Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Г.Д- түүний өмгөөлөгч А.Болорчимэг,

хохирогч Ш.Далайдүүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бойтог овогт Батмөнхийн Д-, Боржигон овогт Ганхуягийн Д- нарт  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1805008670339 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  ..........оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...................-т дотоод хяналтын ажилтан, Төв аймаг Аргалант сум 2 дугаар баг Цагаан хөтлийн задгайд оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот ..............дүүрэг .......хороо ............тоотод түр оршин суух,

Төв аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж  Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 634 дугаартай захирамжаар  эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Бойтог овогт Батмөнхийн Д-.

 

Монгол Улсын иргэн, ........ оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ...........................-т дотоод хяналтын ахлах ажилтан, Өвөрхангай аймаг Арвайхээр сум ............ баг ..............тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ...........хороо ...........тоотод оршин суух,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн  1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1/203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн  1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “а, е”,  Эрүүгийн хуулийн1231 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн  шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай захирамжаар 4 жил 9 сар 5 хоногийн  хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан, Боржигон овогт Ганхуягийн Д-.

 

Шүүгдэгч Г.Д- нь Б.Д-той бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................”-ийн 3 дугаар бригадын ажлын байран дээр хохирогч Ш.Далайдүүрэнг зодож эрүүл мэндэд нь /зүүн нүдний ухархайн доод болон дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн сарвууны арын зулгаралт/ бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь Г.Д-тэй бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................”-ийн 3 дугаар бригадын ажлын байран дээр хохирогч Ш.Далайдүүрэнг зодож эрүүл мэндэд нь /зүүн нүдний ухархайн доод болон дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн сарвууны арын зулгаралт/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...................-ийн байранд Далайдүүрэн хогийн сав буулгах гэж очсон байсан. Намайг гадаа байж байгаад ороод ирэхэд Далайдүүрэн нь Д-г хана руу шахаад багалзуурдсан, зодсон байдалтай бариад зогсож байсан. Далайдүүрэнг салгах гэтэл дийлдэхгүй байхаар нь түүний араас тэвэрч авсан. Боль гээд салгахад салахгүй байсан. Д-, Далайдүүрэн нарыг салгаснаас болж хам хэрэгт холбогдсон. Тухайн үед Д- мөн зодуулсан байсан. Тэдний харилцан  нэг нэгийгээ зохиж зодсон  гэдгийг харсан гэрч нарын нэгийнх нь мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Д-г Далайдүүрэнг зодсон шарх байсан. зодсон. Миний зүгээс Далайдүүрэнгээс болсон гэж бодож байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д- мэдүүлэхдээ: Би урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид хоёр харилцан зодолдсон байж намайг буруутгаж байгаад гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Далайдүүрэн мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны 16 цагийн үед ...................-ийн 3 дугаар бригадад хогийн сав буулгахаар очиход дотор Д- байсан. Би хогийн саваа буулгах гэтэл Д- “миний архи уусан чамд сонин байна уу” гэхээр нь “та нарын ямар байх надад хамаагүй” гээд гарах гэтэл шатны тэнд миний урд ирээд зүүн нүд рүү цохисон. Би нүдээ дараад босоод ирэхэд дахиад миний нүд рүү цохихоор нь “чи яагаад цохиж байгаа юм бэ” гээд түүнийг заамдсан. Тэгтэл Д- араас ирээд миний баруун нүд рүү цохисон. Тэгээд намайг зодоод байхаар нь би тэндээс зугтаж гараад машин дээрээ очиход Д-, Д- нар араас ирээд “Барс руу явж архи авна” гээд машинд суусан. Барс зах дээр очоод машиндаа сууж байтал бууя гэхээр нь буухгүй гэтэл миний машины түлхүүрийг аваад буусан. Тэгэхээр нь би такси бариад явах гэтэл такси зогсохгүй байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт очсон. Улсын эмнэлэгт үзүүлэхэд ахуйн ослыг нийгмийн даатгалаас төлдөг. Хүнд зодуулсан шүүх эмнэлгийн дүгнэлтэй учраас зодсон хүмүүсээс зардал гардаг гэсэн. Би Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Хэрэгт хавсаргасан хохирлыг нэхэмжилж байна. Нийт 3.500.000 төгрөгийн хохирол гарсан. Би 2 сарын хугацаанд ажлаа хийгээгүй бөгөөд сард 630.000 төгрөгийн үндсэн цалинтай ба хортой нөхцөлийн нэмэгдэл нэмэгдээд 720.000 төгрөгийн цалин авдаг байсан ба 2 сарын цалин болох 1.440.000 төгрөг  нэхэмжилнэ. Миний нүдний ухархайн яс 3 см хугарсан ба имплант нөхүүлэхэд 850.000 төгрөг болно, хамрын ясны мурийсныг эмчлүүлэхэд 500.000 төгрөг, хагалгаанд орж 5 хоног хэвтэж эмчлүүлсэн 505.000 болон бусад зардалтай нийлээд 3.500.000 төгрөг болсон. Цалинг эмчилгээний зардал дээр нэмж нэхэмжилж байгаа” гэв.  

 

Шүүхээс шүүгдэгч  Б.Д-, Г.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ш.Далайдүүрэнгийн “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол шинэ Өргөө нэртэй ажил дээрээ 8676 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн хагас ачаатай Бонго 3 маркийн машин дээр ачсан хогийн савнуудыг буулгахаар зам талбайн ажилчдын байрны урд зогсоод дотогшоо ортол Д- урдаас гарч ирээд таарсан. ... Д- коридорт араас гарч ирээд чамд миний архи уусан сонин байна уу гэхээр нь надад та нарын юу хийж, яах хамаа байхгүй гээд гарах гэтэл араас чи муу дарга Мөнгөнсүхэд очиж хов зөөх гэж байна уу гээд араас дагаж явж байснаа хоёр давхарын шатны хажууд Д- миний урдуур орж зогсоод баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би чи яаж байгаан гээд доошоо тонгойгоод дээшилтэл дахиад баруун тал баруун талын нүд рүү нэг удаа цохихоор нь яагаад цохиод байгаан гээд заамдаад бариад автал Д- хаанаас гарч ирсэнийг мэдэхгүй гэнэт гарч ирээд зүүн талын нүд рүү нэг удаа цохихоор нь би 2 нүдээ дараад доошоо тонгойтол нүүр толгой руу хэнийг нь мэдэхгүй дээрээс цохиод байсан. Тэгтэл 2 гарны завсраар хөл орж ирээд хамар руу өшиглөчихсөн. Хамраас цус гараад байхаар нь одоо болиоч болоо юм биш үү гэтэл Д- би хүн алж байхдаа инээж байсан хүн шүү, одоо цаазын ялгүй болсон учир чамайг алсан байхад 20 жил суугаад гарч ирнэ, 2 нүдийг чинь сохолно гээд тэр хавиас хатуу төмөр юм уу нэг зүйл авчраад нуруу хөл хавирга гээд энд тэндгүй цохиод байсан. ... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. ... Баруун нүдний зовхины цус хуралт доргилт гэмтлийг Д- цохиж учруулсан. Зүүн нүдний доод болон дотор ханын хугарал, няцрал, доргилт гэмтлийг Д- цохиж учруулсан. Хамрын хугарал болон 2 гарын зулгаралт гэмтлийг яг хэн цохиж учруулсаныг мэдэхгүй байна. Хоёулаа л цохиод өшиглөөд байсан. Нийлж зодсон учир энэ хоёр л үүсгэсэн гэмтэл байгаа. ... Эмчилгээний зардлаа Д-, Д- нараас нэхэмжилж байна. Хуулийн дагуу энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Л.Цогбаярын “... Далайдүүрэн, Д-тэй юунаас болсоныг мэдэхгүй бие биенийгээ заамдсан байдалтай харилцан нэгнийгээ  цохиод байх шиг байсан. Тэгтэл цаад өрөөнөөс Д- гарч ирээд тэр хоёрыг салгах гээд очих шиг болсон. Сайнхүү бид хоёр амралтын өрөөнд оруулж тавьчихаад эргээд үлдсэн 2 тэргээ  авах гээд гарсан. Энэ үед Д- Далайдүүрэнгийн хойноос нь зуураад салгах гээд зогсож ноцолдож байсан. ... Далайдүүрэн, Д- хоёр шатан дээр давхралдаад унаж байгаа харагдсан. Далайдүүрэн нүүрээрээ доошоо хараад Д- дээрээс нь унаж байгаа бололтой байсан. ... Д- Далайдүүрэнтэй нүүр лүү нь харилцан цохилцоод цохиод байсан. Яг хаана нь цохиод байгааг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2089 дугаартай:

“1. Ш.Далайдүүрэн-н биед зүүн нүдний ухархайн доод болон дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн сарвууны арын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шинжээч эмч А.Амгаланболдын “Хэсэг газрын үзлэгээр баруун зүүн нүдний дээд доод зовхинд тархмал хөхөлбөр, хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эдийн хаван хавдартай, зовхины завсар тагларсан, баруун зүүн нүдний алиманд тархмал улаан ягаан цус харвалттай гэсэн байна. Тийм учраас баруун зүүн нүдний гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын гэмтэл нь ямар нэгэн зүйл мөргөж унахад үүсэх боломжтой. Харин баруун зүүн нүдний гэмтлүүд нь юм мөргөхөд үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Д-, Б.Д- нар нь бүлэглэн хохирогч Ш.Далайдүүрэнг зодож зүүн нүдний ухархайн доод болон дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн сарвууны арын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

Хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүх хуралдаанд хохирогч Ш.Далайдүүрэн “эмчилгээний төлбөр 3.500.000 төгрөг, 2 сарын цалин нийт 1.440.000 төгрөг” нэхэмжилжээ.

Хэрэгт цуглуулсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудыг үнэлээд “эмчилгээний зардал болох 316.090 төгрөг” тогтоогдож байна.

Харин шатахуун, хүнс, ахуйн хэрэглээний зүйлс авсан тухай баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Д-гээс хохирогчид 500.000 төгрөг төлсөн тул баримтаар тогтоогдсон хохирол, хор уршигийн төлбөрийг төлсөн байна гэж үзэв.

Хохирогч Ш.Далайдүүрэн нь “хагалгаа хийлгэсэн” гэх боловч хагалгаа хийсэн тухай баримт хэрэгт байхгүй, өвчний түүхийн хуулбар байхгүй, мөн 2 сарын хугацааны цалингаа аваагүй тухай баримт байхгүй тул энэ талаарх хохирлыг үнэлэх боломжгүй байна.

Гэхдээ хохирогч Ш.Далайдүүрэн өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Д-, Б.Д- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Г.Д- нь урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн  1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “а, е”,  Эрүүгийн хуулийн1231 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн  шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай захирамжаар 4 жил 9 сар 5 хоногийн  хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааж байна.

Г.Д- нь урьд шийтгүүлсэн гэмт хэрэгтээ нийт 20 жил 2 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн /хэргийн 122 дугаар хуудас/ тул ял эдэлж дууссанд тооцож нэмж нэгтгэх ялгүй байна гэж дүгнэв.    

 

Иймд хуульд зааснаар шүүгдэгч Г.Д- 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бойтог овогт Батмөнхийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Ганхуягийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Г.Д-г  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2  дах хэсэгт тус тус зааснаар Б.Д-ыг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Г.Д-г  нийтэд тус ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийхээр тус тус  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус дахь хэсэгт зааснаар Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, Г.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Д-, Б.Д- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ш.Далайдүүрэн өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ