Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Ц.Батмөнх
    Хариуцагч: Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
    Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохийг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батмөнх, хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ц.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймагт захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад, биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.-д “55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн юм.
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлэн өгөхөд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 60 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно гэж зааснаар таны тэтгэвэрийн нас хүрээгүй байх учир танд тэтгэвэр тогтоох эрх нээгдэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Ингээд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын хууль зүй, Нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хороонуудад, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Их Хурлын дарга, Үндсэн хуулийн цэц зэрэг эрх бүхий байгууллагын албан тушаалтан нарт өргөдөл гаргахад ирүүлсэн хариундаа: “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6., 24.7.-д заасныг үндэслэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулж өгөх талаарх хуулийг санаачлан Улсын Их Хурлын чуулганаар оруулж өгөх албан бичиг өгсөн учир энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ, хууль хоорондын зөрчилдөөнтэй байдлыг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй учраас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3., 20.4.6-д тус тус заасан заалтын дагуу 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, холбогдох материалын хамт хүргүүлсэн боловч Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаас манайд ирүүлсэн хариунд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох хуулиар тогтоосон наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөлийг цаашид дэмжихгүй байх бодлого баримталж байх тул Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд уг асуудлыг авч үзэх саналтай байна гэсэн бөгөөд хуульд өөрчлөлт орох хүртэл тодорхой хугацаа шаардагдаж болзошгүй тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах боломжтой байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, хуулийн ийм зөрчилтэй асуудал бий таны өргөдлийн дагуу энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх хуулиудын жагсаалтанд оруулаад явуулах болсон, хуулийн хийдэл байгаа юм байна цаашид зөрчилгүй болгох шаардлагатай байгаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас, Шүүхийн ерөнхий зөвлөл энэхүү хуулийн 2 заалтуудыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлтэй хэрхэн уялдуулах талаар саналаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхээр харилцан тохиролцов, Засгийн газар Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, дээрх хуулиудын зарим зүйл заалтыг хооронд нь уялдуулах даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэтгэвэр тогтоолгох насыг шинэчлэх зэрэг асуудал тусгагдсан тухай бидэнд албан ёсны мэдээллийг ирүүлсэн бөгөөд та өөрийн биеэр манай байнгын хороо, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлэгт оролцож, тодорхой хариу авсан байх гэдэгт найдаж байна гэж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос, Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжуудын хоорондын уялдаа холбоо, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэтгэвэр тогтоолгох насыг шинэчлэх зэрэг асуудлыг зохицуулсан. Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна гэж Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооноос, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад бусад салбарын ажилтнуудын нийгэм эдийн засгийн баталгааг хангах холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хуулиудын хоорондын зөрчилдөөнтэй байдлыг арилгах хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд авч үзэн, судалж байгаа болно, нийтийн эрх ашгийн үүднээс холбогдох албан тушаалтан нараас тайлбар авах уулзалтыг зохион байгуулж хууль тогтоомжийн уялдаагүй байдлаас шалтгаалан цаашид иргэдийг хохироохгүй байх үүднээс хуулиудын зөрчлийг арилгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж уулзалтанд оролцсон гишүүд саналаа гаргаж 2016 оны хаврын Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд багтаан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын уялдааг хангах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан гэж Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооноос 2 удаа, хууль хоорондын зөрчилдөөнтэй байдлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг Хүний эрхийн үндэсний комиссоос, өөрийн хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр харьяалах шүүхэд хандах эрх нь нээлттэй байгааг Үндсэн хуулийн цэцээс тус тусын хариултыг өгсөн билээ. 
            Энэ бүх хариудаас дүгнэлт хийхэд хууль хоорондын зөрчилдөөнтэй байдлууд байгаа боловч, тэрхүү хуулийн цоорхойг нөхөх талаар хууль санаачлах, Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэн батлуулах зэрэг бодитой ажлыг зохион байгуулж, тодорхой арга хэмжээ авалгүй байсаар 2012 оны сонгуулийн бүрэн эрх нь дуусч дараагийн сонгуулийн шинэ бүрэлдэхүүн бий болжээ.
Одоо мөрдөгдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 “55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж хуульчилсан бөгөөд энэ заалтаар хүсэлтээ өгөөд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд энэ талаар өөрчлөлт оруулаагүй учраас тэтгэвэр тогтоох эрх нь үүсээгүйгээс миний тэтгэвэр авах эрх зөрчигдсөн. Нөгөөтэйгүүр шүүгчээр хэдэн жил ажилласан талаар тусгагдаагүйгээс шүүгч болоод 1-5 жил болсон шүүгч энэ заалтаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна. Мөн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 “шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж хуульчилсан бөгөөд энэ заалтаар хүсэлтээ өгөөд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөд саадгүй, харин тэтгэвэр тогтоох эрх нь үүсээгүй байна. Энэхүү заалтад насны хязгаарыг зааж өгөөгүйгээс 50-55 хүртэл хэд ч хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болж байна. Энэ нь шүүгчээр 31 жил ажилласан 54 настай эрэгтэй шүүгч хамрагдан шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн мөртлөө одоо хүртэл тэтгэврээ тогтоолгож чадаагүй хохирсоор байгаагаар нотлогдож байна. 
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 “Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэж заасан байдаг. 
             Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д  “55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно”, 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтууд нь шүүгчийг ажиллаж байх хугацаандаа 25-аас дээш жил ажиллаад, 55 нас хүрсэн шүүгч нийгмийн хамгаалал эдлэн хуулийн хугацаанаас нь өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгож болох хөнгөлөлт эдлэхээр харагдаж байгаа боловч шүүгчийн нийгмийн хамгааллын эрх зүйн байдлыг дордуулсан хууль болсон нь амьдрал дээр батлагдаж байна.   
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалт нь мөн хуулийн 24.6., 24.7.-д заасан заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл эдгээр заалттай уялдуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлтийг оруулж өгөөгүйгээс үүдэлтэй байна. Энэ бүгдийн эцэст Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэл гаргахад шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар хугацаа зааж өгөхөд нь шинээр томилогдсон сайд Номтойбаяртай биечлэн уулзахад заавал шүүх гээд яахав миний нэр дээр өргөдөл гаргаад ирүүл гэхээр нь бүрдүүлбэр хангаж шүүхэд ирүүлэлгүй шинэ сайдад өргөдөл гарган хүргүүлсэн юм. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс заасан хугацаанд бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй учир нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мөн л урьдын адил тэтгэвэр тогтоох боломжгүй талаар хариу ирүүлжээ. Учир нь урьд нь миний өргөдлийг хүлээн авч хариу өгч байсан Хишигбаярт хувиарлагдсан тул адилхан хариуг өгчээ.
          Иймд өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандахаас аргагүй боллоо.  Хуулийн энэхүү цоорхойгоос болоод миний бие нийгмийн харилцаанаас гарч ямар ч үйлчилгээнд хамрагдах боломжгүй болж, сэтгэл санааны болоод санхүүгийн хүндрэлд ороод байгааг анхаарна уу. Миний бие Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр дурьдагдсан заалтууд нь өөр хоорондоо болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байгааг өөрийн биеэр мэдэрч байгаа учир түүнийг хууль зүйн хэм хэмжээнд оруулахын төлөө эцсээ хүртэл тэмцэлдээд үр дүнд хүрээгүй яваадаа сэтгэл дундуур байна. Энэ хуулийн заалтууд зөрчилдсөний улмаас зөвхөн миний биш, нийт шүүгчдийн маань эрх ашиг зөрчигдөж байгааг шүүх анхаарах болов уу. Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнууд хүний эрх зөрчигдөж байгаа энэ явдалд аль болох боломжтой талаас нь судлан хууль хоорондын зөрчилдөөнтэй байдлыг арилгах арга хэмжээг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэнгүйд туйлын харамс ч байна. Үүнээс болж миний бие өндөр насны тэтгэврээ авч чадахгүйгээс хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнөөс шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч орлогогүй болж нийгмийн харилцаанаас хөндийрөх үр дагаварт хүрлээ. 
    Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ асуудалд шүүх тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Олон улсын конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд болон шүүгчийн эрх зүй байдлын тухай хуулиар тусгайлан зохицуулсан. Дээрх хуулиудын үндэслэн энэхүү асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой. Иймээс өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтан нарын эс үйлдэхүйг тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд шүүгчийн өндөр насны Тэтгэврийг тогтоох талаар тусгагдаагүй ч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар миний өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх болон Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойшхи хугацааны Тэтгэврийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нөхөн гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
    Хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга  А.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 24.6.-д зааснаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөн улмаар тэтгэвэр тогтоолгохоор манай нийгмийн даатгалын хэлтэст хандсан байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй учир шүүгчийн тэтгэвэр тогтоох эрх нь үүсээгүй байна. Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд энэ нөхцөлөөр тэтгэвэр тогтоох нас хүрээгүй учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй талаар иргэн Ц.Батмөнхөд албан бичгээр манай хэлтсээс хариу өгсөн байна.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6., 24.7.-д заасан заалтын тэтгэвэр тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулахаар эрх бүхий байгууллагын албан тушаалтанд 1 жил гаруй хугацаанд хандсан боловч ямар нэгэн хариуг авч чадалгүй хохирсоор иржээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас удаа дараа хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу өгч байсан байна. Иймд бидний зүгээс хуульд заасан насанд хүрээгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Нэгэнт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4  зүйлийн 1 дэх заалт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. дахь заалт нь хоорондоо уялдаа холбоогүй, хоорондоо зөрчилдөж байгаа тул Ц.Батмөнхийн өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хууль нь 1995 онд батлагдан дагаж мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль маань салбар хуулиудтай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд шинэчлэн найруулагдан батлагдсанаар дагаж мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд эрэгтэй 60 настай, эмэгтэй 55 насанд хүрсэн иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Мөн 4 хүүхэд төрүүлж өсгөсөн 20 жил улсад ажилласан, 50 настай эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж байсан. Энэ нь 2016 оны шинэчилсэн найрууллагаар 20 жил ажилласан, эрэгтэй, эмэгтэй гэж өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ салбарын хуулиар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажил, мэргэжил, нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрэгтэй 55 насанд хүрсэн, 20 жил улсад ажилласан шүүгч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ороогүй байдаг. Энэ талаар бид нар мэдээгүй байж байтал Ц.Батмөнх гуай манай байгууллагад хандсан. Бид бол хуулийнхаа дагуу ажлаа явуулдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд энэ талаар заагаагүй болохоор манай байгууллага тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн Ц.Батмөнхөөс Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохийг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 696 дугаар шүүхийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн  Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргажээ . 
Нийгмийн даатгалын хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/350 дугаар албан бичгээр “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар эрэгтэй 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож болно гэсэн заалттай зөрчилдөж байх тул таны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэх боломжгүй байна. ” гэсэн хариуг өгчээ.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. дахь заалт нь тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт тул дээрх хуулийн заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой. 
Хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ороогүй учраас дээрх хуулийн заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 12 дугаар 04-ний өдрийн 177 дугаар зарлигаар Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаад  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар 05-ны өдрийн 141 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ .
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх” 1. дэх хэсэг  “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт  “Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө” гэж зааснаар өргөдлөө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, Нийгмийн даатгалын хэлтэс мөн зүйлийн 3. дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу өргөдлийг шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/350 дугаар албан бичгээр хариг өгсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. “Өндөр насны тэтгэвэр авах эрх”, 1. дэх хэсэг “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заажээ.
Хуулийн дээрх зүйлийн 2. , 3. , 6.  дахь хэсгүүдэд тухайн даатгуулагчийн ажиллаж буй хөдөлмөрийн нөхцөл, мэргэжил, эрхэлж буй хөдөлмөр зэргийг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насыг харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг олгожээ. Хуулийн дээрх хэсгүүдэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл ... .” гэсэн хуулийн зохицуулалт ороогүй байна. 
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйл. “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж”, 2.1.-т “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.”  гэж заажээ.
Шүүгчийн эрх байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлахдаа мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. дахь заалтыг 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгтэй нийцүүлэлгүйгээр баталсан байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх, тэтгэвэр тогтоолгохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд хариуцагчийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
 Иймд нэхэмжлэгч Ц.Батмөнхийн шүүхэд гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохийг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1., 2., 3., 6. дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохийг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ