Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 204/МА2021/00017

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 146/ШШ2021/00170 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч Г.С-оос, хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 32 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/, нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн *** суманд зам ангийн дарга Ба, жолооч Д нартай хамт ирсэн. Тэгээд буцаад *** сум руу явахад нь би 360 кг ноолуур ачиж хамт явж *** сумын *** түүхий эдийн төвд өгсөн. Тэгээд Ц.А нь миний утасны дугаарыг авсан үүнээс хойш над руу байнга ярьдаг болсон. Ц.А нь эхнэр У-ийнхээ цалингийн зээлийг төлчхөөд өгье гээд удаа дараа гуйсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар данс руу бэлэн 1 200 000 төгрөг шилжүүлж, дараа нь өөрийнхөө ******* тоот данснаас 8 800 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2011 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мөнгөө авъя гээд *** суманд очиход 1 сар сунгаад өгөөч гэж хэлсэн. Би 10 000 000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын ХААН банкнаас бизнесийн зээл 10 000 000 төгрөг, мөн 2011 оны 06 дугаар сарын 23-нд цалингийн зээл 5 000 000 төгрөгийн зээл авсан байсан тэр мөнгөнөөсөө зээлүүлсэн юм. Хугацаа дуусаад мөнгөө авъя гээд сар болгон очиход дахин өмнөх шалтгаа хэлж хугацаагаа сунгасан. Улмаар дамжиж удаа дараа очиход намайг сүүлдээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхцөгч буюу хамтран амьдрагч Ц эгч, дүү нарынхаа дэргэд зодож тархины хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2011 оноос 2019 он хүртэл удаа дараа сар тутам нэхсэн би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрч дахин Төрийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 21-нд 18 000 000 төгрөг зээлж Хаан банкны зээлээ төлж хүүний өрөнд орж хохирсон. Банкны зээлээ төлөхийн тулд Солонгос улс руу 2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус явж хүртэл ажилласан. Намайг Солонгос улсад байх хугацаанд миний төрсөн охин Ү, Э нар удаа дараа ярьж нэхэж байсан. 2011 оны 07 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл 10 000 000 төгрөгийн алданги 1.8%-иар тооцоход 54 455 144 төгрөг төлсөн. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу хохирсон эрх ашгийг хамгаалж Ц.А-оос 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Г.С миний бие 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ц.А-д 10 000 000 төгрөг зээлүүлсэн. Уг мөнгийг Ц.А-оос гаргуулахаар *** сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд холбогдуулан иргэний хэрэг үүссэн. Дээрх 10 000 000 төгрөгийг миний бие ХААН банкнаас зээлж өгсөн бөгөөд сарын 1.8 хувийн хүүтэй /жил 21.6/ мөнгийг бүтэн 8 жилийн хугацаанд банкинд төлөхөд нийт 17 280 000 төгрөгийн хүү, 5 000 000 төгрөгийн алданги төлсөн. Нийт 22 280 000 төгрөг төлсөн. Миний бие Ц.А-ын буруутай үйлдлээс болж 22 280 000 төгрөгийн хүү, алданги төлсөн тул уг хүү, алдангийг Ц.А-оос нэмж гаргуулах хүсэлтэй байна. Ц.А-оос үндсэн зээл 10 000 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 жилийн хүү 17 280 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 32 280 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:    “Би Ц.А гэдэг хүнийг надад туслаач гэхээр нь 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл өгөх хүртлээ мөнгө авах талаар байнга нэхэж байсан. Би хариуцагчид банкны зээлтэй гэдгээ удаа дараа хэлэхэд ойлгодоггүй байсан. Хариуцагч нь шүүхэд тайлбар өгөхдөө 10 000 000 төгрөгийг аваагүй, чи бид хоёр дотно харилцаатай юм чинь яах юм бэ, би хариуцагчийг ангийн хүүхэдтэй нь хардаад мөнгөө нэхсэн гэсэн байдлуудаар худлаа ярьж байсан. Иймд хүү 17 280 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 32 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.С нь Ц.А-д 2011 оны 07 дугаар сард 10 000 000 төгрөг өгсөн, гэхдээ гэрээ байгуулаагүй. Хэрэг хяналтын шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацааны дүгнэлт бүрэн гаргаагүйгээс болж хэрэг анхан шатны шүүхэд буцсан. 2011 оноос хойш мөнгөө авъя гэж нэхэж байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. 2018 оны 07 дугаар сард хэрүүл маргаан болж мөнгөө нэхэж эхэлсэн. Г.С нь Ц.А-д тус дэм болж хамтран амьдрах зорилгоор 10 000 000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээ гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ биш гэдэг нь тодорхой байгаа. Хувийн харилцаанаас бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлсэн мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-оос үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 805 479 төгрөг, нийт 11 805 479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, үлдэх хэсэг хүү 15 474 521 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-оос улсын тэмдэгтийн хураамжид 203838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 146/ШШ2021/00170 дугаартай шийдвэрт гомдол гаргаж байна. Учир нь энэхүү харилцаа нь зээлийн шинжтэй бус иргэн Г.С-оос Ц.А-д ажилд тусалж байсны хувьд өгсөн ажлын хөлс, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр. Гэтэл тухайн хоёр иргэний ажил хэргийн шугамаар харьцаж байсан харьцаа гүнзгийрч дотно харьцаа үүссэн нь зохигчдын мэдүүлгээс тодорхой харагддаг. Г.С нь Ц.А-той амьдрах давхар санаа бодол агуулж хариуцагчийн гэрт нь ирж хардалт хэрүүл маргаан үүсгэж эд хогшлыг нь эвдэж улмаар хорссондоо Ц.А-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар Г.С нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон. Үүнд нь өөртэйгөө амьдраагүйд нь хорсож 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлыг 2021 оны 07 дугаар сарын 22-нд болсон шүүх хуралдаанаар зээлийн шинжтэй гэж үзсэн нь хуулийг хэт нэг талыг барьж тайлбарлан иргэн Ц.А-ыг хохироож байна. Тухайн үед хардалтын улмаас хэрүүл маргаан хийж байснаа мөнгө нэхэж байсан мэтээр ярьдаг. Энэ нь шууд утгаараа хувийн ашиг сонирхлоо хангаж бизнесийн ажилдаа ашиглан өгсөн ажлын хөлсөө Ц.А-той суух гэсэн далд бодол нь бүтэхгүй болохоор зээл байсан мэтээр нэхэмжилж бусдыг хохироож байгаа явуургүй үйлдэл гэж үзэж байна. Ц.А нь энэ байдлыг ойлгож гэр оронд нь ирж хардалт хэрүүл маргаан үүсгэж байгаа байдлаас залхаж 2014 онд мөнгө өгье гэсэн боловч чи надад тусалж байсан учраас өгсөн юм гээд авдаггүй. Яриад байгаа шиг нь зээл байсан юм бол авах л байсан. Шүүх яагаад Ц.А, Г.С-д бизнест нь тусалж байсныг үнэлээгүй, нэг талыг барьж байгааг гайхаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Сд А нь ажил хэрэгт нь туслалцаж байснаас өгсөн гэснийг С Аринуболдод тус болж гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ташаа бичсэн байна. 2018 онд хардалтын улмаас хорссондоо өгсөн ажлын хөлсөө нэхэж байгаа нь Иргэний хуулиар зохицуулагдсан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нь банкны баримтаар нэхэж байгаа нь нотлогдож байна гэсэн энэ бол нэхэмжилж байгаа үйлдэл биш юм. Мөн 2018 онд гэр бүлийн маргаан хардалт явагдаж байсныг хөөн хэлэлцэх хугацаа гэж шаардах эрх үүссэн эсвэл бэлэглэл байсан мэтээр маргадаг. Тэгвэл 2018 онд өгсөн ажлын хөлсөө энэ нь эргэн төлөгдөх нөхцөлгүй өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хардалт, хорслын улмаас нэхэж байгаа ёс суртахуунгүй үйлдэл нь Иргэний хуулиар шаардах эрх үүссэн гэж үзэх нь учир дутагдалтай.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасан эрхийг хангаж тодорхой хүмүүсийг гэрчээр асуулгаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ц.А-оос үндсэн зээл 10 000 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 жилийн хүү 17 280 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 32 280 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Г.С-оос 10 000 000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч Ц.А “...хувийн харилцаанаас бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлсэн мөнгө юм... ажилд нь тусалж байсны хувьд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр өгсөн ажлын хөлс учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрээний харилцаа үүссэн эсэх талаар:

Иргэний хуулийн тусгай ангийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэрээ байгуулсанд тооцно.  

Гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар 10 000 000 төгрөг өгсөн, авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй боловч гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч Г.С нь Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д зааснаар өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө буюу мөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 493 дугаар 493.1-т зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаардаг. Хариуцагч Ц.А нь Г.С-оос авсан мөнгөөрөө ямар нэгэн орлого олсон, үр шимийг нь хүртсэн гэх байдал тогтоогдоогүй тул анх шилжүүлэн авсан хөрөнгө буюу 10 000 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

2. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх нь энэ хуулийн 75.2-т хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарахгүй байх тул Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлахгүйгээр хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргаж, улмаар нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй, зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн тусгай ангийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Ц.А-оос 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг  22 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203 838 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

   1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  146/ШШ2021/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-оос 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг  22 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж; 2 дахь заалтын “...Ц.А-оос улсын тэмдэгтийн хураамжинд 203 838 төгрөгийг гаргуулж” гэснийг  “...Ц.А-оос улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөгийг гаргуулж”  гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203 838  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.