Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1467

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч А.Эд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эдэд холбогдох 1806 07823 1638 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, зам гүүрийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжны 114 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, 2002 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Элдэн бээл овогт А.Э/РД:ЙС84030636/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Эд нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-эхийн хуучин эцэст иргэн Я.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эдийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Тулгын өгсөн: “... Дарь-эхийн хуучин эцэст байрлах “Увс нуур” гэсэн дэлгүүрийн хажуугийн хашаанд ирээд гүйдэг хаалга хийж эхэлсэн. Ажил хариуцсан залууд би хандаж хэдэн хуушуур аваад өгчих гэсний төлөө уурлаж, би чиний хуушууранд явдаг хүн биш гэж намайг хоолойноос боож унагаан толгой тархи руу өшиглөсөн. Тухайн үед уг залуу согтуу байсан. Харин маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний толгой өвдөөд байхаар нь гэмтэлийн эмнэлэгт очиж үзүүлээд духандаа 3-4 оёдол тавиулсан. Намайг зодсон буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөх, мөн эмчийн бичиж өгсөн эм тарианы мөнгө төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Болдбаатарын өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ 4-95 тоот хашаанд манай зүс таних Тулга, Э гэх дүү нар хаалга гагнаж байсан. Гэтэл Э, Тулгыг дутуу гагнасан байна гэснээс болж тэр хоёр маргалдсан. Э, Тулгыг миний хажуунаас нэг удаа цохисон. Намайг очихоос өмнө тэр хоёр зодолдоод Тулгын дух хэсэгт цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.15/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11347 дугаартай дүгнэлтэд: “... Ч.Тулгын биед цохонд шарх, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.18/

Мөрдөн байцаалтын шатанд А.Эдийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр Тулгыг духанд нь нэг удаа өшиглөсөн. Би Тулгыг духанд нь гараараа 2 удаа цохиж, мөн 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Эд нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-эхийн хуучин эцэст иргэн Я.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Тулгын өгсөн: “... Ажил хариуцсан залууд би хандаж хэдэн хуушуур аваад өгчих гэсний төлөө уурлаж, би чиний хуушууранд явдаг хүн биш гэж намайг хоолойноос боож, унагааж, толгой тархи руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Болдбаатарын өгсөн: “... Гэтэл Э Тулгыг дутуу гагнасан байна гэснээс болж тэр хоёр маргалдсан. Э Тулгыг миний хажуунаас нэг удаа цохисон. Намайг очихоос өмнө тэр хоёр зодолдоод Тулгын дух хэсэгт цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.15/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11347 дугаартай дүгнэлт /хх.18/

Мөрдөн байцаалтын шатанд А.Эдийн яллагдагчаар өгсөн: “... Би Тулгыг духанд нь гараараа 2 удаа цохиж, мөн 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Эдийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Эдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

А.Эдийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ч.Тулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч А.Эдийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Эд нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Эдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Эдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Эдэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

А.Эд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Элдэн бээл овогт А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эдэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эдэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Эдэд сануулсугай.

5. А.Эд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Тулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР