Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1458

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          Хохирогч М.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/,

          Шүүгдэгч, хохирогч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан /ҮД:1377/,

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Хийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бат-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 01158 0839 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Булган аймгийн Сайхан суманд 1968 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 1 дүгээр гудамжны 6-5 тоотод түр оршин суух, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Урт булаг, 5 хорооллын 20 дугаар байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Р.Х /РД:ФМ68072298/;

          2. Монгол Улсын иргэн, Төв аймагт 1982 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 16 дугаар гудамжны 6 тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамж, 43 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигин овогт Б.Б /РД:НС 82100598/,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Р.Х нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн гол гэх газар иргэн М.Гомбосүрэнгийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

          Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн гол гэх газар иргэн Р.Хийг “хөгшин настай хүн зодлоо” хэмээн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гомбосүрэнгийн өгсөн: “... Би гэртээ байж байтал Тундар ирээд морь уях гэж байна. Үзэж хараад өгөөч гэж хэлсэн. Би морь үзэж хардаг. Морийг нь унаж очоод модны голд морио уясан. Бид нэг шил архи задлаад сэржим өргөөд сууж байтал Р.Х мотоцикольтой ирсэн. Ирээд давтиргүй юм яриад байсан. Тухайн үед бид морины сүүл задлаад, хэц татан морио уяж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тухайн өдөр хөөрөөд бага зэрэг уусан. Р.Х “би цохисон байхаа, үгүй байхаа” гэх мэтээр ярьж байна. Р.Хийн цохисон үйлдэл нь тодорхой. Бидний ууж байсан архи дууссан. Гэтэл Р.Х нэг шил пиво, нэг шил архи авч ирсэн. Авч ирсэн архинаас нь ууж эхлээгүй байсан. Р.Х намайг цохих вий гэж бодтол тас хийгээд л явсан. Тухайн үед би газар завилаад сууж байсан. Босох гэтэл босч чадаагүй. Хөгшин настай хүн хурдан шуурхай босч чаддаггүй юм байна. Р.Х намайг цохиж байгааг нь мэдэрсэн. Чих шуугиад, толгой дүнгэнэх мэдрэмж төрсөн. Энэ хүн өөрөө баярхаад байсан болохоор нь би хэдэн үг хэлсэн. Түүнээс болоод уур нь хүрсэн байх. Намайг ямар учир шалтганаар цохисон талаар мэдэхгүй байна. Тус асуудлаас болж би  насаараа хохирч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Хийн өгсөн: “... Миний хувьд 2 хавирга хугарч толгойдоо 2 оёдол тавиулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гомбосүрэнгийн өгсөн: “... гэтэл Тундар энэ яав л гэж гээд миний мөрөн дээр дараад суулгатал Тундар хүүе болохоо байлаа гэтэл мотоциклийнхоо цаанаас тэр залуу том чулуу шидэж миний толгойг оноод нүд харанхуйлж ухаан алдан унасан, нэг сэрэхэд тэнд цагдаа нар ирчихсэн байх шиг байсан... Одоо бид нараас гарсан нь 15,000,000 төгрөгийн зардал байгаа. Уг зардлаа нэхэмжилж байна. Би уг хэрэг болсон өдрөөс хойш 7 хоног бүр 30,000 төгрөгөөр бариулж байгаа. Одоо ч бариулсаар л байгаа. Мөн эм тариа, бензин тосны мөнгө зардал гарсан... Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хагалгаанд ороод гараад ирэхэд Хишигдорж нь амьд үлдлээ ашгүй дээ, би 30,000,000 төгрөг өгье, тэгээд зохицьё гэж хэлж байснаа, одоо нэг өмгөөлөгч авчихаад намайг огт зодоогүй гэж гүрийгээд байгаа” гэх мэдүүлэг /хх.11,20,23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батсайханы өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны дэвсгэрт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үед 16-17 цагиин орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн гол гэх газарт манай аавыг хамт архи ууж байсан хүн нь зодчихсон байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн гол гэх газарт очиход буурал толгойтой Гомбосүрэн гэх хөгшин согтуу толгойн зүүн талын орой хэсэг нь хагарч их цус гарсан байдалтай, толгойгоо хажууд байх голын усаар угаасан байдалтай хэвтэж байсан ба хажууд нь хамт архи ууж байсан Х нь мөн согтуу түүний толгойноос цус гарсан байсан ба тухайн үед тэр хавиар байсан хүмүүс Х нь Гомбосүрэн гуайн толгойг чулуугаар цохичихсон гэж ярьж байсан ба Хоос би болсон асуудлыг асууж яритал бид хоёр хоорондоо маргалдсан, би юм санахгүй байна гээд их согтуу юм ойлгогдохоор ярьж чадахгүй байсан. ... Б нь наад Х чинь хөгшин настай хүн чулуугаар толгой руу нь цохиод унагаачихаар нь би түүнийг өмөөрөөд хэдэн удаа ташуурдчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.31/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10008 дугаартай дүгнэлтэд:

          “1. М.Гомбосүрэнгийн биед зүүн зулай ясны урд хэсэг, дух ясны ар хамарсан, зүүн талын корональ заадас дамнасан, дотогш гавлын хөндий цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош чамархай ясны урд хэсэг, суурь ясны зүүн талын их далавч дайрсан зөрүүгүй шугаман хугарал, доргилт, зулайн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Хийн өгсөн: “... Гэнэт би ухаан ороод намайг хүн зодоод байхаар нь би сэртэл Б ташуур барьчихсан миний толгойны орой хэсэг рүү цохиж байсан, ар нуруу луу олон удаа цохисон. Би тухайн үед доошоогоо хараад хэвтчихсэн байсан юм. Би Бд хандаж болиоч, аллаа гэтэл Б морьтой зугатаачихсан... Би тасраад уначихсан хүн, чулуу шидээгүй. Би тасарчихсан үедээ хүн рүү чулуу шиддэггүй, гулзайгаад л уначихдаг хүн. Би Бээс нэхэмжлэх зүйл байхгүй. Зодуулсандаа гомдолтой, би уг асуудлыг хуулийн дагуу шиидвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би салгах гээд л сандраад мөн Гомбосүрэн ахын толгойноос цус гараад амьсгалахгүй болохоор үхчихэж гэж бодоод айсандаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.54/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10025 дугаартай дүгнэлтэд:

          “1. Р.Хийн биед зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

          Хохирлын баримт /125-205, шинээр гаргаж өгсөн 17 хуудас/,

          Шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хохирол төлсөн баримт 11 хуудас зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Р.Х нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн гол гэх газар иргэн М.Гомбосүрэнгийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

          Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн гол гэх газар иргэн Р.Хийг “хөгшин настай хүн зодлоо” хэмээн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гомбосүрэнгийн өгсөн: “... гэтэл мотоциклийнхоо цаанаас тэр залуу том чулуу шидээд миний толгойг оноод нүд харанхуйлаад ухаан алдаад унасан, нэг сэрэхэд тэнд цагдаа нар ирчихсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.11,20,23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батсайханы өгсөн: ... тухайн үед тэр хавиар байсан хүмүүс нь Х нь Гомбосүрэн гуайн толгойг чулуугаар цохичихсон гэж ярьж байсан... Б нь наад Х чинь хөгшин настай хүн чулуугаар толгой руу нь цохиод унагаачихаар нь би түүнийг өмөөрөөд хэдэн удаа ташуурдчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.31/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10008 дугаартай дүгнэлт /хх.35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Хийн өгсөн: “... Гэнэт би ухаан ороод намайг хүн зодоод байхаар нь би сэртэл Б ташуур барьчихсан миний толгойны орой хэсэг рүү цохиж байсан, ар нуруу луу олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би салгах гээд л сандраад мөн Гомбосүрэн ахын толгойноос цус гараад амьсгалахгүй болохоор үхчихэж гэж бодоод айсандаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.54/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10025 дугаартай дүгнэлт /хх.38/,  

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гомбосүрэнгийн өгсөн “... Р.Х намайг цохих вий гэж бодтол тас хийгээд л явсан. Р.Х намайг цохиж байгааг нь мэдэрсэн. Чих шуугиад, толгой дүнгэнэх мэдрэмж төрсөн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Х, Б.Б нарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Р.Хийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Р.Х нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн мэтгэлцсэн тайлбар дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гомбосүрэн /хх.11,20,23/, гэрч Н.Батсайхан /хх.31/, яллагдагч Б.Б /хх.54/ нарын тус бүр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Мөн шүүгдэгч Р.Х нь өндөр настай, тухайн хэрэг үйлдэгдэх үед согтуу байсан хохирогч М.Гомбосүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх тухай хохирогчийн өмгөөлөгч дүгнэлт  гаргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг үйлдэгдэх үед 63 настай байсан хохирогч нь согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан гэх бөгөөд түүнийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

          Иймд Р.Хийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь, Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

          Р.Х, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч М.Гомбосүрэн нь 17,537,970  төгрөг нэхэмжилсэн боловч хагалгаа, шинжилгээ, эм тариа, эмчилгээний төлбөр, сахиур, эргэлт, амралт рашаан сувилал, унааны зардал зэрэг 3,031,230 төгрөгийн нэхэмжлэлээс бусад буюу хоол хүнсний үнэ 4,400,000 төгрөг, сувилагчийн хөлс 2,000,000 төгрөг, бариа заслын төлбөр 8,106,740 төгрөг, нийт 14,506,740 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхисон бөгөөд шүүгдэгч Р.Х нь хохиролд 3,500,000 төгрөг нөхөн төлжээ.

          Хохирогч М.Гомбосүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.Хоос жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Хохирогч Р.Х нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Р.Хийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Бийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Р.Хийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн гомдол, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Р.Хид улсын яллагчаас 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлт гаргасан ба харин шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос нотлох баримтаар тогтоогдсон хэсгийг сайн дураар нөхөн төлсөн байх боловч бусад хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлээгүй учир торгох ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Шүүгдэгч Р.Хид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Р.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Р.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Боржигин овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Р.Хид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Р.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Р.Х, Б.Б нар урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Р.Х нь хохиролд 3,500,000 төгрөг нөхөн төлсөн, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хохирогч М.Гомбосүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.Хоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Хид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

             ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР