Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00765

 

 

 

 

 

 

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** ХХК,

Хариуцагч: Б- нарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 31 637 228 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхбат,

Хариуцагч: Б-,

Хариуцагч Б-гийн өмгөөлөгч: У.Түвшин,

Хариуцагч *** ХХК-ийн өмгөөлөгч: Б.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар орон сууцны үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, алданги 15 600 000 төгрөг, түрээсийн төлбөр 4 320 000 төгрөг, нотариатын төлбөр 25 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 496 940 төгрөг, нийт 60 441 940 төгрөгийг *** ХХК-аас гаргуулан А-т олгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал 60 000 төгрөгийг нэмээд нийт 60 501 940 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7489 тоот шүүгчийн захирамжаар орон сууцны түрээсийн төлбөр 3 072 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 64 105 төгрөг, нийт 3 136 105 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардал 30 000 төгрөгийг нэмээд нийт 3 166 105 төгрөгийг Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нийт 63 668 045 төгрөгийг хариуцагч *** ХХК болон захирал Б-гаас албадан гаргуулж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тооцоогоо дуусгасан.

Гэтэл *** ХХК-ийн захирал Б- өнгөрсөн 9 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуурамч бичиг баримт, материал бүрдүүлэн компаниа татан буулгуулж, удаан хугацаагаар сураггүй алга болох, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байсан.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 тоот шийдвэрээр *** ХХК-ийг улсын бүртгэлээс хассан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1790 тоот дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын төлбөр 2 884 987 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0262 дугаар шийдвэрээр Хаан банкны зээлийн хүү 2 990 532 төгрөгийг Б-гаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.

*** ХХК, Б- нь 63 668 045 төгрөгийн төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо сургуулийн *** тоот айлын хашаанд 4 ханатай гэр түрээслэн олон жил амьдарч байна.

Хэрвээ Б- төлбөрөө эрт төлсөн бол 2009-2012 оны хооронд 63 668 045 төгрөгөөр 2 өрөө байр авах бүрэн боломжтой байсан буюу орон байртай, өвчин зовлон, өр зээлгүй, сэтгэл тайван, сайхан амьдарч болох байсан юм.

Мастер үнэлгээ ХХК-ийн инфляцийн төвшингийн дүгнэлтээр 2009 оны 40 000 000 төгрөг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 81 507 821 төгрөг болсон, ханшийн зөрүү 41 507 821 төгрөг гэж, Итгэлт-Эстимейт ХХК-ийн дүгнэлтээр байрны үндсэн төлбөр 40 000 000 төгрөгөөс төлбөр төлсөн дүнг хасч үлдэгдэл дээр нь инфляцийн зөрүүг бодож үзүүлэхэд ханшийн зөрүү 14 018 859 төгрөг гэж, Итгэлт-Эстимейт ХХК-ийн дүгнэлтээр Б-гаас авах 63 668 045 төгрөгөөс төлбөр төлсөн дүнг хасч үлдэгдэл мөнгөний инфляцийн зөрүүг бодож үзүүлэхэд ханшийн зөрүү 31 362 228 төгрөг гэж тус тус тооцсон.

Иймд Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний төлбөр 20 000 төгрөг, Итгэлт-Эстимейт ХХК-ны үнэлгээний төлбөр 200 000 төгрөг, нотариатын төлбөр /18 000+21 000/ 39 000 төгрөг, архивын лавлагааны төлбөр 16 000 төгрөг, Итгэлт-Эстимейт ХХК-ийн үнэлгээ инфляци ханшийн зөрүү 31 362 228 төгрөг, нийт 31 637 228 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагч Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Аптанбилэг нь нэхэмжлэлдээ намайг болон *** ХХК-нийг эд хөрөнгөтэй байсан, мөнгөө төлөх боломжтой байсан боловч төлдөггүй, өөрөөс нь 40 000 000 төгрөг хуурч авсан, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байсан гэх мэтээр үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлд дурдсан.

Тухайн үед компани дампууран, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж энэ үндэслэлээр Татварын албанаас татвар төлөгчийн бүртгэлээс хассан бөгөөд орлого байхгүй болсон боловч А-ийн мөнгийг хэсэгчлэн төлж байсан. Гэтэл нэхэмжлэлдээ мөнгийг өнөөдрийг хүртэл төлж байгаагүйн улмаас хохирол учирсан мэтээр бичиж ханшийн зөрүү, байрыг зараад олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *** ХХК, Б- нараас 31 637 228 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр *** ХХК-аас 63 668 045 төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба энэ ажиллагааны явцад компанийг татан буулгуулж, 39 сар буюу 3 жил 3 сар сураггүй алга болж хугацаа алдсан. Анхан шатны шүүх хариуцагч Б- нэхэмжлэгчид хохирол учруулсан маргаанд гэм буруугийн шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч *** ХХК-д холбогдох 31 637 228 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хэрвээ Б- төлбөрөө эрт төлсөн бол 40 000 000 төгрөгөөр 2 өрөө байр авах боломжтой байсан бөгөөд одоо 2 өрөө байр 80 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийн хооронд байгаа, үнийн зөрүү 60 000 000 төгрөг болоод байна.

Мастер үнэлгээ ХХК-ийн инфляцийн төвшингийн дүгнэлтээр 2009 оны 40 000 000 төгрөг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 81 507 821 төгрөг болсон, ханшийн зөрүү 41 507 821 төгрөг гэж, Итгэлт-Эстимейт ХХК-ийн дүгнэлтээр Б-гаас авах 63 668 045 төгрөгөөс төлбөр төлсөн дүнг хасч үлдэгдэл мөнгөний инфляцийн зөрүүг бодож үзүүлэхэд ханшийн зөрүү 31 362 228 төгрөг гэж тус тус тооцсон.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Би 9 жилийн хугацаанд эрүүл мэнд болоод гэр орны нөхцөл байдал муудсан. Одоо би Сүхбаатар дүүрэгт 4 хантай гэр түрээслэн амьдарч байгаа.

Анан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- хариуцагч *** ХХК, Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 31 637 228 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2068 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар *** ХХК-аас 59 945 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 496 940 төгрөгийн хамт гаргуулж А-т олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх8-9/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7489 дугаар шийдвэрээр *** ХХК-аас орон сууцны түрээсийн төлбөрт 3 072 000 төгрөгийг гаргуулж А-т олгож шийдвэрлэсэн гэх тайлбарласан, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хариуцагч нь компани дампуурч, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас дээрх шүүхийн шийдвэрүүдэд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн гэж тайлбарлажээ.

 

2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *** ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт компанийг татан буулгаж улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг тус байгууллага Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 243964 тоот актыг үндэслэн *** ХХК татан буугдсан болохыг бүртгэсэн байх бөгөөд уг бүртгэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх9-11/

 

Иймд компанийн үйл ажиллагаа явуулаагүй нь шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүргээ хариуцагч сайн дураараа биелүүлэх учиртай. Шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн төлбөр төлөх үүргийг хариуцагч зохих хугацаанд гүйцэтгээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18/530 тоот тогтоолоор тогтоогдож байна. /хх 98/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2068 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар орон сууцны төлбөр 40 000 000 төгрөг, алданги 15 600 000 төгрөг, түрээсийн төлбөр 4 320 000 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, нийт 59 945 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7489 дугаар шийдвэрээр орон сууцны түрээсийн төлбөрт 3 072 000 төгрөг төлүүлэхээр мөн шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрт заагдсан төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас авах ёстой юм. 40 000 000 төгрөгөөс үнэ цэнэ бууруулсныг хохирол гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талыг үүргээ зөрчсөн гэм хор учруулсантай холбоотой хохиролд эд хөрөнгөд учирсан алдагдал бодит хохиролд тооцохоор заасан.

 

Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар гэрээний бус үүрэгт гэрээний үүрэгт хамаарах зохицуулалтыг хэрэглэж болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц хөлслөн амьдарч зардал гаргаснаас гадна авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Итгэлт-Эстимейт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт, талуудын тайлбараас дүгнэвэл *** ХХК, болон тус байгууллагын захирал Б- нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацаанд 16 удаагийн үйлдлээр 40 002 002 төгрөгийг төлсөн учир уг үнэ цэнийн бууралттай холбоотой зөрүү 14 018 859 төгрөгт тооцогдохоор байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр *** ХХК-аас 2 990 532 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7489 дугаар шийдвэрээр *** ХХК-аас орон сууцны түрээсийн төлбөрт 3 072 000 төгрөгийг тус тус хохиролд тооцон өмнө авсан байх тул үнэ цэнэ бууралт болох 14 018 859 төгрөгөөс 6 062 532 төгрөг /2 990 532 төгрөг + 3 072 000 төгрөг/ хасч тооцон 7 956 327 төгрөг болно.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК, Б- нараас 7 956 327 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 680 901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК, Б- нараас 142 251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 087 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА