Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/01022

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01022

 

 

 

 

                          “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн хариуцагч М, А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 280 690 824 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч А, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч М,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Зээлдэгч М, А нар тус банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2742015 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч гэрээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Уг зээлийн барьцаанд М, А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин ЗГ3602015 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж, гэрээ 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан. Энэхүү зээлийн барьцаанд Агийн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. 2 зээлийн гэрээний хувьд зээлдэгч нар нь зээлээс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 31 250 000 төгрөг, зээлийн хүүд 12 791 292 төгрөг, нэмэгдүүлэн хүүд 35 960 төгрөг, нийт 44 077 252 төгрөг төлж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болоход зээлийн үлдэгдэл 38 750 000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох өдрийг хүртэл 152 хоногийн хүү 5 693 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 121 хоногийн нэмэгдүүлсэн хүү 906 492 төгрөг, нийт 45 300 159 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 38 750 000 төгрөг, зээлийн хүү 54 689 166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 705 591 төгрөг, нийт 104 144 575 төгрөг төлөхөөр байна.

ЗГ3602015, БГ3602015 тоот зээлийн гэрээний хувьд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 15 750 000 төгрөг, зээлийн хүүд 9 878 267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 173 төгрөг, нийт 19 891 440 төгрөг төлсөн байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болоход зээлийн үлдэгдэл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох өдрийг хүртэлх 152 хоногийн хүү 9 221 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 121 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1 468 133 төгрөг, нийт 80 689 467 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 88 998 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 423 467 төгрөг, нийт 176 421 467 төгрөг 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 280 566 044 төгрөг төлнө. Дээрх хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөхийг шаардан утсаар, гэрээнд заасны дагуу зээл төлөх шаардлага, мэдэгдэх хуудас зэргийг өгөх, гэрээр нь очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Шаардлагын хариуд М, А нар нь бичгээр болон амаар тайлбар өгч байсан. Ингэхдээ зээл төлөхөөр ... худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкны 8 хувийн зээлд судлуулж байгаа 10-14 хоногийн дараа шийдэгдэх байх, энэ бүтэхээр зээл, зээлийн хүүг төлж барагдуулна. Мөн бид зээл, хүүгийн төлбөрөө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлэлгүйгээр төлж барагдуулах боломжтой тул түр хүлээж өгнө үү гэх мэт хүсэлт гаргаж байсан. Энэ хугацаанд ямар ч төлбөр төлөгдөөгүй тул удаа дараа ар гэрээр нь очиж шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 10 удаа очсоны зардал 100 000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсан хөлс 24 600 төгрөг, хоёр зээлийн төлбөр төлбөр 280 566 044 төгрөг, нийт 280 690 824 төгрөгийг  М, А нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Харицагч Агийн тайлбарт: Иргэн А миний бие 2015 оны 06 дугаар сарын 15, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр АББСБ” ХХК-аас нийт 150 000 000 төгрөг зээлдэн авахад үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч тул оролцсон. Уг зээлийг гэр бүлийн хүн маань газар тариалангийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Би өргөдөл бичиж зээл аваагүй. Харин барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигч тул дуудагдаж гарын үсэг зурсан. Хангалттай их хэмжээний хөрөнгийг тус байгууллагад барьцаалсан. Газар тариалангийн бизнес сүүлийн хэдэн жил ган гачиг болсноос шалтгаалан өнөөдрийг хүртэл өрнөөс гарч чадахгүй, ашиг орлого өгөхгүй санхүүгийн хүнд байдалд хүргээд байнаЗээлээ төлөхийн тулд барьцаа хөрөнгөө зарахаар шийдээд ... 2 өрөө байрыг иргэн Д.Баасансүрэнд Худалдаа хөгжлийн банкны зээлд хамруулж худалдахаар АББСБ” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хандсан. Эхний ээлжинд нотариат дээр хамт очиж шаардлагатай гэрээнүүд хийх, худалдаж авч байгаа хүн гэрээ хийгээд банкиндаа өгөх талаар хэлсэн. Гэтэл захирал нь шууд татгалзаж, ямар ч болзол санаа хэлээгүй. Үүнээс хойш бэлэн мөнгөгүй тул зээл төлөөд байр авах хүн олдоогүй. Бид байрны ханшаа буулгасан ч худалдан авагч нар бүгд л банкны зээлээр авъя гэдэг. Миний өмч хөрөнгөө захиран зарцуулж өр төлбөрөө төлөх эрхийг зээлдүүлэгч байгууллага шууд хаасан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 116 160 000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлснөөр тооцож байрыг тус байгууллагад шүүхийн шатан дээр байгаа үед тухайн үеийн ханшаар шилжүүлж өгөх хүсэлтэй байна. Банк бус санхүүгийн байгууллагыг зээлээр дарамталж барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж авдаг газар эсвэл барьцаа хөрөнгийг заруулахгүйгээр зээлдэгчид дарамт учруулж мөнгө хүүлдэг газар гэж ойлгож байна. 150 000 000 төгрөгийн зээл авсан бид 75 000 000 төгрөг төлсөн атал 254 543 474 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжилсэн дүнг зөвшөөрөхгүй. Эрхээ эдлээд үүргээ умартах ёсгүй. Зээлдэгч тал гэрээний эрх, үүргийг хангахад ямар ч арга хэмжээ авахгүй, зүгээр суугаад хааж боогоод, загнаж, барьцааны хөрөнгө зээлээр нь зээлдэгчийг дарамталж, мөнгө хүүлнэ гэсэн хууль байхгүй гэж бодож байна. Мөнгө хүүлэхийн тулд хэдэн жилээр барьцааны хөрөнгийг заруулахгүй, арга хэмжээ авахгүй өөрсдөө сайн дураараа гэрээний хугацааг сунгаж, хоёр удаа нэр хүндэд халдана, сонин хэвлэлээр гаргана гэж айлган сүрдүүлж өгсөн мэдэгдлээ 10 удаа өгсөн мэт худал бичиж нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Бид зээл төлөх арга хэмжээ авсан. Харин тэд гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ аваагүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших зээлийн хүү төлөхийг эсэргүүцэж байна. Бид зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Бидэнтэй биеэр ирж нэг удаа уулзсан. Түүнээс өөрөөр хэн ч хэзээ ч уулзаж байгаагүй. А намайг тайлбар өгч очиход тус байгууллагын 4 хүн хашиж сууж байгаад захирал нь өөрөө бичих зүйлийг хэлж өгч байгаад бичиг бичүүлж авсан. Иймд бид №ЗГ3602015 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 38 750 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртлэх хугацааны хүүд 3 293 316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 992 төгрөг, нийт 42 500 308 төгрөг төлөх, №ЗГ2742015 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 70 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 5 763 332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 728 000 төгрөг, нийт 76 491 332 төгрөг тус тус төлөх тооцоо гарч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 118 991 640 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 161 024 275 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М,ын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 08, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд дуусгавар болсон. Гэрээний дагуу эргэн төлөх хуваарь 2016 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн болох нь харагддаг. Зээлийн гэрээний 3.3, 3.3.1, 3.5, 4.10, 6.5.4 дэх хэсэг, журмын 8.7-д зааснаас үзэхэд зээлдүүлэгч АББСБ ХХК нь зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоноос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дээрх тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах, зээлийн хүүг хугацаанаас өмнө нь төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, учирсан хохирлыг төлөхийг зээлдэгчээс шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулж үүргийг хангуулах, зээлийг чанаргүй болохыг урьдчилан тооцоолж, зээл эрсдэлд орж болзошгүй нь тогтоогдвол холбогдох журам, зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зэргээр гэрээ болон журамд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд зээлдэгчийн зүгээс буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. АББСБ ХХК-аас зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэхийг шаардаж олон удаагийн мэдэгдэл /шаардлага/-ийг гардуулан өгснийг зээлийн гэрээний 3.3.1-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Учир нь зээлдэгч нарын хувьд 2016 оны 01 дүгээр сарын 08, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад зээлдүүлэгчээс удаа дараалан мэдэгдэл /шаардлага/-үүдийг зээлдэгчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш ийнхүү гаргаж байгаа буй нь зээлдэгчийг хүүгийн дарамтад оруулснаас бус зээлдүүлэгч нь шүүхэд өөрсдийн шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хүсэл зорилгогүй байж, барьцаа хөрөнгө хангалттай байдлыг далимдуулан зээлдэгчээс аль болох л их ашиг олох зорилготой байсан нь харагдаж байна. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хууль ёсны эрх, эрх ашгийг мөн адил зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой байтал нийт 17 удаагийн мэдэгдэл гардуулснаас өөрөөр гэрээнд заасан шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан зээлийн хүүгийн хэмжээ эрс өсөх, төлөгдөх эсэх нь эргэлзээтэй зээлийн хүүгийн хэмжээ ч мөн адил эрс нэмэгдсэн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн 183-188, 189 дүгээр хуудсанд авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/684 тоот албан бичиг, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/166 тоот албан бичгээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаар 2015 оны зун агаарын дундаж температур олон жилийн дунджаас 4.6-5.3 градусаар дулаан, хур тунадас 6 дугаар сард олон жилийн дунджаас бага, ердөө 7.1 мм, 7 болон 8 дугаар сард дунджийн орчим буюу 63.0 болон 71.7 мм байсан. Хөрсний гадарга 6 дугаар сарын эхээс 8 дугаар сарыг дуустал буюу нийтдээ 86 хоног 550С-ээс давж халсан байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 10 хоног тутамд гангийн байдалд үнэлгээ хийсэн дүнгээс үзэхэд 2015 оны 06 дугаар сард гантай, 7 болон 8 дугаар сард гандуу гэж үнэлэгдсэн байна. Ийнхүү Батсүмбэр сум орчмын 2015 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл нь ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, ургац алдахад хүргэсэн гэж тодорхойлжээ. Хэргийн 231-232 дугаар хуудсанд А ББСБ-д хандан зээлдэгч М, А нараас 2019.02.09-ний өдөр гаргасан хүсэлтэд тодорхой дурдсан байдаг. Уг тайлбар, хүсэлтийг зээлдэгчээс хүргүүлсэн боловч зээлдүүлэгч зохих хариуг өгөөгүй, үгүйсгээгүй байна. Хүсэлтэд  байгалийн давагдашгүй хүчин зүйл ганд нэрвэгдэж ургац алдсанаас зээл, зээлийн хүүгээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон тул хуулийн дагуу гэрээний эрх зүйн харилцааг дуусгавар болгон шүүхэд хандана уу гэсэн агуулгаас үзэхэд зээлдэгчээс ургац алдсанаас шалтгаалж гэрээг үргэлжлүүлэн үүргээ биелүүлэх боломжгүй болсныг буюу гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөнийг зээлдүүлэгчид мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэхгүйгээр гэрээний хугацаа, хүүг зогсоохыг мөн шаардсан. Гэвч зээлдүүлэгч АББСБ ХХК-ийн зүгээс энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулж гэрээг зохицуулах ямар нэгэн арга хэмжээг аваагүй нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь заалтыг илтэд зөрчиж, үүргээ гүйцэтгэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцалсан, мөн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М, А нараас зээлийн гэрээний үүрэгт 252 437 166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 253 658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М, А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, М, А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Агийн нэр дээр бүртгэлтэй, ... 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “АББСБХХК-ийн 1 927 570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М, А нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 420 136 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АББСБХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбуянгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын 28 253 658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн боловч гэрээний зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон гэж үзэж байна. Хавтаст хэргийн 12-13 дахь тал дахь зээлийн гэрээний 2.3 дах хэсэгт зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заасан нь нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа гаргаж зөрчилтэй өгүүлбэрийг тухайн зүйл хэсэгт оруулсан болохыг зөвшөөрнө. Гэхдээ дээрх заалтын тодруулсан хэсэг гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэсэн хэсэгтэй зөрчилтэй нийцэхгүй байгаа нь техникийн алдаа болохыг бататгахын зэрэгцээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 хэсэгт заасантай нийцэж байгаа тул хууль зөрчиж илүү мөнгө тооцсон зүйлгүй. Гэрээний 2.3 дах заалтын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн 28 129 058 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний 3.2-т зааснаар ажилтан 10 удаа гэрээр нь очиж зээл төлүүлэхтэй холбоотой шаардлага хүргэх зэрэг ажиллагаа явуулсны нэмэгдэл хөлс 100 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох шаардлагатай материалуудыг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт 24 600 төгрөг, нийт 28 253 658 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Үүрэг гүйцэтгүүлэгч нь дараах байдлаар М,ыг гэрээний үүргээ биелүүлэх, хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрийн ЗГ2742015 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан ба А ББСБ ХХК гэрээний хугацаа дуусахаас өмнө 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/56 тоот албан бичгээр “2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ цуцлахыг мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон” мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн. Нэгэнт нэмэлт хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул талуудын хоорондын гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цуцлагдсан. Нэмэлт хугацаа тогтоосон цаг хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ... дугаарт бүртгэгдсэн 52.80 м.кв 2 өрөө орон сууцыг Б гэгчид 116 160 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож А ББСБ ХХК-ийн эдийн засагч, захиралтай уулзахад зөвхөн бэлэн мөнгө төл гэсэн шаардлага тавьж хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болгох боломжийг хаасан байдаг. Гэрээний 3.3.1, 3.5-д заасан эрх нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсээр байтал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар 3 жилийн дараа шүүхэд хандсан нь бусдын хөрөнгийг үнэгүйдүүлж өрийг нэмэгдүүлэн хөрөнгийг нь хураан авах санаатай байсан гэж үзэхээс өөр аргагүй байна. “А ББСБ” ХХК-ийн хувьд хууль буюу гэрээгээр нэгэнт зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад зээлийн үйл ажиллагааны журмын 6.5.4, 8.7-д зааснаар шаардлагатай арга хэмжээг шуурай авах үүргээ хэрэгжүүлээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар ББСБ хуульд заасан эрхээ хэрэгжүүлснээр гэрээ цуцлагдаж өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 223.2-т зааснаар “А ББСБ” ХХК үүрэг гүйцэтгүүлэгчийнхээ хувьд барьцаа хөрөнгө болох 52.80 м.кв 2 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б гэгчид худалдан борлуулж зээлийн төлбөрийг хүлээн аваагүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан гэж үзнэ. Талууд гэрээ байгуулахдаа хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч гэрээний хугацаанд хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн зүгээс гэрээ зөрчигдөх болсон шалтгаан нөхцөлөө баримттай өгсөөр байхад хүлээж авалгүй өөртөө давуу байдал бий болгож зээлийн өрөөр хариуцагчийг дарамтад оруулсан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 45 357 650 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 80 701 600 төгрөг, нийт 126 059 250 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 126 059 250 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгчийн 2015 оны 06 дугаар сарын 15, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 280 690 824 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 118 991 640 төгрөг төлөхийг зөвшөөрч, 161 024 275 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М, А нар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-аас 70 000 000 төгрөг 366 хоногийн хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 80 000 000 төгрөг 302 хоногийн хугацаатай сарын 2.6 хувийн хүүтэй тус тус зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй Х...хаягт байршилтай 86.96 м.кв талбай 4 өрөө орон сууц, дээрх хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 54 тоотын 52.80 м.кв талбай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... байршилтай 146.8 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалжээ. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

Хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 70 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 174 508 төгрөг, нийт 86 174 508 төгрөг төлөхөөс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 31 250 000 төгрөг, зээлийн хүүд 12 791 292 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35 960 төгрөг, нийт 44 077 252 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 80 000 000 төгрөг, зээлийн хүүд 11 757 200 төгрөг, нийт 91 757 200 төгрөг төлөхөөс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 15 750 000 төгрөг, зээлийн хүүд 9 878 267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 173 төгрөг, нийт 19 891 440 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор  биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдлийг гэрээт хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн хамт шаардах эрхтэй.

Шүүх хариуцагч талаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 38 750 000 төгрөг, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүд 54 689 166 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 70 000 000 төгрөг, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 88 998 000 төгрөг, нийт 252 437 166 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хувьд,

Шүүх зээлийн гэрээний тооцооллыг зөв хийсэн. Талуудын хоорондын зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заасныг шүүхээс хуулийн үндэслэлтэй тайлбарлажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөлтэй гэрээ байх ба уг гэрээнд хуулийн тусгай зохицуулалт үйлчилнэ. Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг хуулийн зохицуулалттай. Иймд шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж зээлийн үлдэгдэл болон хүүгийн нийт төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон талуудын тохиролцоог хууль зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Гэрээний 3.2-т зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлуудыг тухай бүр 10 000 төгрөгөөр тооцон төлүүлнэ гэсэн заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн нотариатын үйлчилгээний хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарах зардалд хамаарахгүй гэж үзсэн нь буруу биш. Нэхэмжлэлийн шаардлагаас үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал 100 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 24 600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч талын “Зээлдүүлэгч гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ аваагүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл төлөх боломж олгоогүй, зээлийн гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цуцлагдсан учраас энэ хугацаанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. ХХХх

 

эргийн 1 дүгээр хавтасны 25 дугаар тал дахь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/56 тоот шаардлага гэх баримтад   зээлийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцлах агуулга тусгагдаагүй байна. Уг баримтад “зээлээ хуваарийн дагуу төлөх, хэрэв хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй бол зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлдэгчээр бүртгэх, ангилал ахиулах, цаашилбал гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж ойлгомжтой бичигдсэн, үүрэг шаардсан албан бичиг байна. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн.

Зээлдүүлэгч нь гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандалгүй удааснаар зээлийн хүү өссөн гэх шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Талууд гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор шүүхэд хандах эрхтэй.

Хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “зээл, зээлийн хүүгийн төлбөрөө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төлж барагдуулах боломжтой. Иймд түр хүлээж өгнө үү” гэх хүсэлтэд гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга тусгагдаагүй байна. /1хх26/ Хавтаст хэрэгт авагдсан барьцааны зүйл болох орон сууцыг бусдад худалдсан гэрээ, уг орон сууцыг бусдад худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкны зээл судлуулж байгаа тухай хариуцагчийн нэхэмжлэгчид гаргасан тодорхойлолтыг үндэслэн зээлдэгчийн орон сууцаа худалдаж зээл төлөх боломжийг нь зээлдүүлэгч хаасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “хариуцагч барьцааны эд хөрөнгийг бидний нэр дээр шилжүүлээд өгвөл байраа зарах гээд байна гэж хэлсэн, барьцааны эд хөрөнгийг хариуцагч зээлээ төлөөгүй тохиолдолд шилжүүлэх ямар ч боломжгүй” гэж тайлбарласныг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 220 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789 840 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

                                              А.МӨНХЗУЛ