Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Батжаргалын Б-, Боржигон овогт Мөнхжаргалын Э- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705018020851 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн .......дугаар хороо ..... дугаар ...... мянгат гудамж ...... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Батжаргалын Б-

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .....настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо ........... гудамж ...... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо ............. гудамж ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогт Мөнхжаргалын Э-

 

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт .............гудамжны ......... тоотод Б.Б-, М.Э- нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй гэв”.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй гэв”.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “Тухайн үед манай найз залуу Дөлгөөний 10 жилийн ангийнхан уулзана гэхээр нь хувцас аваачиж өгөхөөр түүний ажил дээр очсон. Тэгтэл Дөлгөөн хамт очъё гэхээр нь 13 дугаар хороололд нэг газар хамт очиж ангийнхантай нь сууж байгаад бүгдээрээ Э-ын гэрт очсон. Тэнд очоод гал тогооны өрөөнд нь бүгдээрээ сууж байгаад Э- бид хоёр хоорондоо маргалдаад нэг нэгийгээ маажсан. Бид бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ хэрэг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр болсон ба тухайн үед бид хоёр нэг нэгэндээ гомдолгүй гээд хэрэг хаагдсан байсан. Гэтэл Э-ын өгсөн өргөдөл хаагдаад, миний өгсөн өргөдөл хаагдаагүй байсан. Уг нь тухайн үед хаах ёстой байсан ч цагдаа нь мартсан болохоор бүүр сүүлд цагдаагийн газраас дуудаад хэрэг шүүхэд ирсэн” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э- мэдүүлэхдээ: “Тэр өдөр манай ангийнхан уулзалдсан. Б-гийн найз залуу Дөлгөөн манай ангийн хүүхэд байсан. Бид нар 13 дугаар хороололд нэг газар сууж байгаад тэндээсээ гараад манай гэрт очсон. Очоод ширээ тойрч суугаад нэг нэг пиво задлаад сууж байгаад Б- бид хоёр муудалцаад хоорондоо үсдэлцсэн. Бид хоёр тухайн үед ууртай байсан болохоор харилцан зодолдсон. Надад Б-гаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал дараах нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр буюу аргагүй хамгаалалт хийсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Б-гийн “... Э- болон Болорчимэг, Баярбаатар нар манай найз залуугийн талаар “ядуу, гуйлгачин, хичээлдээ суудаггүй” гэх мэтээр яриад муулаад доромжлоод байхаар нь би найз залуугаа өмөөрөөд “би хэзээ ч хүний баян, ядууг харж үерхэдэггүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед эд хөрөнгөөр ялгаварлаад Дөлгөөнийг гуйлгачин, багаасаа ядуу амьдралтай байсан гээд тэрнээс болж маргалдсан. Тэр үед гаднаас Дөлгөөнөө Чинзоригтой орж ирэхээр нь би Дөлгөөнд чамайг танай ангийхан ингэж хэллээ гээд нүүрэн дээр нь юу ярьсаныг нь хэлсэн. Тэгсэн чинь Э- намайг та хоёр одоо манай гэрээс зайл гээд үгээр доромжлоод над руу хэрүүл хийгээд дайраад байсан. ... Тэгэхээр нь би үүдэн дээр хувцасаа өмсөөд зогсож байсан чинь Э- нь миний үсийг гартаа ороож байгаад зулгаагаад нүүрнээс бусад газар руу 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би болиоч гээд өөрөөсөө Э-ыг түлхсэн чинь миний үсийг тавихгүй байсан. ... Тухайн үед Э- намайг үсдэж толгой руу цохиж, нүүр маажсан надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан.

... Тухайн үед би өөрөөсөө зайлуулж түлхэх үед маажсан байж магадгүй. Тэр үед Э- миний үсийг ороогоод зуурсан байсан болохоор салахгүй байсан. Би Э-д гэмтэл учруулъя гэж бодоогүй. Тухайн үед салгасан хүмүүс ч учруулсан байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

         

          Гэрч Н.Дөлгөөний “...Тэгээд Энхүүшийн гэрт бүгдээрээ юм ярилцаад сууцгааж байгаад би Чинзоригтой гадагшаа тамхи татчихаад орж ирсэн чинь манай найз охин Б- надад танай ангийнхан чинь чамайг муулж байна гэж  надад хэлсэн чинь цаанаас Энхүүш хүрч ирсэнээ шууд Б-г үсдэж аваад зууралдаад Энхүүш Б-гийн толгой руу гараараа цохиод байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс болон би салгасан. Тэгээд Б-тай Энхүүшийнхээс гараад явсан. ... Э- гэдэг бид нар Энхүүш гэж дууддаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14699 дугаартай:

          “1. М.Э--н биед баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн  ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Хавтаст хэргээс үзвэл шүүгдэгч М.Э-ын илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь хохирогч Б.Б-гийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүхээс шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

   Хохирогч Б.Б-гийн “... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой  21 цагийн үед манай найз залуу  Н.Дөлгөөн нь миний хувцсыг ажил дээр аваад ир гээд дуудсан. Тэгээд би аваачиж өгсөн. ... Тэгээд Энхүүшийн гэрт нь очсон. Тэгээд тэднийд ганц, ганц пиво уусан. Тэгээд манай найз залуу Н.Дөлгөөн  орж гараад байсан. Тэгэхэд тэр Дөлгөөний  10 жилийн найз нар нь надад манай найз залуугийн талаар муу үгээр доромжилж хэрүүл эхлүүлсэн. Тэгээд Н.Дөлгөөн гаднаас орж ирэхэд нь би шууд тэр найз нарынх нь нүүрэн дээр нь Дөлгөөнд танай найз нар чамайг доромжилсон талаар хэлэхэд тэр найз нар нь над руу дайрч эхэлсэн. Тэгээд бид хоёр явах гээд үүдэнд хувцсаа өмсөх гээд байж байхад Энхүүш ирээд намайг үсдэж авахад би бас үсдээд авсан. Тэгсэн чинь найз нар нь ирээд миний гарыг тавиулсан. ...Толгой их өвдөж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

          “...Тэгээд тухайн үед эд хөрөнгөөр ялгаварлаад Дөлгөөнийг гуйлгачин багаасаа ядуу амьдралтай байсан гээд тэрнээс болж маргалдсан. Тэр үед гаднаас Дөлгөөнөө Чинзоригтой орж ирэхээр нь би Дөлгөөнд чамайг танай ангийнхан ингэж хэллээ гээд нүүрэн дээр нь юу ярьсаныг нь хэлсэн. Тэгсэн Э- намайг та хоёр одоо манай гэрээс зайл гээд үгээр доромжлоод над руу хэрүүл хийгээд дайраад байсан. ...Тэгэхлээр нь би үүдэн дээр нь хувцсаа өмсөөд зогсож байсан чинь Э- нь миний үсийг гартаа ороож байгаад зулгаагаад нүүрнээс бусад газар руу 5-6 удаа цохисон. Тэгэхлээр нь би болиоч гээд өөрөөсөө Э-ыг түлхсэн чинь миний үсийг тавихгүй байсан. ... Тухайн үед Э- намайг үсдэж толгой руу цохиж нүүр маажсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед байсан хүмүүс бүгд харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14686 дугаартай:

          “1. Б.Б-гийн биед баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, дух, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун хацар, хамрын хажуу ба доод хэсэг, баруун, зүүн гарын сарвуу ба хурууны зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч М.Э- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Хохирогч М.Э-, Б.Б- нар нь хэн алинаасаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Э-аас гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Э-, Б.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.9 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Батжаргалын Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Э- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Э-, Б.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  Б.Э- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-, М.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ