Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Энхболдын Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805036350736 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...........” банканд бүтээгдэхүүн дэлгэрүүлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн .... дүгээр хороо ...........хотхоны ...... дугаар байрны ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Энхболдын Б-

 

Шүүгдэгч Э.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабын урд талд иргэн Б.Т-ийг хоорондын маргааны улмаас цохиж зодон Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Б- мэдүүлэхдээ: “Би Ариг банкинд ажилладаг бөгөөд залуу гэр бүл. Тухайн өдөр “Цэ” нэртэй пабаас гарахад хэсэг залуус манай найзын машиныг явуулахгүй байхаар нь нэг залуугийнх нь нүүрэн тус газар цохиж гэмтээсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Надад тохирох ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү” гэв.  

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Т-ийн “... Би шинжээч эмч  М.Золжаргалын гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хамар руу гараараа цохиж учруулсан. Би архи уугаад согтуу байсан болохоор андуурсан байна лээ. Намайг Э.Б- гэж нэг хүн л зодож энэ гэмтлийг учруулсан. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэж авсан. 2-3 хүн зодсон асуудал байхгүй. ... Ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хөдөө ажлаар явах гэж байгаа тул шүүх хуралд оролцож амжихгүй тул шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

Гэрч Ү.Базарваанийн “2018 оны 07 дугаар сарын 01-ний 22 цагийн үед найз Баярмагнай Б- бид 3 хорооллын эцэс дээр байдаг /нэрийг нь санахгүй байна/ бааранд ороод манай 2 найз нэг шил 0.75 литртэй Соёрхол архи уусан.

 ... Тэгээд би буугаад машин цохисон залуутай барилцаж аваад салсан. Тэгтэл манай найз Б- нөгөө залуугийн нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд нөгөө залуу нүүрээ дараад доошоо суухад нь араас нь нэг удаа өшиглөсөн. Хэн өшиглөснийг би мэдэхгүй байна. Тэгээд бид гурав машиндаа суугаад явсан. Миний харснаар гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Өөр цохисныг бол хараагүй. Баярмагнай зодоонд оролцоогүй. Б- зодоонд оролцсон. Би ямар нэгэн байдлаар зодоонд оролцоогүй, цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Г.Баярмагнайгийн “... Тэгээд баарнаас 1 цаг өнгөрч байхад гарахад манай найз Б- гадаа хоёр залуутай юм яриад зогсож байсан. ...Тэгээд Базарваань Б-ийг явъя машинд суу гэж хэлээд бид гурав машиндаа суугаад зогсоолоос гарах гээд ухарч байхад машины ар талыг нэг хүн цохисон. Тэгтэл Базарваань машинаас буугаад чи яаж байна гээд бариад авахад хажуу талаас нь манай найз Б- нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би хажууд нь байсан найзыг нь аваад баарны хамгаалагч нарт хүлээлгэж өгсөн. Тэгэхэд нөгөө цохиулсан гэх залуу нүүрээ бариад доошоо хараад сууж байсан. Базарваань энэ залуучуудыг аваадхаач бид нар зүгээр явмаар байна гэж баарны хамгаалагч нарт хэлээд бид нар явсан. ... Тухайн үед огт танихгүй залуучууд байсан. Одоо танилцсан Т- гэх залууг цохисон юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8275 дугаартай:

“1. Б.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

Э.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Манай найзын машин руу цохиод явуулахгүй байсан болохоор маргаан үүсгэж цохисон. Урьд  нь таньдаг байгаагүй. Анх удаа харсан. Өс хонзонгийн асуудал байхгүй. Т- надад гар хүрээгүй. Эмчилгээний зардлыг өгөөгүй байгаа. Удахгүй хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Т-тэй “найзын машиныг цохилоо, явуулсангүй” гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Э.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ... гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Т-өөс “...Бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хохиролгүй болж 1.940.000 мөнгөн төгрөгийг 2018.08.20-нд авсан. Цаашид энэ мөнгөн дүн нь эмчилгээнд минь бүрэн хүрэлцэнэ. Цаашид эмчилгээнд нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн өргөдөл /хэргийн 48 дугаар хуудас/ авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн бусдын машиныг цохисон зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, шүүгдэгч Э.Б-ийг тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Энхболдын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол  Э.Б-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ