижүүрийн байранд хамтран амьдрагч Ц.Я-ыг “хоол ундаа хийгээгүй” гэж шалтаглан зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Я-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед эмээгийндээ хоол идээд сууж байхад Я- хүүхдээ дагуулаад орж ирээд намайг явъя гэсэн. Би явахгүй гэж хэлсэн. Я- чамд хэлж ярих, үзүүлэх зүйл байна гээд намайг авч явсан. 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой очоод бэлгийн харьцаанд зүгээр орсон. 2017 оны 12 дугаар сарын 4-ны өглөө маргалдаад миний хажуунаас хатгаад байхаар нь би гарч яваад эмээгийндээ очсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Я- мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр охинтойгоо хамт байсан. Өглөө ажилаа хийх гээд Д.Г-д охиноо харуулаад 2 орц цэвэрлээд ирэхэд уурлаад хэрүүл хийгээд гараад явсан. Би охиноо дүүгийндээ хүргэж өгсөн. Орой охиндоо байгаа хоолны материалаар бантан хийж өгөөд сууж байхад Д.Г- 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд “чи хоолоо хийхгүй хэнтэйгээ янхандаад хэнийгээ орон доогуур нуугаад байгаа юм” гээд Д.Г- орон доогуур харснаа “би яг одоо чамтай бэлгийн харьцаанд ормоор байна” гээд миний өмдийг хүчээр тайлаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед охин хажууд байсан. Би “охин чинь хажууд чинь байна” гэж хэлэхэд “ямар хамаатай юм” гэсэн. Би “бэлгийн харьцаанд орохгүй” гэж хэлэхэд намайг цохисон. Тэр орой Д.Г- хоноод өглөө гарч яваад Дэнжийн мянгын найзуудтайгаа архи ууж байгаад орой ирсэн. Би Д.Г-г тухайн өдөр очиж аваагүй. Өмнө нь очиж авч байсан. Эмээ нь над руу залгаад “Д.Г- гэртээ ирэхгүй байна архи ууж байгаад хөлдөөд үхсэн байвал чамтай хариуцлага тооцно” гэж хэлэхээр нь миний хоёр хүүхдийн эцэг юм даа гээд гэртээ авчирч байсан” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Г-г 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн байранд хамтран амьдрагч Ц.Я-ыг “хоол ундаа хийгээгүй” гэж шалтаглан зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэнд зөвхөн “Ц.Я-ыг “хоол ундаа хийгээгүй” гэж шалтаглан зодож” гэсэн ганцхан үйлдэл бичсэн атлаа байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Д.Г- нь Ц.Я-ыг хэзээ, хаана, хэдэн удаа зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан нь тодорхойгүй, мөрдөн шалгаж тогтоогоогүй, тэр талаарх нотлох баримтууд хэрэгт байхгүй байна.

Улсын яллагчаас хэрэгт авагдсан “Хайлтын систем” гэх баримтанд дурьдагдсан зөрчлийн талаарх мэдээллүүдийг “байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэдгийг нотлож байна гэж байгаа боловч энэ мэдээллүүдээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрх “хайлтын систем”-д агуулагдсан мэдээллүүдээс хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн мэдээлэл байх бөгөөд “Гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулж, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Иймд Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэж яллагдагчаар татсан хэргийг гэмт хэрэг тооцохгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн байранд 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Я-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Я-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “... Тэгээд орой 23:00 цагийн орчим Г- нь халамцуу байдалтай ирээд намайг унтаж амрах гэтэл “би чамтай секс хийе” гээд байхаар нь  би “чамтай унтаж хэвтмээргүй байна” гэж хэлэхэд Г- нь “чи хэнтэйгээ хийгээд байдаг янхан, гичий вэ” гээд намайг алгадаж хойш унагаад миний хувцсыг тайлаад доошоо харуулж хэвтүүлж байгаад миний дээр гараад хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 205 тоот дүгнэлтэд:

Цэнгэлмаагийн Я- урьд нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Цэнгэлмаагийн Я- нь сэтгэл зүйн хямралын улмаас дасан зохицолтын эмгэг, хөнгөн сэтгэл гутралтай болсон байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Ц.Я- нь одоо сэтгэцийн хувьд F 42.2 дасан зохицолтын эмгэгүүд оноштой байна. Ц.Я- нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас дасан зохицолтын эмгэг үүссэн байна гэжээ” гэсэн баримт /хэргийн 92-93 дугаар хуудас/ баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн  гэж үзлээ.            

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан мэдүүлэг авсан тул мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Г-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулах тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэж яллагдагчаар татсан хэргийг гэмт хэрэг тооцохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Жавхлант овогт Даваасүрэнгийн Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон зүйлчилсүгэй.

 

3. Жавхлант овогт Даваасүрэнгийн Г-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Г-г 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хохирогч Ц.Я- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ