| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2502 00000 0141 |
| Дугаар | 2026/ДШМ/649 |
| Огноо | 2026-05-22 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/649
2026 05 22 2026/ДШМ/649
М.Ч, Т.Б, Г.И нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхтөр,
шүүгдэгч М.Ч- /цахим/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, О.Мягмарсүрэн,
шүүгдэгч Т.Б- /цахим/, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Г.И- /цахим/, түүний өмгөөлөгч С.Батнасан,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026/ШЦТ/651 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ч-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Г.И-гийн өмгөөлөгч С.Батнасан, Ж.Одончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Ч-, Т.Б-, Г.И- нарт холбогдох 2502 00000 0141 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн М-ийн Ч-, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, М- газарт М- мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УМ-/,
Ш- овгийн Т-ын Б-, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Хувиараа эрчим хүч угсралтын ажил хийдэг ажилтай, ам бүл 1, ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УТ-/,
Х- овгийн Г-ын И-, 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Г--ийн Г- нэгжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, .........тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ........ тоотод оршин суух, /РД: УГ-/,
Шүүгдэгч М.Ч- нь М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1- д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7 дугаар зүйлийн 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2 "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэснийг тус тус зөрчиж, Өөрийн найз болох Т.Б-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, "С-" ХХК-ийн ерөнхий инженер, хахууль өгөгч Г.И-гийн "... Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгааap баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах..." гэсэн ашиг сонирхлыг үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд Т.Б-оор дамжуулан Г.И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж,
улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 56з минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5К-9 тоот дансаар дамжуулан Г.И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Т.Б- нь М.Ч-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн "С-" ХХК-ийн ерөнхий инженер, хахууль өгөгч Г.И-гийн "...Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах..." гэсэн ашиг сонирхлын үүднээс М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр ажиллаж байсан өөрийн найз М.Ч-д хууль бусаар нөлөөлж,
улмаар М.Чингүүн нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд Т.Б-оор дамжуулан Г.И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5К-9 тоот дансаар дамжуулан Г.И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Г.И- нь "С-" ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа "... Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах..." гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтэн М.Ч-д түүний найз Т.Б-оор дамжуулан хууль бусаар нөлөөлж
улмаар М.Ч-ий албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 349/2024 дугаар дүгнэлтийг гаргуулахын тулд Т.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5К-9 тоот дансаар дамжуулан М.Ч-д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: М.Ч-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Х- овогт М-ийн Ч-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ш- овогт Т-ын Б-ыг хахууль авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Х- овогт Г-ын И-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д "нийтийн албанд ажиллах" эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-д "нийтийн албанд ажиллах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-д "нийтийн албанд ажиллах" эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-, Т.Б-, Г.И-д нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч М.Ч-, Т.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гарrах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-, Т.Б-, Г.И- нарт оногдуулсан “нийтийн албанд ажиллах” эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тус тус тоолохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг шүүгдэгч Т.Б-оос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...” шийдвэрлэжээ.
Прокурор Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох шүүхэд эрх олгосон хэмжээ юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн гол шалгуур нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх урьдач нөхцөлийг хангасан байхыг шаарддаг. Энэхүү хэргийн хувьд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч-ээс өгсөн "...Г.И- гэж залуу өөрийн ажлаа найз Т.Б-оор дамжуулан ажлыг хийлгэж байгаа ба тэр тухайн ажлын хөлс болгож 500,000 төгрөг авах гэж байгаагаа надад хэлэхэд нь ядаж 1 сая төгрөг аваач ээ гэсэн утгатай ийм чат бичсэн байдаг. Үүн дээр би ямар ч ашиг сонирхол байгаагүй бөгөөд найздаа зөвлөх маягтай ярьж хэлж өгч байсан. Улсын яллагч намайг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 349/2024 дугаартай дүгнэлтийг түргэн шуурхай гаргуулахын тулд намайг мөнгө шаардсан, дамжуулан авсан гэж яллах дүгнэлтэд буруутгаж байгаа. Гэвч миний албаны чиг үүрэгт ашиглалтад оруулах комисст гишүүнээр ажиллах эрх байдаггүй... гарын үсэг зурах баталгаажуулах ямар ч чиг үүрэг надад байдаггүй, дүгнэлтийг шуурхай гаргасан зүйл байхгүй...миний хувьд хахууль авахаар шаардсан зүйл байхгүй гэдгээ дахин илэрхийлмээр байна..." гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Ч-ий өмгөөлөгч нараас "... албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжийг хангаагүй..., ...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү..." гэж гаргасан дүгнэлт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Б-ын "...М.Ч-ий шаардлагаар, түүнд өгөх гэж 1,000,000 төгрөгийг аваагүй. Миний яриад байгаа мэдүүлгийг авч хэлэлцэхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн....би прокурорын байгууллагад шат шатанд нь гомдлоо гаргаад явсан... зээлсэн мөнгөө өгье гэж хэлсэн байдаг. Тэрийг үнэн зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна..." гэх мэдүүлэг, шүүгдэгч М. Ч- нь гэм буруутайд үйлдэлдээ маргаж, түүний өмгөөлөгч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон талаар шүүхийн тогтоолд тусгасан тэмдэглэл зэргээс үзэхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч М. Ч-, Т.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн буюу гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч маргасан байна.
Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч гэм буруу дээрээ маргасан мэдүүлгийг өгч, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа өмгөөлөгч дүгнэлт, тайлбартаа өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгах байр суурьтайгаар оролцсон. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч М.Ч- болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч Т.Б- болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ. Шүүхээс шүүгдэгч М.Ч- нь гэм буруутай үйлдэлдээ маргаж оролцсон боловч шүүх хуралдааны явцад "өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг баримтлан ял оногдуулж, ингэхдээ тус тус нийтийн албан ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Үзсэн болно" гэж дүгнэсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаарх хуулийн зохицуулалтын үндсэн шаардлага болох "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" гэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн зохицуулалтыг шүүгдэгчийн гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд хүлээн зөвшөөрснөөс хамаарах бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасны дараа гэм буруугаа хүлээх нь бодитой бус, эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх гэсэн хуурамч хүлээлт байгаад дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын ач холбогдлыг үгүй хийж, энэхүү зүйл, заалтын талаарх хуулийн үзэл баримтлал, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүйгээс гадна хууль хэрэглээний буруу практик тогтоох эрсдэлийг бий болгож байна.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг хэрхэн ойлгох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 08, 2024 оны 19 дугаар тогтоолд тайлбарласан.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 651 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч М.Ч-ий өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс М.Ч-ийг нийтийн албан тушаалтнаар буюу М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн найз болох Т.Б-той урьдчилан үгсэн тохиролцож "С-" ХХК- ийн ерөнхий инженер хахууль өгөгч Г.И-гийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилгын улсын комиссын дүгнэлтийг хурдан шуурхай буюу Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2024.11.25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд Т.Б-оор дамжуулан Г.И-гээс 1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар 2024.11.11-ны өдрийн 14:56 минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5К-9 тоот дансаар дамжуулан Г.И-гээс 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ хэргийн талаар нотлогдон тогтоогдож буй үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар М. Ч- М- газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь нотлогдож, харин Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр томилогдон ажиллаж байгаа үйл баримт тогтоогдоогүй. Хэдийгээр комиссын гишүүдийн мэдүүлгээр барилга байгууламжийн бүртгэлийн хэлтсийн дарга О.О-ын албан үүргийг орлон гүйцэтгэж, үүрэг даалгаврын биелэлт өгч ажилласан талаар мэдүүлж байгаа боловч аливаа шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Миний үйлчлүүлэгч М.Ч- мөрдөн яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн. (1-р ХХ 129-131 тал, 2-р ХХ 146) Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...миний албаны чиг үүрэгт ашиглалтад оруулах комиссын гишүүнээр ажиллах, үүрэг даалгавар өгөх, түүнд гарын үсэг зурах, баталгаажуулах, комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах, баталгаажуулах, ашиглалтад оруулах комиссын шийдвэр гаргах зэрэг чиг үүрэг огт байхгүй..." гэдгээ мэдүүлж Налайх дүүргийн 3-р хороо, "К-" ХХК-ийн цахилгааны дэд өртөөг ашиглалтад оруулах комисс 2024.10.29-ны өдөр ажилласан. Энэ комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох байгууллагуудын төлөөлөл ажиллаж нийт гишүүдийн саналаар ашиглалтад оруулах шийдвэр гарсан. Уг ажлын хувьд батлагдсан ажлын зураг, техникийн нөхцөлийн дагуу бүрэн хийгдэж гишүүдээс бага үүрэг даалгавар өгөгдсөн ажил байсан..." гэж хэргийн бодит байдал болон мөнгө ямар учиртай яригдсан талаар ч тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ Г.И-гээс авсан 1.000.000 төгрөгийг М.Ч-д дамжуулж өгөөгүй, би өөрөө хэрэглэчихсэн юм. М.Ч- надаас мөнгө нэхээгүй гэх мэдүүлэг, Г.И- мэдүүлэхдээ "...өөрийн үүсгэн байгуулсан "Т-" ХХК-ийн харилцах данснаас 2024.11.11-ны өдөр Т.Б-ын харилцах дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлгээр бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэх хэргийн бодит нөхцөл байдал үгүйсгэгдэн няцаагдаж байгаа ба шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх шүүгдэгч М.Ч-, Т.Б-, Г.И- нарын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнээгүй бөгөөд хэн аль нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект ба хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар үнэн зөв гэдэг нь тогтоогдоогүй, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж дүгнэж тэдний мэдүүлгүүд дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна. ЭХХШТХ-ийн 16.3-р зүйлийн 2-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан төдийгүй мөн хуулийн 1.7-р зүйлийн 1-т мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан. Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нар гэм буруутай эсэхийг шүүхийн хэлэлцүүлгээр мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч нар заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, мэдүүлэг өгөгч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, мөрдөгч хэрэгт дансны хуулга, зарим шүүгдэгч нарын хоорондоо харилцсан чат зэрэгт үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлээр шүүгдэгч Г.И-, Т.Б-, М.Ч- нарын мэдүүлж буй мэдүүлгийн эх сурвалжийг тогтоосон гэж үзэхээр байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын харилцан хамаарлыг нягтлан шалгаж дүгнэлт хийгээгүй байна. ЭХТА 22.4-р зүйлийн 1-т заасан хахууль авах гэмт хэргийн хувьд субъект нь нийтийн албан тушаалтан байх ба гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд шууд болон шууд бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байхыг шаарддаг. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн диспозицид заасан "хахууль өгөхийг шаардах" гэдэг нь нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалын бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар заналхийлэх, эсхүл бусдын хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд зориудаар оруулах замаар хууль бус шан харамж нэхсэн идэвхтэй үйлдлийг, мөн зүйлд заасан “албаны чиг үүргээ хэрэгжүүлэх” гэдэг нь албан тушаалтан өөрийн бүрэн эрх, давуу байдал, нөлөөгөө ашиглах замаар аливаа асуудлыг шийдвэрлэх чадамжтай байхыг ойлгох ба мөрдөн шалгах ажиллагаагaap миний үйлчлүүлэгч М.Ч-ийг өөрийн найз Т.Б-оор дамжуулан Г.И-гээс хахууль өгөхийг шаардсан гэх үндэслэлээ мөрдөгч, прокурор нотолж чадаагүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэх байдал нотлогдож, тогтоогдоогүй байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Дээрх агуулгын хүрээнд ЭХХШТХ-ийн 39.6-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И-гээс мэдүүлсэн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь буруу байх ба ЭХХШТХ-ийн 1.15-р зүйлийн 2-т "...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэсэн зарчим зөрчигдсөн байна. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл прокурор миний үйлчлүүлэгчийг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль шаардсан гэж буруутгасан боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, хахууль өгөхийг шаардсан гэх үйлдлийг нотлох ямар ч бодит, эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй, М.Ч- комиссын албан ёсны гишүүн биш, актанд гарын үсэг зураагүй, эцсийн шийдвэр гаргаагүй этгээдийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч М.Ч-ийг бусдаас хахууль авсан гэх үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүх түүний үйлдлийн талаар дүгнэлт хууль зүйн хийхдээ эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.1-р зүйлийн 4-т заасан "... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй..." гэж заасан ба М.Ч- нь 2 дэд өртөөний ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын гишүүн биш, хүлээн авах актанд гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан эсэхийг анхаарах ёстой байсан. Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.03.30-ны өдрийн 2026/ШЦТ/651 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. шүүгдэгч Т.Б-ын “Iphone 15 pro” загварын гар утсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд дурдсан /хх 115-127/ “ydaj 1-g awn ash dee bro ha ha” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг, энгийн хошин байдлаар бичигдсэн өгүүлбэрийг хэл зүйн шинжлэх ухаан талаас шинжлэн судлаагүй, тусгай мэдлэг бүхий шинжээчээр эцэслэн тогтоогоогүй бөгөөд “шаардсан” гэх асуулгаар шүүгдэгч миний зүгээс “зөвлөсөн” гэх агуулгаар тайлбарлаж оролцсон нь ойлголтын зөрүүтэй эргэлзээтэй байхад,
2.шийтгэх тогтоолын 8-р талд Улсын комиссын 349/2024 дугаарт дүгнэлтийг “хурдан шуурхай гаргуулахын тулд” гэсэн зорилгоор дээрх үйлдлийг хийсэн гэж үзэж байгаа нь:
шүүгдэгч Т.Б-ын дансанд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөнгө орсноос хойш 14 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад оруулах комиссын 349/2024 дугаарт дүгнэлт баталгаажсан нь цаг хугацааны хувьд “хурдан шуурхай гаргасан” гэх үндэслэл бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад,
3.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүн бөгөөд албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн нь тухайн ашиглалтад орсон 349/2024 дугаарт дүгнэлт баталгаажихдаа Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/503 дугаар захирамжаар тус тус баталгаажсан комиссын бүрэлдэхүүн ажилладаг. Миний хувьд Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу комисст орж ажиллах эрх бүхий субъект биш байхад,
тогтоол, захирамжаар баталгаажуулсан комиссын гишүүн биш гэдэг нь 651 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар тал, 3хх-ийн 106-107, 109-116 дахь талаар тус тус нотлогдож байхад миний албаны чиг үүрэгт нэгжийн даргын түр орлон гүйцэтгэх болон ашиглалтад оруулах комисст ажиллах чиг үүрэг байхгүй байхад энэ нь миний албан тушаалын тодорхойлолтоор нотлогдож байхад,
4.М.Ч- нь комиссын даргаар ажилласан О.О-аар үүрэг даалгаврын биелэлтэд гарын үсэг зуруулж гэж үзсэн нь
Ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлт нь комиссын дарга О.О-аар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталгаажсан байдаг. Гэвч шүүгдэгч миний бие тус өдөр ажлын байранд бус гадуур ажилтай явж байсан нь М- газрын цахим хуудас inspection.ub.gov.mn дээрх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн батлагдсан хуваариар нотлогдож байхад,
5.шүүгдэгч Т.Б-оор дамжуулан хахууль авахыг шаардсан гэж үзсэн нь:
шүүгдэгч Т.Б-ын ямар нэг данснаас миний эзэмшлийн дансанд 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш нэг ч төгрөгийн гүйлгээ ороогүй нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байхад, миний бие шийтгэх тогтоол гарсанд гомдолтой байна.
Энэ хэрэгт өөрийн хэнэггүй, хайхрамжгүй үл ойлгогдох тодорхойгүй байснаас болж Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Иймд хэргийн үнэн зөв байдлыг тогтоож намайг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ч-ий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзсэн. Гэхдээ Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ талаар тодорхой заасан байгаа. Миний үйлчлүүлэгчийг Г.И-гийн ашиг сонирхлын хүрээнд комиссын дүгнэлтийг хурдан шуурхай гаргасан. Хууль бус ашиг сонирхолтой хэрхэн хамааралтай талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайн дүгнэлтийг гаргахад албан чиг үүрэг шууд хамааралтай эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг орхигдуулсан. М.Ч-ий ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт барилга байгууламжийг ашиглалтад оруулах, дүгнэлт гаргахад үүрэг оролцоо байгаагүй. Уг комиссын бүрэлдэхүүнд М.Ч- багтаагүй. Тухайн ажлыг хариуцсан О- “М.Ч- миний ажил үүргийг орлодоггүй” гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн. Комиссын бүрэлдэхүүн дүгнэлт гаргахад ямар нэгэн байдлаар М.Ч- нөлөөлөх боломж бололцоо, хууль эрх зүйн үндэслэл, албаны хувьд хүлээлгэсэн чиг үүрэг бусад албаны эрх мэдэл, нөлөө байхгүй. Хэргийн бүх оролцогч, шүүгдэгч нараас гэрчээр авсан мэдүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байгаа талаар өмгөөлөгч нар санал нэгтэйгээр шүүхийн хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн. Улсын дээд шүүхээс тайлбарласнаар гэрчээр мэдүүлэг авч түүнийг өөрийнх нь эсрэг буюу яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт болгож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын давуу байдал байх ёсгүй, өөрөөр хэлбэл гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг худал гэх мэтээр дүгнэлт хийх боломжгүй. Нотлох баримт эргэлзээгүй бүрэн дүүрэн, хангалттай хэрэгт хамааралтай, нотлох баримт болохуйц байдлыг хангасан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг орхигдуулж, шүүгдэгчээр гэм буруу хүлээх үүрэг хүлээхгүй этгээд учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Нотлох баримтын давуу байдал гаргаж хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг дүгнэсэн нь эргэлзээ бүхий байна. Дараагийн дугаарт саналын эрхгүй этгээд М.Ч-ий болон бусад оролцогч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзвэл, хууль сануулсан мэдүүлэг адилхан байх ёстой. Гэтэл хуулийн хэрэглээний зөрүүтэй байдалд анхан шатын шүүхээс дүгнэлт өгөөгүй. Албан тушаал урвуулах гэмт хэргийн үндсэн шинжид хэрхэн хамаарсан талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй учраас М.Ч-ий үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна. Мөн гэмт хэргийг бүлэглэж хамтран оролцсон гэх шинж байгаа талаар ярьдаг. Хамтран оролцсон шинжид субьектив талын шинж заавал тогтоогдох ёстой. Мөн объектив талын шинж тогтоогдох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. хахууль өгсөн, авсан үйлдлийн улмаас комиссын дүгнэлт гарсан нөхцөл байдал байхгүй. Комиссын дүгнэлт хууль журмын дагуу гарсан. Комиссын саналын эрхтэй гишүүд оролцсон зөвлөлийн хурлын протокол, тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл комиссын дүгнэлт захиргааны актын дагуу гарах ёстой хугацаандаа гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд хуульд зааснаар ял оногдуулах эрх зүйн байдал, иргэн хариуцлагаа хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч, шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм бурууг хамгаалах эрхийг хуульчилсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Б-ыг М.Ч-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, С- ХХК-ийн ерөнхий инженер, хахууль өгөгч Г.И-гийн "... Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах..." гэсэн ашиг сонирхлын үүднээс М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр ажиллаж байсан өөрийн найз М.Ч-д хууль бусаар нөлөөлж, Улмаар М.Ч- нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд Т.Б-оор дамжуулан Г.И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж 2024.11.11-ний өдрийн 14 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5К-9 тоот дансаар дамжуулан И-гээс 1,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Энэ өөрөө хууль зүйн үндэслэлгүй хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх буюу Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан "Залилах" гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна.
Үүнд: Б-ын үйлдэл хахууль авах гэмт хэргийн шинжгүй талаар:
1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг нотолно гэж хуульчилсан. Гэтэл уг хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй.
Миний үйлчлүүлэгч Т.Б-ын хувьд Ч-тэй бүлэглэж бусдаас хахууль авах санаа зорилго байгаагүй. Харин И-д итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч 1 сая төгрөгийг шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед миний үйлчлүүлэгч Т.Б- гэрч болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ: "... Тухайн үед И- надад хандаж нэг комисс ажиллуулсан нэг туслаач гэж гуйсан юм. Тэр комисст нь манай найз Ч- орсон байсан. Гэхдээ Ч- мөнгө нэхээгүй. Би И-гийн гуйлтыг Ч-д хэлж тусламж гуйсан. Тэгээд И- надад 1 сая төгрөг өгөхөөр нь би Ч-д өгөөгүй өөрөө ашиглачихсан...гэх мэдүүлэг /1-р хавтас 137х/, Тэгээд И- хоол цайны мөнгө чамд өгчихье гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед мөнгө хэрэгтэй болоод И-гээс 1,0 сая төгрөгийг авчихсан юм. Энэ 1,0 сая төгрөгийг би өөртөө зарцуулсан, цаашаа Ч-д өгөх бодол байгаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад өөртөө зарцуулчихсан. Тэрнээс бол би хүнд хахууль өгөх буюу найздаа өгөх ямар ч сэдэл санаа зорилго байгаагүй..." гэх мэдүүлэг /2-р хавтас 160x/,
М.Ч-ий гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: "... Найз Б-той бид 2-ын харилцсан чат зурвасын хувьд хахууль авахыг шаардсан зүйл байхгүй тийм санаа зорилго ч байгаагүй, тиймдээ ч тэр мөнгийг авсан гэсэн зорилго байгаагүй. Б-той харилцсан чатын хувьд бид 2-ын хувьд багын найзууд бөгөөд тоглоом шоглоомоор тийм зүйл бичсэн юм. Би авчихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Манай найз цаад найзтайгаа юу гэж ярьсныг мэдэхгүй байна. миний хувьд тоглоом шоглоомоор найзтайгаа тоглож бичсэн чат байгаа. Тэр чатаас болж ийм асуудал болчихлоо найзтайгаа тоглож бичсэн чатаас болж гэмт хэрэгт холбогдож байгаад харамсалтай байна..." гэх мэдүүлэг /2-р хавтас 146х/, гэрч Д-, Н- нарын өгсөн мэдүүлэг, комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь хахууль авах санаа зорилго байгаагүй, Б-ын хувьд М.Ч-ийг таньдаг, И-гийн хийлгэж байгаа ажлыг урд нь өөрөө хийж байсан тул тухайн ажлыг мэдэхийн хувьд өөрөө хийж И-д тухайн ажлыг хийсний төлбөрт 1 сая төгрөг шилжүүлж авсан байдаг. Ингэхдээ тухайн 1 сая төгрөгийг Ч-д өгнө гэж И-д ойлголт төрүүлсэн байдаг. Бодит байдал дээр Ч- нь дээрх мөнгийг аваагүй, Дээрх тохиолдолд Б-ын гэмт хэргийн сэдэлт санаа зорилгын хувьд хахууль авах биш бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, залилж мөнгө авах гэсэн ашиг сонирхол байсан байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2020.07.20-ны өдрийн 437 дугаар тогтоолоор хэргийг шийдвэрлэж, албан тушаалын гэмт хэрэг буюу хахууль авах гэмт хэргийг Залилах" гэмт хэрэг болгон шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг бий болгосон байна.
1.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэмт хэргийн үндсэн шинж нь "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсэхүл хэрэгжүүлээгүй хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд, шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан..." байхыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Дээрх тохиолдолд Б-ын багын найз болох М.Ч-ий хувьд М- газарт цахилгаан хангамж хариуцсан инженерээр ажилладаг бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт болон ажлын чиг үүрэгт "барилга байгууламжийг ашиглалт оруулах дүгнэлт гаргах" нь түүний албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй, хууль тогтоомжоор томилогдсон комиссын гишүүдэд хамааралтай бөгөөд тухайн комиссын бүрэлдэхүүнд М.Ч- багтдаггүй саналын эрхгүй болно. Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх гэдэгт, хууль тогтоомж, дүрэм, журмаар болон тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан гүйцэтгэх ёстой үүргээ хууль ёсоор биелүүлэхийг ойлгодог. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд гэх шинжүүд нь албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон албан үүргээ зөрчилгүйгээр буюу хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хууль ёсоор хэрэгжүүлэхээр амлаж буй нөхцөлийг ойлгоно. Харин мөн зүйл хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэдэг нь тухайн этгээдийн зүгээс хийлгэхийг хүсэж буй асуудал нь тухайн нийтийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч түүний хувьд гүйцэтгэх боломжтой боловч тухайн тохиолдолд хуулиар тавьсан болзол шаардлага хангаагүй байхад албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж, хууль бус давуу байдал олгохыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох М.Ч-ий ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээ, комиссын гишүүд томилсон тушаал, жагсаалтаас харахад М.Ч- нь барилга байгууламжийг ашиглалт оруулах дүгнэлт гаргах" комиссын гишүүн биш, хөдөлмөрийн гэрээ болон, ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн комиссын гишүүнд ажиллах эрхгүй саналын эрхгүй гэдэг нь нотлогддог. Гэтэл хяналтын прокурорын зүгээс М.Ч-ийг албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх хариуд бусдаас хахууль авсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №23 дугаартай албан ёсны тогтоолоор албан тушаалын байдал гэдгийг тайлбарлахдаа "албаны эрх мэдэл" гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдэл гэж ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4."давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг..." ойлгоно гэж хуульчилсан. Дээрх тохиолдолд М- газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн хэлтсийн М- мэргэжилтнээр ажиллаж байсан М.Ч- нь тухайн комисст ажиллах эрх байхгүй, саналын эрхгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар комисст орох эрх бүхий ажилтан биш болох нь тогтоогдсон байна, өөрөөр хэлбэл Ч-ий хувьд албаны эрх мэдэл байхгүй, албаны эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Тухайн комиссын гишүүд газар дээр нь ажиллаж хугацаатай үүрэг даалгавар өгч үүнийг С- ХХК нь хийж гүйцэтгэж комиссын гишүүд хүлээж авч гарын үсэг зурсан байна. үүнд М.Ч- нөлөөлж давуу байдал бий болгож комиссын дүгнэлтийг түргэн шуурхай гаргасан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 1.3. Яллах дүгнэлтэд "М.Ч- нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд Т.Б-оор дамжуулан 1 сая төгрөгийн хахууль авсан гэж үзэж буруутгадаг. Гэтэл бодит байдал дээр тухайн комиссын дүгнэлтийг хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дараа гаргасан байдаг. Үүнд И-д давуу байдал бий болгож комиссын дүгнэлтийг түргэн шуурхай гаргаж өгсөн гэх үйл баримт нотлогдон тогтоогддоггүй. Эсрэгээрээ Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг хүлээж авах улсын комиссын гишүүд нь газар дээр нь ажиллаж 14 хоногийн хугацаатай үүрэг, даалгаврыг өгсөн байдаг.
Гэрчээр Д-ийн өгсөн: "...НОБГ барилгын зураг төслийн хяналтын байцаагч ажилтай... Миний хувьд барилга байгууламжийн хувьд галын аюулгүй байдлын тухай хуулийг хангуулах зорилготой хуваарийн дагуу улсын комисст ажилладаг. Аж ахуйн нэгж байгууллагад заавал байх гал унтраах багаж зэвсэглэж гал унтраагуур аюулгүй ажиллагааны анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хашаа суурь суурийн дотор талыг хайргаар дүүргэх, завсар зайг битүүлэх, анхааруулах тэмдэглэгээ зэргийг шалгаж ажилласан. Миний хувьд үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулсан. Тухайн үед бусад улсын комиссын гишүүдээс үүрэг даалгавар бүгд өгч байсан. Улсын комисст хүлээлгэн өгөхөд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ажиллаж байсан. /1-р хавтас 145х/, Гэрчээр Н-ын өгсөн: "...Нэг тоосгоны үйлдвэр байсан санагдаж байна, хэдтэй билээ хашаан дотроо станц барьчихсан байсан түүнд эр л улсын комисс ажилласан тухайн үед үүрэг даалгавар өгч байсан, тэрний биелэлтийг фото зургаар шалгуулаад баталгаажуулаад гарын үсэг зуруулж байсан. Том зөрчил байгаагүй ерөнхийдөө жижиг жижиг зүйлс дээр л үүрэг даалгавар өгч байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтас 150х/ зэргээс үзэхэд комиссын гишүүд нь үүрэг даалгавар өгч байсан байна. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө", 8 дугаар зүйлийн 8.1-т "...Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг ажлын 14 өдөрт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ..." гэж заасан байна. Дээрх үндэслэлээр комиссын гишүүд тухайн газар ажиллаж үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж, дээрх баримтуудыг үндэслэж Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "К-" ХХК-ийн захиалгаар баригдсан эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг 2024.11.25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлт гарсан байдаг. Харин И-гээс 2024.11.11-ний өдөр Б-ын "хаан банк"-ны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаар комиссын дүгнэлтийг түргэн шуурхай гаргуулах гэсэн ашиг сонирхол байхгүй гэдэг нь нотлогдож байгаа болно. Бодит байдал дээр дээрх мөнгийг комиссын дүгнэлт гарсны дараа биш 2024.11.11- ний өдөр буюу комиссын дүгнэлт гарахаас 14 хоногийн өмнө шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Комиссын дүгнэлт 2024.11.25-ны өдөр гарсан байдаг. Үүнээс үзэхэд комиссын дүгнэлтийг түргэн шуурхай гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 1 сая төгрөгийг шилжүүлж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болно. Иймд миний үйлчлүүлэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж тухайн гэмт хэрэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үеийн залуучууд болон найзуудтайгаа хамтран төрийн бус байгууллагад харьяалагдаж нийгэмд хэрэгтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсандаа туйлын ихээр харамсаж, гэмшиж байна. Гэвч би нийтийн албан тушаалтан биш, би хувиараа алба эрхэлдэг инженер хүн. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатын шүүх хуралд үнэнийг мэдүүлсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид хамт ажилладаг байсан. Г.И- надад хандаж “Би нэг цахилгааны станц барьсан юм. Улсын комисс ажиллаж байгаа учраас надад туслаач” гэх байдлаар надад хандсан. Би тухайн залууд зөвлөгөө өгч, Үндэсний архивд дотоод хуваарийн дагуу бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Тухайн ажлынхаа хөлсөнд 1,000,000 төгрөг авсан. Гэвч Г.И- тухайн 1,000,000 төгрөгийг надаар дамжуулж М.Ч-д өгөх зорилгоор над руу шилжүүлсэн байдаг. Би тэр мөнгийг М.Ч-д дамжуулж өгөөгүй, хувийн хэрэглээндээ зарцуулсан. М.Ч- хахууль авахыг шаардсан зүйл огт байхгүй. Хэрэг үүссэнээс хойш мөрдөгч, прокурор, шүүхээс дуудсан цагт хоцролгүй хүндэтгэлтэйгээр очдог байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог гэдгийг би шийтгэх тогтоолоос уншиж ойлгосон. Би 461 дүгээр хорих ангид 02 сар 14 хоног ял эдлэхдээ их зүйлийг ойлгож ухаарч, өөртөө гутарч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Харин хэрэг явдал дууссаны дараа Монгол Улсын хуулийг дээдэлж бүрэн судална. Бүх хүмүүст үлгэр дуурайлал болж Монгол Улсын хууль гэж байдаг. Та нар хуул зөрчиж болохгүй гэж зөвлөж явах болно. Миний эцэг, эх 67, 68 настай тэтгэврийн хүмүүс байдаг. Эхийн биеийн байдал тогтвортой бус даралт ихэсдэг, хөл муутай хүн байдаг. Эх дээрээ очиж сэтгэлийг нь тайвшруулмаар байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж, прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан нөхцөлд батлан даалтад гаргаж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Г.И-гийн өмгөөлөгч С.Батнасан, Ж.Одончимэг нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Бидний үйлчлүүлэгч Г.И- нь мөрдөн байцаалтын шатанд эхнээсээ гэм буруу дээрээ маргаагүй, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн ба шүүх хуралдааны явцад мөн адил хэргийн үйл баримттай маргаагүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Анхан шатны шүүх хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнд 6 сарын хугацаанд хорих ял оногдуулсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин, орлоготой, торгуулийн ялыг биелүүлэх боломжтой зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах боломжтой байсан гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно" гэсэн хуулийн хүрээнд бидний үйлчлүүлэгч Г.И-гийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан... хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах..." гэснийг харгалзан үзэж Г.И-д хорихоос өөр төрлийн буюу торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Г.И-гийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өнөөдрийг хүртэл Г.И-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах гомдлоо бичгээр шүүхэд өгсөн. Анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж дүгнэсэн боловч нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасаж 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч Г.И-гийн хувьд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлэх үеэс мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон хэргийн талаарх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шаардлагатай баримтуудыг гарган өгч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Холбогдсон хэрэгтээ чин санаанаасаа харамсаж гэмшиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Ар гэрийн тухайд Г.И-гийн эхнэр А- нь 1 нас, 8 нас, 11 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Түүний энхэр А- жирэмсэн. 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны хооронд 4 дэх хүүхдээ өлгийдөж авах гэж байна. Иймээс 4 удаагийн жирэмслэлт хийсвэр хагалгаагаар төрсөн учраас дахин төрөх боломжгүй болдог. Яагаад гэвэл хийсвэр хагалгаа оёдол нь задрах эрсдэлтэй байдаг учраас эхний 3 удаагийн төрөлт нь гурвуулаа хийсвэр хагалгаагаар төрсөн байдаг. Хийсвэр хагалгаагаар төрөх стандартад 36 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд хийсвэр хагалгаа хийх боломжтой. Гэтэл А-гийн хувьд 18 сартай хийсвэр хагалгаанд орох эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Өөрөөр хэлбэл хийсвэр хагалгааны оёдол задарсан тохиолдолд цус алдах цаашлаад амь насанд аюултай, эмнэлгийн онцгой хяналтад байдаг. Гэтэл энэ цаг үед нөхөр болох Г.И- шүүхээс 6 сарын хорих ял авсан учраас сэтгэл зүйн хямралд орж тонус өгсөн. Мөн хоёр сургуулийн насны хүүхдээ зөөх, 1 настай хүүхдээ өөрөө асарч бүх үйл ажиллагаанд эхнэр А- оролцох болсноор түүний жирэмслэлт улам бүр хүндэрч хугацаанаасаа өмнө төрөх эрсдэлтэй болсон. Дээрх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд “нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байдаг. Мөн Г.И-гийн эхнэр А-гийн ээж нь Сэлэнгэ аймагт өндөр настай, тархины даралт харвасан учраас эмнэлэгт хэвтсэн зэрэг Г.И-гийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Г.И- дээрх хуулийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөр байхгүй. Иймд давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу хорихоос өөр төрлийн буюу торгох ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхэд буцаасан тохиолдолд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид хариуцлагатай иргэн байх болно. Манай эхнэр хийсвэр хагалгаагаар 4 дэх удаагаа төрх гэж байна. Өмнөх хоёр удаагийн төрөлтийн хийсвэрийн шарах эдгээгүй учраас оёдол задрах эрсдэлтэй байгаа. Хийсвэр хагалгааг Монгол улсад 3 жилийн хугацаанд хийхийг хориглодог. Дээрх асуудалд санаа их зовж байна. Мөн манай хадам эх 2 дахь удаагаа даралт харвасан. Би өнөөдрийн байдлаар өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогдож байна. Иймд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Ч-, Т.Б-, Г.И- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ч-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Г.И-гийн өмгөөлөгч С.Батнасан, Ж.Одончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-, Т.Б-, Г.И- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн М.Ч-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгч М.Ч-, Т.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй төдийгүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад шүүхээс тэдэнд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, шүүгдэгч М.Ч-, Т.Б- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д "нийтийн албанд ажиллах" эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-д "нийтийн албанд ажиллах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэхдээ ямар үндэслэлээр ерөнхий ангийн дээрх заалтыг журамласан талаарх дүгнэлтийг огт хийгээгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч М.Ч-ий ...намайг цагаатгаж өгнө үү..., түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэнгээс ...шүүгдэгч М.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү..., шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас...Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү..., шүүгдэгч Г.И-гийн өмгөөлөгч С.Батнасан, Ж.Одончимэг нараас хамтран гаргасан ...Г.И-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч М.Ч-, Т.Б-, Г.И- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА