Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Л.Ж- түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

хохирогч А.Э- түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Хүрэмт овогт Лхагвагийн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805010950579 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...........оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .................ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ....... дугаар хороо ...... байрны ........ тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хүрэмт овогт Лхагвагийн Ж-.

 

Шүүгдэгч Л.Ж- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлд байрлах Англо-Фрейт ХХК-ийн байранд Америкийн нэгдсэн улс руу  илгээсэн ачаа нь буцаагдсанаас үүссэн хохирлыг барагдуулахыг шаардаж маргалдан тус тээвэр зуучлалын байгууллагын ажилтан А.Э-ын баруун хацарт цохиж биед нь эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э-ын ажиллаж байсан Америкийн Нэгдсэн Улс руу ачаа бараа тээвэрлэдэг компани дээр ачаа, бараагаа задгай авч очсон. Тэгээд тухайн компанид үзүүлээд уг компаниас хоосон хайрцаг гуйж аваад 19.7 кг ачааг Америкийн Нэгдсэн Улс руу явуулсан. Америкийн Нэгдсэн Улсад миний хүргэн болох Т.Чин-Оргил эцэг, эхийн хамт амьдардаг. Тухайн үед цагаан сарын баяр болохоос өмнө цагаан сарын баярын хувцас, тавгийн идээ болон ойр зуурын юмыг явуулсан. Ингээд ачаа маань очихгүй байсаар 01 дүгээр сар дуусаад 02 дугаар сар гарсан. Цагаан сарын баяр болоход Америкийн Нэгдсэн Улсад байгаа хүмүүс маань ачаагаа хүлээсээр байсан. Бидэнд тус компаниас ямар ч мэдээлэл өгөөгүй. Тэгэж байтал 02 дугаар сарын 20-ны орой 18 цаг 20 минутын үед бидэн рүү Э- утсаар яриад “танай ачаанаас болоод бүх ачаа буцаж ирсэн, манай компанийн хохирлыг төл” гэж манай гэр бүлийн хүн рүү ярьж мэдээллэсэн. Ингээд бид нар ажлаа тараад тус компани дээр очиж уулзсан. Очиход манай ачаа задарсан байсан. Бид нар ачааны мөнгө болох 595.000 төгрөгөө авъя, ачаагаа явуулаад 2 сарын хугацаа өнгөрсөн, тэнд байгаа хүмүүс маань ачаагаа ирж байгаа гээд хүлээж байсан. Танай зүгээс бидэнтэй холбоо барихгүй яасан юм бэ гэдэг асуудал  тавьсан. Тус компаниас биднийг хориотой бараа явуулсан хариу өгсөн. Бид нар хариуд нь “...бид нар ачаагаа задгай авчраад танай бараа хүлээж авч байгаа хүнд үзүүлээд эндээс хайрцаг аваад хийсэн, бидэнд хориотой бараа байхгүй” гэж хэлсэн. Гэтэл манай ачааны хөлсийг өгөхгүй гэж хэлсэн. Би барааны хохирол гэж хэлээгүй ба ачааны 595.000 төгрөгийг авах шаардлага тавьсан. Ингээд маргалдаж байгаад захирлаа дуудаад өг захиралд  чинь учраа хэлнэ гэж хэлсэн. Тэгтэл Э- цаад өрөөнөөс “би захирал нь байна” гээд гарч ирсэн. Тэнд нилээн ширүүн маргаан болсон. Тус компаниас манай ачааны мөнгийг өгөхгүй гээд байсан. Би “та нар Монгол Улсдаа байж Монгол хүмүүсээс хэдэн төгрөг дээр нь заль хэрэглэж авах гээд байдаг, буцаад ирсэн бараагаа би аваад явъя хамгийн гол нь ачааны мөнгийг маань өгчих” гэж хэлсэн. Гэтэл Э- “та нар Монголоос хог новш хамж явуулжээ, зах дээр байдаг юм, Америкийн Нэгдсэн Улсад байгаа хүмүүс зах зээлээсээ авах боломжтой бараа явуулсан байна” гэж хэлсэн. Би түүнд “би эх хүн, нэг охинтой, миний охин айлын ганц хүүтэй гэр бүл болж байгаа ба манай охин энд байгаа, худууд Америкийн Нэгдсэн Улсад байгаа, би тэр хүмүүсийн хувцас баярын идээ цагааг явуулсан байсан учраас очоогүйд санаа зовж, бухимдаж байна” гэж хэлсэн. Үүний дараа Э- “Америкийн Нэгдсэн Улсад байгаа хүмүүсийг чинь шалгуулна, бараа хүлээж авч байгаа хүмүүсийг шалгуулна” гэхээр нь бид “чи ачааг хүлээж аваад хүргэх үйлчилгээ үзүүлж байгаа компани болохоос Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа хүмүүсийг шалгадаг субъект биш байхаа, манай хүмүүс тэнд иргэншилээ авсан, чи үүгээр далимдуулж бидний 595.000 төгрөгийг өгөхгүй гэдэг заль гаргаж байгаа бол буруу, чи миний үгийг сонс” гэж хэлээд гарын ар хэсгээр нэг удаа савсан. Би тухай үед өөрийгөө барьж дийлээгүй. Энэ бол үнэн бодит байдал юм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э- мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн мэдүүлгийг сонслоо. Түүний ярьж байгаатай санал нийлэхгүй асуудал гарч ирж байна. Тухайн үед би ажилдаа 11 цагийн үед очоод тэр цагаас хойш хүмүүсийн ачаагаа тарааж өгсөн. Ганцхан Ж-ы ачаа буцаж ирээгүй. Тэнд хамт явсан бүх ачаа буцаж ирсэн. Би хүмүүст ачааг нь өгөхдөө тээврийн төлбөрийг нөхөн олгох өргөдөл бичүүлж аваад барааг нь өгч явуулсан. Би бүх хүмүүст ачаа буцсан шалтгааныг “Гаалийн байгууллага шалгаад хориотой бараа байсан учраас Америкийн Нэгдсэн Улсын хилээр оруулахгүй гэсэн, оруулж болохгүй ачаа гэснийг Америкийн Нэгдсэн Улсын гаалийн ногоон туузаар туузалсан ачаа ирсэн” гэдгийг тайлбарлаж хэлсэн. Орой нь Ж-ы нөхөр рүү “таны ачааны дотор болохгүй юм байсан учраас ачаа буцсан, манайх 18 цаг хүртэл ажиллана тэрнээс өмнө ирж ачаагаа хүлээж авах хэрэгтэй” гэж утсаар ярьж хэлсэн. Тэгтэл  нөхөр нь “яагаад буцаж ирж байгаа юм бэ” гээд нилээн уурлахаар  нь “утсаар яриад яах вэ, та асуудлаа ирээд шийдүүл, манайх 18 цаг хүртэл ажиллана” гэхэд “Нисэхээс очиж явна бид нарыг хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ж- гэр бүлийнхээ хүнтэй 15 цаг 40 минутын үед ирсэн. Манай зүгээс мэдээлэл өгсөн ба нилээн ууртай бухимдуу хүмүүс ирсэн. Би тэр байдлыг аргагүй гэж хүлээж аваад манай хүмүүс болсон асуудлыг тайлбарлаад өргөдөл бичээд өг гэдэг шаардлага тавьсан. Гэтэл өргөдлөө бичихгүйгээр бидэн рүү уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь “гааль таны ачааг задалсан учраас та ачаагаа шалгаад үз” гээд үзүүлсэн. Манай ажилтан Отгонбаяр ачааг нь задлаад нэг нэгээр нь гаргасан. Тэгээд жинлэхэд 400-500 грамм дутсан. Гаалиас “энд цагаан идээ байсан, түүнийг мэдэхгүй учраас шинжилгээнд өгсөн учраас дутсан” гэж мэдэгдсэн байсныг Ж-д хэлсэн. Мөн манай байгууллага хориглосон барааны жагсаалтыг ханандаа хадсан байдаг ба Ж-ыг тус жагсаалттай танилцсаны үндсэн дээр манайхаар ачаагаа хүргүүлсэн гэж бодож байна. Ж- нь манай хүмүүсийн яриаг сонсохгүй захирлаа дууд гэж хэлсэн. Би захирлын үүрэг гүйцэтгэдэг учраас Ж-д “би захирал нь байна” гэж хэлсэн. Ж- надаас яагаад манай ачааг буцаасан талаар асуухаар нь эхнээс тайлбарлаад байхад ойлгохгүй байсан. Тэгтэл манай ажилтан Ж-ы нөхөрт нь “та энд гомдол санал юу байгаагаа бичгээр бичээд өгчих, та бид нарыг загнаад яах вэ” гэж хэлэхэд бичиж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “үүнийг шалгадаг газар нь Америкийн Нэгдсэн Улсын гааль байдаг, гааль цаад хүмүүсийг шалгадаг, тийм учраас та энэ хүмүүсийн хаяг үнэн зөв эсэхийг гааль шалгасан байгаа учраас бид танай ачааг яагаад Америкийн Нэгдсэн Улс руу оруулаагүй талаар мэдэж өгч болно” гэж хэлсэн. Тэгтэл Ж- намайг тэнд байгаа хүмүүсийг нь шалгана гэж бодоод “чи тэнд байгаа хүмүүсийг шалгадаг юу юм, иргэншилээ авсан байгаа хүмүүс” гээд намайг загнасан. Би ачааг нь авч өгөх гээд тонгойтол Ж- “чи юу яриад байгаа юм бэ” гээд миний эрүү рүү гарынхаа араараа 2 удаа цохисон. Би “хүүе та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд хацраа дараад хойшоо болоход манай ажилтан Отгонбаяр Ж- бид хоёрын дундуур орсон. Би тэрнээс хойш бараг юм яриагүй. Мөн би “хүний биед гар хүрчихлээ цагдаа дууд” гэж хэлсэн ба өөр юу ч хэлээгүй. Тэгээд Ж- тайвшрахгүй байсан учраас нөхөр нь өргөдлөө бичиж өгөөд гарсан. Би 16 цаг 40 минутад ээж рүүгээ утсаар ярьсан. Тэгэхээр надад Ж-тай 2 цаг маргалдсан асуудал байхгүй. Би орой нь гэртээ очоод өглөө нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “хугаралтай байна, эрүү нүүрний эмчид үзүүл” гэхээр нь Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний эмчид үзүүлэхэд “дэлгэмэл зураг аваад ир” гэж хэлсэн. Тэгээд дэлгэмэл зураг авахуулаад эмчид үзүүлэхэд эрүү хугарсан учраас яаралтай хагалгаанд орохгүй бол идээлнэ гэж хэлсэн. Би хагалгаа, эмчилгээ болон өмгөөлөгчийн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин зэрэгт нийт  6.184.310 төгрөг нэхэмжилж байна. Үүнд нь өмгөөлөгчийн хөлсөнд 1.500.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.684.310 төгрөг, 2 сар ажил хийгээгүй учраас цалингийн 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Л.Ж- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд байрлах “Англо-Фрейт” ХХК-ийн байранд Америкийн нэгдсэн улс руу илгээсэн ачаа нь буцаагдсанаас үүссэн хохирлыг барагдуулахыг шаардаж маргалдан тус тээвэр зуучлалын байгууллагын ажилтан А.Э-ын баруун хацарт гараар цохиж эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.Э-ын “Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны 1 дүгээр орцны  өргөтгөл дээр байрлах “Англо-Фрейт” ХХК-ны тээвэр зуучлалын ажлын байран дээрээ байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй гурван хүн, нэг хүүхдийн хамт орж ирсэн.

Тэгээд Америкаас буцаагдаж ирсэн ачаа бараагаа шалгаж үзэж  байгаад бүгдээрээ уурлаж ачаа буцаад ирлээ гэж уурласан. Тэгээд дотор нь байсан цагаан идээ муудсан байна, танай байгууллагаар тээврийн зарал, муудсан барааны  хохирол төлүүлнэ гэсэн. Тэгэхээр нь би тайлбарлаж танай ачаанаас болж бүх ачаа буцсан. Төлбөр төлөх асуудлыг харилцан тохиролцож шийднэ гэж хэлэхэд нөгөө  хүмүүс тохиролцохгүй яг одоо төлбөрөө барагдуулж авна гээд уурлаад байсан.

... Би тэгээд цаанаас ачааг нь гаргаж ирээд сандал дээр дэлгээд  тавиад үзүүлэх гэж байтал ачаа авах гэж байсан эзэн 50 орчим насны эмэгтэй уурлаад баруун гараа зангидаж байгаад миний баруун эрүү рүү хоёр удаа цохисон. Тухайн үед би цохиулаад миний баруун талын чихний доод шанаа хэсэг маш хүчтэй  өвдөж дуу гарахгүй болсон. Би арагшаа тэнцвэр алдаж ухарсан. Тэр үед манай менежер Отгонбаяр хүрч ирээд тэр эмэгтэйг цааш нь болгож салгасан. Тэгээд би “та яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “би уурлахгүй яах юм бэ, та нарыг цохихгүй яах юм бэ” гэж хэлсэн.

... Би Гэмтэл дээр эрүүний зураг авхуулаад 1 дүгээр эмнэлэг дээр очиж эрүү нүүрний тасагт үзүүлэхэд баруун талын эрүүний яс хугарсан байна, яаралтай хагалгаанд ор гэж эмч хэлсэн. ... Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа болон гэмтэлтэй холбоотой бусад зардлаа уг хүнээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч Б.Отгонбаярын “ ... Манай ажилтан Э- “та өргөдлөө бичээд өгчих” гэхэд “та нар юу гээд байгаа юм бэ” загнаад байсан. Тэгэхэд хүн алгадах чимээ гарахаараа  би босоод нөгөө эмэгтэйг хойшоо татаж аваад “та болиоч ээ яаж байгаа юм бэ” гэхэд Э- “намайг цохичихлоо, цагдаа дуудаарай” гэсэн. Тэгээд би нөгөө эгчийг тайвшруулаад “хүн цохиж болохгүй” гэхэд нөхөр нь бас ажилтан руу хэл амаараа дайраад байсан. Тэгээд тэд нар хэрүүл хийж байгаад өргөдлөө бичиж өгөөд явсан. Тэгээд орой 19 цагийн үед бид нар ажлаа хаагаад гарах үед Э- “миний хацар хавдчихлаа” гэхээр нь хартал Э-ын баруун талын хацар нь хавдсан байсан. ... Э- цохиулсаныхаа дараа хацраа дараад бага зэрэг хэцүү ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Оюунхишигийн “... Тэгээд Э-, Отгонбаяр хоёр ачааг сандал дээр тавиад үзүүлж байхад нөгөө эгч баруун гарынхаа ар хэсгээр Э-ын баруун хацар руу нь хоёр удаа цохисон. Тэгэхэд манай ажилтан Отгонбаяр нөгөө эгчийн гараас нь татаад хойшлуулсан. Манай ажилтан Э- “та яагаад намайг цохиж байгаа юм цагдаа дууд” гэсэн. Тэгээд нөгөө ах, эгч хоёр “цагаан сараас өмнө очих байсан ачаа бараа буцлаа, бид нар хохирлоо төлүүлнэ” гээд орилоод байсан.

...Тэд нарыг явснаас хойш бид нар ажлаа хаагаад явах гэхэд Э-ын хацар хавдсан байсан. ... Тухайн үед Э-ыг уг эмэгтэй хоёр удаа угсраад баруун гарынхаа ар хэсгээр баруун хацар руу нь цохисон. Харин гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Гарт нь бөгж зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Шаарийбуугийн “... Манай эхнэр уг эмэгтэйг баруун гарынхаа ар хэсгээр алгадах шиг болсон. Манай эхнэр “чи надаас уучлалт гуйх ёстой ийм асуудлаас болж бид нар бухимдал үүслээ“ гэсэн. Тэгээд нэг хэсэг маргаан намжсан. Хажууд нь зогсож байсан эмэгтэй бид нарыг өргөдлөө бичээд өг гээд манай охин өргөдөл бичиж өгөөд ачаагаа аваад гарсан. ... Манай эхнэр гарынхаа ар хэсгээр алгадах чимээ гарсан. Би яг тэр үйлдлийг хараагүй. Чимээ гарахаар нь хартал манай эхнэр гараа татаж харагдсан. Харин уг эмэгтэй хариу үйлдэл хийж харагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Мөнхтуяагийн “...Тэгэхэд нөгөө эмэгтэй ээжийн хажууд зогсоод “та нараас болж ачаа буцсан, Америкт байгаа хүмүүсийг чинь шалгуулна” гээд хэрүүл хийгээд байхаар нь ээж гэнэт уурлаад “чи хүний үг сонсохгүй хэрүүл хийлээ” гээд нөгөө охины баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхэд тэнд байсан эрэгтэй ажилтан нь дундуур нь орж салгасан. Тэгээд бид нар ачаа бараагаа шалгаж үзэхэд 1 килограмм орчим дутаж байсан. Тэгээд өргөдөл бичиж өгөөд ачаагаа аваад гарсан. ... Баруун гарынхаа ар хэсгээр 1 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 682 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн:

“1. Э-ын биед эрүү ясны баруун сэртэнгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Улсын клиникийн төв эмнэлгийн  өвчний түүх. /хэргийн 44-49  дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 50 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 852 дугаартай шинжээчийн:

“1. ШШҮХ-ийн 2018.02.21-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2825 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ. Учир нь 2018.02.21-ний өдөр А.Э-ыг үзэхэд биед ил харагдах гэмтэлгүй, амны хөдөлгөөн чөлөөтэй байсан бөгөөд дахин хяналтын зураг авхуулахаар явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гарсан байна.

2. ШШҮХ-ийн 2018.05.31-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №682 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. А.Э-ын эрүүний баруун сэртэнгийн хугарал нь 2018.02.21-ний эрүүний дэлгэмэл рентген зураг, 2018.03.30-ны өдрийн толгойн КТГ-н зураг, УНТЭ-н №3369 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн 2018.02.23-ны мэс заслын тэмдэглэлээр тогтоогдож байна.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Хохирогч Э-ын биед эрүү ясны баруун сэртэнгийн хугарал нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5. Хохирогч Э-ын биед эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл нь зөрөө бага байсан нь тухайн үед эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг илрэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 99-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ж- нь Америкийн нэгдсэн улс руу  илгээсэн ачаа нь буцаагдсанаас үүссэн хохирлыг барагдуулахыг шаардаж маргалдан А.Э-ын баруун хацарт цохиж биед нь эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Э- нь өөрт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт “эмчилгээний төлбөр 2.684.310 төгрөг, цалин 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг” тус тус нэхэмжилжээ.

 

Хэрэгт цугларсан эмчилгээний талаарх баримтууд болох “Денталарт нүдний эмнэлгийн 20.000 төгрөгийн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 507.960 төгрөгийн, Натур толгойн ктг 120.000 төгрөгийн, Агар шим эмийн сангийн 111.000 төгрөгийн, Маюми ХХК-ний 350.000 төгрөгийн” баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул нийт 1.108.960 төгрөгийн хохирол, хор уршиг тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Ж- нь гэмт хэрэг үйлдсэний учруулсан хохирлоо төлөх талаар завсарлага авч хохирогч А.Э-д нийт “1.900.000 төгрөгийг хохиролд тооцож хүлээлгэн өгөв” гэсэн баримт үйлдэж шүүхэд өгсөн тул нотлох баримтаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан байна гэж дүгнэв. 

 

Харин “Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус төлсөн 28.800, 400 төгрөг, бичиглэл нь арилж уншигдахгүй болсон НӨАТ-ын баримт, хэн үйлчлүүлсэн нь тодорхойгүй “Илизаров эмнэлгийн хоёр ширхэг НӨАТ-ын баримт, Монгол эм импекс концерний уншигдах боломжгүй болсон баримт, А.Э-д ямар хамааралтай болох нь тодорхойгүй “Фармтрейд ХХК-ний 228.000 төгрөгийн зарлагын падан, хэн ямар үйлчилгээ авсан нь мөн тодорхойгүй ЭН АР БИ 22.000 төгрөгийн” баримтуудаар тооцож хохирлыг гаргах боломжгүй байна.

 

Мөн цалин 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч А.Э-ын “Англофрейт” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, нийгмийн даатгал төлсөн баримт авагдаагүй, ажлаас хэдийн хугацаагаар чөлөөлөгдсөн тухай эмнэлгийн магадлагаа байхгүй тул А.Э-ын ажиллаагүй хугацааны цалингийн тооцоо гаргах боломжгүй болжээ.

Гэхдээ А.Э- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 1.500.000  төгрөгийг шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир энэ төлбөр нь өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч нарын хоорондоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ж- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт диск, нэг  ширхэг рентген зургийг шүүхийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Л.Ж-ыг үйлдсэн гэмт хэргээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол хор уршигаас төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүрэмт овогт Лхагвагийн Ж-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ж- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ж- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Э-ын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч А.Э- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн рентген зураг 1 ширхэг, компакт диск 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Э-д буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ