Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/658

 

2026           05             22                                                                       2026/ДШМ/658

 

                                             Б.М-д холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/854 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох эрүүгийн 2505000001999 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И- овогт Б-ийн М-, 1978 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, ......... тоотод оршин суух бүртгэлтэй,

1/Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 314 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2/Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 3 сар 15 хоногийн  ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 

3/Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4/Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

5/Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

6/Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

7/Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

8/Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

9/Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 3 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар үлдэх 5 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үлдэх 5 жил 2 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 жил 7 сар 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ФБ-/;

Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Барс” захын модон гүүрэн дээр Х.Д-ийг “Э.О-ыг зодлоо” гэх шалтгаанаар зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боосны улмаас амь хохирогч нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: И- овогт Б-ийн М-г “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.М-гийн цагдан хоригдсон 160 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт гэх хяналтын камерын бичлэгтэй Н.Э-ын хамт танилцаж, дараа нь өмгөөлөгчтэйгээ танилцахад засвар хийж, өөрчлөлт оруулсан байсан. Тухайлбал, амь хохирогчийн үхэлд хүргэсэн механик амьсгал бүтэлт буюу боолт нь дан ганц надаас шалтгаалж буй мэтээр худал харагдуулахаар зассан байсан. Би амь хохирогч Х.Д-ийг шатан дээр суулгаад, өөдөөс нь хараад юм яриад зогсож байхад Н.Э- хажуугаар орж ирэн ороолтоор нь боож, элэг рүү нь цохисон. Гэвч мөрдөн байцаалтын шатанд засвар хийгдсэн камерын бичлэгт дан ганц намайг амь хохирогч Х.Д-ийг заамдаж байгаагаар худал харуулж, Н.Э- нь зүгээр хараад зогсож байгаагаар зассан байна. Н.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Н.Э- нь хохирогчийг цохиж, боосон нь нотлогддог. Мөн миний боосон заамдалтаас болсон уу, эсвэл Н.Э-ын боолтоос болсон уу гэдгийг тогтоогоогүй. Хохирогч болсон үйлдлийн дараа надтай шатан дээр суугаад, амьд байсан. Хохирогчийн нас барсан шалтгаан нь Н.Э-ын үйлдлээс болсон гэж үзэж байна. Би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар удаа дараа хэлж байсан боловч шүүх авч хэлэлцээгүй. Иймд Төмөр замын байгууламжийн мэдэлд хамаарах хяналтын камерын бичлэгийг эх хувиар нь, засваргүйгээр, дахин гарган авч, нарийн шалгаж өгнө үү. Мөн Н.Э-ыг эргүүлэн яллагдагчаар татаж шалган, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, ...надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хяналтын камерын бичлэгийн асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ярьсан. Шүүх энэ асуудлыг хүлээж авалгүйгээр гэм буруугийн хуралдааныг зарлаж, Б.М-г гэм буруутай байна гэсэн шийдвэр гарсан. Б.М- “миний боолтоос болж нас барсан байхыг үгүйсгэхгүй, би боосон хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Төмөр замын удирдах газарт хүсэлт гаргахад “манайх 1 сар л хадгалдаг, тухайн үед цагдаагийн байгууллагад энэ бичлэгийг гаргаж өгсөн” гэсэн зүйлийг хэлсэн. Энэ бичлэгт засвар орсон гэснийг нотлох баримт байхгүй. Гэхдээ ямар ч байсан би үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцоно. Бид хоёр энэ талаар маш олон удаа уулзаж, олон зүйлийг ярьсан. Уг нь өөрөө бол “би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай зүйл ярьдаг. Гэтэл бид хоёрын ярьж байснаас арай өөрөөр давж заалдах гомдол бичигдээд, ороод ирсэн байна. Тэгэхээр хорих ангид дотор нь байгаа хүмүүс л янз янзын зөвлөгөө өгөөд, ийм юм бичүүлээд байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Яг Б.М-гийн тухайд өөрийнх нь хүсэж байгаа зүйл бол ялынх нь хэмжээг багасгах тухай асуудал юм. Иймд түүнд энэ зүйл ангид заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх камерын бичлэгийн асуудал болон Н.Э-ыг татаж шалгах асуудал яригдсан. Хэрэгт Н.Э-ыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол байгаа. Н.Э-ыг дахин шалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин сэргээх үндэслэлгүй. Шүүгдэгчийн тухайд энэ тогтоолоор ял шийтгэгдэхээсээ 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байсан. Энэ хугацаандаа хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг харуулж байна. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцсэн, гомдолд нь дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Барс” захын модон гүүрэн дээр Х.Д-ийг “Э.О-ыг зодлоо” гэх шалтгаанаар зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боосны улмаас амь хохирогч нь амьсгалын хурц дутагдалт орж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Э.О-ын “...би “Алтай” хотхоноос автобусанд суугаад харилаа” гэхэд Х.Д- “битгий худлаа хуцаад бай” гээд  намайг үсдээд, баруун нүд рүү цохиод, гүүрэн дээр унагасан. Би нүдээ дараад, уйлаад, доошоо гүүрээр буусан. Намайг бууж байхад З- Х.Д-ид “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэж хэлж байсныг сонссон. Би доошоо буугаад, нүдээ дараад байж байхад В.С- над дээр ирээд “З- М-г ороолтоор нь боогоод байна” гэж хэлсэн. ...бид хэд урагшаа 200 метр зайд явж байхад З- “хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд хамт ирсэн эрэгтэй хүний хамт явсан. ...гүүрэн дээр 2 цагдаа ирсэн байсан. Тэрийг хараад З-, найзын хамт “Барс”-ын баруун урд зүг рүү, дундуур замаар зугтаасан. ...” /1-р хх 51-53/,

гэрч В.С-ын “...бид нар “Барс”-ын гүүрэн дээр алхаж байхад М- араас гүйж ирээд, Э.О-ыг үсдээд, нүүр рүү нь нэг удаа цохисон. М- ирээд М-г “чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм?” гэж уурлаад, М-гийн хүзүүнд байсан ороолтоор хоолойг нь нэлээн удаан боогоод байхаар нь Э.О- бид хоёр “болиоч” гэхэд Улаан Б- бас ирээд хавирга хэсэг рүү нь нэг удаа цохисон. Э.О-, бид хоёр салгаад, М-, Улаан Б- хоёрыг аваад гүүрнээс буусан. Тухайн үед М- шатан дээр суугаад, их эвгүй царайтай болоод үлдсэн. ...” /1-р хх 56-58/,

гэрч Н.Э-ын “...бид нар архи ууцгааж байхад Х.Д- Э.О-тай муудалцаад байсан. Э.О- “би харимаар байна, намайг автобусны буудал дөхүүлээд өгчих, би энэ М-гоос холдмоор байна” гэж хэлсэн. Гүүр өгсөөд В.С-, Э.О- хоёр түрүүлж алхаад, Б.М- бид хоёр араас нь явж байтал М- хажуугаар гэнэт гарч ирээд урд явсан Э.О-ыг үснээс нь зулгаагаад, нүүр рүү нь цохиод унагаасан. Энэ үед Б.М- ирээд Х.Д-ид “чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа п**** вэ?” гээд араас нь барьж аваад Х.Д-ийн зүүж явсан саарал өнгийн ороолтоор хойноос нь боосон. Би Х.Д-ийг газар хэвтсэн байхад нь нэг удаа л өшиглөсөн. Тухайн үед доороос түүхий эдийн цэгийн хүн “хөөе, наад хүнээ болиоч ээ” гээд орилоод байсан. ...Би Б.М-г араас нь татсан чинь гараа тавиад, бид хэд доошоо буусан. Х.Д- тэндээ хэвтээд үлдсэн. ...” /3-р хх 3-5/,

Б.М-гийн яллагдагчаар өгсөн “...би Х.Д-ийг Э.О-ыг зодох үед нь салгаж, заамдаж, боож, татаж унагаасан. ...Х.Д- хамтран амьдрагч хүүхнээ зодоод байсан болохоор болиулахаар татсан. Тэр үед л ороолт нь гарт ороод, давхар боолт орсон юм шиг байна. Би түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” /3-р хх 59-61/ гэсэн мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...В.С-, Э.О- нар шатаар буух хэсгийн ирмэгт ирэхэд араас нь амь хохирогч Х.Д- ирээд Э.О-ыг шууд цохиж байгаа байдал бичигдсэн байв. М.М- нар араас нь ирж, Н.Э- хоёр гараа халаасандаа хийж зогсоод, М.М- амь хохирогч Х.Д-ийг заамдан ороолтоос нь татаж байгаа байдал бичлэгт бичигдсэн байв. ...хохирогч Х.Д-ийг М.М- араас нь боосон хэвээр байх бөгөөд Н.Э- нүүр хэсэгт нь дэвсэж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 03 минут 36 секундээс 04 минут 32 секундийн хооронд амь хохирогч хэвтсэн байдалтай, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх бөгөөд М.М- шатаар өгсөн амь хохирогч дээр ирж байв. Амь хохирогчийн цогцсыг М.М- хөдөлгөж, дээш нь харуулж байрлуулаад, орхиод шатаар бууж байгаа бичлэг бичигдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 181-185/,

“...Амь хохирогч Х.Д-ийн цогцост хүзүү, хоолойд хөндлөн, задгай боолтын дарагдлын ором, духанд цус хуралт, баруун хацар, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хүзүү хоолой дахь задгай дарагдлын ором нь хагас зөөлөн эдээр үүсгэгдэх боломжтой, нас барсан тухайн цаг хугацаанд үүссэн, үхэлд нөлөөлсөн шинэ гэмтэл байна. ...Духны цус хуралт, баруун хацар, доод уруулын зулгаралт гэмтлүүд нь эсэргүүцэн тэмцэлдэх үед үүсэх боломжтой. Амь хохирогч нь амьд ахуйд үүссэн механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан. ...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3412 дугаар дүгнэлт /1-р хх 191-195/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн ороолтноос цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус. ...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7420 дугаар дүгнэлт /3-р хх 8-9/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 27-30/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 31-33/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 116-119/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.М-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Э.О-ыг зодлоо” гэх шалтгаанаар Х.Д-ийн хоолойг ороолтоор нь боосны улмаас амьсгалын хурц дутагдалт оруулж хүнийг санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М- “...хяналтын камерын бичлэгийг засварласан, Н.Э-ын үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан тул Н.Э-ыг дахин шалгах, надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

            1.Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Н.Э-ыг Б.М-тай бүлэглэж “Э.О-ыг зодлоо” гэх шалтгаанаар Х.Д-ийг зүүж явсан ороолтоор нь боох, цээж хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Н.Э-аас мөн өдөр яллагдагчаар мэдүүлэг авч, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан Э.О-, В.С- нараас гэрчээр мэдүүлэг авч, “Улаанбаатар төмөр зам”-ын “Дохиолол холбооны 2 дугаар анги”-ийн хяналтын камерын бичлэг зэрэгт хуульд заасан журмын дагуу үзлэг хийж, улмаар прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Н.Э- нь Б.М-тай бүлэглэн амь хохирогчийн цээж хэсэгт нь өшиглөх, цохих, боох зэрэг үйлдлээр алсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримт буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан Н.Э-ын амь хохирогчийг цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж байгаа үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.” гэж дүгнэн яллагдагч Н.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Э-ыг гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн түүнд холбогдуулан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулсан, улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжилсний үндсэн дээр Н.Э-ын амь хохирогчийн толгой хэсэгт цохисон, өшиглөсөн үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэх шалтгаан болоогүй, харин “Хүний биед халдах” зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.Хэрэгт “Улаанбаатар төмөр зам”-ын “Дохиолол холбооны 2 дугаар анги”-ийн хэрэг гарсан газар руу харсан хяналтын камерын бичлэг бүхий СиДи, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 120-124/ авагдсан ба тухайн бичлэгт дүрслэгдэж буй үйл явдлыг илүү тодруулахын тулд мөрдөгчөөс шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1530 дугаар дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн DVD-д бичигдсэн ...дүрс бичлэгийг тодруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 10-22-2025 Wed 12:49:48-12:58:28 секунд хүртэлх дүрс бичлэгийг 3.5 дахин томруулж, тодруулан DVD-д хуулбарлан хүргүүлэв. ...” гэсэн ба тухайн DVD буюу Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчээр сэргээлгэсэн камерын бичлэг бүхий СиДи, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-181-185 тал/  зэргээс үзэхэд хяналтын камерын бичлэгийг өөрчилсөн, засварласан, бичлэгт дүрслэгдэж буй үйл явдлыг зөрүүтэй тодорхойлсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хохирол учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 11 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М- нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 53 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/854 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ

 

   ШҮҮГЧ                                                        Н.БАЯРМАА

 

   ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН