Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00185

 

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П- ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт нийт 4 328 445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж 3 934 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК нь 2018 оны 4 сарын 16-ны өдөр П- ХХК-тай нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7 869 900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Гэрээний 5.4-д зааснаар захиалагч нь ажлыг хүлээн авах бэлтгэлийг хангаж, ажиллах бөгөөд ажлыг хүлээн авах, хариуцан ажиллуулах ажилтныг томилж, ажлыг шалган актаар хүлээн авна гэсэн гэрээний заалтын дагуу бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх актаар гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээгээ 100 хувийн гүйцэтгэлээр захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч тал нь 2018 оны 4 сарын 26-нд гэрээний нийт дүнгийн 50 хувь болох 3 934 950 төгрөгийг төлсөн ба гэрээний 5.5 захиалагч нь гэрээний төлбөрийг 3.3-д заасан буюу ажлыг хүлээн авснаас хойш 3 хоногт шилжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн гэрээний заалтыг биелүүлээгүй. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 3 934 950 төгрөг, алданги 393 495 төгрөг, нийт 4 328 445 төгрөгийг П- ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлтийг 2019 оны 3 сарын 13-ны өдөр албан тоотоор, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа 2019 оны 4 сарын 09-ний өдөр албан мэдэгдлээр тус тус хүргүүлсэн боловч төлбөрийг шилжүүлээгүй тул бид тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. П- ХХК-иас 2019 оны 4 сарын 02-ны өдрийн албан тоотоор туршилтын хугацаанд хэвийн ажиллаж байсан боловч 2018 оны 10 сарын 22-ны өдөр манай байгууллагын компьютерууд вируст өртөж, Т- ХХК-ийн программ суусан компьютерээс программыг идэвхжүүлдэг код нь устсан гэж өөрсдөөс нь хамаарч, доголдол үүссэн талаар дурдсан байдаг бөгөөд П- ХХК-д системийг туршиж, ажиллуулан найдвартай байдлыг шалгаж, хүлээн авахад нь зориулан 14 хоног хүлээж байсан. Эдгээр туршилтын дараа П- ХХК-ийн холбогдох эрх бүхий хүмүүс хүлээн авах акт гарын үсэг зурж, бидний гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө П- ХХК-ийн дуудлага бүрт М.Энхбаясгалан инженерээ явуулж, баталгаат засварын үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд гэрээний төлбөр төлөх талаар нэхэмжлэхэд гүйцэтгэх захирал өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гадагшаа явсан ирээд шилжүүлнэ гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т- ХХК-тай 2018 оны 4 сарын 16-ны өдөр нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, цогцолборын 3 лифтэнд хяналтын систем, хуруу, карт уншигч, хурууны хээ, карт бүртгэх төхөөрөмж суулгуулсан. Нэхэмжлэгч компани нь гэрээний дагуу уг ажлыг 24 хоногийн дотор суурилуулж, бүтээгдэхүүндээ 6 сарын баталгаа гаргах ёстой байсан боловч гэрээгээр заасан хугацаанаас 39 хоногоор хоцроож, 6 сарын 19-ний өдөр суурилуулсан. Гэхдээ уг төхөөрөмж нь баталгаат хугацаандаа байнга эвдрэлтэй буюу системийн ямар нэг алдаатай байсны улмаас П- ХХК-ийн зүгээс байнга утасдаж, тохиргоог дахин хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 9 сарын 11-ний өдөр 01/96 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдсанаар уг төхөөрөмж 100 хувь хэвийн ажиллагаанд ороогүй байснаас харахад нэхэмжлэгчийн суурилуулсан гэх төхөөрөмж байнга алдаа зааж, ашиглалтын шаардлага хангахгүй байсан нь ойлгомжтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т- ХХК-ийн суурилуулсан төхөөрөмж нь суулгасан өдрөөсөө хойш байнга эвдрэлтэй буюу системийн ямар 1 алдаатай байсны улмаас П- ХХК-ийн зүгээс байнга утасдаж, тохиргоог дахин хийлгэдэг байсан. Энэ талаар 2018 оны 8 сарын 23-ны өдөр болон 2018 оны 9 сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн, төхөөрөмжийг засварлах, хэвийн ажиллагаатай болгохыг мэдэгдэж, улмаар гэрээг цуцлан төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, урьдчилгаа төлбөрөө буцаан авч алданги нэхэмжлэх асуудлыг шүүхийн журмаар нэхэмжлэхээ илэрхийлж байсан. Ийм учраас манай компани цогцолборт шинээр суурилуулсан Эй би өү марон тиссен крупп ХХК-ийн цахилгаан шатандаа дээрх үйлдэл бүхий өөр төхөөрөмж суулгуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын суурилуулсан гэх төхөөрөмж чанарын шаардлага хангаагүйн улмаас одоо ашиглагдахгүй байгаа учраас 2018 оны 4 сарын 16-ны өдөр байгуулсан нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, улмаар төхөөрөмжийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 934 950 төгрөгийг Т- ХХК-иас буцаан гаргуулах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажил үйлчилгээгээ 100 хувийн гүйцэтгэлээр захиалагч талд хүлээлгэн өгсөн. П- ХХК-иас 2019 оны 4 сарын 02-ны албан тоотоор туршилтын хугацаанд хэвийн ажиллаж байсан боловч 2018 оны 10 сарын 22-ны өдөр манай байгууллагын компьютерүүд вируст өртөж, Т- ХХК-ийн программ суусан компьютерээс программыг идэвхижүүлдэг код нь устсан гэж өөрсдөөс нь хамаарч доголдол үүссэн талаар дурдсан байдаг. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө П- ХХК-ийн дуудлага бүрт М.Энхбаясгалан инженерээ явуулж, баталгаат засварын үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд гэрээнии төлбөр төлөх талаар нэхэмжлэхэд гүйцэтгэх захирал өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гадагшаа явсан ирээд шилжүүлнэ гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшлуулж, байсан. Манай байгууллагын эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гуравдагч байгууллага Эй би өү марон тиссен крупп ХХК-иар өөр төхөөрөмж суурилуулсан болон суурилуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Эдгээр үйлдлүүдээс нь П- ХХК нь гэрээний хариуцлага болох үлдэгдэл төлбөрөө Т- ХХК-д төлөх огт сонирхолгүй байгаа нь биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаснаас нь харагдаж байна гэж үзэж байна. Иймд бид П- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, П- ХХК-иас 4 328 445 төгрөгийг гаргуулж, Т- ХХК-д олгож, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 934 950 төгрөгийг буцаан гаргуулах тухай П- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 206 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 141 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П- ХХК-иас 84 206 төгрөгийг гаргуулж, Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан, нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үед гэрчээр асуулгасан М.Энхбаясгалан мэдүүлэхдээ ... мөнгөө төлдөггүй учраас дуудлагын дагуу очихоо больсон гэсэн байдаг. Эндээс үзвэл Т- ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасан гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх болон Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэсэн үүргээ илтэд биелүүлээгүй байсан гэж үзэж байгаа. Ийм учраас бид сөрөг нэхэмжлэл гаргаж, 2018 оны 4 сарын 16-ны өдөр байгуулсан нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, улмаар төхөөрөмжийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 934 950 төгрөгийг Т- ХХК-иас буцаан гаргуулах хүсэлтэй байгаа. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргаж зөвхөн нэхэмжлэгчийн талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4 328 445 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж нэхэмжлэгч Т- ХХК-иас 3 934 950 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2018 оны 4 сарын 16-ны өдөр нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь 7 869 900 төгрөгийн үнэ бүхий нэвтрэх хяналтын системийн ажил хийж гүйцэтгэн хариуцагч П- ХХК-д хүлээлгэн өгөх, хариуцагч П- ХХК нь ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Улмаар нэхэмжлэгч Т- ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, 2018 оны 6 сарын 19-ний өдөр хариуцагч П- ХХК-д акт үйлдэн хүлээлгэж өгсөн байх бөгөөд хариуцагч нь 3 934 950 төгрөгийн ажлын хөлсийг төлж, үлдэгдэл 3 934 950 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, бараа ажил хүлээлцэх акт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Т- ХХК-ийн суурилуулсан цахилгаан шатны хяналтын систем, хуруу карт уншигч, хурууны хээ болон карт бүртгэх төхөөрөмж зэрэг нь хэвийн ажиллахгүй байгаа талаар хариуцагч П- ХХК нь нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсний дагуу нэхэмжлэгч компанийн инженер үүссэн нөхцөл байдлыг тодруулан, сүлжээний кабелийг бүрээстэй, газардуулагчтай кабель болгон сольж 2018 оны 9 сарын 12-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 22-23-р тал/

 

Туршилтын 14 хоногийн хугацаанд ямар нэгэн доголдол үүсээгүй ба 2018 оны 10 сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагын компьютерууд вируст өртөж, программ суусан компьютерээс программыг идэвхжүүлдэг код устсаныг мэдэгдэж, нэхэмжлэгч лицензтэй программаа дахин хариуцагчийн компьютерт уншуулж суулгасан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогджээ. /хх-ийн 29, 35, 52-р тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн талуудын байгуулсан гэрээний 6.1-т захиалагч нь ажлыг актаар хүлээн авснаас хойш гэрээнд заасан төлбөрийг шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Т- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар ажлын хөлсийг, алдангийн хамт шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч П- ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 3 934 950 төгрөг, алданги 393 495 төгрөг, нийт 4 328 445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзаж, түүнээс үүсэх үр дагаврыг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 934 950 төгрөгийг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч тал захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь гэрч М.Энхбаясгалангийн мэдүүлгээр нотлогдсон гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн албан бичгүүдээр дээрх гэрчийн мэдүүлэг няцаагдаж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 29, 35-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ