| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2506 01327 2543 |
| Дугаар | 2026/ДШМ/683 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/683
2026 05 28 2026/ДШМ/683
Э.Ш-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
шүүгдэгч Э.Ш-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2026/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2506 01327 2543 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн Э-ны Ш-, 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “О-” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 1, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УО-/,
Шүүгдэгч Э.Ш- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т-” дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.С-ын Голомт банкны данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ш-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ш-аас 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, С- хотхоны С- тоотод оршин суух Г.С- /РД: ДС-/-д олгож, Э.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Ш- миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, хохирогч Г.С-д 900.000 төгрөгийн хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний бие нь “Дөрвөн Ивээл” ХХК-нд менежерийн ажилтай ба одоо ч ажлаа хийж байгаа бөгөөд нийтэд тустай ажил хийсэн тохиолдолд үндсэн ажлаасаа халагдаж, цалин орлогогүй болж амьдрал ахуйн хувьд хохирох нөхцөл үүсэхээр байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд түүнийг төлөх боломжтой. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ш-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш өнөөдрийг хүртэл Э.Ш- хохирол, төлбөрийг төлөөгүй. Хуралд орж ирэхээсээ өмнө миний хажууд сууж байхдаа төлсөн. Хохирогчтойгоо уулзаж, мөнгийг нь төлсөн үү гэж асуухад төлөөгүй байдаг. Мөн “шүүх дээр л төлөх боломжтой гэж ойлгосон ба одоо төлчихье” гэж хэлсэн. Үүнийг харахад, шүүгдэгч Э.Ш- өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нийтэд тустай ажлыг заавал өдрийн цагаар хий гэж шаардаггүй, өглөө 6-8 цагийн хооронд хийх ч боломжтой. Нийтэд тустай ажил хийлгэх ялаа биелүүлээд нийгэмшиж байгаа олон хүмүүс байдаг. Сэтгэл гаргаад дээрх ялыг биелүүлэх боломжтой байсан. 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажлаа хийгээд эхэлсэн байх боломж байсан. Гэвч өнөөдрийн шүүгдэгчийн хувьд уг нөхцөл байдал хангагдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Ш- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.С-ын Голомт банкны данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/,
хохирогч Г.С-ын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гадуур архи согтууруулах ундааны зүйл уугаад шөнө 3 цагт төмөр замын “Эргэн дурсахуй” баарнаас гараад Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булан руу такси барьж хүргүүлсэн. Хүргүүлэх замдаа Улиастайн Си Юу нэртэй дэлгүүрээс сөжү архи авч уусан. Би ганцаараа явж байсан, гэрийн үүдэнд очоод авсан сөжү архиа ууж байгаад тасарчихсан, маргааш нь би “Төгс хуй” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр буюу 01 дүгээр сарын 07-ны орой өөрийн Голомт банкны интернэт банк руугаа ортол миний данснаас 1.000.000 төгрөг “дүүд” гэх утгатай Э-н гэж нэртэй Хаан банкны 5С-0 гэсэн данс руу шилжүүлсэн байна. ... миний бие 900,000 төгрөгийн хохиролтой байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /хх 18-19, 74/ гэсэн мэдүүлэг, хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Ш-ийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Ш- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.С-ын Голомт банкны данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлжээ.
Шүүгдэгч Э.Ш- “...Миний бие нь “Д-” ХХК-нд менежерийн ажилтай ба одоо ч ажлаа хийж байгаа бөгөөд нийтэд тустай ажил хийсэн тохиолдолд үндсэн ажлаасаа халагдаж, цалин орлогогүй болж амьдрал ахуйн хувьд хохирох нөхцөл үүсэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээ хийснийг ойлгодог.
Мөн алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдлаар илэрдэг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Г.С- нь тухайн 1,000,000 төгрөгийг такси үйлчилгээний хөлс гэж 100,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч хийсэн болох нь “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гадуур архи согтууруулах ундааны зүйл уугаад шөнө 3 цагт төмөр замын “Эргэн дурсахуй” баарнаас гараад Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булан руу такси барьж хүргүүлсэн. ... 01 дүгээр сарын 07-ны орой өөрийн Голомт банкны интернэт банк руугаа ортол миний данснаас 1.000.000 төгрөг “дүүд” гэх утгатай Э-н гэж нэртэй Хаан банкны 5С-0 гэсэн данс руу шилжүүлсэн байна. ...” гэх мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж Э.Ш-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч Э.Ш- нь “Д-” ХХК-нд менежерийн ажилтай гэх боловч сард хэдэн төгрөгийн орлого олдог нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж яллахдаа мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцохдоо буюу шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт шүүгдэгч Э.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон атлаа гэмт хэргийн шинж, хэлбэрийг буруу бичсэн алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинж, хэлбэрийг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Э.Ш-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Э.Ш-ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, хэлбэрийг өөрчилсөн өөрчлөлт оруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Э.Ш- нь хохирогч Г.С-д шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 900,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2026/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “...Шүүгдэгч Э.Ш-ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.Ш- нь хохирогч Г.С-д 900,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР