Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дашзэвэгийн А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805045120847 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот  Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..............ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо ......дүгээр байр ...... тоотод оршин суух, Орхон аймгийн Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 29а гудамж 16 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашзэвэгийн А- .................

 

Шүүгдэгч Д.А- 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........дүгээр байр ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-ийг зодож биед хуйханд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Б-ийн “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ...... дугаар хороо .........тоотод байрлах гэртээ нөхөр гурван хүүхдийнхээ хамт гэртээ байж байгаад нөхөр А- ариун цэврийн өрөө рүү орохоор нь би араас нь ороод жирэмсэний тестээ А-т үзүүлээд би жирэмсэн болчихсон байна гэж хэлээд би энэ хүүхдийг төрүүлмээргүй байна, төрүүлэх нөхцөл байхгүй байна гээд уйлчихсан чинь нөхөр А- чи яагаад уйлж байгаа юм ийм юманд уурлаад байхдаа яадаг юм гээд бид хоёр маргалдаад би хүүхдийн хажууд маргалдаад яахын бэ гээд ариун цэврийн өрөөнөөс гараад явсан. Манай нөхөр А- ариун цэвэрийн өрөөнөөс гарч ирсэнээ А- өмнө нь чи бас жирэмсэн болчихоод уйлж байгаад чи өсөлтгүй болгож алсан гэхээр нь би өөрийгөө өмөөрөөд маргалдсан чинь А- том өрөөний орон дээрээс дэр аваад миний бие рүү хоёр удаа цохисон. Тэгээд маргалдаад байж байсан чинь А- хүүхдийн шээстэй суултуур байсан чинь тэрийг аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь толгойноос цус гарахаар нь би гар утсаа аваад гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн юм. ... Тухайн үед манай нөхөр А- намайг хүүхдийн суултуураар цохиж надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. ... Би ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10546 дугаартай:

“1. Б.Б--н биед хуйханд шарх, доод уруулын дотор салстад, цус хуралт, шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх хуйхны шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, шарх нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний цус хуралт нь тус тус 2.6-д зааснаар эрүүл мэндийг  сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Д.А-ийн яллагдагчаар өгсөн “... Тэр үед маргалдаж байгаад хүүхдийн суултуур аваад би Б- рүү шидсэн. Тэгээд муудалцаад би нэг удаа  Б-ийг хацар дээр нь гараараа алгадсан. ... Тухайн үед намайг бас алгадаж  самардаж өшиглөж байсан. ... Тэгээд Б- гэрээс гараад явчихсан. Тийм л зүйл болсон. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би Б-ийн биед учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

          Шүүгдэгч Д.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хохирогч Б.Б-ээс мөрдөн байцаалтын явцад гаргасан хүсэлтэндээ “Б- би нөхөр А-тай харилцан зөвшилцөж сайн дураар эвлэрсэн бөгөөд миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хэргийн 34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.А-аас мөрдөн байцаалтын явцад гаргасан хүсэлтэндээ “... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хэргийн 35 дугаар хуудас/

 

          Иймд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.А- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ