Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01605

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01605

 

 

С.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01579 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч Х холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Л 2008 оны 9 дүгээр сарын 04-өөс эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд асрагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд хүлээсэн үүргээ биелүүлж, 2014 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан болсон. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий захирлын Б/21 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь халсан. Үндэслэлгүйгээр ажлын байраа орхисон зүйл болоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын шийтгэлийг давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчлийн аль үндэслэлээр тушаал гаргасан нь тодорхойгүй. Байгууллагын дотоод журамд ажлын байраа орхиж явсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахаар тусгагдаагүй. Иймд давтан зөрчил гэж үзэхгүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны нэг өдөр өвчний улмаас очиж чадаагүй утсаар хэлэхээр актаа авч ирж өг гэхэд нь акт аваачиж өгөөгүй тул ажил тасалсан гэж тооцсон. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа гарахаар утсаар ярихад чамайг гаргахгүй гэж асрагч Нямсүрэн хэлсэн. Нэхэмжлэгч 1 өдөр ажил тасалсан. 3 өдөр ажил таслах боломжгүй, нэг өдөр гарчихаад, 2 өдөр амардаг. Ажлаас халсан тушаалын үндэслэл нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар орхиж явсан гэсэн. Ажлын байраа орхиж явсан, ажлаа тасалсан 2 агуулгын хувьд ялгаатай. С.Лхагвасүрэн нь ажлаа 1 өдөр тасалсан, түүнээс ажлын байраа орхиж яваагүй тул ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Иймд С.Лхагвасүрэнг ажлаас халсан захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 547 700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Л ажиллах хугацаандаа архины хамаарлаас болж удаа дараа ажил тасалдаг байсан. Байгууллагын зүгээс түүний амьдрал ахуйг харгалзан удаа дараа өнгөрүүлж байсан. Элэгний клиникийн 8 дугаар тасагт ажиллаж байхдаа удаа дараа ажил тасалсанаас сүрьеэгийн тасагт шилжүүлсэн боловч мөн удаа дараа ажлаа орхиж явсан. Сүрьеэгийн тасаг хуралдахаар дахин ийм алдаа гаргахгүй, ажил таслахгүй гэж гуйдаг байсан тул ажилд нь үлдээсэн. С.Л нь асрагчийн ажилд 17 болон 7 цагаар график гарган ажилладаг. Нэг гараад 3 хоног амардаг, нэг гарахдаа 17 цагаар болон 7 цагаар гардаг. Нэг өдрийн ажил тасалбал 3 өдрийн ажил тасалснаар тооцдог. Хөдөлмөрийн тухай хуулиар бол өдөрт 8 цагаар ажилладаг. Харин нэг өдөрт 17 цаг ажиллаж байгааг 3 өдөр ажилласанд тооцдог. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 тушаалаар арга хэмжээ авсан. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны хурлаар С.Л нь би дахиж ажил таслахгүй гэж гуйгаад үлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сануулах арга хэмжээ авсан. Дахиад энэ нөхцөл байдал давтагдахаар нь 2018 оны 01 дүгээр сард түүнийг ажлаас халсан. С.Л Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан болон ноцтой зөрчил гэсэн агуулгаар ажлаас чөлөөлсөн. Ажил тасалсан нь сахилгын зөрчил давтан гаргасан үйлдэл. Хоёр дахь нь 2011 онд хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 2 буюу түүнээс дээш хугацаагаар тасалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т зааснаар ноцтой зөрчилд тооцож, ажлаас халахаар тохиролцсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны цалинг тооцоолсон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.ЛХалдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон эмийн дасалтай сүрьеэгийн 2 дугаар тасгийн асрагчийн ажилд эгүүлэн тогтоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2 105 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 441 840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 52 535 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч С.Л нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нотцой зөрчиж өөрийн хариуцсан үүрэгт ажлаа цаг тухай бүрт шударгаар хийж гүйцэтгэлгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаа, бусад ажилчдын ажиллах ажил үүргийн хувиарт саад учруулсаар ирсэн. Иймээс 2017 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн Б/158 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан мөн нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажлаа таслах, ажилдаа согтуу ирж байсан. Гэтэл анхан шатны шүүх ...сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэлгүй байна... гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2018 он гарсаар эхний 20 өдрийн байдлаар өөрийн хариуцсан ажлын байраа 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь хэргийн баримтаар тогтоогддог. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.2-т "ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан, ажилд согтуу ирсэн буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнчлэн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно" гэж тохиролцож уг зөрчлийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоохоор тохиролцсон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Гэвч шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл зэрэгт дүгнэлт хийлгүйгээр, ажлын байраа удаа хугацаагаар орхин явсан гэх үгэн дээр дүгнэлт хийн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч С.Лн шүүхэд хандан, хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажил тасалж сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаангүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/21 дүгээр тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан гэх үндэслэлээр ажилтан С. үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалсныг ажилтан эс зөвшөөрч хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-1, 2-4 дэх тал/

Зохигчид ажлаас халсан тушаалын үндэслэл, сахилгын давтан эсхүл ноцтой зөрчлийн алинаар нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаар марган, мэтгэлцжээ.

Талууд хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан ... тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг захиргаа цуцалж, ажлаас халах-аар тохиролцсон байна. /хх-4 дэх тал/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Лгийн ажлын байраа удаа дараа шалтгаангүйгээр орхиж явсан буюу ажил тасалсан зөрчилд нь сануулах сахилгын шийтгэл 3 сарын хугацаагаар ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримтад маргаагүй. /хх-27, 46-49 дэх тал/ Мөн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин мөн сарын 20-ны өдөр ажилдаа ирээгүй шалтгаанаа ... гараандаа гарах гээд утсаар ярихад чамайг гаргахгүй гэж н.Нямсүрэн асрагч хэлсэн ... гэж тайлбарлажээ. /хх-108 дахь тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчин, талууд хөдөлмөрийн гэрээнд ажлын байраа удаан хугацаагаар орхиж явахыг ноцтой зөрчилд тооцохоор тусгаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн ХӨСҮТ-ийн ОЭДС-ийн 2 дугаар тасгийн ажилчдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн тасгийн асрагч нарын 2018 оны 01 дүгээр сарын ажилласан хуваарь зэрэг баримтаар нэхэмжлэгч С.Лх нь удаа дараа ажлаа тасалдаг, мөн сарын 16, 20, 21-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар нотлогдсон гэж үзнэ. /хх-46-49, 77, 89, 95 дахь тал/ Түүнчлэн нэхэмжлэгчид өмнө нь 2017 оны 9 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулсан, уг хугацаанаас хойш нэг жил өнгөрөөгүй байна. Иймээс хариуцагч Халдварт өвчин судлалын Үндэсний төв нь нэхэмжлэгч С.Лсахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Л ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаанц цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД