Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Х.Э- түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал,

хохирогч Р.Г-,

гэрч Г.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хабчин овогт Хүрэлбаатарын Э-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 18050007800251 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ............. ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо .... дугаар байр ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хабчин овогт Хүрэлбаатарын Э-.

 

Шүүгдэгч Х.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Батболдод Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн 1.242.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Р.Г-өөс Солонгос улсын виз гаргаж өгнө гэж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд Ар хороололд байрлах Хаан банкаар урьдчилгаа болох 320.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 5.320.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.Э- мэдүүлэхдээ: “Батболдын найз Уранчимэг нь манай найз юм. Анх Уранчимэгийн Солонгос улсын виз гаргах гээд  Ким Тэ Пак гэх хүнд материалыг нь өгөхөд гарсан учраас би итгээд Батболдын мөнгийг авсан. Тэгээд визийг нь гаргаж чадаагүй учраас би өөрөөс мөнгийг нь гаргаж буцааж төлсөн.

Би Г-тэй Цолмон гэх найзаараа дамжуулж танилцсан. Г- бид хоёр үерхдэг уулздаг байсан. Би Г-өөс 5.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Тэгээд Цогнямтай хамт Ким Тэ гэдэг хүнд мөнгийг аваачиж өгсөн. Би мөрдөн байцаалтын шатанд тэр мөнгийг хувьдаа ашигласан гэж мэдүүлэг өгсөн. Учир нь 4 дүгээр сарын 20-ны өдөр миний ээж харвасан ба 5 дугаар сард намайг цагдаагийн газар дуудахад эмнэлэг дээр байсан учраас нэг удаа очиж чадаагүй. Тэгээд хоёр дахь удаад би Мөнхдорж байцаагч руу өөрөө утсаар яриад очсон. Би Мөнхдорж байцаагч “манай ээж харвасан учраас эмнэлэг дээр байгаа” гээд үнэн учраа хэлэхэд “худлаа ярь, чамайг шүүхийн зөвшөөрөлгүй хорино” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “худлаа яриагүй та эмч рүү яриад үз” гэж хэлэхэд эмч рүү утсаар яриад манай ээжийн харвасан эсэхийг үнэн үү гэж асуусан.

Би байцаагчид “би байцаалтаа өгчихье, надад дахин дахин ирэх боломжгүй байна” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм, чи гэмт хэрэгтэн учраас өглөө бүр 10 цагт ирж надад байцаагдана” гээд Ким Тэ гэх хүн хаана байгааг асуусан. Би түүнд сайн мэдэхгүй гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэгтэл “чи нэгэнт хохирогчтой дотно харьцаатай байсан юм чинь гайгүй байх, тэрнээс авсан мөнгөө хувьдаа ашигласан гээд хэлчихвэл хэрэг чинь хурдан шийдэгдээд чамайг байн байн дуудахгүй” гэж хэлэхээр нь тухайн мөнгийг хувьдаа ашигласан гэсэн мэдүүлэг өгсөн.

Мөн би өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэж хэлсэн. Дараа нь байцаалт өгөхөөр очсон байхад ээжийн бие муудлаа гээд эмнэлгээс дуудахаар нь байцаагчид “ээжийн бие муу байна гэж байна, би эмнэлэг рүү явах гэсэн юм” гэхэд “чи тийм юм байхгүй, энд хүлээгээд сууж бай” гээд өдрийн 15 цагаас 18 цаг хүртэл суулгаад ажил тарлаа гээд явчихсан. Намайг хүчээр худал мэдүүлэг өгүүлсэн. Би Цогнямтай хамт Г-ийн мөнгийг данснаасаа аваад Ким Тэ гэдэг хүнд бэлнээр өгсөн. Би энэ талаар Мөнхдорж байцаагчид хэлж байсан.

Ээж нас барсны дараа байцаагдахдаа “ээж нас барсан” гэж хэлэхэд “дэмий юм яриад бай, наанаа сууж бай, би эмчтэй нь ярьж асууна” гэж хэлж байсан. Хүн ээжийгээ нас барчихлаа гэж худлаа яриад хүн залилна гэж юу байх вэ. Надад хүний мөнгийг залилъя гэсэн бодол байгаагүй. Нэгэнт хүний мөнгийг авсан болохоор өөрөө төлнө гэж бодож байсан. Надад асуудал гарсан учраас өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Г- мэдүүлэхдээ: “Би Э-тэй Цогнямаар дамжуулж танилцсан. Цогням тухайн үед надад Э-тэй хавар танилцаж байсан  гэж хэлсэн. Э-т мөнгө өгсний дараа асуухад Э-тэй танилцаад 2-3 жил болж байна гэж хэлсэн. Би тэр үед жоохон эргэлзэж байсан. Э- 21 хоногийн дотор Солонгос улсын виз гаргана гэж мөнгө авсан. Би Э-т мөнгө өгснөөс хэдэн өдрийн дараа визний материал бүтэх гээд байгаа юм шиг байхаар нь ажлаа бүтээх гэж Э-тэй уулзаад хоолонд оруулж байсан. Тэгээд сүүлдээ дотно харьцаанд орсон. Бид хоёр нийт 3 удаа дотно харьцаанд орсон. Тэрнээс биш хамт амьдарна гэж яриагүй. Хамгийн сүүлд Э- намайг Төмөр замын тэнд байдаг нэг зочид буудалд дуудаж уулзаад “виз удах нь ээ, нилээн хүлээгдэх нь ээ” гэж хэлж байсан. Намайг Э-ээс мөнгөө нэхэхээр “чи яах гэж надтай унтаж хэвтсэн юм” гэж дарамтлах маягтай байсан. Би гэр бүлтэй учраас санаа зовж байсан. Мөн мөнгөө нэхэхээр Э- надад бие өвдөөд байна гэх зэргээр ямар нэг шалтаг хэлдэг. Э- надад “болохгүй бол цагдаа шүүхээр явахгүй юу” гэж хүртэл хэлж байсан. Мөн надад “2018 оны 01 дүгээр сард Ким Тэ Пактай уулзсан, 02 дугаар сард виз гаргаж өгье” гэж хэлж байсан. Э- надад хэлэхгүйгээр Солонгос улс явсан байсан. Э-ийг Цогнямтай хамт Ким Тэ Пакад миний мөнгө өгсөн гэдэгт итгэхгүй байна. Цогням надад тэгж хэлж байгаагүй. Надад Э-тэй харьцсан 150-160 бичлэг байгаа. Би Э-ээс мөнгөө авах хүсэлтэй байна. Э- хуулийн талаар надаас илүү мэдлэгтэй ба надад ”чиний мөнгийг 50.000, 50.000 төгрөгөөр нь өгнө шүү” гэж загнаж байсан. Надад би Тэди худалдааны төвд 2 лангуу түрээслүүлдэг тэр хүмүүстэйгээ яриад чиний нэр дээр гэрээ хийж өгье гээд 320.000 төгрөг авсан. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж 5.000.000 төгрөг өгсөн ба би Э-ээс 5.320.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор Э-ээс надад төлөгдсөн төлбөр байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Х.Э- нь иргэн Э.Батболдоос 1.242.000 төгрөгийг, Р.Гөнтөгсөөс 5.320.000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө гэж итгүүлэн шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Батболдын “Би 2017 оны 10 дугаар сарын үеэр Солонгос улс руу виз гаргуулахаар хөөцөлдөж байх үедээ найз нөхдөөрөө дамжуулан анх Х.Э- гэж хүнтэй танилцсан. Х.Э- нь надад “би чамайг 28 хоногийн дотор Солонгос улс руу гаргах виз гаргаж өгч чадна, чи түрээсийн гэрээ, цээж зураг, иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспорт зэргээ надад өг, нийт 1.242.000 төгрөг болно. 42.000 төгрөг нь орчуулганд 1.200.000 төгрөг нь визинд зарцуулагдана” гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Х.Э- намайг дуудаж уулзаад би түүнд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ дээр очиж данснаасаа 1.242.000 төгрөг гаргаж авч Х.Э-тэй хамт зогсож байгаад түүний Хаан банкны 5163093992 гэсэн данс руу мөнгийг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр тэр өдөр хоёр тийшээ салаад явсан. Х.Э- нь “бэлэн болохоор чамд хэлнэ” гэж хэлээд явчихсан. Би түүнээс хойш байн байн Х.Э-тэй утсаар ярьж “виз гарч байна уу” гэхэд “удахгүй гарна” гэж хэлсээр байгаад 12 сар гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х.Э- намайг дуудаж уулзаад “чиний виз гарсангүй” гэж хэлээд иргэний үнэмлэхийг маань буцааж өгсөн. Би түүнээс 1.242.000 төгрөг нэхэх үед “би удахгүй буцаагаад өгчихнө” гэж хэлчихээд өгөхгүй болохоор нь цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

“...  Нэг солонгос хүний талаар ярьж байсан. Тэгэхдээ тэр хүн хүний нэр усыг нь би мэдэхгүй байна. Би тухайн хүнтэй уулзаж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Хохирогч Р.Г-ийн “Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр нутгийн залуу Цогнямтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараад таарсан. Тэр үед Цогням Э-ийг “Солонгос улсын виз гаргадаг элчин сайдын яаманд ажилладаг Солонгос хүнийг танина” гэж ярьж байсан. Тэгээд тухайн үедээ Цогнямаас Э-ийн утсыг авч утсаар яриад “өмнө нь Солонгос гараад хар даруулж байсан юм, хар даруулсан ч гэсэн виз гарах болов уу” гэж асуутал Э- “болно, болно тэр асуудалгүй, виз гаргуулах гэж байгаа бол 500.000 төгрөг одоо шилжүүлчих визийг чинь бүтээгээд өгье” гэж хэлсэн.

... Э- Солонгост байхдаа танилцсан нэг солонгос хүн Монгол дах Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байгаа талаар ярьсан. Тэр Э-ийн таньдаг хүн нь ямар ч асуудалгүй баталгаатай виз гаргаж өгнө гэж Э- надад ярьсан. Тэгэхээр нь би тэр өдөр Э-т хандан чи наад Солонгос хүнээсээ сайн лавлаад ахиад асуугаадах, яг баталгаатай виз гаргаж өгнө гэвэл би маргааш мөнгө, төгрөгөө өгье гэж хэлсэн.

Тэгээд маргааш нь Э-тэй утсаар ярьтал нөгөө Солонгос хүнтэйгээ уулзсан, ямар ч асуудалгүй найдвартай гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай найз Гантулга Э- бид гурав уулзаад хорооллын Ким баб чон гүг хоолны газарт орсон. Тэр үед Э- “Солонгос хүнтэйгээ яриад тохирчихсон, чиний визийг ямарч асуудалгүй гаргаж өгнө, харин мөнгө төгрөгөө яаралтай шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө буюу 2017 оны 09 дүгээр сарын19-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ард байдаг Хаан банкны АТМ-ээс 320.000 төгрөгийг Э-ийн Хаан банкны 5163093992 дугаартай  данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр өдөртөө Зүүнхараа руу явсан ба Зүүнхараад очоод Хаан банкны АТМ-ээс 5.000.000 төгрөг мөн Э-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.

... Э- таньдаг солонгос хүнийхээ талаар нээх тодорхой юм яриагүй. Гэхдээ нэрийг нь Гим Тэ Вон гэж хэлж байсан. Тэгээд би Э-т солонгос хүнтэй чинь уулзъя гэж олон удаа хэлж байсан боловч намайг уулзуулж байгаагүй.

... Би Э-ээс мөнгөө авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй ээ. Би Э-ээс 5.320.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 84-86 дугаар хуудас/

 

Гэрч Г.Гантулгын “Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур Модны хоёрын голын замд байдаг нэрийг нь санахгүй байна нэг ресторанд найз Г-ийн хамт Э- гэдэг эмэгтэйтэй уулзсан.Тэр үед Г- Э-т хандан би Солонгос улсад хар даруулаад ирсэн. Одоо буцаад Солонгос улс руу гарах гээд байгаа юм гэж асуутал Э- надад Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг таньдаг Солонгос хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Г- Э-ээс чиний тэр таньдаг хүн чинь ямар үнэ ханшаар гаргаж өгөх вэ гэж асуутал Э- 5.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн Э- бас визний материалын мөнгө гэж надад 320.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед Э- Г-өд хандан өмнө нь чи хар даруулсан байсан ч ямар ч хамаагүй ээ, миний таньдаг Солонгос хүн чамайг өөрөө дагуулж хилээр гаргаж өгнө, ямар ч асуудалгүй найдвартай гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Г-, Э- бид гурав ийм зүйл ярьсан ба Э- нөгөө Солонгос хүнээс асуугаад маргааш хариу хэлье гэж хэлсэн. ... Би Г-ийг дагаж явсан шалтгаан нь би бас өмнө нь Солонгос улсаас хар даруулаад гарч ирж байсан. Тэгээд Г-ийн виз бүтчихвэл би ч гэсэн визинд оръё гэж бодоод хамт очиж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 88 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Э-ийн яллагдагчаар өгсөн “... Би хохирогч Батболдын мөнгийг Гинтэ гэх солонгос хүнд өгсөн, харин Г-өөс 5.000.000 төгрөгийг зээлж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Х.Э-ийн сэжигтнээр өгсөн “... Би Г-өөс 5.000.000 төгрөг зээлж өөрийнхөө 5163093992 дугаартай Хаан банкны данс руу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлж авсан юм.

... Би Г-өөс авсан 5.320.000 төгрөгөө цувуулж ойр зуурын юманд үрсээр байгаад дууссан. Би Гим тэ вонтой Г-өд виз гаргах асуудлаар огт яриагүй ээ. Гим тэ вон надаас мөнгө төгрөгч авсан асуудал байхгүй. Гим тэ вон энэ асуудалд ямар ч хамаагүй ээ. Би Гим тэ воныг элчин сайдын яаманд ажилладаг болохоор нь харласан хүнд виз гардаг юм уу гэж асуусан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Х.Э- нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч иргэн Э.Батболдоос 1.242.000 төгрөгийг, Р.Г-өөс 5.320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч захиран зарцуулах боломжтой болсноор төгсдөг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь өөрт авсан эд хөрөнгийг цаашаа хэнд өгсөн, хэрхэн зарцуулсан зэрэг нь энэ хэрэгт заавал шалгах шаардлагагүй юм.

Хохирогч Э.Батболдод учруулсан 1.242.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан, хохирогч Р.Г-өд учруулсан 5.320.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын БНСУ-ын визийг хувь хүнээр гаргуулж авах гэсэн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Учир нь аливаа гадаад улсад зорчих визийг тухайн улсын элчин сайдын яаманд тогтоосон журмын дагуу мэдүүлэх ёстой гэдгийг мэдсээр атлаа хувь хүнд  хандсан нь хохирогч Э.Батболд, Р.Г- нарын зүй бус үйлдэл болжээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Х.Э- нь гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг төлж барагдуулсан, мөн тэрээр бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Мөн түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хабчин овогт Хүрэлбаатарын Э-ийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э- торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Х.Э-ээс  5.320.000 /таван сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг кондукторын 13 тоотод оршин суух Боржигон овогт Рагчаагийн Г-өд ...........олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ