Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01542

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01542

 

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15ы өдрийн 184/ШШ2017/01124 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хас банкны, хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нараас зээлийн гэрээний үүрэгт 42 340 079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ш.Очирхүрээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Ш.Очирхүрээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Очирхүрээ нь Хас банктай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1500007941 тоот зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 50-654, 50-655 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2013 оны 50-655 тоот баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцлөөр гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлж авсан.

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1500007941 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 15000016652 тоот гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 39 900 000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар сунгасан. Энэ гэрээнд Ц.Байгалмаа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээхээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-28 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201032466 тоот дугаартай 55.25 м.кв талбай бүхий хашаа, байшин, улсын бүртгэлийн Г-2201007732 тоот дугаартай 700 м.кв талбай бүхий газар, мөн Хамбын 2-27 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201034708 тоот дугаартай 253.5 м.кв талбай бүхий байшин, улсын бүртгэлийн Г-2201008020 тоот дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалуулсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн барьцаа хөрөнгө чөлөөлөх 416 дугаар зээлийн шийдвэрээр Хамбын 2-28 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201032466 тоот дугаартай хашаа, байшин, улсын бүртгэлийн Г-2201007732 тоот дугаартай 700 мв талбай бүхий газрыг барьцаанаас чөлөөлүүлсэн.

Ш.Очирхүрээ нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч 1500007941 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлөөгүй, 320 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Банкны зүгээс хариуцагч Ш.Очирхүрээд зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч элдэв тайлбар гарган барьцаат зээлийн гэрээний 3.4.2-т заасан үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрсэн.

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгч Ш.Очирхүрээ нь гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрт үндсэн зээл 33 100 000 төгрөг, хүү 9 158 403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 676 төгрөг, нийт 42 340 079 төгрөг төлөхөөр байна.

Хариуцагч Ш.Очирхүрээг зээлээ төлөх, хугацаа сунгах талаар банкны зүгээс боломж олгосон. Үнийн дүн болон зээлийн асуудлаар маргадаггүй. Тодорхой хугацаа хариуцагч хүсч, уг хугацаанд мөнгөө өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж бичгээр тайлбараа өгсөн. Гэвч уг хугацаанд ямар нэг байдлаар өөрийнх нь хэлсний дагуу төлбөр мөнгө төлөгдөөгүй. Энэ шалтгаанаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, хүү зохицож шүүхэд хандсан.

Үүнээс хойш 5, 6 cap болж байгаа боловч бидний зүгээс хүү, алданги, сүүлийн 6 сарын нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагч нь зээлээс 6 800 000 төгрөг төлсөн нь үнэн. Уг төлбөрөөс тодорхой хувь нь зээлийн хүүнд төлөгдөх байсан боловч шууд үндсэн зээлээс хассан. Үндсэн төлбөр рүү оруулсан зорилго нь зээлдэгчийг хүүгийн дарамтаас чөлөөлөх зорилготой.

Хариуцагч тал барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө гэдэг нь тодорхойгүй гэж байна. Энэ нь дээр дурдсан барьцаа хөрөнгөөр буюу нэхэмжлэлд бичсэн барьцаа хөрөнгө болох хашаа, байшин бүгд орох нь тодорхой байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн ялимгүй зөрчил гэж байна. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлээ хуваарийн дагуу төлөхгүй 320 хоногоор хугацаа хэтэрсэн.

Иймд барьцаат зээлийн гэрээний 3.2.4,5.1.1, баталгаат ипотекийн гэрээний 3.2.3, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, 42 340 079 төгрөгийг зээлдэгч Ш.Очирхүрээ, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Байгалмаа нараас гаргуулж, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн барьцаат зээлийн гэрээний 5.2, баталгаат ипотекийн гэрээний 4.1.4, 4.1.7-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Ш.Очирхүрээ, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Байгалмаа нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Очирхүрээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хас банкнаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150016601 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулаад үндсэн зээлийн гэрээ болох 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үндсэн гэрээний нэмэлт гэрээгээр 39 900 000 төгрөгийг 38 сарын хугацаатайгаар 2019 онд дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 4 удаагийн үйлдлээр буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 28-ны өдөр 300 000 төгрөг, нийт 6 800 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 2 сарын дараа зээлийн гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргасан. Үүргийн ялимгүй зөрчил байсаар байхад үүнийг харгалзаж үзэлгүйгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа нь иргэдийг хохироож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 онд дуусах ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид ч биелүүлэх хүсэлтэй байна.

Гэтэл санхүүгийн байдал муудаж, зээлээ эргүүлэн төлөхдөө хугацаа хожимдуулах , дутуу төлөх зэргээр тус банкинд хүндрэл учруулж байсан нь үнэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа дуусаагүй байхад банк өөрийн санаачилгаар гэрээ цуцлан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж буй шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201034708 тоот дугаартай 253.5 мв талбай бүхий байшин, улсын бүртгзлийн Г-2201008020 тоот дугаартай 700 м.кв талбай бүхий газраар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

Учир нь хашаа, байшин, газрын одоогийн үнэлгээ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү байгаа тул зөрүү төлбөрийг тооцоолох шаардлагатай. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад эд хөрөнгө, орлогоос үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах нь болзол тавих, ирээдүйд болох эсэх нь эргэлзээтэй зүйл дээр шүүхээс дүгнэлт гаргуулахыг хүссэн агуулга бүхий шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн буруугаас хугацаа хэтрээгүй, эдийн засгийн хямрал нөлөөлсөн. Ш.Очирхүрээ нь Хас банкнаас авсан зээлийг түүний тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг гэрээгээр хүлээснээс бүхэлд нь барьцаагаар хангуулах үүргийг хүлээгээгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 2013 онд зээлийн гэрээ байгуулаад 80 000 000 төгрөг авсан. Үүнийгээ төлж явсаар байгаад 39 900 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн ба уг мөнгийг төлөх хугацааг 2019 он хүртэл хугацаа сунгасан. Үүнээс тодорхой хувийг нь төлөөд 33 000 000 төгрөг үлдсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т талууд гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдлыг заасан байдаг. Энэ зүйл заалтад хамаарч байна гэж үзэж байгаа. Хариуцагч тал бол зээлийн гэрээний харилцаагаа цааш үргэлжлүүлэн шинэ хуваарь тогтоож зээлийг эргэн төлөх хүсэлтэй байгаа. Хэсэг хугацаагаар нийт улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалаад хугацаа хэтэрснийг бол үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч нь Ш.Очирхүрээтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гуйцэтгэлийг нэхэмжилжээ. Зээлийн гэрээний дагуу зээлийг Ш.Очирхүрээ авч ашигласан байдаг. Ц.Байгалмаа нь барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд л дээрх харилцаанд оролцсон, зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагуй, эргэн төлөх үүргийг мөн хүлээгээгүй.

Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагуй болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл банк өөрийн санаачилгаар гэрээг цуцлан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 208 дугаар зүйлийн 208.6. 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нараас 42 182 666 төгрөг гаргуулан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 157,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 169 дүгээр зүйлийн 169.1-д заасны дагуу хариуцагч Ц.Байгалмаагийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах Y-2201034708 тоот улсын бүртгэлийн дугаартай 253.5 м.кв талбай бүхий байшин, Г-2201008020 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...талууд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1500007491 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 1500016652 тоот гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 39 900 000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар сунгаж, зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа..." хэмээн дурджээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн нэмэлт гэрээний дагуу үндсэн төлбөр болоод хүү шаардсан бөгөөд тэрхүү гэрээнд хүүгийн талаар тохиролцоогүй буюу хүүгийн хэмжээг тодорхойлоогүй. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгасан атлаа зээлийн хүү 9 000 990 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр жилийн 25.2 гэж тохирсон нь дараагийн нэмэлт гэрээгээр мөн адил тийм хэмжээний хүү тохирсон гэж дүгнэх боломжгүй. Учир нь хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж сарын 2 хувь болгон багасгасан байдаг ба энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон нөхцөлд зээлдэгчид бичгээр мэдэгдэх үүргийг банк хүлээсэн. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, зээлийн нэмэлт гэрээг хүүгүйгээр байгуулсан гэж үзэж хариуцагч үндсэн зээлийн төлбөрөө төлдөг байсан. Тийм ч учраас Ш.Очирхүрээгээс төлсөн 6,800,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож, хүү аваагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан учраас зээлийн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т "зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан. Зээлийн нэмэлт гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусах бөгөөд зээлдүүлэгч талын санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалсан, зээлийг төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэхэмжилсэн зэрэг үйл баримтад шүүхээс буруу дүгнэлт хийж нэмэгдүүлсэн хүү 81 676 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 9 082 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 340 079 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд анх 2013 онд зээлийн гэрээний харилцаа үүсэж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1500007941 тоот зээлийн болон 50-862 тоот ипотекийн гэрээг тус тус байгуулан, 80 000 000 төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлж, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах зорилгоор хариуцагч Ц.Байгалмаагийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201034708 дугаарт бүртгэлтэй 253.5 м.кв талбай бүхий байшин, улсын бүртгэлийн Г-2201008020 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлээс төлсөн дүнгийнхээ хэмжээ, мөн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болохыг хариуцагч зөвшөөрдөг боловч нэмэлт гэрээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон эсэх, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн эсэх талаар маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн 24 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нар нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1500007941 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээлийн дүнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дагуу олгосон 80 000 000 төгрөгийн үлдэгдлийг 39 900 000 төгрөгөөр тооцож, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, тус гэрээний 2.1 дэх заалтаар уг гэрээнд дурдагдаагүй үндсэн гэрээний бусад заалтууд хуучин хэвээр мөрдөгдөхөөр тохиролцон баталгаажуулж, гарын үсгээ зурж, хэлцэл хийсэн.

Мөн маргалдагч талууд 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 1.1 дэх заалтаар зээлийг ашигласан хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүүгийн талаар тохиролцоогүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. /хх-17 дугаар тал/ Хариуцагч нар зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээл төлөх хугацааны талаар тохиролцсон боловч үүнээс хойш төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нарын гэрээний үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй.

Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Хас банкны хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах талаар зохицуулсан хуулийн холбогдох заалтыг оновчтой баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох зээлийн гэрээ, нэмэлт зээлийн гэрээг хуульд заасны дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байгааг зөвтгөж хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь гэрээнд заасан хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй. Гэтэл зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 1.1-д зааснаар зээлийн хүүг 25.2 болон 16.5 гэсэн 2 өөр янзаар тодорхойлсон байна.

Түүнчлэн уг гэрээний 1.1-д зааснаар 25.2 хувийн хувьсах хүү тооцох тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэхээр гэрээнд заасан байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээ тогтоосон уг заалтыг үгийн шууд утга харгалзан тодорхойлно.

Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1500007941 тоот гэрээний 1.1-д заасан гэрээний хүүгийн хэмжээ суурь хүү болох 16.5 хувиар тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжтой.

Хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлээ төлөөгүй болох нь нотлогдсон тул энэ өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 11 сар 13 хоногийн зээлийн хүүг жилийн 16.5 хувиар тооцох нь зүйтэй байна. Иймээс хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нараас үндсэн зээл 33 100 000 төгрөг, зээлийн хүүд 6 272 612 /11 сар 13 хоног х 548 625/ төгрөг, нийт 39 372 612 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 967 467 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдлэх тул нэхэмжлэгч талын, хариуцагч нарын бусад эд хөрөнгө, орлогоор үүргийг гүйцэтгүүлэх тухай шаардлагыг хангах боломжгүй юм. Хариуцагч талын барьцааны бус хөрөнгөөс үүргийг гүйцэтгүүлэх асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой тул шүүхээс бусдын барьцааны бус эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргах боломжгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хариуцагч Ш.Очирхүрээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна. Учир нь гэрээний талууд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү тооцох тохиолдолд уг хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой заасан байх ёстой.

Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээний 4.1 дэх заалтад нэмэгдүүлсэн хүү төлөх талаар заасан боловч хэрхэн, ямар хэмжээгээр, яаж тооцохыг тодорхой заагаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Байгууллагын эрх олгосон төлөөлөгч нарын нэг нь шүүх хуралдаанд оролцоогүй байх боловч итгэмжлэлд нэр заагдсан этгээд Д.Батсайхан оролцсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Очирхүрээ, Ц.Байгалмаа нараас 39 372 612 /гучин есөн сая гурван зуун далан хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 967 467 /хоёр сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох хариуцагч Ц.Байгалмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201034708 дугаарт бүртгэлтэй 253.5 м.кв талбай бүхий байшин, улсын бүртгэлийн Г-2201008020 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг алдан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж, 3 дахь заалтын 368 863 гэснийг 354 813 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Очирхүрээгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД