Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 764

 

 

   

   

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч Т.Нансалмаа,

шүүгдэгч Г.Э- түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Сартуул овогт Готовын Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805029080537 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Сартуул овогт Готовын Э, ....... оны ... дүгээр сарын .......-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тахир дутуугийн группт байдаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамтаар ........... дүүргийн .... дүгээр хороо ...........гудамжны ....... тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 00 цагийн орчим Баянгол дүүргийн .... дүгээр хороо Горькийн ...... дугаар гудамжны ....... тоот гэртээ Ч.Г-тай архидан өөр хоорондоо маргалдсаны улмаас онц харгис хэрцгийгээр амь насыг хохироож улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим цогцсыг зөөвөрлөн Баянгол дүүргийн ..........хороо ......... гудамжны ....... тоот хашааны зүүн талд аваачиж хаян хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрэл мэдүүлэхдээ:  “Би гомдолтой байна. Гадаа ирээд ахыг маань дуудахаар нь би “та нар яах гээд байгаа юм бэ” гэхээр урдаас намайг доромжилдог. Миний ах манай 3 дугаар ангийн хүүхэд шиг биетэй учраас хүн өшиглөөд ар тийш нь унагаж чадахгүй. Зүгээр байсан хүнийг дуудаж авч яваад ийм болгосон. Би “та нар архи уувал авчраад өгч байгаарай” гэж зөндөө хэлэхэд намайг доромжилдог байсан. Би гомдолтой байна. Гэхдээ намайг гомдолтой байна гээд ах маань босоод ирэх биш шүүх хуулийн дагуу шийднэ гэж бодож байна. Миний ах хүнд гэмгүй сайхан хүн байсан. Манай ах Анагаахын дунд сургууль төгссөн эм найруулагчийн мэргэжилтэй ба мэргэжлээрээ 5 жил ажилласан. Манай аавын бие муудаад ажлаасаа гарч аавтайгаа хамт байсан. Аав нас барснаас хойш надтай 5 жил хамт амьдарсан. Надад үнэхээр хэцүү байна. Би маш их гомдолтой байна. Хаана ч байсан ах минь сэтгэлд бодогдож байна. Хэрвээ бид нар та нарыг ийм байдалд оруулсан бол та нар гомдолгүй гэж хэлж чадахгүй. Би энэ хэргийг Э ганцаараа үйлдээгүй гэж бодож байна. Яагаад гэвэл ахыг маань харгисаар алж тэргэн дээр түрж хаясан. Тэрнийхээ оронд гар хөлийг нь гэмтээчихээд уучлаарай гээд авчирсан бол ах маань миний дэргэд байх байсан. Талийгаачийг орон нутагт нь оршуулахад 3.800.0000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч хохирлыг барагдуулж 4.000.000 төгрөг өгсөн. Шүүгдэгчид хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэв.

 

Прокуророос Г.Эад холбогдуулан “Хүнийг алах” гэмт хэргийг  “онц харгис хэрцгийгээр” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Уг хуулийн зүйл, хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц хэрцгий  арга  гэдэгт  хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх  бодис зориуд хэрэглэсэн эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Э нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл талийгаач Ч.Г- нь нас барахаасаа өмнө болон нас барах үедээ Г.Эын үйлдлийн улмаас шаналсан, тарчлан зовсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач дээрх хоёр талын олон хавирганы хугарал, цээжний  баруун хөндийн цусан хурааны улмаас гэмтлийн шокод орж нас баржээ” гэж дүгнэсэн тул онц харгис хэрцгий аргаар талийгаачийг алаагүй байна гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгчийг талийгаач Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн боловч “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй, зөвхөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичсэнээр хязгаарласан байна.

Иймд Г.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 00 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны 1367 тоот гэртээ Ч.Г-тай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсаны улмаас Ч.Г-ыг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газрын үзлэг хийсэн “... баруун тийш  50 см зайд хоёр хөлөө зүүн тийш жийсэн хойд зүг рүү толгойгоо харуулсан түрүүлгээ харсан, толгойдоо буурал үстэй хар хөх өнгийн цамц, шар өнгийн өмд, хар өнгийн бакал гуталтай эрэгтэй хүний цогцос байна. ... Цогцосны ил харагдах хэсгийг үзэхэд нүүрний духны хэсгээр тавлаж хатсан олон тооны шархнуудтай, баруун хөмсөгний дээд талд хөндлөн 4 см тав тогтсон шархтай байна, цогцосны 2 гарын дээд талд дугуй хэлбэртэй олон тооны шарх байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-15 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./хэргийн1 дүгээр хавтас 15-25 дугаар хуудас/

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн1 дүгээр хавтас 26-30 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... талийгаач эргээд буйдан руу харахад нь араас нь сууж байхдаа баруун хөлөөрөө нуруун тус газар нь өшиглөхөд шалан дээр доошоо хараад унасан гэсний дагуу  Эад өөрөөр нь заалгаж  гэрэл зургаар  бэхжүүлэн авахад  доошоо хараад газарт унасан байхад нь араас нь нуруун дээр нь 1 удаа  хамаг жингээрээ дэвссэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 34-38 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Эрүүгийн 18050290537 дугаартай хэрэгт үзлэгээр хураан авсан усны тэрэг 1 ширхэг, улаан өнгийн бүтээлэг, 2 ширхэг хоосон архины шил ...” гэсэн мөрдөгчийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр хуудас/

Гэрч П.Батгэрэлийн “ ... Тэгээд уржигдар шөнө буюу 2018 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө цагийг нь хэлж мэдэхгүй байна согтоод гэрийнхээ ойролцоо гудамжинд унтаж байтал Э усны тэрэг түрчихсэн ирээд намайг сэрээгээд явъя гээд Эын гэрт очсон. Эын гэрт очиход ундааны саванд хийсэн байсан тал архийг нь бид хоёр  хувааж уучихаад унтаж амарсан юм.

Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед бид хоёр босоод Эын нурсан хашааг нь хадаад байж байтал Э надад “Г- үхчихээр нь би адъяалаар бүтээж тэргэн дээр түрж аваачаад өгсдөг шаттай  нарийн гудамжинд аваачаад тавьчихсан гэж хэлээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн юм. Тухайн үед би сандарсан байсан болохоор урьд өгсөн мэдүүлэг дээрээ энэ талаар хэлээгүй юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1183 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр:

“1. Талийгаач Ч.Г-ын цогцост хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн 150 мл цус хуралт, хуйхны  шарх, цус хуралт, зулгаралт, дух, 2 хөмсөгний голд, 2 шанаа, зүүн хацар, хамрын нуруу, 2 чихний дэлбээ, эрүү, ооч, хүзүү, зүүн тохой, нуруу, баруун өгзөгний зулгаралт, 2 сарвуу, зүүн бугалга, баруун тохойн зулгаралт, цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлий, 2 шилбэ, баруун шууны цус хуралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач дээрх хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хурааны улмаас гэмтлийн шокод орж нас баржээ.

3. Дээрх хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доох цусан хураа, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь шинэ, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх боломжтой байна.

4. Талийгаач В /III/ бүлгийн цустай.

5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач хуучин тархины гэмтэл байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 87 дугаар хуудас/

Шинжээч Т.Номинцэцэгийн “...Талийгаачийн биед учирсан дээрх шинэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд талийгаачийн дээрээс дэвсэх, дарах, шахах зэрэг үйлдлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд юм. Бусад хуучин гэмтэл буюу талийгаачийн нүүр, гар хөлөнд үүсэн байсан хуучин зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нас барахаас хоёроос гурав хоногийн өмнө үүссэн байх боломжтой бөгөөд уг хуучин гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. ...Цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарах бөгөөд өөрийн биеийг хамгаалах, хариу үйлдэл, эсэргүүцэл үзүүлэх чадвар нь хүн бүрийн биеийн онцлог болон архинд дассан байдлаас хамаарч харилцан адилгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн1 дүгээр хавтас 90 дүгээр хуудас/

Г.Эын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “... Тэгээд Г- архи уугаад би пиво уугаад сууж байтал цагийн нь сайн мэдэхгүй байна, бүр орой ямарч байсан 00 цаг өнгөрчихсөн байсан байх Г- “чи надад пиво хийж өгсөнгүй өөрөө ганцаараа уугаад байх юм” гээд баруун талын буйдан дээр сууж байснаа босож ирээд миний гэмтэлтэй муу гар руу буюу зүүн гарын тохой хэсэг рүү өшиглөөд шалбалчихаар нь би уурлаад яаж байгаа юм бэ гэж хэлээд баруун мөрөн дээрээс нь угзраад татсан чинь газар шалан дээр доошоо хараад уначихаар нь би босож очоод дээрээс нь ар нуруу хэсэг рүү нь 1 удаа баруун хөлөөрөө дэвсчихсэн чинь Г- муужирчих шиг болохоор нь татаад дээш нь харуулсан чинь Г-ын хамарнаас нь цус гарчихсан байхаар нь би зүгээр үү гэж асуусан чинь өөдөөс толгой дохих шиг болсоноо дээшээ босохгүй муужраад ухаан алдаж байгаа юм шиг болохоор нь би баруун гараараа эхэлж цээжин хэсгийг нь өргөж гаргаад  цээжин биеэрээ түшиж байгаад хөл хэсгийг нь өргөж гаргаад дээрээс нь хөнжлөөр хуччихаад би зүүн талын буйдан орон дээрээ гараад унтаад өгсөн юм.Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед сэрээд Г-ыг хөөе босоод цай чанаадах гэж хэлсэн чинь хөдлөх хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь очоод харсан чинь Г- нас барчихсан байсан юм. Тэгээд сандарч  айгаад яахаа мэдэхээ байгаад хөнжлөөр бүтээчихээд гэрээ гаднаас нь цоожлоод гадаа хашаандаа тамхи татаж сууж байгаад орой болгоод 23 цаг болж байхад Г-ыг улаан өнгийн орны бүтээлгээрээ ороогоод бүтээлэгнийхээ хоёр үзүүрийг хооронд нь зангидаж байгаад хүзүүгээрээ оруулан өргөөд усны тэргэн дээр тавиад түрч яваад гэрээсээ  ертөнцийн зүгээр урд зүгт цементтэй шаттай нарийн гудамжинд аваачаад толгой хэсгийн нь ертөнцийн зүгээр хойд, хөл хэсгийг нь ертөнцийн зүгээр  урд зүгт, ертөнцийн зүүн зүгт хажуу талаар нь  тавиад дээрээс нь дээлээр нь бүтээж тавьчихаад орны бүтээлгээ урагшаа явж байгаад хогон дунд хаячихаад буцаж ирж усны тэргээ аваад гэртээ харьсан юм. ...Би маш их харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 154-155 дугаар хуудас/

 “...Би Г-тын цогцосыг гудамжинд хаячихаад буцаад гэррүүгээ усны тэргээ түрээд явж байгаад гудамжинд Батгэрэлтэй таарсан юм. Тэгээд Батгэрэлийг дагуулаад гэр рүүгээ харьсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 163 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд Г.Эад холбогдох хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын агуулга, авагдсан мэдээллээр Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрэл нь талийгаачийн оршуулгын зардалд нийт 3.888.469 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт”-аар “... хохирлын нийт 4.000.000 төгрөгийг хүлээн авсан болно” гэсэн баримт үйлдэж нотариатаар баталгаажуулан шүүхэд өгчээ.

Дээрх баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Э нь талийгаачийн оршуулгын зардлыг нэхэмжилсэн мөнгөн дүнгээр төлж барагдуулсан тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 622 дугаартай “... 4. Г.Э нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр  хавтас 208-209 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн усны тэрэг 1/нэг/ ширхэг, улаан өнгийн бүтээлэг хоёр ширхэг, архины хоосон шил зэргийг устгах, Г.Эын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 138 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э нь талийгаачийн оршуулгын зардалд 4.000.000 төгрөг төлсөн, мөн хөдөлмөрийн чадвар алдсан эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                              

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокуророос Г.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн  өөрчилж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Сартуул овогт Готовын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн усны тэрэг 1/нэг/ ширхэг, улаан өнгийн бүтээлэг 2 ширхэг, архины хоосон шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Г.Эын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 138 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Г.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

           

 

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                                        

                                         ШҮҮГЧИД                                 Ч.ОТГОНБАЯР

 

                                                                                           

                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ